| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0307/И |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Х овогт Х.А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Х овогт Я.Х,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг оршин суух, Д овогт Д.О нарт холбогдох
“Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, хариуцагч Я.Х, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие ... оны ... дугаар сарын ...-нд охин А-н аав болсон. Би тухайн үед төмөр замд ажилладаг, ганц бие аав болохоор охиноо асарч чадахгүй учир өөрийн эцэг Х-д охин А-г үрчлүүлсэн юм. Охин маань 14 настай. Охиноо өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Я.Х шүүх хуралдаанд: “...Х.А нь миний хүү юм, Х.А нь миний ач охин. Эхнэр нь хүүгээс маань салаад охиноо үлдээгээд явсан. Одоо өөр хүнтэй суугаад хотод амьдардаг л гэж сураг сонссон. Бидэнтэй холбоогүй байдаг. Миний бие хүү маань эхнэрээсээ салаад дахиад амьдрал зохиох байх гэж бодоод ач охиноо үрчилж авсан. Гэтэл хүү маань ч хүнтэй суугаагүй. Одоо нас өндөр болсон, тэгээд ч Х.А нь ааваараа овоглоно гээд байгаа. Тйим учраас үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэв. Бид дөрөв амьдардаг юм....” гэв.
Хариуцагч Д.О шүүх хуралдаанд: “...Х.А нь миний хүү юм, Х.А нь миний ач охин. Багаасаа бид гурав дээр охин маань өссөн. Хүүгээ дахиад амьдрал зохиох байх гэж бодоод хөгшин бид хоёр үрчилж авсан. Одоо үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь төрсөн охин Х.А-г Я.Х, Д.О нарт үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Я.Х, Д.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Охин Х.А нь ... оны ... сарын ...-ны өдөр Х овогт Х.А, Б овогт Б.Б нарын дундаас төрсөн байх бөгөөд ... оны ... сарын ...-ны өдөр Х овогт Я.Х, Д овогт Д.О нарт үрчлэгдсэн болох нь зохигчдын тайлбар, ... дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, ... дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.Х.А-г үрчлэн авсан Я.Х, Д.О нар нь өндөр настай болсон, охиноо төрсөн эцэг нь буцааж авах хүсэлтэй байгаа, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхол зэргийг харгалзан ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Х.А-г үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, насанд хүрээгүй охин Х.А-г төрсөн эцэг Х.А-н асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн охин А-г Х овогт Я.Х, Д овогт Д.О нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн охин А-г төрсөн эцэг Х овогт Х.А-н асрамжид үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэний бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Х-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-т олгосугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н