| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0580/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0845 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0845
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “К” ХХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э,
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь манайд нийтдээ 42 сая төгрөгийг акт тавиад байна. Бид нар тээвэрлэлтийн компани. Тухайн үед хил нэвтрэх 50 жолоочийг боомтын зөвлөлөөс гаргасан байдаг. Манайх Улаанбаатар хотоос ачаа тээвэрлээд Шаргын овоо гээд боомт байдаг. Тэр газар нь жолооч нарыг хэсэг хугацаанд тусгаарлаж байсан. Тэнчээ жолооч нарын тусгаарлаад цаашаа явах хооронд 2 жолооч машин аваад явчхаж байгаа. Өмнө нь ачаа тээвэрлэхдээ өдөртөө гарсан байдаг. Одоо бид сар орчим зогсож байж очиж байгаа. Сар зогсохдоо жолооч нар тусгаарлалтад ороод цаашаа өөр жолооч нар аваад гардаг. Олон хуралдааны тэмдэглэлд ч байгаа. Одоо нэг машинд 10-аад жолооч гарж байна. Бид машинуудаа хил хооронд зогсоохгүйгээр хангалттай ажилласан байх ёстой. Жолооч нарынхаа тусгаарлалтын асуудлыг шийдсэн байх ёстой. Тэгээд нэмэгдээд цалин хоол гээд бүх юм аа хариуцаж байгаа. Хил дээр ороод буцаад сар орчим болоход тэр хооронд гарж байгаа очер нь тус тусдаа хамаагүй байдаг. Ямар ч жолооч явж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Бид анх удаа жимс тээвэрлэсэн. Бид нар машинаа оруулсан чинь Хятадын талаас хүмүүс түлхүүр авчихаад өгөхгүй байна гэсэн юм дуулдсан. Хятадууд нь өөрсдөө үнээ тогтоож байгаа. Мөн жимс ногоо чинь түргэн муудах хүнс. Тэнд ачна гээгүй. Ачлаа гэж бодоход бид нар зэх зээлийн үнийг хөөрөгдөөгүй. 137 дугаар хуудсаас хойш Боомтын зөвлөлд байгаа аж ахуйн нэгжүүдийн болон н.Отгонсүх гэж дарга хүртэл хэлсэн байгаа. Тээврийн хөлс өнөөдөр 100.000 юан хүрээд байна. 100.000 юан хүрээд байхад бид нар үнийг тогтоосон зүйл байхгүй. Ямар их эрсдэл хүлээж тэнчээ зогсоогоод зогсож байна. Ингээд зогсох нь зогсоод өвөл хөлдөх нь хөлдөөд өч төчнөөн эрсдэл хүлээж байгаа. Манайх 30-иад ажилтантай. Үүний 80-90 хувь жолооч байгаа. 1.500.000-2.000.000 төгрөгийн цалинтай жолооч нар байгаа. Бид ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө л байна. Бид нар Улаанбаатар хотоос гарах эрхгүй л нөхцөл байдалтай байсан. Кү Ар код гээд л баахан зүйл болсон. Байнгын тусгаарлалтад хамруулж байж очдог. Одоо бидний нөхцөл байдал сул зогсолтын байдалтай байна. Ийм хүнд нөхцөл байдалтай байхад 42.000.000 төгрөгөөр торгоно гэдэг нь байж боломгүй асуудал. Манайх огт олигтой хөөцөлдөж чадаагүй байхад ингээд торгосон байдаг. Манайхаас бусад ямар ч аж ахуй нэгжийг ийм өндөр дүнгээр торгоогүй. Манайд ямар ч хайр найргүй энэ торгуулийг тавьсан. Хилийн байдал нь 50 жолооч л цаана нь машинаа аваачаад хаячиж байгаа. Аль дуртай бид нар өөрсдөө үнэ тогтоогоогүй. Сүүлийн 2-3 сар бид нар цалингийн 30 хувь хасаад байна. Тэр газар хэдэн залуучууд аваачсан хоолтой хоолгүй хаягдмал байдалтай байгаа. Тус бид нарыг тусгаарлаад байгаа газар нь байр байхгүй. Хамгаалалтад аваачаад гар гэдэг. Майхан хүртэл аваад явсан. Бид 5 төгрөг олохын төлөө л явж байгаа. 20-30-иад хүний амьдралын амьжиргааг нь бодож үзсэнгүй. Иймд байхад та нар дураараа ингэж торгууль тавьсан гэж юу байхав дээ. Үндэслэлтэй байх хэрэгтэй. Бид нар үнэхээр үнэ хөөрөгдсөн бол хамаа алга. Тэр байтугай жимсний хүмүүс нь хөргүүртэй машин олдохгүй байна гэж хэлсэн. Хятадын талаас үнэ тогтоогоод байгааг н.Отгонсүрэн дарга удаа дараа бичсэн байдаг. Жишээ нь тээврийн үнэ хэд хүрсэн тухай үзлэг хийлгүүлнэ гэж бодсон. Гэвч тухайн боомтын зөвлөлийн бичигт хангалттай баримт байна. Жимс ногоо шингээгээд зарсан байгаа. Танайх газар нь зах зээлийн үнэ өндөр боллоо гэхээр та хэд нэг ажил хийсэн болоод хүнд хайр найргүй хандаад л ийм өндөр хэмжээний торгууль тавьж болохгүй. Бид өөрсдөө эцсийн хэрэглэгч шүү дээ. Ийм байхад ингэж торгож болохгүй л гэж бодож байна. Боомтын зөвлөлийн бичигт удаа дараа хангалттай дурдагдсан байна. 100.000 юан гээд өндөр үнэ хүргэсэн гээд байхад л манайхыг үнэ хөөрөгдсөн гэж байх юм. Бид нар төр засгаас юм гуйгаагүй. Гэтэл 42.000.000 төгрөг гэдэг чинь маш их мөнгө. Хилийн бүс зурваст бид жолооч бүрт 1000 юан өгч байгаа. Бүс зурваст машин эвдрэхэд яаж засах талаар ч мэдэхгүй нөхцөл байдал байсан. Хятадын талаас үзээд мэдэхгүй байсан. Ийм зүйлсийг тодорхойлоогүй. Мөн бид ямар нэгэн үнэ хөөрөгдөөгүй. Бүүр Оросоос үнэ нэмэгдээд одоогийн байдлаар нарийн ногоо орж ирж байгаа. Зах зээлийн талаар нарийн ногоо хэцүү л байгаа. Тэр үед манайх үнэ хөөрөгдсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад манайд торгууль тавьж байгаа нь үндэслэлгүй” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь 2021.05.29-ны 005670 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын удирдамжийн дагуу томилогдсон ахлах байцаагч нарын шалгалтаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл тээврийн үнийн хөөрөгдөл бий болгосон гэх үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгож хууль бусаар олсон 22 сая төгрөгийг хурааж шийтгэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэх гомдлын шаардлага гаргасан. Үүнийг дэмжиж байна
Хууль зүйн үндэслэлийн хувьд шийтгэлийн хуудас нь хуульд заасан үндэслэлээр гаргаагүй. Ямар эрхзүйн хэм хэмжээ зөрчсөн гэдэг нь тодорхойгүй учир хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл байна гэж үзэж байгаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т зааснаар шийтгэлийн хуудас нь хууль бус учир хүчингүй болгох шаардлага гаргасан. Хангалттай яригдсан гэж бодож байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь шалгавал зохих нөхцөл байдал бүрэн тогтоогоогүй ба өөрөөр хэлбэл хэн үнэ хөөрөгдөөд байгаа талаар тогтоогоогүй. Н.Батсуурь гэдэг хүн нь ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй талаар сая нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.Тээвэрлэсэн гэдэгтэй маргахгүй байгаа. Харин үнэ хөөрөгдсөн асуудлыг манайх зөвшөөрөөгүй. Албан ёсны үнэ тариф гэж байгаагүй. Монгол улсад Худалдааны хууль батлагдан гараагүй байгаа. Энэ нь төслийн хүрээнд яригдаж байгаа. Ийм учир захиргааны ямар хэм хэмжээ зөрчсөн болоод хичнээн төгрөгийг зардал гэж үзэх юм бэ гэдгийг тогтоогоогүй учир нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргаж өгсөн бичгийн хариу тайлбараа дэмжиж байна. Үүн дээрээ нэмж хэлэх тайлбар байна. Нэхэмжлэгч нь аж ахуй эрхлэгч мөн гэж үзэж байна. Учир нь Шударга өрсөлдөөний тухай хуульд “аж ахуй эрхлэгч" гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ашгийн төлөө, бусдын ачааг тохирон нэг цэгээс нөгөө цэгт тодорхой хэмжээний хөлсөөр хүргэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй мөн юм байна. Шударга өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагаануудыг хийж болохгүй юм байна. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.7-т заасны дагуу зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан. Энэ нь Шударга өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь заалттай улбаатай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энгийн үед замын боомтоор өдөртөө гардаг тээврийн хэрэгсэл 150 ширхэг байдаг. Цар тахлын үед орох гарах тоо нь хязгаарлалттай байдаг. Гол асуудал нь яагаад өрсөлдөөнийг хязгаарласан юм бэ гэхээр энгийн үетэй харьцуулахад хилийн цаана ачаа ачих аж ахуй хэрэглэгч нарын өрсөлдөөн хумигдсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энгийн үед 150 машин гардаг байсан бол тэр нь хэвийн. Гэтэл өдөрт 5-10 машин гараад түүний 1-2 нь хүнсний нөгөө тээвэрлэх хөргүүртэй машинууд байна. Тэгэхээр аж ахуй эрхлэгч нарын үйл ажиллагаа хумигдаад ямар ч өрсөлдөөний хязгаарлалт байхгүй болно. Нэхэмжлэгч нь энэ давуу байдлаа ашиглаад 22 сая төгрөгийн бараа тээвэрлээд аваад ороод ирсэн. Мөн 22 сая төгрөгөө аваагүй гэдэг боловч өөрсдөө хэдэн төгрөгөөр тээвэр хийсэн гэдгээ тодорхой зүйл хэлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг өгөхдөө 22 сая төгрөгөөр тээвэр хийсэн. Тээвэр хийсэн төлбөрөө манай захирал өөрийн дүүгийн холбогдох дансаар авсан гэдгээ мэдүүлдэг. Дансны хуулгаар 12,10 сая төгрөгөөр хувааж гүйлгээ хийсэн нь тогтоогдсон. Иймд хууль зүйн үндэслэлгүй. Манайх хууль зүйн дүрэм журам зөрчсөн зөрчил байхгүй. Шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнийг зөвшөөрөхгүй байна гэж тодорхой маргахгүй байгаа учир өөр нэмэлт тайлбар хэлэх боломжгүй байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Шударга өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй. Зах зээл чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Ийм хүнд хэцүү үед манайхыг торгосон гэж хэллээ. Түүнийг ойлгож байгаа тул хууль бус орлого дээр нь эвлэрэх боломж байна. Та бүхэн эдгээр баримтаа авч ир гэхэд боломжгүй гэж байна.Нөгөө талд хэрэглэгч л хохироод байна л гэдэг зүйл хэлмээр байна. Түүнээс биш нэхэмжлэгчийг зөвхөн цохож аваад дурдах нь шийтгэл оногдуулаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. 22 сая төгрөгийг авсан талаар бид нотолсон гэдгийг дараах байдлаар тогтоож байгаа. Барс худалдааны төвөөс мэдээлэл өгсөн хүн нь 9723 гээд 22 сая төгрөг өгсөн. 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Саяннямбуу гэж бичээд 12 сая төгрөгт шилжүүлсэн байна. 4 сарын 22-ны өдөр 10сая төгрөг шилжүүлсэн гэх гар бичмэл явуулсан” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт нэр бүхий иргэдээс удаа дараа гомдол гаргасны дагуу тус газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/23 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулжээ.
Ингэхдээ гомдол гаргагчийг 9723 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр БНХАУлсаас ачаа тээвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хууль бус орлого 22,000,000 төгрөгийг хурааж, 20,000 нэгж буй 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ачааг өөрийн санаачилгаар ачаагүй, орлого олоогүй, зөрчил гаргаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тээвэрлэлтийн үнийг үндэслэлгүй нэмсэн, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Хариуцагчаас гомдол гаргагчийг 9723 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр БНХАУлсаас ачаа тээвэрлэхдээ 22,000,000 төгрөгийн хөлс авсанд буруутгажээ.
Хавтас хэрэгт Б.С-гаас нэр бүхий иргэдийн дансруу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 12,000,000, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх бүртгэл, Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50/4067 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дипозит дансны хуулгаар дээрх мөнгө дүн иргэдийн дансанд шилжсэн талаар, мөн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар холбогдогчоос авсан мэдүүлэг 22,000,000 төгрөгөөр ачаа ачсан талаар мэдүүлэг зэрэг баримтууд авагджээ.
Гэтэл гомдол гаргагч “уг тээврийн хөлсийг аваагүй, аваагүй учраас орлого олоогүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хамаарал бүхий иргэдийнхээ дансаар 12,000,000, 10,000,000 төгрөгийг авсан нь тогтоогдсон” гэж тус тус маргаж байгаа бөгөөд шүүх хариуцагчийг дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалган тогтоогоогүй байна гэж үзлээ.
Учир нь тээврийн хөлсийг шилжүүлсэн гэх Б.С-аас яагаад хуулийн этгээдийн дансруу биш иргэдийн дансруу төлбөрийг шилжүүлснийг, энэ нь хэний зөвшөөрлөөр хийгдсэнийг, дансаар төлбөр хүлээн авсан гэх иргэдээс гүйлгээний талаар тодруулснаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил гаргасан эсэхийг бүрэн гүйцэт тогтоохоор байна.
Өөрөө хэлбэл зөрчлийг тал бүрээс нь үнэн бодитой тогтоох үүрэгтэй бөгөөд тухайн барааны тээврийн хөлсийг гомдол гаргагч авсан эсэхийг нарийвчлан тогтоосноор түүнийг үндэслэлгүй тээврийн хөлс нэмсэн, хууль бусаар орлого олсон гэх маргааны гол үйл баримт тогтоогдож, түүнд шийтгэл ногдуулах эсэхийг тодорхойлох учиртай.
Нөгөөтэйгүүр хариуцагчаас тээврийн хөлс болох 22,000,000 төгрөгийг бүхэлд нь хууль бус орлого гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь тээвэрлэлт хийсэн эсэхтэй талууд маргаагүй бөгөөд уг тээвэрлэлтийг хийхэд зайлшгүй зардал болох шатахуун, замын хураамж, жолоочийн цалин гэх мэт зардлууд хасагдах учиртай.
Иймд дээрх нөхцөл байдлыг сайтар судалж, төлбөр шилжүүлсэн, төлбөр хүлээн авсан гэх иргэдээс тайлбар, тодруулга авах, мөн орлого олсон бол түүнээс зайлшгүй гарах зардлыг хасах замаар дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “К” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарт холбогдох зөрчлийн хэргийн гомдлын шаардлага болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болсонд тооцсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ