Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/248

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.С-д холбогдох эрүүгийн ************* тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт С-гийн С /РД:**********/,

Монгол Улсын иргэн, *********ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, *** дугаар гудамжны **** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн,  

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

   Шүүгдэгч С.С нь 2022 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо,****** *** дугаар гудамжны *** тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай Х.О-ын өмчлөлийн хоёрдогч түүхий эд авах цэг буюу 20 тонны контейнерын цоожийг эвдэж тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 184 килограмм зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2,760,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” караокед иргэн Ц.А-ын өмчлөлийн ******** маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо Алтан-Овоо ** дугаар гудамжны **** тоотод байх иргэн Г.А-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч, эрэгтэй хүний цамц 9 ширхэг, эрэгтэй хүний подволк 9 ширхэг, эмэгтэй хүний жинсэн өмд 5 ширхэг, эмэгтэй хүний дээл 2 ширхэг, эрэгтэй хүний жинсэн өмд 3 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн пүүз 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний өсгийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, тэмээний ноосон малгай 1 ширхэг, нокио маркийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,524,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******************* тоотод оршин суух Ч.Э-гийн эзэмшлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Самсунг загварын телевизор 1 ширхэг, 1,6 граммын монетон бөгж 1 ширхэг, LG V-30, самсунг эс-6 самсунг G7 загварын гар утас тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 858,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.С нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” караокед иргэн Ц.А-ын өмчлөлийн Самсунг А-52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ***********тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай Х.О-тын өмчлөлийн хоёрдогч түүхий эд авах цэг буюу 20 тонны контейнерийн цоожийг эвдэж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 184 килограмм зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2,760,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо *********** дугаар гудамжны 00 тоотод байх иргэн Г.А-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч, эрэгтэй хүний цамц 9 ширхэг, эрэгтэй хүний подволк 9 ширхэг, эмэгтэй хүний жинсэн өмд 5 ширхэг, эмэгтэй хүний дээл 2 ширхэг, эрэгтэй хүний жинсэн өмд 3 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн пүүз 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний өсгийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн юбка 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, тэмээний ноосон малгай 1 ширхэг, нокио маркийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,524,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны********* тоотод оршин суух Ч.Э-ийн эзэмшлийн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн Самсунг загварын телевизор 1 ширхэг, 1,6 граммын монетон бөгж 1 ширхэг, LG V-30, самсунг эс-6 самсунг G7 загварын гар утас тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 858,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

-хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, ****** 0-0 тоотод байх хоёрдогч түүхий эд авах цэгт буюу 20 тонны контейнерийг ил төмөр цоожоор түгжээд явсан ба 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед хоёрдогч түүхий эд авах цэгт ирэхэд 20 тонны контейнерийн цоож эвдэрсэн, хаалга онгойсон байдалтай байхаар нь контейнер руу ороход, худалдаж авсан 5 цагаан өнгийн шуудайтай зэс алдагдсан байсан. ...би алдагдсан зэсээ хайж байхад 22-н товчооны ...Н гэх хүний хоёрдогч түүхий эд авдаг газарт нь тухайн зарсан зэсийг хэн авчирсан талаар асуухад нэг цагаан машинтай өвгөн залуу хоёр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө авчирч өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-25р хуудас/,

-Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд худалдан авах цэгт хадам аав *********** хамт ажилладаг юм. 2022 оны 04 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би тухайн түүхий эд худалдан авах цэгт хоносон бөгөөд өглөө хадам аав ******** 07 цаг 30 минутын орчим ирсэн юм. Тэгээд байж байтал мөнгөлөг саарал өнгийн гэх юм уу даа он хөгшин Тоёото РАВ-4 загварын тээврийн хэрэгсэл ирээд жолоочийн хажуу талаас 25 орчим насны 165-170 см өндөр нуруутай, бөөрөнхий малгайтай, цагаан өнгийн цахилгаантай цамцтай, бараан өнгийн өмдтэй бор царайтай залуу ирээд зэс авах уу гэж асуусан. ...Тэгээд машинаасаа тухайн зэсээ буулгаж ирээд жин дээр тавьж үзэхэд 184 кг болж байсан бөгөөд 1 кг зэсийг 15.000 мянган төгрөгөөр тооцож 2.760.000 төгрөгөөр тухайн зэсийг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35-р хуудас/,

-Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сар байсан санагдажбайна. Би 00-00 АААулсын дугаартай цагаан өнгийн РАВ-4 загварын машинтайгаа Нарангийн голын эцэс дээр байх гэрээсээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны таксинд явж байхад, засмал дагуу байх Наран дэлгүүрийн урд нэг залуу гараа өргөхөөр нь би зогсоход, 22-н товчоо орноо, явахаасаа өмнө хашаанаас юм ачина гэхээр нь би зөвшөөрөөд, тэр залуугийн заасны дагуу хашаагүй, гэрийн бууринаас цайвар өнгийн шуудайнуудтай юм машины багааж руу ачаад, тэндээсээ хөдлөөд, 22-н товчоо руу явснаа энд өгөхгүй гээд Сонсголонгийн уулзавар эргээд, замын баруун талд байх хоёрдогч түүхий эд авах цэгт ирээд тэр залуу шуудайтай зэснүүдээ мөнгөөр өгчихөөд, тэр залуу буцаж 5 шарын автобусны буудал дээр бууж үлдсэн. Би настай хүн болохоор тухайн хүнийг одоо хараад танихгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

-“*********” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0000 дугаартай: “...хаягдал зэс утас 184 киллограмм 2,760,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

-Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэг сэрэхэд би караокены өрөөнд ганцаараа байхаар нь өөрийнхөө утсыг шалгахад миний гар утас байгаагүй тэгэхээр нь өрөөнөөс гарахад Д зааланд байхаар нь би Д-т миний гар утас алга байна өрөөн дотор хайгаад үз гээд явуулахад миний гар утас олдоогүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103-р хуудас/

-Гэрч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С-гийн хамт өрөөнөөс гараас зааланд 2 лааз пиво захиалаад сууж байхад Текний хүн намайг өрөөнд байгаа согтуу хүнээ аваач гэхээр нь би өргөөд дийлээгүй тэгээд би А-д өгсөн байсан өөрийн Самсунг С-8 плас утсыг А-ын халааснаас нь унтаж байхад нь авахад А-ын өөрийнх гар утас нөгөө халаасанд нь байсан юм тэгээд өрөөнөөс гараад С-ийг өрөө рүү ороод А-хыг аваад гараад ир гээд хэлэхэд С ороод удалгүй гарч ирээд юу ч хэлэлгүй шууд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 113-114-р хуудас/,

-“********” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ***** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Самсунг А-52 гар утас 1 ширхэг буюу 800,000 төгрөгөөр үнэлж дүгнэв...” /1-р хавтаст хэргийн 117-118-р хуудас/,

-2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хавтаст хэргийн 77-81, 89-90-р хуудас/,

-2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 95-98-р хуудас/,

-Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн *************тоотод байх манай гэрээс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10-16 цагийн хооронд манай монгол гэрийн хаалгыг эвдэж ороод миний гэрт өмсөж байсан хувцаснуудыг гэрт байсан ногоон өнгийн цүнх, ногоон эрээн цүнх, улаан эрээн орны дэвсгэр даавуу, манай дүүгийн өсгийтэй хар гутал, хар өнгийн юбка, хар өнгийн хүрэм тус тус алга болсон байсан... 2022 оны 09 дүгээр сарын 13- ны өдөр манай гэрээс алдагдсан эд зүйлийг Хархорин захын хажууд гудамжинд зарж байсныг нь би өөрөө таниад цагдаад барьж өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 160-р хуудас/

-Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... манай монгол гэрийн хаалга эвдэрсэн байдалтай онгорхой байхаар нь гэртээ орсон чинь манай гэрийн хувцас хийдэг шүүгээнүүд онгорхой дотор нь байсан хувцаснууд байхгүй орон дээр байсан цүнхтэй хувцаснуудыг гэрийн баруун талд газраар асгасан байдалтай, мөн гэртйн баруун талд байдаг гутлын тавиур дээр байсан гуталнууд байхгүй байхаар нь би гайхаад гэрээсээ гараад ах Г.А рүү залгаад болсон асуудпыг ах Г.А-д..хэлсэн. Тэгээд би ах ах ******** хүмүүс Хархорин захын гадна талаар хувцас зараад байдаг юм. Очиж үзчихээд ирье гэж хэлээд би Хархорин захын хойд талд зам дагуу автобусны буудлын орчим задгай гудамжинд газраар хувцас зардаг хүмүүс дунд үзсэн чинь манай гэрээс алдагдсан хувцаснуудыг үл таних залуу зараад сууж байсан. Тэгээд би холоос харж байгаад цагдаа дуудаад тухайн залууг бариулсан юм...манай алдагдсан хувцас нь манай ах Г.А-ийн хувцас дийлэнх нь басйан. Миний хоёр тэрлэгэн дээл, өсгийтэй гутал, хүрэм, жинсэн өмд, хар өнгийн юбка зэрэг зүйл алдагдсан байсан...”,

“...би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө 5 ширхэг эмэгтэй хүний өмдийг алдсан талаар мэдүүлээгүй үлдээсэн байна...манай гэрээс 1 ширхэг 6 радустай зэс аяга, нико маркийн гар утас алдагдсан нь манай ахын эд зүйл байгаа юм. Би хоёр тэрлэгэн дээлээ өөрөө эгчийнхээ хамт хийсэн, өсгийтэй гутлаа 2022 оны 01 сард сандэй худалдааны төвөөс 55.000 төгрөгөөр хүрэмээ би 65 төгрөгөөр хархорин захаас, жинсэн өмд 1 ширхэг нь 65.000 төгрөгөөр, хар өнгийн юбка би Нарантуул захаас 40.000 төгрөгөөр тус тус авч байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 162, 168-р хуудас/,

-“*******” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1439 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...1,804,000 төгрөг... гэх тайлан /1-р хавтаст хэргийн 171-174-р хуудас/,

- “***********” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1652 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 178-179-р хуудас/,

-2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн цүнхтэй хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 149-155-р хуудас/,

-Хохирогч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би өглөө 11 цагийн үед гэр бүлийн хамт гэрээсээ гарцгаасан. Тэгээд 16 цагийн үед аавынхаасаа том охиноо урлагийн үзлэг бэлдүүлчихээд бүгд гэртээ иртэл манай амбаарын хаалга хаалттай, хаалганы түгжээ хөшөөд онгойлгочихсон байсан ба гэрлүү ортол гэрийн эд зүлйиш онгичсон замбараагүй байдалтай ба тэгээд би гадуур хайж байгаад олохгүй байхаар нь цагдаагийн байгуудлагад хандсан...42 инчийн самсунг брэндийн зурагт, 1,6 граммын монетон бөгж, LG-30 брэндийн гар утас, самсунг эс-6, самсунг-G7 гэх эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 208-209-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед *********ломбардаа ажиллуулж байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд гудасны даавуунд скочдон ороосон зурагт тавъя гэсэн тэгэхээр нь би ямар зурагт вэ гэхэд тэр эрэгтэй 42 инчийн зурагт гэсэн. Тэгээд надаас хэдээр авах вэ гэхээр нь би 200,000-300,000 төгрөгөөр авдаг гэхэд 100,000 төгрөгний барьцаанд тавьсан. Тухайн тэр өөрийн С гэх иргэний үнэмлэхний лавлагаатай байсан би тулгаж харахад тэр хүн мөн байсан...бэлэн 100,000 төгрөг хүү нь 7000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 216-217-р хуудас/,

-“********” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2244  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... нийт 858,000 төгрөг” гэх тайлан /1-р хавтаст хэргийн 239-240-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч С.С-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр унэн зөв мэдүүлсэн тул өөр надад гэмж ярих зүйл байхгүй байна. Мөн надад холбоотой 3 хэрэг байгаа энэ хэргүүдээ нэгтэж шалгуулах хүсэлт байна. Би энэ хэрийг талаар дахиад ярья 2022 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо  00-00 тоотод байрлах Монгол гэрт үүдний амбаарын цоожыг нь эмдэлж орж зурагт, 3 ширхэг гар утас, жижиг манетон бөгж зэргийг хулгайлж авсан. 3 ширхэг гар утасны маркийг нь сайн мэдэхгүй байна. Дээрх айлаас авсан эд зүйлээс зурагтын А гэдэг нэртэй ломбардад 100.000 төгрөгөөр авсан гар утасны хоёр нь намайг баригдах үед цүнх нь үлсдэн цүнх хаана байгааг мэдэхгүй байна. Нэг ширхэг гар утас нь хаягдсан. Монетон бөгжийг нь халааснаас алга болчихсон байсан. Би хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэж /1-р хавтаст хэргийн 149-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд: Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний талаарх лавлагаа /2-р хавтаст хэргийн 2-р хуудас/, Нийгмийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /2-р хавтаст хэргийн 4-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн 07-09-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 11-12-р хуудас/, татвар төлөлтийн талаарх лавлагаа /2-р хавтаст хэргийн 13-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтаст  хэргийн 17-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтаст хэргийн 19-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 68-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч С.С нь Х.О, Ц.А, Г.А, Ч.Э нарын дээрх эрхэд халдаж, зөвшөөрөлгүй, тэдэнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг өөрийн эзэмшилдээ авч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч С.С нь хохирогч Х.О, Ц.А, Г.А, Ч.Э нарын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж заасан шинжэд багтана.  

Хохирогч Х.О, Г.А, Ч.Э нарын орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн түүний үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасантай нийцэж байна.

Шүүгдэгч С.С-ийн дээрх 3 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дахь хэсэгт заасан Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэнд хамаарна.

Иймд тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.О-тад 2,760,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Ц.А-ад 800,000 төгрөгийн хохирол учирсан ч гарын утсыг нь буцаан хүлээлгэн өгсөн /1-р хавтасны 88-р хуудас/, хохирогч Г.А-д 1,804,000 төгрөгийн хохирол учирсан зарим эд зүйлийг буцаан өгч 855,000 төгрөгийн төлбөр үлдсэн /1-р хавтасны 15, 172-173-р хуудас/, хохирогч Ч.Э-д 858,000 төгрөгийн хохирол учирсан ч зарим эд зүйл болох зурагтыг буцаан өгч 208,000 төгрөгийн төлбөр үлдсэн /1-р хавтасны 222-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б 107,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч С.С-ийг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.С-гөөс нийт 4,230,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.О-ад 2,760,000 төгрөг, хохирогч Г.А-д 855,000 төгрөг, хохирогч Ч.Э-д 208,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б- 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 107,000 төгрөгийг төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн би, Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн С-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч С.С нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч нь хохирогч нарын зарим хохирлыг биет байдлаар буцааж өгсөн бөгөөд улсын яллагчийн гаргасан хохирлын тооцооны хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, үйлдлээ ямар аргаар яаж хийснээ үнэн зөвөөр мэдүүлсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж харж байна. Шүүгдэгч хохирлоо төлөх хүсэл эрмэлзэлтэй байгааг шүүх харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан, бусдын гэр нэвтэрч эд зүйлийг авч байгаа нь жигшүүртэй хэрэг учраас шүүгдэгч цаашдын үйлдэлдээ дүгнэлт хийж, хүнд хохирол учруулж эд зүйлийг хулгайлж бусдад ямар их хохирол учруулсан гэдгээ өөрийгөө оронд нь тавьж үзэж, цаашдаа бодолтой байх  хэрэгтэй гэж хэлмээр байна. С нь хэдийгээр олон удаагийн үйлдлээр бусдыг эд зүйлийг хулгайлсан ч гэсэн гэм буруугаа хүлээж байгаа учраас цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх итгэл найдварыг төрүүлэн хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Улсын яллагчийн гаргасан 6 жилийн хорих ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2 жил ба түүнтэй ойролцоо хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч:  Намайг уучлаарай, хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсэж байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.С-ийд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эмээ 2 дүүгийн хамт амьдардаг/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч С.С-гийн үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болох хүнд зүйл ангид заасан хариуцлагыг хүлээлгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасантай нийцнэ.

Иймд дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил /үргэлжилсэн үйлдэлтэй/, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус зүйл ангид заасан хамгийн бага хугацаагаар хорих ял шийтгэх саналыг гаргасан хэдий ч, шүүгдэгч С.С нь өмнө нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжиж нийгэмшилгүй дахин үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирол төлбөр бүрэн барагдуулаагүй нөхцөл байдлуудыг дүгнэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхэр шийдвэрлэв.    

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.С нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 97 хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ц овогт С-гийн С-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг болон үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийд 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.С-гийн цагдан хоригдсон 97 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С-ийгөөс нийт 4,230,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.О-ад 2,760,000 төгрөг, хохирогч Г.А-д 855,000 төгрөг, хохирогч Ч.Э-д 208,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-ид 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 107,000 төгрөгийг тус тус олгосугай.

         

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.С-ийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА