Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0209

 

 

 

 

 

 

 

 

Д.Мгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Хэрсэн нэртэй XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0751/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Мгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Хэрсэн нэртэй XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 22 дугаар зүйлийн 22.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Хэрсэн нэртэй XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ...” гэж хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т “...Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ...” гэж заасан байдаг. Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн улс билээ. Ийм учраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/Ш/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын бүх заалтыг дагаж мөрдөх үүрэгтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “...Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй...” гэж тунхагласан байдаг. Ийм учраас “...байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан үндсэн эрхтэйгээ холбоотойгоор маргаж уг эрхийг субьектив эрхийн нэгэн адилаар шүүхээр хамгаалуулах хуулийн боломжгүй болно...” гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Анхан шатны шүүх “...хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл холбогдох хуулийг зөрчсөн байлаа ч тухайн маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчийн хуульд заасан субьектив эрх зөрчигдөөгүй, шүүхээс нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзнэ...” гэж огт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн зүгээс хариуцагч байгууллагыг “...хэдэн хууль зөрчсөн байсан хамаагүй...”, “...нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй...” гэж үзэж байгаа нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг шууд үгүйсгэсэн шийдвэр гэж үзэж байна.

3.3. Нэхэмжлэгчийн байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хувийн аж ахуй эрхлэх, газар эзэмших эрхүүдийг зөрчиж Үндсэн хуулиар тухайн иргэний өмнө хүлээсэн эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.4. Мөн тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгд зөвхөн ашигт малтмалын тухай хуулийг баримталсан нь илт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д ...Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ... гэж хуульчилсан байдаг. Гэтэл дээр зөрчигдсөн тухай дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжүүлээгүй заалтууд, Газрын тухай хуулиар олгогдсон Д.Мгийн газар эзэмших албан ёсны бичиг баримттай газартай давхцалтай тухай зэргийг огт авч хэлэлцсэнгүй. Бас Ашигт малтмалын тухай хуулийн зөрчигдсөн заалтуудыг энд огт дурдаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлээгүй тухай. Хэрэгжүүлсэн эсэхийг нотлох баримт хэргийн материалд байхгүй. Хариуцагч болон гуравдагч этгээдийг зүгээс хэрэгжүүлээгүй гэдгээ шүүх танхимд хэлсэн. Эдгээр заалтуудыг хэрэгжүүлээгүй бол 56 дугаар зүйлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ тухай шүүхийн үндэслэл, тогтоох хэсгийн алинд ч дурдагдсангүй.

3.5. Итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар зөрчигдсөн хууль тогтоомжийг хангалттай тайлбарласан боловч шүүгчийн зүгээс хуулиуд зөрчигдсөн байна, гэхдээ шүүх хүлээн авах үндэсгүй гэсэн тайлбарыг өгч, дээрх шийдвэрийг гаргасан нь Монгол Улсад тусгай зөвшөөрөл олгоход Ашигт малтмалын газарт хууль ёсыг үл хэрэгсэх боломжийг олгосон, гуравдагч этгээдүүдэд бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах шаардлагагүй байдлыг бүрдүүлсэн илт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

Ийм учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б-гийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0051 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Д.Мгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгосон ашигт малтмалын хайгуулын Хэрсэн нэртэй XV-****** дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт орших Хэрсэн нэртэй 2671.32 гектар бүхий талбайд XV-****** дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Г” ХХК-д олгосон байх бөгөөд мөн даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр шийдвэрээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.

 

2.3. Анхан шатны шүүх “...маргаан бүхий хайгуулын талбай нь ямар нэгэн хязгаарлалтад ороогүй буюу тусгай хэрэгцээний газар, ашигт матмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, ямар нэгэн сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг хангуулж байж шийдвэрлэх үүрэг хариуцагчид бий болоогүй, мөн гуравдагч этгээд “Г” ХХК нь Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болохыг Татварын албаны 1511170050663 дугаар тодорхойлолтоор тогтоож, маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна, ...нэхэмжлэгч иргэн Д.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 244 дүгээр шийдвэрийн улмаас зөрчигдсөн үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

2.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” эрхтэй гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан.

 

2.5. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь улсын тусгай хамгаалалттай газар болон гол мөрний ус бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай тус тус аливаа байдлаар давхцалгүй болох нь Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг “Хэрсэн” нэртэй 2671.32 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-****** тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газар болон усны эх үүсвэртэй давхцалгүй болно” гэх 347 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...“Г” ХХК-ийн эзэмшлийн XV-****** ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байна” гэх 11/162 дугаартай албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/136 дугаартай албан бичиг болон уг албан бичигт хавсаргасан газрын кадастрын мэдээллийн сангийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицолд нэхэмжлэгч Д.Мгийн нэгж талбарын 4808000799 дугаартай газар давхцаагүй болох нь тус тус нотлогдож байх бөгөөд харин маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.

 

2.6. Тодруулбал, дээрх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн кадастрын зурагт тэмдэглэгдсэнээр маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нэгж талбарын 4808000399 дугаартай 5000 м.кв, 4808000601 дугаартай 4983 м.кв, 4808000557 дугаартай 5000 м.кв, 4808000742 дугаартай 5000 м.кв, 4808000405 дугаартай 5000 м.кв талбайтай тус тус давхцалтай болох нь тогтоогдож байх хэдий ч Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар баг, Өндөр хамрын бууц гэх газарт, өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх олгосон нэхэмжлэгч Д.Мгийн нэгж талбарын 4808000799 дугаартай, 5000 м.кв газартай давхцаагүй байх тул нэхэмжлэгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

2.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн газар дээр олон жил өвөлжиж, хаваржиж байгаа гэх боловч тухайн үедээ газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг хуулийн дагуу аваагүй буюу 2016 онд гуравдагч этгээд “Г” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрх үүссэн, мөн дээр дурдсанчлан уг эзэмших эрх үүссэн газар гуравдагчийн зөвшөөрөл бүхий газартай давхцаагүй байгаа тухайн тохиолдолд “...хуулиар олгогдсон Д.Мгийн эзэмшил газартай давхцалтай эсэхийг огт авч хэлэлцээгүй, хувийн аж ахуй эрхлэх, газар эзэмших эрхүүдийг зөрчсөн” талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

2.8. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд учирч болохуйц хохиролтой холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон” гэж дурдсан нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 352 дугаар захирамжаар уг хүсэлтийг учирч болзошгүй гэх үндэслэлээр шинжээч томилох нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, ач холбогдолгүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхгүй. Нөгөө талаас зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

2.9. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-т зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх төдийгүй мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад нэхэмжлэл болон гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА