Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

М.Мөнхтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын орон сууцны 7 тоотод оршин суух, Буучийнхан овогт Мягмарын Мөнхтөгсийн нэхэмжлэлтэй, Баганат орд ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага:  2.700.000  /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.

                Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 3 дугаар сард Баганат Орд ХХК-ны Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт барьсан Цагдаагийн 18 айлын орон сууцны 7 номерт 3 өрөө 72,85 метр квадрат байрыг худалдан авсан боловч уг байрны метр квадрат нь гэрчилгээнд бичигдсэн 72,85 метр квадратын хэмжээнээс бага хэмжээтэй байгаа бөгөөд сууцны өрөө тасалгааг Алтайн газрын хүч ХХК-аар хэмжилт хийлгэхэд 70,15 метр квадрат хэмжээтэй байсан....2.70 метр квадрат дутсан.Би 2015 оны 09 дүгээр сард гэрээ хийсэн....Тухайн байр 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр байр баригдаж дууссан бөгөөд байраа 2015 оны 12 дугаар сард хүлээж аваад орсон....Би байрныхаа урьдчилгааг өгөх зорилгоор банканд 1.200.000 төгрөгөөр өсгөж харагдуулахаар гэрээ байгуулсан....Байрны үнэнд нийт 72.000.000 орчим төгрөг төлсөн....Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг анх гаргахдаа буруу бодож оруулж ирсэн бөгөөд 1 метр квардратыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож авсан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаад 2.700.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна гэжээ.

                Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч М.Мөнхтөгсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М.Мөнхтөгс нь 2016 оны 03 сард Баганат Орд ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах Цагдаагийн 18 айлын орон сууцыг худалдан авсан бөгөөд 72,85 метр квадрат хүрэхгүй талаар дурьджээ. Гэтэл 2015 оны 5 сарын 27-ны барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг захиалагч талаас Ховдын шуурхай зар сонин ТББ, гүйцэтгэгч талаас Баганат Орд ХХК гэрээ байгуулж Цагдаагийн газрын албан хаагчдын 18 айлын орон сууц бариулахаар ерөнхий зүйл, гэрээний хугацаа, ажлын хөлс, захиалагчийн эрх үүрэг, гүйцэтгэгчийн эрх үүрэг, талуудын маргааныг шийдвэрлэх бусад зүйлээр тохиролцсон ерөнхий нөхцөлөө харилцан тохиролцож барилгын ажил эхэлсэн. Мөн Барилгын ББМЗЗ ХХК-тай гэрээний дагуу Ховд аймгийн ерөнхий архитехтор З.Өмертэй Ховд аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Д.Очирбадам, зургийн ерөнхий инженер Б.Даваасүрэн, архитетор Л.Ууганбаяр нарын зөвшөөрөл батламжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд баригдах Цагдаагийн газрын ажилчдын орон сууцны барилгын ажлын зургийн дагуу баригдсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Техникийн нөхцөлүүдээ захиалагч талаас бүрдүүлж өгсөн.2015 оны 11 сарын 19-нд барилга ашиглалтанд орж улмаар барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 53/2015 дугаартай комиссын актын дагуу Цагдаагийн албан хаагчдын орон сууц ашиглалтанд орж дээрхи комиссын гишүүнд М.Мөнхтөгс өөрөө орсон байдаг бөгөөд 2 жилийн дараа метр квадратын зөрүү гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М.Мөнхтөгс нь Алтайн газрын хүч ХХК-ны хэмжилтээр хандаж зөрүү 3,240,000 төгрөг нэхэмжлэх учиргүй юм. Нэхэмжлэгч М.Мөнхтөгс нь байрны урьдчилгаа байхгүй гэсэн тул орон сууц захиалах гэрээгээ 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр өөрийнх нь гуйлтаар бичигдсэн гэрээ юм. ХААН банкны зээл гараад Баганат орд ХХК-д 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр төлбөр хийсэн байгаа болно....Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч М.Мөнхтөгсийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мөнхтөгсийн нэхэмжлэлтэй Баганат орд ХХКомпанид холбогдох дутуу 2.70 м.кв талбайн үнэ 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнхтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,790 /жаран зургаан мянга долоон зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 243.1 зүйлд зааснаар Худалдах худалдан авах гэрээ”-г хийсэн гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” талаар зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч биет байдлын доголдолтой Ховд аймгийн Жаргалант сум, Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын орон сууцны 07 номерт 3 өрөө 70,15м2 бүхий 3 өрөө байрыг, орон сууц захилгаар бариулах гэрээгээр 72,85м2 байрыг захилсанаас 2.70м2 дутуу байрыг авсанаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Алтайн Газрын Хүч" ХХК- аар хэмжилт хийлгүүлэн биет байдлын доголдолтой эд хөрөнгө авсанаа мэдсэн. Тус биет байдлыг доголдолоос үүдэлтэйгээр 70.15м2 3 өрөө байрыг 2016 оны 03 сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000206309 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр 72,85м2 бүхий Ховд аймгийн Жаргалант сум, Цамбагарав багийн Цагдаагийн 18 айлын орон сууцны 07 номерт 3 өрөө байрны гэрчилгээ гарч эрхийн зөрчилтэй хөрөнгө бүртгэгдсэн байдаг.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн тухайд Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтаас шүүхэд гаргаж өгсөн хэрэгг хамааралтай ач холбогдолтой 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ‘Алтайн Газрын Хүч" ХХК-аар хэмжилт хийсэн баримтыг хариуцагчид ашигтайгаар нэг талыг баримтлан үнэлсэн байдаг.Тухайлбал: Биет байдлын доголдолтой байр хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тул гэж иргэн намайг шууд үүрэг хүлээлгэж нэхэмжлэлийг хариуцагчид ашиггайгаар нотлох баримтыг үнэлсэн Иргэн хүн тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага. хуулинд болон стандарчлагдсан ажиллагааны үр дүнд тухайн байрыг хэмжилт хийж тогтоох ажлыг хийх боломжгүй юм. Шийдвэр нь мХууль ёсны бөгөөд Үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” тухайд “Баганат орд" ХХК нэхэмжлэт М.Мөнхтөгс 2015.09.14 өдрийн 07 дугаартай орон сууц захилгаар бариулах гэрээгээр 1м2- ыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр. 72,85м? бүхий 3 өрөө байр захилсан тухайн байрны төлбөр болох 61.194.000 /жаран нэгэн сая нэг зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийг 2016.03.29 өдөр шилжүүлж иргэний хуулийн 243.1 худалдах- худалдан авах гэрээ хийсэн гэж дүгнэсэн. Хуулинд тус гэрээгээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагм нь биет байдыг доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийпүүлэх, худалдан авч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж. худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь хүлээсэн үүргийн дагуу төлбөрөө 100% төлж барагдуулсан, худалдан авагч нь биет байдлын доголдлыг тус баиранд орж амьдраад 1 жилийн дараа 'Алтайн Газрын Хүч' ХХК-иар хэмжилт хийлгүүлэн мэдсэн байдаг. Худалдан авагч иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 “Худалдан авагч тал шаардлага гаргах эрхээ алдах" эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зохицуулсан байхад шүүх нотлох баримтаар мэдэх боломжгүй байсныг, мэдэх боломжтой гэж дүгнэсэн нь шийдвэр нь хууль бсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15 өдрийн 9 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Мөнхтөгс нь хариуцагч “Баганат орд” ХХК-нд холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 3,240,000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Уг барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэсэн бөгөөд зохих байгууллагууд нь техникийн нөхцөл олгосны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авч 53/2015 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар

            Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын 18 айлын орон сууцыг барих барилгын ажлыг Баганат орд ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр барьж ашиглалтад оруулсан байна. Ингэхдээ Цагдаагийн албан хаагчид буюу төрийн албан хаагчид захиалагч байх боломжгүй тул байр захиалсан албан хаагчид нийлж “Ховдын шуурхай зар сонин” нэртэй төрийн бус байгууллага байгуулан барилгын ажил захиалагч тал нь болж гүйцэтгэгч Баганат орд ХХК-тай “барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ[1]” байгуулахдаа 1м2 -ын үнийг 1,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.

            Нэхэмжлэгч М.Мөнхтөгс нь уг байрны 3 давхарт 07 тоот 3 өрөө 72,85м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1м2 -ыг 1,200,000 төгрөгөөр буюу нийт 87,420,000 төгрөгөөр тооцож 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ[2] байгуулсан байна.  Ингэхдээ тэрээр Хаан банкнаас 61,100,000 төгрөгийн ипотекийн зээл авч 1м2 -ын  үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож Баганат орд ХХК-нд байрны үнийг төлсөн бөгөөд байрны үнийн талаар зохигчид маргаагүй байна.

            Нэхэмжлэгч М.Мөнхтөгсийн байрын үл хөдлөхийн гэрчилгээ 2016 оны 3 дугаар  сарын 16-ны өдөр гарсан бөгөөд тэрээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Алтайн газрын хүч ХХК-иар хэмжилт хийлгэж үзэхэд 70,15м2  талбайтай байсан бөгөөд тэрээр 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны талбайн зөрүүг нэхэмжлэн шүүхэд хандсан байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар

Нэхэмжлэгч М.Мөнхтөгс  хариуцагч Баганат орд ХХК-ний захирал Г.Баянмөнх нар нь  2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан боловч гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа байр ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Худалдагч Баганат орд ХХК нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээ буюу 72,85м2 талбайтай бус 70,15м2 талбайтай 3 өрөө байрыг худалдан авагч М.Мөнхтөгст шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Гэвч “орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас 2,7м2 -аар бага байна” гэх доголдлыг худалдагч тал арилгах боломжгүй, худалдан авагч талд уг доголдлыг арилгах зардал гарахгүй бөгөөд өөр доголдолгүй эд хөрөнгөөр солиулах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч нь уг байрыг худалдан авахдаа гэрээнийхээ гол нөхцөлийг талбайн хэмжээ гэж үзсэн бол орон сууцыг хүлээн авах үед хэмжилт хийлгэх замаар талбайн хэмжээг тодорхойлох, дутуу бол хүлээн авахаас татгалзах, үнийг дахин тохиролцох боломжтой байжээ. Гэтэл нэхэмжлэгч нь байр ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авснаас  хойш 1 жил 1 сар 4 хоногийн дараа Алтайн хүч ХХК-иар хэмжилт хийлгэсэн, хэмжилт хийлгэснээс хойш 5 сар 27 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч нь байрыг хүлээн авах үедээ хэмжилт хийлгэх, талбай дутуу доголдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардах эрхээ алдсан байна. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт авагдсан “Алтайн газрын хүч” ХХК-ний тусгай зөвшөөрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй хуулбар хувь байх боловч хэмжилт хийсэн нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэс болоогүй тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болох шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 58,150  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас