Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2019/0002/И |
Дугаар | 33 |
Огноо | 2019-01-25 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 33
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4-р хороо “Г” ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, “Э” ХХК-ийн захирал Б овогт Г.А-д холбогдох,
“Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78,095,094 төгрөг, алданги 39,047,547 төгрөг, нийт 117,142,641 төгрөг”-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн захирал Б овгийн Г.А-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж бараа бүтээгдэхүүн борлуулсан төлбөрөө шилжүүлэхгүй удаж байгаа бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлж, төлбөр төлөх график гаргуулж ажиллаж байгаа боловч гаргаж өгсөн графикийн дагуу төлбөрөө төлдөггүй үл тоосоор байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.А нь үлдэгдэл тооцоог дуусгах тухай хүсэлт гаргаж дээрх төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч одоог хүртэл төлбөрөө бүрэн төлөхгүй удааж манай компанийг хохироож байна. Манай “Г” ХХК нь Г.А-тай харилцан тохиролцож заавал шүүхийн журмаар бус эвлэрлийн журмаар төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа санал тавьж утсаар болон нэхэмжлэлийн хүрээнд ярилцаж төлбөрөө барагдуулах талаар ярихад төлбөр төлөх график гаргаж, төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж ярьдаг ч төлж барагдуулахгүй өдий хүрсэн. Г.А нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаараа хүсэлт, санал тавьж, төлбөр төлөх график гаргаж өгдөг ч өдийг хүртэл төлбөрийг бүрэн Төлөхгүй утсаар ярьж шахаж шаардахаар сард 50 000 /тавин мянга/ төгрөг манай Компанийн данс руу хийдэг. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн данс руу 50 000 төгрөг хийж эцсийн үлдэгдэл нь 78,095,094 төгрөг үлдсэн бөгөөд дээрх төлбөрийг хэзээ бүрэн төлж дуусгах нь тодорхойгүй, төлбөрөө барагдуулах талаар санал, санаачилга гаргахгүй байгаа, утсаа авдаггүй зэрэг төлбөр барагдуулах талаар ямар нэг арга хэмжээг авахгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78,095,094 төгрөг, алданги 39,047,547 төгрөг нийт 117,142,641 төгрөгийг “Э” ХХК-ийн захирал Г.А-с гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү? Дээрх тооцоог Г.А-тай манай компанийн зүгээс хамгийн сүүлд 2018.03.21-ний өдөр тооцоо нийлсэн бөгөөд 2018.03.21-ний өдөр тооцоо нийлэхэд 81,451,094 төгрөгийн үлдэгдэлтэй байсан үүнээс хойш бага багаар буюу 3,356,000 төгрөгийг төлж одоогийн үлдэгдэл нь 78, 095,094 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь Г.А-тай 2018.03.21-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулсан баталгааны хуудас, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Г.А-н төлбөр төлөхөө илэрхийлсэн хүсэлт, 2018.12.12-ны өдрийн “Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ” зэрэг холбогдох санхүүгийн бусад баримтаар тогтоогдож байгаа болно. Жич: Өмнө нь манай компанийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчаар “Э” ХХК-нд холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Ингээд манай компанийн зүгээс өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ._.. дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр гарч Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасан. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А-н оршин байгаа газрын хаягийг Дорноговь, Замын-Үүд 2-р баг / хаяг дээр байгаа талаар тогтоосон, манай компанийн зүгээс Г.А-тай төлбөрөө төлөх талаар утсаар ярьж ямар хаяг дээр байгаа талаар тодруулахад дээрх хаяг дээр байдаг тухайгаа бидэнд Г.А нь Өөрөө хэлсэн тул энэхүү нэхэмжлэлийг харъяаллын дагуу гаргаж байна. Шүүхээр эрэн сурвалжлуулснаас хойш манай компанийн зүгээс заавал шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр эвийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх талаар Г.А-тай байнгын холбоотой байж өр төлбөрөө бүрэн барагдуулах талаар харилцан тохиролцож төлөх график гаргаж ажилласан боловч өнөөдрийг хүртэл Төлбөрөө бүрэн төлөхгүй төлбөрөө шаардахаар боломж муутай байна гэх шалтгаанаар зарим сард 50,000 төгрөг төлдөг ч төлбөрийг бүрэн төлж төлбөр төлж барагдуулах талаар идэвх санаачилга гаргахгүй байгаа тул хохирлоо барагдуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч болох “Э” ХХК-ны захирал Г.А нь хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78,095,094 төгрөгийг төлж барагдуулах талаараа манай байгууллагатай харилцан тохиролцож, төлбөр төлөхөө илэрхийлж, дээрх төлбөрийг тодорхой хугацааны туршид төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно. Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 117,142,641 төгрөгнөөс алдангид нэхэмжилсэн 39,047,547.547 төгрөгний нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэгдэл төлбөр болох гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 78,095,094 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хариуцагч Г.А нь дээрх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Жич: Хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 78,095,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Г.А нь Г ХХК-ийн 117,142,641 төгрөгийн нэхэмжлэлийн хариу тайлбар өгч байна. Тус компанитай харилцан ярилцаж тохиролцоод алданги 39,047,547 төгрөгийг төлөх боломжгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үүргийн гүйцэтгэлийн 78,095,094 төгрөгийг график гарган төлөхөөр боллоо. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өдөр бүр 50,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцлоо. Мөн өөрийн бизнесээ амжилттай явуулж өр төлбөрөө хурдан барагдуулахаар ярилцлаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78,095,094 төгрөг, алданги 39,047,547 төгрөг, нийт 117,142,641 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 78,095,094 төгрөг дээр эвлэрсэн бөгөөд хариуцагч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өдөр бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон байх ба энэ тухайгаа бичгээр тайлбараа гаргасан тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 743,663 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 371,831.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 78,095,094 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 548,425 төгрөгнөөс 50 хувь болох 274,212.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-ийн захирал Г.А нар нь харилцан тохиролцож, 78,095,094 төгрөг дээр эвлэрсэн бөгөөд хариуцагч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өдөр бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743,663 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 371,831.5 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, 78,095,094 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 548,425 төгрөгнөөс 50 хувь болох 274,212.5 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н