| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0039/И |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 55
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт оршин суух Ө овогт Ц.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багт оршин суух, С овогт Б.Б-т холбогдох,
“700,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сайншанд сумын иргэн Ц.Б миний бие нь 2018 оны 12-р сарын 21-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн машинаа үл таних залуу гэхдээ манай 2 дотны найз болох Ө, Г нарын зуучлалаар Б гэгчид бэлэн мөнгөөр буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр тохирч худалдахаар болж машиныхаа бичиг баримтыг түүнд өгч байгаа мөнгө болох 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийг нь авч үлдсэн ба 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг маргааш буюу 2018 оны 12 сарын 22-ны өдөр өгөхөөр амлаад миний машиныг манай байрны гаднаас асааж унаад явсан билээ. Энэ хугацаанд Б нь хэлсэн ярьснаараа мөнгө төгрөгөө өгөлгүйгээр хүнийг басамжлан доромжилж байгаа юм шиг маргааш орой нь машиныг байрны гадна авчирч тавьчихаад 1 хоногийн дараа хадам аав нь ирж асааж авч явах гээд машин нь бензингүй тул зам дээр орхиод явсан ба үүнээс хойш бид нар хөдөө яваад ирэхэд уг машинаа аваагүй улмаар тэр машиныг нь мөргөсөн байсан бөгөөд хэн мөргөсөн нь тодорхойгүй нэгэнт уг хүн надаас худалдаж аваад эзэнгүйдүүлж орхисон болохоор бидний зүгээс энэ талаар мэдэх зүйлгүй байтал Б нь би мөргүүлсэн машин авахгүй, авбал 100,000 /нэг зуун мянган/ төгрөг өгч авна хэмээн намайг дарамталж хэл ам үүсгэсэн юм. Тиймээс миний зүгээс энэ талаар цагдаад хандсан бөгөөд цагдаагаас Б-г та өөрөө худалдаж авсан болохоор энэ хүнд ямар ч хамааралгүй, та өөрөө бүх асуудлыг хариуцаж өр төлбөрийг гүйцээх хэрэгтэй гэснээр тэрээр машины мөнгийг 5 хоногийн дараа 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг чиний дансыг аваад хийчихье гэж тохироод өгөхөөр болсон боловч одоог хүртэл мөнгө төгрөгөө гүйцээж өгөхгүйгээр намайг хохироож байна. Б нь одоо утсаа огт авахгүй болсон бөгөөд нөгөө машин тэрэг нь манай байрны хажууд байгаа ба машины бичиг баримт түүнд байгаа болно. Иймд Б-с машины төлбөр болох 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Б миний бие нь Б.Б-т холбогдуулан авто машины төлбөр болох 700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.Б-тэй харилцан ярилцан тохиролцож уг 700,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр авахаар болов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Б миний бие нь машины 700,000 төгрөг өгөх учиртай уг мөнгийг ярилцаж тохиролцсон учир Ц.Б-т 2019 оны 05 дугаар сарын 10-нд өгөхөөр ярилцсан учир тайлбар бичлээ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Б-т холбогдуулан автомашины худалдан авсны үлдэгдэл төлбөр 700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 21,350 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 10,675 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 50 хувь болох 10,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлийн шаардлага 700,000 төгрөгийг хариуцагч Б.Б нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 10,675 төгрөг, хариуцагч Б.Б-с 10,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н