Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн хүсэлттэй,

“Г.М-г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Г.М нь тус банкнаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... дугаар гэрээгээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээ зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 16.8% хүүтэй авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... тоот данстай 2,000,000 төгрөгний зээлийн эрхтэй картыг 5 жилийн хугацаатай 21.6% хүүтэй тус тус авсан. Зээлдэгч нь ... дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 07 дугаар сараас хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн өнөөдрийн байдлаар 209 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга, гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Банктай байгуулсан ... тоот зээлийн гэрээний 5.1.1 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Зээлдэгч Г.М нь хамгийн сүүлд Дорноговь аймаг Замын-үүд 1-р багт амьдарч байсан болно. Үүнээс хойш Улаанбаатар хотод ээжтэйгээ амьдардаг гэснээс өөр мэдээлэлгүй байна. Холбогдох утас: ..., иймд зээлдэгч Г.М-г эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд: “...Г.М Х банкнаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... дугаар гэрээгээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээ зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 16.8% хүүтэй авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... тоот данстай 2,000,000 төгрөгний зээлийн эрхтэй картыг 5 жилийн хугацаатай 21.6% хүүтэй тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийг төлөх үүрэгтэй боловч нэг сар төлөөд дахин төлөлт хийхгүй шүүхэд хүсэлт гаргах өдөр хүртэл 209 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа. Г.М нь төмөр замд ажиллаж байсан ба банкны зүгээс ажлаас нь асуухаар ажлаасаа халагдсан гэсэн. Иргэний үнэмлэхний хаяг болох Замын-Үүд сумын 1-р багт оршин суудаг байсан боловч одоо уг хаягтаа байхгүй хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Улаанбаатар хотод ээжийн хамт амьдарч байгаа гэсэн боловч хаягийг нь тодруулах боломжгүй байгаа. Төрсөн эгч нь гэх хүнээс асуухаар бидэнд хамаагүй гэдэг. Иймд Г.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Г.М нь Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвтэй 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 16,8 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зээлийг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... тоот данстай 2,000,000 төгрөгний зээлийн эрхтэй картыг 5 жилийн хугацаатай 21.6% хүүтэй  аваад төлөөгүй болох нь зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, кредит карт эзэмших гэрээ,  хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Г.М нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Г.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

А овогт Г.М-н Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух бүртгэлтэй байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн, мөн өөрийнх нь утасны дугаар ...,  эгч нь ... утасны дугаартай болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар А овогт Г.М-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.М-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.Н