Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

    2023         2           17                                    2023/ШЦТ/231

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Т.Мижиддорж,

            хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

            шинжээч Б.Ганзориг /цахимаар/,

         шүүгдэгч Ц.Т.Т, түүний өмгөөлөгч Э.Уянга, орчуулагч Chui Haiping /Цүй Хайпинг/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т.Т /****/-д холбогдох 2008003691593 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, .. өдөр Бүгд Найрамдах Хятад Ард ..... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, “... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Т.Т /****/, /Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн дугаар:., гадаад паспортын дугаар: *****/,

            Холбогдсон хэргийн талаар :  

            Шүүгдэгч Ц.Т.Т /****o/ нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Нтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөж түүний эрүүл мэндэд “баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :       

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Ц.Т.Т /C****o/ нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Нтэй маргалдах явцдаа түүний толгойн тус газарт гараараа цохиж хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- иргэн Ц.Нээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол:...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын  иргэн Тото нэртэй Монгол нэр нь **** надтай уулзаад санаа зөрөлдөн гарч явсан. Маргааш нь  мах авч байхад нь  очоод “чи юу хийж байгаа юм” гээд махны хилийг нь хойшлуулах гэтэл намайг цохиж  унагаасан...Тэр өдөр даралт ихсэж, зүрх 103 хүртэл цохилж, бие өвдсөн, уулзаж учраа олий гэхэд нь очоогүй...Миний толгой, гар өвдөж, ажлаа хийж чадахгүй байна.../1 дэх хавтаст хэргийн 5/,

- хохирогч Ц.Нийн...Ц.Т.Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүү бид хоёрын хөрөнгөөр худалдан авч барьж байгуулсан махны үйлдвэрийн хөргөлтийн зооринд надтай маргалдаж, улмаар гараа атгаж байгаад миний толгой руу гараараа нэг удаа цохиж газарт унагаад, өгзөг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний толгой манарч, түр ухаан балартаад газарт хэсэг өндийж суусан ба намайг барилгын ажил хөлсөөр хийсэн Төмөртогоо гараас татаж түшиж босгосон. Босоход толгой маш их өвдөж, бас аарцаг ясны орчим янгинаж өвдөөд явж чадахгүй байсан тул ёолж орилоод Ц.Т.Т-гийн араас хөргөлтийн зоориноос гарч ажилчдын өрөөнд ороход, тэнд миний хүү Шинэбаяр, Алтаншагай хоёр буйдан дээр зэрэгцээд суучихсан, Ц.Т.Т наана нь тэр хоёр руу хараад зогсож байсан. Би хүүдээ хандаж “наадах чинь намайг цохичихлоо” гээд Ц.Т.Т-г /Монгол нэрийг нь Баяраа гэдэг гэх/ барьж авах гэхэд надаас зугтаагаад баригдаагүй. Надтай хамт Төмөртогоо тэр өрөө рүү орсон ба Ц.Т.Т руу хандаж “Чи настай эмэгтэй хүнийг толгой руу нь цохиж унагадаг нь яаж байгаа юм бэ?” гэж хэлж байсан. Энэ үед хүү маань уурлаж босож ирээд Ц.Т.Т-г хувцасных нь захнаас барьж авч ноцолдоход тэнд байсан Алтаншагай, Төмөртогоо бид нар боль гээд хориглоход түүнийг буйдан руу түлхэж унагасан. Тэр буйдан дээр суух байдлаар унасан. Энэ үед Алтаншагай одоо больцгоо гэж байсан. Хүү маань ч эхийгээ зодуулсан, бас өчнөөн их өмч хөрөнгөө зарцуулж байж босгосон махны үйлдвэрийн барилгаа Цүй Таод хулхидуулчихсан байсан болохоор “Чи ер нь хятад хүн байж Монголчуудыг хэтэрхий дорд үзэж байна уу, багахан шиг давраарай” гэх мэт үг хэлж байсан. Ингээд бид удалгүй тарж, салж явцгаасан. Шинэ жил өнгөртөл нөхрөөрөө хэд хоног бариа, иллэг хийлгэсэн, тухайн үед үр хүүхэд шигээ хүнтэй хэл үг хийгээд яах вэ гэж бодоод хуулийн байгууллагад хандаагүй...Харин 2020 оны 01 дүгээр сарын 8, 9-ний үед өргөдөл бичиж цагдаад өгсөн. Цагдаа шинжээч томилох тогтоол үйлдэж намайг шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь шүүх эмнэлэг орж тэнд байсан эмчид үзүүлсэн, заасан газарт очиж мөнгө төлж компьютер томографын аппаратад ороход үзсэн эмч нь компьютер дээрээ хараад надад хандаж “таны тархи хавантай, доргилттой, дотор тархиндаа бага хэмжээний цус хуралттай байна. Та хамаагүй хөдөлгөөн хийж нэмж доргиож болохгүй, шимэгдэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй, гэмтлийн эмчид үзүүлж, сайн эмчилгээ хийлгэж, дахиад ч нарийн шинжилгээ хийлгээрэй” гэж зөвлөсөн. Тэгээд манай гэрийнхэн намайг хэд хоног хөдөлгөөнгүй хэвтүүлсэн ба би химийн гаралтай эм тариа хэрэглэх дургүй, таарч тохирохгүй харшил өгөөд байдаг учраас Дэнжийн мянгад байдаг судас барьж тан өгдөг настай өвгөнд очиж судсаа бариулж үзүүлээд цус шимэгдэх тан авч уусан. Толгойн өвдөлт хэсэг хугацаанд намдсан боловч дахиж өвдөөд байхаар нь “Сэрсэндэмэд” нэртэй хувийн эмнэлэгт үзүүлж, хэвтэж эмчилгээ хийлгэж байсан.../1 дэх хавтаст хэргийн 68-69/,

Бидний хооронд маргаан болох үед **** гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохиод, би газар унасан чинь миний өгзөг хэсэгт нэг удаа өшиглөсөн.../1хх-26, 3хх-18-20/, 

*** /Тао/ дахин мах хиллэх гэхээр нь хил унтраах гээд тонгойсон чинь миний толгой руу цохисон, хажууд ****о мөнгөө авах гээд зогсож байсан тухай 2022.11.17-ны болон 2021.06.03-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /3хх-156-157, 1хх-137-139/,     

Урьд нь шүүгдэгч бид хоёрын хооронд газрын марган байсан, шүүгдэгч надад газраа зарсан, 30 сая төгрөгөөр авсан, энэ хүн 12 сарын 25-ны өдөр ирээд Хятад улс руу яваад визээ янзлуулж ирээд газраа авъя гэсэн, би тэр  газарт юм барьсан байсан, энэ хүнийг газраа эргүүлж авъя гэхээр нь юу яриад байгаа юм гэж хэлсэн, 12 сарын 25-ны өдөр энэ хүн надтай маргалдаад намайг доромжлоод А**** гэх хүүхнийг чирээд гараад явсан. 12 сарын 26-ны өдрийн өглөө намайг ажил дээрээ ирэхэд миний барьсан объект дээр энэ хүн мах худалдаж аваад зогсож байсан, би очоод юу болоод байгаа юм, яагаад энд мах авч байгаа юм гээд энэ хүнтэй маргалдсан, Төмөртогоо гэх эмэгтэй тэнд байхаар нь чи энд юу хийж яваа юм гэхэд шүүгдэгчтэй газар дээр хашаа барьсан асуудлаар 2,5 сая төгрөгийн авлагатай гээд шүүгдэгчээс нэхэж ирсэн байсан, би тэнд байсан хүмүүсийг тараасан, тэгээд **** хаана байна гэтэл *** хөлдөөгч рүү яваад орсон, хөлдөөгчид мах хиллэж байхад Т**** орж ирээд Б****с мөнгөө нэхсэн, хөлдөөгчид байсан бүх хүмүүс гараад явсан, би мах хиллэж байсан хилийг унтраах гэтэл Баяраа миний баруун чамархай руу цохисон, тэгээд би газарт унасан, гэтэл Баяраа гараад зугтсан. Төмөртогоо тухайн үед Баяраад хандаж “настай хүнийг унагачихлаа яаж байгаа юм” гэж хэлсэн. Баяраа намайг цохисон байсан учир Төмөртогоо намайг түшиж амбаарт орж ирсэн...Манай хүүхэд Б****д хандаж “ээжийг яагаад цохиж байгаа юм” гэж хэлээд түлхсэн, миний хамаг бие салгалаад оффистоо сууж байтал Баяраа эд нар намайг хүрээд ир гээд дуудсан, би очиж чадахгүй та нар өөрсдөө хүрээд ирж гэж хэлсэн, гэтэл эд нар над дээр ирээгүй, миний толгой өвдөж байсан учир би шууд гэртээ харьсан, манай нөхөр миний толгойг барьж өгсөн, 12 сарын 26-ны өдрөөс хойш 4 хоноод он солигдох байсан тул би нөхрөөрөө толгойгоо бариулаад, эм уугаад яваад байсан, 2020.01.09-ний өдөр миний толгой өвдөөд ухаан алдах гээд байхаар нь шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн, зураг авхуулсан, тэр имрайн зургийг харуул гэсэн учир Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж би имрайд харуулсан гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- гэрч Б.Т.гийн:...Би хувиараа барилгад бригад ажиллуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Наранцэцэг гэх хүний хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг махны үйлдвэрт засал хийхээр болж аман гэрээ байгуулан ажилдаа орсон. Заслын ажил сарын дараа дуусаж үлдэгдэл 2.500.000 төгрөгийн авлага үлдчихээд мөнгөө авъя гэхээр нэг бол Ба****ас ав гэнэ, Б****с асуухаар Н***н хүү Ш****с ав гээд байдаг. Би сар гаран мөнгө авах гэж явсан. Тэгээд явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 25(6?)-ны өдөр Шинэбаяр над руу залгаад Баяраа ирчихсэн байна гэхээр нь яваад очтол Наранцэцэг эгч үйлдвэрийнхээ хашаанд зогсож байснаа юу хийж яваа юм гэхээр нь мөнгөө авах гээд ирлээ гэж хэлээд хамт махны үйлдвэрт нь ортол Б*** хүмүүсээс мах авах гээд зогсож байсан чинь Н**** Б****д хандан “чи ямар мөнгөөрөө мах худалдаж аваад байгаа юм, хүмүүсийн мөнгийг өгөөч” гэж хэлээд мах хиллэж байсан хилийг нь унтраагаад автал Б*** нь Ц***э эгчийг нэг удаа шанаа орчимд гараараа цохиод авсан, хэсэг маргаан болоод өнгөрсөн...Б***г Наранцэцэг эгч 1 удаа заамдаж авсан ба цохиж зодоогүй, Н****н хүү Ш**** нь Б***г чи яахаараа миний ээжийг цохидог юм гэж байснаас зодоогүй...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10/,

- гэрч М.Шын:...Тухайн өдөр би ажилчдын өрөөнд А**** уулзаад Ц.Т.Т бүх зүйл минийх гэж анхнаасаа надад хэлж наймаа хийчихээд бас чи ч нотариат дээр орохдоо үнэнийг хэлээгүй байж яагаад ээж бид хоёрыг ингэж хуурч мэхэлж хохироож байгаа юм бэ гээд ярилцаж байтал гаднаас Ц.Т.Т орж ирсэн, удаа ч үгүй 5-6 минутын дараа ээж ёолж орилсон байдалтай, Т**** эгч ээжийг түшчихсэн орж ирсэн ба “юу болов” гэхэд тэр хоёр хоёулаа Ц.Т.Т-г ээжийг цохиж унагаж өшиглөөд зугтаасан талаар ярьж байсан...Ээж толгойгоо бариад ёолоод байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73/,  

- шинжээчийн бүрэлдэхүүний 2023.01.25-ны өдөр гаргасан 132 дугаартай дүгнэлт: 1.2. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Ц.Нийн тухайн үед баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл үүсжээ. 4. Баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдэд 1.2x0.5 см хэмжээтэй +54,+64 нягтралтай цус хуралт, тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэх үед мэдрэлийн голомтот болон ерөнхий өөрчлөлтүүд үүснэ. Тухайлбал толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх , гар хөл сулрах шинжүүд илэрнэ. 5.Ц. Наранцэцэгийн биед тухайн үед учирсан баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- шинжээчийн бүрэлдэхүүний 2021.01.04-ны өдөр гаргасан 43 дугаартай дүгнэлт: 1.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.01.16-ны өдрийн 1323 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.12.04-ний өдрийн Шүүх эмнэлгийн 1335 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Ц.Нийн биед учирсан баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. 2020.01.09-ний өдрийн Натур эмнэлгийн толгойн КТГ-н зургаар баруун чамархайн тархины эдэд голомтлог цусан хураатай, тархины эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан нь тогтоогдсон, 2020.12.01-ний өдрийн толгойн MRI зурагт шинээр үүссэн цус харвалт тодорхойлогдоогүй, артерийн судаснуудад бөглөрөл, хэсэг газрын хананы цүлхийлт зэрэг архаг өөрчлөлт тогтоогдоогүй байна. Иймд энэ баруун чамархайн тархины эдэд үүссэн голомтлог цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. 2020.01.09-ний өдрийн Натур эмнэлгийн толгойн КТГ-н зургаар Ц.Нийн биед тогтоогдсон баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. 6. Ц.Нийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /1 дэх хавтаст хэргийн 217-223/,  

- шинжээчийн 1335 дугаартай дүгнэлт: 1. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Натур” эмнэлгийн толгойн болон аарцагны компьютер томографын шинжилгээ, 2020 оны 12 дугаар сарын 01ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн соронзон үелзүүрт томографын оношилгоо зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой. 2. Хохирогч Ц.Нийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн“Натур” эмнэлгийн толгойн компьютер томографын зураг болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн толгойн MRI-н зургуудыг дахин уншуулахад баруун чамархайн тархины эдэд нягтрал ихэссэн голомтлог цусан хураатай, тархилаг эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон байна. 3. Хохирогч Н.Наранцэцэгийн биед үүссэн баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу тархилаг эд бага зэргийн хавантай гэсэн нь тархины эдийн голомтлог цусан хураатай хамт үүсэх тул тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй. 8.Цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /1 дэх хавтаст хэргийн 129-133/,

- шинжээч Б.Ганзоригийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг:...Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 132 дугаартай дүгнэлтийг санал нэгтэй гаргасан...Баримтуудыг үндэслэсэн...Тухайн хүний биеийн байдал, мөн эмнэлгийн бичилтүүдээр тогтоох боломжтой, гэмтэл авсан цаг, өдрийг нарийвчлан тогтоох боломжгүй, хохирогчийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр оношлогдсон эмнэл зүйн баримтуудыг харьцуулж байж гэмтэл нь шинэ үү, хуучин уу гэдгийг тогтооно...Хохирогчийн баруун чамархай хэсэгт байгаа гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан, 14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...Өмнөх дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн учир 12.26-ны өдөр үүссэн гэмтэл байх боломжтой гэж үзсэн байгаа...Хохирогч эмнэлэгт үзүүлэхээсээ өмнө толгойгоо бариулах, тан уух зэрэг эмчилгээ хийсэн гэж байна, энэ нь гэмтэл өөрчлөгдөхөд нөлөөлж болно, үндсэн эмчилгээ бол хийгдээгүй, шинжээч нарын хувьд шинж тэмдгийг харсан, хохирогч тан уусан гэж байгаа боловч зохих эмчилгээг хийгдээгүй гэж харж байгаа...2021.01.04-ний өдрийн 43 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн...Гэмтлийн зэрэг тогтоохдоо шалгууртай шинжүүдийг үндэслэдэг, энэ тохиолдол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах тул 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой гэж үзэж байгаа. Хохирогч 14 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд цус хуралтын нягтаршил буурсан байх боломжтой...Хохирогч тэр даруйд нь эмнэлэгт үзүүлж оношлуулсан бол эдгээр үзүүлэлтүүд өөр гарах байсан, оношилгоо нь 14 хоногийн дараа хийгдсэн байгаа, гэмтэл шинэ дээрээ үзүүлэлт нь нэмэгдэнэ /шүүх хуралдааны тэмдэглэл/,       

- хохирогч Ц.Нийн өвчний түүх, эмчилгээний баримт, Натур эмнэлэг компьютер томографын оношилгоо, Соронзон үелзүүрт томографын оношилгоо /1хх-11, 16, 50, 56, 57, 110, 112, 127-128/,  

- БНХАУ-ын иргэн Ц.Т.Т-н гэрч, яллагдагчаар өгсөн...2019.12.25-ны өдөр СХД-ийн 32-р хорооны нутагт баригдаж байгаа үйлдвэр дээрээ эхнэр А****н хамт очоод компанийн бичиг баримтаа авъя гэхэд Наранцэцэг, хүү Шинэбаяр 2 өгөхгүй гээд бид маргалдаж байгаад салцгаасан...Маргааш нь буюу 2019.12.26-ны өдөр 09 цагийн үед би үйлдвэр дээрээ мах авах гээд...мах хиллэдэг хил дээрээ очтол Наранцэцэг миний хилийг аваад шидэх гэхээр нь би болиулж хилээ аваад, газар тавиад, тэндээс холдсон, намайг зодох гэхээр нь холдсон.../1хх-28/...Тухайн өдөр Н**** цахилгаан жингийн толгойг аваад газарт савах гэж байсан тэгэхээр би очоод болиулсан.../1хх-163/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд :    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Тус хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.

Тухайн хэргийн мөрдөгч нь хохирогч, зарим гэрч нараас мэдүүлэг авахдаа тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон эрх, үүргийг бүрэн танилцуулсан /1хх-7-8, 9, 24-25, 27, 80, 3хх-16-17, 22-23, 28-29, 34-35/ байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол хүлээлгэх хариуцлага буюу “Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан ял шийтгэл нь өөрчлөлт оруулахаас өмнөх байдлаар бичигдсэн” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй буюу оролцогч нарын мэдүүлгийн эх сурвалжид нөлөөлөл үзүүлэх үндэслэлгүй байх тул нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзнэ.       

2.3. Шинжээч Ц.Бадралын 2020.01.06-ны өдрийн 1323 дугаартай дүгнэлт /1хх-17-18/ нь хууль ёсны бус бөгөөд үндэслэлгүй болох нь шинжээч нарын 1335, 43, 132 дугаар дүгнэлтүүдээр /1хх-129-133, 217-223, 3хх-170-175/ тогтоогдсон байх тул нотолгооны чадвараа алдсан гэж үзнэ.  

2.4. Хохирогч эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хохирогч Ц.Нийн удаа дараа өгсөн мэдүүлэг, шинжээч нарын удаа дараагийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Т.Тгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан байна.       

Хохирогчийн гомдол, удаа дараа өгсөн мэдүүлэг /1хх-05, 26, 68-69, 3хх-18-20, 137-139, 156-157, шүүх хуралдааны тэмдэглэл/, шинжээч нар удаа дараа гаргасан 1335, 43, 132 дугаар дүгнэлтүүд /1хх-129-133, 217-223, 3хх-170-175/, шинжээч нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-141-144/, гэрч Б.Т., гэрч  М.Ш нарын мэдүүлэг /1хх-10,73/ зэргийг бүхэлд нь харьцуулан шалгахад тухайн нотлох баримтын эх сурвалж тус бүрт болон тэдгээрийн хооронд эргэлзээ, зөрүүтэй байдал үүсээгүй буюу нотолгооны чадвар хангагдсан бөгөөд харилцан бие биеийнхээ эх сурвалж, нотолгооны чадварыг давхар нотолсон байх тул тухайн нотлох баримтын эх сурвалжуудыг үгүйсгэн няцаах, хууль бус гэж үзэх үндэслэлгүй.   

2.4.1. Шинжээч нарын 1335, 43, 132 дугаар дүгнэлтүүдээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн “шинэ гэмтэл” болох нь эргэлзээгүй тогтоогдсон.    

Тодруулбал, шинжээчийн тухайн дүгнэлтүүдэд “хохирогчид учирсан хөнгөн гэмтлийн шалгуур шинж”-ийг тодорхой заасан, түүнчлэн шинжээч Б.Ганзоригийн шүүх хуралдаанд : гэмтлийн зэрэг тогтоохдоо шалгууртай шинжүүдийг үндэслэдэг, энэ тохиолдол нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах тул 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой, хохирогч 14 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд цус хуралтын нягтаршил буурсан байх боломжтой, хохирогч тэр даруйд нь эмнэлэгт үзүүлж оношлуулсан бол эдгээр үзүүлэлтүүд өөр гарах байсан, оношилгоо нь 14 хоногийн дараа хийгдсэн байгаа, гэмтэл шинэ дээрээ үзүүлэлт нь нэмэгдэнэ, тухайн гэмтлийг 12.25 эсхүл 12.26-ны өдөр үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй, харин уг гэмтэл нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг зааж байгаа хэлбэр, өмнөх дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн учир 12.26-ны өдөр үүссэн гэмтэл байх боломжтой тухай тодорхой мэдүүлсэн болно.     

2.4.2. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулсан эсхүл өөр бусад этгээд хохирогчид учруулсан гэж үзэх үндэслэл, үйл баримт огт тогтоогдоогүй.   

 Хохирогч, шүүгдэгч /1хх-28, 163, 1хх-05, 26, 68-69, 3хх-18-20, 137-139, 156-157, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Б.Т. /1хх-10/ нарын мэдүүлгийн эх сурвалжаар тухайн гэмт хэрэг, маргаан 2019.12.26-ны өдөр үйлдэгдсэн буюу тухайн цаг хугацаанд хохирогч нь махны хилийг авч шидэх, өшиглөх, харин шүүгдэгч нь тухайн хохирогчийн үйлдлийг болиулж, хилээ авахад чиглэгдсэн харилцан маргаан, үйлдлүүд хийгдсэн болох нь; түүнчлэн шинжээч нарын 1335, 43, 132 дугаартай дүгнэлтүүдээр “хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн шинэ бөгөөд 28 хоногийн хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хөнгөн гэмтэл” нь 2019.12.26-ны өдөр тийнхүү учирсан байх үндэслэл, үйл баримт тус тус тогтоогдсон байна.    

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг шинжээч нар нарийвчлан тогтоохгүй  байх бөгөөд харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтэл шинэ эсэх буюу шинэ эсэхийг илэрхийлэх эрүүл мэндийг сарниулсан хугацаа, бусад шалгуур шинж,  үзүүлэлтээр “тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны дотор багтаж байгаа” эсэхийг үндэслэлтэй тогтоосон байх нь шинжээч нарын үүрэгт хамаарна.    

Тийм учраас “гэмт хэрэг 2022.12.25-ны өдөр биш харин 2022.12.26-ны өдөр гарсан болох нь тогтоогдсон” тухайн тохиолдолд хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтэл 2022.12.26-ны өдөр учирсан гэж үзэх үндэслэл, эх сурвалжийг үгүйсгэх бодит үндэслэлгүй.         

2.4.3. Хамгийн сүүлд үйлдсэн яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019.12.26-ны өдөр гэж үйл баримтын хүрээнд зөв бичсэн байх /3хх-61-64/ бөгөөд урьд нь мөрдөгч, прокуророос гаргах эрх зүйн зарим хэлбэр, бичиг баримтад 2019.12.25-ны өдөр гэж алдаа гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй баримтын нотолгооных нь чадварт нөлөөлөх үндэслэлгүй.      

Тухайн хэрэг, маргаан 2019.12.26-ны өдөр болсон нь эрүүгийн хэрэг дэх  үйл баримтаас илэрхий байтал мөрдөгч, прокурорын зарим шийдвэрт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019.12.25-ны өдөр гэж илэрхий алдаа гарган зөрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаашрал, зарим саад учрахад хүргэсэн байх боловч тухайн алдаа нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй хохирогчийн мэдүүлгүүд /1хх-05, 26, 68-69, 3хх-18-20, 137-139, 156-157, шүүх хуралдааны тэмдэглэл/, шинжээч нарын удаа дараа гаргасан 1335, 43, 132 дугаар дүгнэлтүүд /1хх-129-133, 217-223, 3хх-170-175/, шинжээч нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-141-144/, гэрч Б.Т., М.Ш нарын мэдүүлэг /1хх-10, 73/ зэрэг нотлох баримтын нотолгооных нь чадварт нөлөөлөх үндэслэл болохгүй юм.     

2.4.4. Тус шүүхээс 2022.11.17-ны өдөр тухайн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгасан байх /3хх-161-164/ ба энэ хүрээнд прокурорын тогтоолын дагуу хийгдсэн шинжээчийн бүрэлдэхүүний 2023.01.25-ны өдрийн 132 дугаартай дүгнэлтийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.    

Учир нь, тухайн шинжээч нарт эрх, үүргийг нь бүрэн танилцуулсан, тухайн дүгнэлтийг гаргахдаа үндэслэл болгосон эх сурвалжуудыг нэг бүрчлэн дурдсан, өмнөх шинжээч нарын бүхий л дүгнэлтүүд нь эх хувираа шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалагдаж байхаас гадна эрүүгийн хэрэгт авагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан өмнөх шинжээчийн дүгнэлтүүд, тэдгээрт холбогдох баримт бичгийг эх хувиас нь хуулбарлан албан ёсны тэмдэг даруулан шинжээч нарт хүргүүлсэн /3хх-170-197/, нөгөө талаас тус хэрэгт шинжээчийн дүгнэлтийг шинээр гаргуулах бус харин өмнө гаргасан шинжээчийн зарим дүгнэлтийг дахин хянаж магадалсан  байх тул шинжээч нарын 2023.01.25-ны өдрийн 132 дугаартай дүгнэлтийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.   

Мөн шүүхээс 2022.11.17-ны өдөр тухайн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах тухай захирамжийг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 15 хоногийн дотор албан ёсоор албажуулж, прокурорт 2022.12.01-ны өдөр гардуулсан, тийнхүү гардаж авсан даруй шүүхээс даалгасан ажиллагааг тогтоосон хугацааны дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн гэж ойлгох үндэслэлтэй.    

Гэвч прокурор нь шинжилгээ хийлгэх тогтоолыг 2023.01.16-ны өдөр буюу зохих хугацаа алдаж эхлүүлсэн байгааг /3хх-176/ зөвтгөх боломжгүй байх боловч шинжээч нарын дүгнэлт 2023.01.25-ны өдөр гарч, прокурор шүүхэд ирүүлсэн байх тул шүүхээс даалгасан хугацааны дотор зохих ажиллагааг хийсэн гэж үзнэ.    

2.5. Хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг, шинжээч нарын гаргасан 1335, 43, 132 дугаар дүгнэлтүүд, гэрч Б.Т., гэрч М.Ш нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь үгүйсгэн няцаах нотлох баримт тогтоогдоогүй байна.   

Тухайлбал, тус хэрэгт : - гэрч А.А****н...Миний хамтран амьдрагч **** нь Ш****тай бизнесийн хамтрагч ба хөрөнгө, хөрөнгө оруулалтын асуудлаас маргаан үүссэн...Наранцэцэг нь хүү Шинэбаяртайгаа ирээд бид нарыг мах авч байхыг хараад зайл та нар гэж хэлээд цохиж, зодсон...Н****ийг хэн цохиж, зодсон талаар мэдэхгүй...Т***ийн мэдүүлсэн тухайн зүйлийн талаар мэдэхгүй, хараагүй, би Ши****тай амбаарт байсан.../3хх-37-38/,   

- гэрч Хуй Пүн Пүн...Ц.Т.Ттай үеэлүүд юм...Н***** нь ирээд махны жингийн босоо тоо гарч ирдэг хэсэг рүү цохиод, авч шидэх гээд байсан, маш үнэтэй болохоор *** жингээ татаж авсан, миний бие хагалгаанд орж, бие тааруу болохоор *** намайг яв гэхээр нь явсан, намайг байхад Ц.Т.Т Н****ийг цохиж зодоогүй, харин явсны дараа юу болсон эсэхийг мэдэхгүй.../3хх-30-31/

- гэрч Д.Энхбаатарын...Наранцэцэг нь чи муу яахаараа мах авдаг юм бэ гээд Баяраа руу хашхирсан бөгөөд газар мах жигнэж байсан жинг өшиглөсөн...Амбаарт Баяраагийн эхнэр байсан, энэ нь мах жинлэж байсан газраас 30-40 м зайд байдаг...Намайг харахад Баяраа Наранцэцэгийг цохиж, унагаасан асуудал байхгүй. Харин Наранцэцэг нь мах жигнэж байсан жингийн хажууд байсан нарийн цул төмрийг аваад цохих гээд дайраад байсан, Пүн Пүнг цохиж байсныг харсан...гэх мэдүүлгүүд /3хх-25-26/ авагдсан байх ба А.****, Хуй Пүн Пүн нар “хэрэг учрал үйлдэгдсэн үйл явдал”-ыг хараагүй, тухайн үед байгаагүй тухайгаа хэлсэн, мөн гэрч Д.Э**** нь “хэрэг учрал болсон үйл явдлыг бүрэн хараагүй, мэдээгүй гэсэн байхаас гадна **** өөрөө цохиулсан талаар огт мэдүүлээгүй байхад цохисон мэтээр ташаа мэдүүлсэн буюу эх сурвалжаа бодитой зааж чадаагүй зэрэг нөхцөл байдал илэрсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2.6. Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хуулиар тогтоосон хугацааны дотор явагдсан боловч тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан  гэх дараах шалтгаан илэрсэн нь тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүйг анхаарах нь зүйтэй.   

Тухайлбал, анх хэрэг бүртгэлтийн хэргийг 2020.01.15-ны өдөр нээсэн /1хх-001/, хэрэг бүртгэлтийн хэргийг 2020.02.25-нд хааж /1хх-59-60/, улмаар 2020.10.22-ны өдөр сэргээсэн /1хх-62-63/, 2020.12.10-ны өдөр яллагдагчаар татсан буюу мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн /1хх-150-151/, эрүүгийн хэргийг прокуророос 2021.01.22-нд шүүхэд шилжүүлсэн /2хх-2/, хэргийг анхан шатны шүүх 2021.06.03-ны өдөр хянан шийдвэрлэсэн /2хх-152-161/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2021.08.05-ны өдөр хэргийг прокурорт буцаасан /2хх-222-230/, Улсын дээд шүүхээс хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, улмаар хэргийг 2021.11.01-ны өдөр прокурорт хүргүүлсэн /3хх-3, 7/, 2021.11.17-ны өдрөөс 2021.12.02-ны өдрийн хүртэл мөрдөн байцаалт явуулж, хэргийг шилжүүлэх мөрдөгчийн санал гаргасан /3хх-15, 52/, прокурор 2021.12.08-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн, 2022.01.10-ны өдөр яллах дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгосон /3хх-61, 85/ боловч 2022.05.18-ны өдөр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох, яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолуудыг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосон /3хх-105-108/, хэргийг шүүхэд 2022.10.19-нд шилжүүлсэн /3хх-129-130/ байх тул мөрдөн байцаалтын хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн асуудал байхгүй, харин мөрдөн байцаалтын ажиллагаанд хамааралгүй бусад асуудал, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор тухайн хэргийн хугацаа удааширсан байгааг тэмдэглэв.    

2.7. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас тухайн эрх зөрчигдөөгүй.   

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан эрхийг шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд тухай бүр танилцуулж, тайлбарласан, өмгөөлөгч, орчуулагчаар бүрэн хангасан байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд гаргасан хүсэлт, гомдол бүхий аливаа асуудлыг тухай бүр шийдвэрлэж, зохих хариуг өгч байжээ.     

Шүүх хуралдаанд, шүүгдэгч нь “шинжээчийн дүгнэлт гаргуулсан толгойн зураг нь тухайн хохирогчийнх биш харин өөр хүнийх байж магадгүй, энэ хохирогч намайг гүтгэж байна, намайг Монголоос гаргаад, миний эд хөрөнгийг булаах гэж оролдсон гэх зэрэг” асуудлаар мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдоогүй, харин шинэ нөхцөл байдлын улмаас жич шалгуулж болох юм.    

2.8. Шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг 2020.12.10-ны өдөр үйлдэж, түүнд танилцуулсан байх /2хх-150-152/ тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааных нь дотор татсан, энэ талаар маргаантай асуудал үүсээгүйг дурдав.   

2.9. Дээр дурдсан нотлох баримт бүхий үндэслэлүүдийн хүрээнд :    

Шүүгдэгч Ц.Т.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлтэй, харин шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайг нотолж чадаагүй, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулаагүй байх тул цагаатгуулах тухай шүүгдэгчийн  өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Т.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            3. Хохирол, хор уршиг :

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нт учирсан 270.000 төгрөгийг /1хх-11, 16/ шүүгдэгч нь төлж барагдуулсан /2хх-150, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.

Мөн хохирогч нь эмчилгээ, эм тарианы болон мөн сэтгэл санааны гэх хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох нотлох баримтыг шинжлээгүй, гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Хэрэгт яллах дүгнэлт орчуулуулахад гарсан зардлын 110.000 төгрөгийн баримт авагдсан байх боловч /1хх-238, 2хх-57/ тус зардлын иргэний нэхэмжлэгчээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс буюу тус хэлтсийн эрх бүхий этгээдийг татаагүй, тус зардлыг шүүгдэгчээс гаргуулах талаар улсын яллагчаас санал, дүгнэлт гаргаагүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээсэн болно.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:      

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний нас, ажил төрөл, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-27-28, 32-33, 86-87, 90-92, 162-163, 3хх-30-32, 36, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т.Т /Cui Tao Tao/-д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1200 төгрөгөөр тооцон, 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

2. Шүүгдэгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэж, ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6.1, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байхаас гадна тус Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацааны болон бусад  шаардлага, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд тус тус нийцэж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т.Т-д оногдуулсан 1.200.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

Тодотгоход, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх бөгөөд шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсны эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг хэрэглэх бүрэн үндэслэлтэй гэж үзсэн, харин шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаж улмаар шүүх түүнд холбогдох хэргийг ердийн журмаар явуулан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл огт байхгүй болно.     

3. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан /1хх-157-158/ байгааг тус тус дурдав.   

4. Хохирогч нь шүүх хуралдаанд “гэмт хэргийн шинж бүхий асуудал”-ийн талаар мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгах, шалгуулах асуудлыг прокурорт даалгах нь зүйтэй гэж үзнэ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч ХУ-ын иргэн Ц.Т.Т /****/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т.Т /****/-н 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т.Т /***/-д оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.   

4. Шүүгдэгч нь хохирогчид 270.000 төгрөг төлсөн, тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан эмчилгээний болон сэтгэл санааны гэх хохирлын талаарх нотлох баримтаа, мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс буюу эрх бүхий этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн шүүхийн зардлын талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Т.Т /C***/-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Т.Т /****/-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т.Т /****/-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР