Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ************** холбогдох эрүүгийн 2321000000034 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Бэрх гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Надежда баарны зүүн талд 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэв.

            Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...******* нь намайг 6,000,000 төгрөг нэхсэн гэж ярьж байна. Би Улаанбаатар хот руу явж шүд хийлгэх үнэ ханшийг судлахад 6,000,000 төгрөг байдаг юм байна яах вэ гэж ярьсан. Түүнээс биш яг одоо 6,000,000 төгрөг явуул гэж нэхсэн асуудал байхгүй. ******* надаас хямд шүд хийлгэж болох уу гэж асуухад нь би нэг мөсөн чанартай авагддаггүй шүд хийлгэмээр байна гэж хэлсэн. Миний хувьд шүдээ хийлгэчихвэл *******т гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос миний багын 2 найз ирээд бид нар хамт гадуур гарч ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Надежда бааранд орж 0,75 граммын архи аваад хувааж ууж байтал манай сумын танил ах надтай муудалцаад байхаар нь ахаа энд муудалцаад яах вэ хоёулаа гараад учраа олж болно биз дээ гээд ах бид 2 баарнаас гарсан. Тэгээд бид хоёр учраа олохгүй барьцалдаад газар унаад байж байхад миний нүүр рүү хүн өшиглөхөөр нь хартал гээд залуу байсан. ...Би улсын эмнэлэгт үзүүлсэн тул зардал бага гарсан. ******* сумаас аймаг руу ээжийнхээ хамт ирж үзүүлсэн. Аймаг сум хооронд явсан зардал, толгойны зураг авахуулсан зардал нийт 240,000 төгрөг болсон. Үүн дээр 2 шүдэндээ суулгадаг шүд хийлгэх хэрэгтэй байна. 1 шүд нь 3 сая төгрөгийн ханштай байдаг юм билээ. Ингээд нийт 6,240,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчимд найзуудын хамт ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Надежда бааранд орж суусан. Тэгээд 23 цагийн орчимд баарны бармен гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гарч хартал найз нэлээн хэдэн залуучууд тойрсон голд нь нүүр хэсгээс цус гарсан, шүд нь унасан байхаар нь хэн цохисон юм бэ гэж асуухад намайг цохихоор нь зодчихлоо гэсэн. Би тэр үед нь*******ой уулзаад яагаад хүн зодож байгаа юм бэ гэхэд би төлнө шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би найзыгаа салгаж аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчимд найз хамт ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Надежда бааранд орсон. Удаагүй байтал над руу залгаад та хаана байна гэхээр нь байгаа газраа зааж өгөхөд бааранд ирсэн. Тэгээд бид гурав Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байхад гаднаас 22 цагийн орчимд найзуудын хамт орж ирээд удалгүй манай ширээн дээр ирээд үгээр идээд байхаар нь манай найзууд гараад учраа ол гэхээр нь би аваад гарахад миний урдуур хөлөө хийгээд намайг унагаад бид хоёр дээр доороо ороод байж байхад бааранд үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд босоод байж байтал өд хандаж он жаваа чи болиоч гээд тэр хоёр ярилцаж байгаад гэнэт зодолдоод эхэлсэн. Хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисон талаар би харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бааранд байхад нь манай ширээн дээр ирээд ахтай маргалдаад гараад явсан. Би араас нь гарахад ахтай дээр доороо ороод байж байсан ба хүмүүс тэр хоёрыг салгасан. Би тэр үед дээр очоод чи боль л доо ах руу яагаад байгаа юм бэ гэхэд чи яадаг болчихсон юм гээд миний нүүр орчим 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд газар унахад нь би нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 54/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулд язарсан шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид баруун дээд 1-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна, бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 39-40/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Гэрч Г. мэдүүлэг /хх-ийн 19-20/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 27-28/

 - Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 41/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

- Хохирогчийн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 65/  

- *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй талаарх лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61-62, 68-72/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн хохирол төлбөр төлсөн тухай 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г. нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Надежда баарны гадна хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулд язарсан шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , А. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот “...*******ийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулд язарсан шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид баруун дээд 1-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна, бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******т торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 240,000 төгрөгийг бүрэн төлсөн нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс авагддаггүй шүд хийлгэх зардлыг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Иймд хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хохирогч ******* нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 240,000 төгрөг төлсөн бөгөөд энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА