Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/264

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн,   

өсвөр насны шүүгдэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О, тэдний өмгөөлөгч А.Г /ӨҮД-*******/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-т  холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Э-ы Т /РД:****************/,

Монгол улсын иргэн, ************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 4 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *************** дүгээр ангид сурдаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн биеийн тамир, спортын хорооны байранд насанд хүрээгүй хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Iphone X air” /Айфоне Экс Айр/ маркийн гар утсыг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж бусдад 700,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дүүргийн биеийн тамир, спортын хорооны байранд насанд хүрээгүй хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Iphone X air” /Айфоне Экс Айр/ маркийн гар утсыг өмсөж явсан хүрэмнээс нь хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж 700,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хороон дээр “********” кпубын 5 жилийн ойн жудо бөхийн тэмцээнд оролцож байгаад гар утсаа хулгайд алдсан ...17 цаг 50 минутын орчимд дэвжээн дээр гарч барилдах болоод хамт бэлтгэл хийдэг клубын ах болох Т-т өөрийн гар утастай куртикаа өгөөд барилдахаар гарсан. Тухайн үедээ ахад миний куртикны халаасанд утас байгаа гэдгийг хэлээгүй. Тэгээд барилдаж дуусчихаад 19 цаг 05 минутын заалнаас гарах гээд гар утсаа куртикны халаасандаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь куртик бариулсан Т ах нартай хамт утсыг заалаар хайж эхэлсэн. Алдагдсан “IPhone X air” /Айфоне Экс Айр/ маркийн гар утсаа хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

- Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай ахын хүүхэд Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байх Сонгинохайрхан дүүргийн спорт хороон дээр ****** бөхийн тэмцээнд оролцож байгаад өөрийн хэрэглэж байсан “IPhone X air” маркийн гар утсаа хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

-Хөрөнгийн үнэлгээний “***************” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *********дугаартай

“алдагдсан гэх эд зүйлийг 700.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Өсвөр насны шүүгдэгч Т-н яллагдагчаар өгсөн: “...Э.Б-ын куртикийг барьж зогсож байх үед куртикний дотор талын халаасанд “IPhone X air” маркийн гар утас байхаар нь нууцаар авч өөрийн куртикний халаасанд хийсэн юм. Би тухайн үед тэмцээн үзэж байсан. Харин Э.Б барилдаж дуусаад надаас өөрийн куртикийг авахдаа миний гар утас куртикний халаасанд байхгүй байна гэхээр нь би мэдэхгүй аваагүй минийх гэсэн чинь Э.Б утсаа хайгаад байхаар нь би гэртээ харихаар явсан бөгөөд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хулгайлсан утсыг Үнэгүй зарын сайт руу зарна гэж тавьж борлуулсан бөгөөд нэг танихгүй эрэгтэй хүнд ...800.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэж /хавтаст хэргийн 37-39 дэх тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 44 дэх тал/, нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 46-48 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу “Iphone X air” загварын гар утсыг нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ болон дээрхийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пнь “Iphone xp max” маркийн гар утсыг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хүсэлт хавтаст хэргийн 49 дэх тал/ байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Т-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Өсвөр насны шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна... гэв.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Өсвөр насны шүүгдэгч Э.Т-г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Өсвөр насны шүүгдэгч Э.Т-т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /“Iphone xp max” утсыг гар утасыг хүлээн авсан хүсэлт хавтаст хэргийн 49 дэх тал/ гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний Ерөнхий боловсролын 12-р дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, 16 нас 4 сартай зэрэг байдлыг мөн харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.” Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан.

           Иймд улсын яллагчийн санал болох өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийн хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Т-т  шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Өсвөр насны шүүгдэгч Аовогт Э-гийн Т-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.  

 

          3. Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Т шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.   

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.УРАНГУА