Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2019/0004/И |
Дугаар | 34 |
Огноо | 2019-01-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 34
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Ц овогт М.Н-т холбогдох,
“Кредит картын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр, нэхэмжлэлтэй холбоотой зардал нийт 1,362,620.75 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч М.Н нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 700,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатайгаар кредит картын зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6, 3.7, 3.8 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 13 сар хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг М.Н-р төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 1,341,298 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,912.38 төгрөг, 6,410.37 төгрөг нийт 1,362,620.75 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Н-т Замын-Үүд Г банкны зүгээс 1,362,620.75 төгрөгийг кредит картны нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч М.Н нь төлбөрийг бүрэн гүйцэт төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М.Н миний бие нь Г банкны Замын-Үүд тооцооны төвөөс нэхэмжилсэн 1,362,620.75 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Энэхүү мөнгөн төгрөгийг бүхэлд нь төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч кредит картын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 1,362,620.75 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,362,620.75 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 36,752 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 18,376 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 50 хувь болох 18,376 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага кредит картын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 1,362,620.75 төгрөгийг хариуцагч М.Н нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,752 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сан буюу улсын орлогоос 18,376 төгрөг, хариуцагч М.Н-с 18,376 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н