| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0877/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0807 |
| Огноо | 2021-12-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2021/0807
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “МҮИС” НҮТББ,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга,
Гуравдагч этгээд: МУИС,
Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Ж.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Б.Х, өмгөөлөгч Н.Н, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...МҮИС нь 2001 оноос МҮИС гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад Боловсролын тухай хуульд заасны дагуу Их сургуульд тавигдах шаардлагуудыг хангаж, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/754 дугаар тушаалаар МҮИС болж өөрчлөгдсөн. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна гэсэн журмын дагуу Монголын Үндэсний Дээд Сургууль-ийн нэрийг өөр бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр МҮИС нэрийг олгосон. Гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 13 дугаар тушаалаар 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээг олгож, уг гэрчилгээгээр МUIS гэсэн барааны тэмдгийг, 2015 /оны 116 дугаар тушаалаар 14261 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээний дагуу Mongolian national university гэх барааны тэмдгийг, 2015 оны 116 дугаар тушаалаар 14262 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээний дагуу гэх барааны тэмдгийг МУИСд тус тус олгож, тухайн барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болохыг зөвшөөрсөн байна. Энэхүү барааны тэмдгүүдийг МУИСд олгосныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. МУИС нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан МҮИС нь Монгол Улсын Их Сургуулийн эзэмшлийн барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж байна гэх гомдлыг гаргасан байх ба уг гомдлын дагуу Оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Монголын Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчийг дуудан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Энэхүү ажиллагаанд оролцох явцдаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Оюуны өмчийн газраас Mongolian National University, National university of Mongolia, MUIS, MNU, NUM гэсэн барааны тэмдгүүдийг МУИСд олгосон болохыг мэдсэн. МҮИС нь Монгол Улсын хуулийн этгээдийн хувьд гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн, төрийн байгууллагатай харилцах шаардлага гарах нь гарцаагүй бөгөөд ийнхүү бусад этгээдтэй харилцахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу авсан хуулийн этгээдийн нэрийг монгол хэлээр болон бусад хэлээр, тэр дундаа дэлхий нийтийн хэл болсон англи хэлээр орчуулан хэрэглэх нь цөөнгүй. Энэ асуудлаар манай байгууллага Монгол хэлний хуулийн тухай байгуулагдсан Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлд хандаж байсан ба хоёр байгууллагын нэрийн ялгаа болон орчуулгын ялгааг тайлбарлан дүгнэлт гаргаж байсан. Мөн эдгээр барааны тэмдэг нь энгийнээр бичигдсэн буюу манай байгууллагын нэрийн орчуулга, товчлолоос ямар ч ялгарах шинж чанар байхгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан ялгарах шинж чанар агуулаагүй, энгийн үсэг байхад Оюуны өмчийн газраас барааны тэмдгээр бүртгэсэн байна. Дээрх зөрчил нь МҮИС-ийн нэрээ чөлөөтэй ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, дээрх хууль зүйн зохицуулалтуудыг зөрчин Монголын Үндэсний Их Сургуулийн англи орчуулга, түүний товчлол, кирил үсгийн товчлолыг англи үсэгт хөрвүүлсэн барааны тэмдгүүдийг МУИСд олгосноор уг байгууллага тухайн орчуулга, товчлол, галиглал зэргийг өөрийн өмч мэтээр эндүүрч, МҮИС өөрийн нэрийг орчуулж хэрэглэж огт болохгүй, үгийн орчуулга, товчлолыг бусад хувь хүн, хуулийн этгээд ашиглах эрхгүй хэмээн төрийн эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаа нь манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж, гадаад дотоодын байгууллагатай хэвийн харилцах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд 2014 оны 13 дугаар тушаал болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл; 21115 оны 116 дугаар тушаал болон уг тушаалаар олгосон 14261 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл; 2015 оны 116 дугаар тушаал болон уг тушаалаар олгосон 14262 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Өдөр нэмэгдүүлсэн байдаг шинээр ирүүлсэн нотлох баримтад 2020 онд өдрийн А/190 дүгээр тушаалаар мөн олгосон гэдгийг олж мэдсэн. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны тоот тушаалаар олгосон 40-628 улсын бүртгэлийн дугаартай хүчингүй болгох, а/ улсын бүртгэлийн хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон улсын гэрээ конвенцээр Барааны тэмдэг хэрэглэж буй улс орнууд нь холбооны гишүүн орон аж ахуй нэрийг барааны тэмдэгтийн бүртгэлд орсноос үл хамаараад түүний мэдүүлэг гаргах шаардлагагүйгээр хамгаална гэсэн байдаг. Тэгэхээр Гуравдагч этгээд нь Оюуны өмчийн газарт хандаад MNU МУИС гэх нэрсийг авах шаардлага байгаагүй. Учир нь улсын их сургууль гэдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.1-т үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчөөд бүртгэсэн. Бүртгэхдээ бас хууль зөрчсөн. Учир мөн хуулийн 5.2.5-т бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй; гэж заалт бий. Мөн 5.2.8-т бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар гэх заалт бий. Гуравдагч этгээдийн Оюуны өмчийн газраас авсан Mongolian National University нэрийг нэхэмжлэгч тал МҮИС байхаасаа өмнө буюу 2004 оноос өмнө хэрэглэж байсан болох талаар баримт өгсөн. Олон улсын түвшинд энэхүү нэрийг ашиглаж байсан. Гуравдагч этгээд нь National University of Mongolia гэдэг нэрээр гадаад улсад харилцаад явагдаг. Үндэсний их сургуулийг хэдэн зуун мянганд оюутан 17 жилийн турш төгсөж байхад илтэд манайхыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байхад илтэд ёс зүйн зөрчил гаргаад Оюуны өмчийн газар бүртгэсэн явдалд бид гомдолтой байна. Хэрэглэгчийн төөрөгдөлд оруулах. Миний дурдсан зүйл заалтуудад хамаарах зүйлс ч харагдаж байна. Гуравдагч этгээд нь дандаа л манайд холбогдуулж гомдол гаргаж байдаг. Нэр булаалаа гэж нэр хүндэд халдаж гутаадаг. Энэ бол өөрсдийнхөн санаатай үйлдэл байгаа. 2012 онд манайхад МҮИС гэдэг нэрийг бидэнд өгнө үү гэсэн байдаг. Боловсролын яам нь батлаад нэр нь баталгаажсан байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулаад байхад манайд нэрийг нь өгөө гээд явж байх нь ёс бус. Мөн тус хуулийн 5.2.11-т барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн гэж заасан байдаг. Миний дурдсан заалтуудыг хариуцагч нь зөрчсөн. МҮИС гэдэг нэрийг бидэнд өгнө үү гэхэд хариуцагчаас бүртгэхгүй гэсэн байгаа. Үүнд нь гуравдагч этгээд гомдол гаргаад явсан байдаг. MNU гэдэг нэр бүртгэхгүй гээд татгалзахад Маргаан таслах комисст хандсан байдаг. Маргаан таслах комиссын шийдвэр гарсан байсныг шүүхээс хэд хэдэн удаа албан тоот яваад байхад гаргаж өгөөгүй. Тэр баримтуудыг бид гаргаж өгсөн. Үүнийг нуух ямар шаардлага байгаа юм бэ? MNU гэдэг нэрийг авахдаа олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа гэдгийг мэдсээр байж авсан байгаа. Мөн 2017 онд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч тал нь нэрээ баталгаажуулсан байхад 2020 онд MNU МУИС гэдгээрээ яваад байгаа. Хамгийн гол маргаан нь орчуулгын үгэндээ байгаа. МУИС, МҮИС гэдэг нь ганц үгээр л ялгаатай. Монголын үндэсний их сургуулийн гаргаад маргаад байгаа барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж үзэж байгаа. Олон улсын түвшинд хүртэл гараад багш нар нь илтгэл тайлан тавьсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Гуравдагч этгээд нь илтэд өөртөө ашигтай байдал үүсгэх зорилготой байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмчийн газрыг хариуцагчаар татсан Монголын үндэсний Их Сургуулийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Гуравдагч этгээдийн зүгээс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад хандаж MUIS, Mongolian National University, MNU гэсэн үгэн тэмдгүүдийг бараа үйлчилгээний 9,14,18,20,21,22,24,25,27,35,41,42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн байна. Мэдүүлгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны анхдагч огноотойгоор мэдүүлгийн улсын бүртгэлийн 11716,14261, 14262-т тус тус бүртгэсэн ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсад Бүртгэлтэй барааны тэмдгийн хайлтын санд хайлт хийхэд бүртгэгдсэн мэдүүлсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй байсан тул бүртгэх шинжээчийн шийдвэр гарч барааны гэрчилгээ олгогдсон болно. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана гэж заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн 11776,14261,14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсон” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн барааны тэмдгийг олгохдоо ялгагдах шинж чанарыг агуулсан гэж олгосон байдаг. Учир нь хэрэглээний явцад МУИС-ийг төгссөн олон төгсөгчид байдаг. Хэрэглээний явцад нэхэмжлэгчээс ялгагдах шинж чанар байна гэдэг байдлаар олгосон. Нийтэд түгээмэл нэр томьёо гэж байна. Нийтэд түгээмэл гэдэг нэр томьёог хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх хүсэлтийг манайх хүлээж авч тодорхой судалгаа болон Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөлийн хүрээнд авч хэлэлцэн нийтэд түгээмэл гэсэн бараа тэмдэг бүртгэдэг байгаа. Мэдээж хайлт шүүлтийн үндсэн дээрээс давхцал болон ялгагдах шинж чанар агуулсан гэдгийг тогтооно. Гол тайлбарлах зүйл нь хэрэглээний явцад ялгагдах шинж чанартай байгаа гэж ойлгож Оюуны өмчийн газраас гэрээ хэлэлцээрт заасны дагуу бүртгүүлэх боломжийг заасан байдаг. Үүний дагуу манай шинжээчид олгосон байгаа” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй. Өөрсдөө ч сайн тайлбарлаж ярьсангүй. МУИС нь 1942 онд үүсгэн байгуулагдсан байдаг. 2006 онд улсын бүртгэлд энэхүү нэрээрээ гэрчилгээ олгогдсон. МУИС гэж англи болон монгол товчлолоор 17 үгэн болон дүрсэн барааны тэмдгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2 барааны тэмдэгтэй холбоотойгоор маргаж байна гэж ойлголоо. Тус маргаж буй 2 барааны тэмдгүүд нь өөрөө МҮИС гэсэн нэрээ ашиглахад нь хэрхэн эрхийг зөрчөөд байгаа юм бэ? Зөвхөн нэр ашиглах талаар тайлбарлаад байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа зүйлгүй.
Нэхэмжлэгч тал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.1-т заалтыг яриад байгаа. 5.1.1-т үсэг, тоо, дүрс, хэрэглээ нэр томьёо дангаараа байвал ялгагдах шинж чанараа агуулаагүй гэж маргаад байгаа. Гэхдээ Монгол улсын эзэмшлийн хэл дээрх үгийн барааны тэмдгүүд нь МУИС гэсэн үгний ангил хувилбарууд байгаа. Англи хэл дээрх хувилбаруудаар гэрчилгээ авсан явдал нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. 2012 онд мэдүүлгээ гаргаад гэрчилгээ авсан байдаг. Тэгэхээр сая ч өөрсдөө яриад байна. Нэхэмжлэгч нь 1998 онд үүсгэн байгуулагдсан. Сүүлд 2012 онд их Сургууль болоод 2015 онд бүртгэгдсэн байдаг. Манай хувьд 2006 онд МУИС гэж бүртгүүлсэн ба 1942 оноос хойш нэр нь тодорхой болсон. Ийм аль 2015 онд нэрээ бүртгүүлсэн сургуулийн хувьд эрх ашиг сонирхол нь зөрчигдөнө гэж байхгүй.
Хоёрдугаарт Үндэсний их сургууль нь нэхэмжлэлээ 2020 оны 11 дүгээр сард гаргасан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа байна гэж харсан. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2013 болон 2017 онуудад барааны тэмдгийн асуудлаар Оюуны өмчид хандаж байсан. Тэр хүсэлтийг нь татгалзаж байсан. Тухайн үед нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон зохих журмаар гомдол гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломж нь байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Аль өмнө нь хэрэгжүүлээгүй байж дөнгөж 2020 онд мэдсэн мэтээр нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. 2015 онд бүртгэгдсэн барааны тэмдгүүдийг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Тэгэхээр өмгөөлөгч нь ч итгэмжлэгдсэн төлөөлөгч ч тэр ярьсангүй. Захиргааны ерөнхий хуулийн ямар үндэслэл гэдэг нь тогтоогдохгүй байна. Илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь заавал хуулийн зүйл заалт дурдах ёстой. Анхнаасаа хууль бус гээд л болчихгүй. Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхнаасаа мэдэж л байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэх мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Ийм учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол хуульд заасан шаардлага хангаж байх ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой процессын чухал зохицуулалт хангагдсан байх ёстой. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй анхаарал татаж байна. Нэр гэдэг ойлголт нь тусдаа байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь зөвхөн крилл үсгээр илэрхийлсэн нэрийг л бүртгэдэг. Тэр крилл үсгээр илэрхийлэгдсэн үгийн бүртгэлтэй холбоотойгоор маргаад байгаа нь хэр оновчтой юм бэ? Нэхэмжлэлийн шаардлагын өмнө нь үндэслэл байх ёстой. Үндэслэл сайн уншигдахгүй байна. Бас тайлбарлагдахгүй байна. Үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр хэлэлцэгддэг. Яригдаж байгаа асуудал нь Оюуны өмчийн том асуудлуудын нэг объект байгаа. Оюуны өмчийн асуудлаар 200 гаруй конвенц гарсан байдаг. Энэ асуудал нь хамгийн их ижилтгэгдсэн байгаа. Олон загвар зүйл байдаг. Оюуны өмчийн хууль тогтоомжийг маш олон шинэчлэгдэн сайжруулсан. 1883 оны утга зохиол уран сайхны бүртгэлтэй холбоотой конвенцээр зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг зохицуулсан байдаг. Бидний хэрэгт хамаарах нь 1886 оны аж ахуйн конвенц яригдах асуудал. Тэр конвенцтэй дээд зэргээр нийцүүлэн Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийг гаргасан. Тэгэхээр юу яригдаж байгаа вэ гэхээр бизнес буюу арилжааны асуудал яригдаж байгаа. Нийгэм гэдэг нь тэр чигээрээ өрсөлдөөн юм. Өөрөө хэлбэл бизнес эрхлэгчдийн тархи толгойд янз бүрийн бодол сэдлүүд цаг хугацаагаар өрсөлдөнө. Ийм учир барааны тэмдэг нь давамгайлах цаг хугацаагаар хэмжигдэнэ. Хэн нь түрүүлж тогтоосон журмын дагуу өргөдөл гаргасан гэдэг нь яригдана. Тэр нь бүртгэгдэнэ. Би 1 минут байтугай. 1 секунд хоцроосон тохиолдолд миний өргөдлийг хүлээж авахгүй. Ямар үндэслэлээр хүлээж авахгүй вэ гэхээр хайлт хийж үзээд таны гаргасан өргөдөл өмнөх өөр этгээдийн гаргасан өргөдөлтэй үг үсэг ижил байна гээд л татгалзана. Ийм нарийн зохицуулалттай байдаг. Үүнийг шал өөр хуулийн этгээдийн бүртгэлтэй хольж хутгаад нэхэмжлэлийн үндэслэл гаргаж байна. Нэгийг нь нөгөөгөөр илтгэж боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.
Барааны тэмдэг нь хуулиараа үг байж болдог. Үсэг байж болдог. Өөрөөр хэлбэл үг, үсэг байх хууль зүйн шаардлага гуравдагч этгээдийн бүртгэгдсэн барааны тэмдгээрээ хангагдаж байгаа. Барааны тэмдэгт тавигдах шаардлага нь 5 дугаар зүйлээр тодорхойлогдоно. 5 дугаар зүйлд заасан хүлээж авахгүй нөхцөл байдалд хамаарахгүй. Хангаж байгаа. Дараа нь мэдүүлэг гаргана гэсэн зохицуулалт байдаг. Үүнд хамгийн чухал нь түрүүлж болзол шаардлага хангасан өргөдөл гаргах ёстой. Анхдагч огноо чухал байдаг гэсэн үг. Анхдагч огноотой холбоотой зохицуулалт нь 7 дугаар зүйл дээр тусгасан байгаа. Энэ заалтын утга агуулга нь адил төстэй барааны тэмдэг нэг цаг хугацаанд бүртгэгдэх боломжгүй. Учир нь хамгийн түрүүнд анхдагч байх нь чухал. Гуравдагч этгээд нь аль хэдийн барааны тэмдгүүдээ бүртгүүлээд авсны дараа нэхэмжлэгч бүртгүүлэх хүсэлт өгсөн байна. Дараа нь бүртгүүлэх хүсэлт өгсөн учир татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гараад байж байгаад нэхэмжлэл гаргана гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны шаардлага хангахгүй байна. 8 дугаар зүйлийн 8.3-т төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж заасан байна. Оюуны өмчийн бүртгэл нь олон зүйлтэй харьцуулж үзэж байгаад шийдвэр гаргадаг. Нийгэмд ямар нэгэн төөрөгдөл үүсэхгүй тулд ингэдэг. Энэ дүгнэлт хамгийн их эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа. Үүнд гомдол гаргасан юм уу гэхээр үгүй. Дүгнэлтийн дараа гэрчилгээ бичигдэх ажиллагаа л явагдана. Тэгэхээр ийм нөхцөл байдал байна. Нэхэмжлэгч нь боловсрол сургалтын тусгай зөвшөөрөлтэй юм уу? Энэ нь өөрөө тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа. Үйл ажиллагааны давхцалтай тохиолдол яриад байна. Нэхэмжлэгч нь эрх зүйн байдал талаасаа хэн юм бэ гэдэг нь асуулт болоод ороод ирсэн байна. Мэтгэлцээний явцад асууна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар тогтоосон крилл үсгээр илэрхийлэгдсэн байх гэдгээр нэхэмжлэгч тал бүртгүүлээд явж болно. Энэ нь нэрийг нь зөрчөөд байгаа зүйл байхгүй. Барааны тэмдэг гэдэг нь тус нэрээс ангид зүйл гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Илт хууль бус гэж анх янз бүрээр л тайлбарладаг байсан. Одоо хуулийн тодорхой ойлголт шүү. Илт хууль бус гэдгээ нотолж ярих ёстой шүү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02/241 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “МҮИС” НҮТББ-аас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй барааны тэмдгүүдийг бүртгүүлэхээр анх гуравдагч этгээдээс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нэхэмжлэгчээс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус Оюуны өмчийн газарт ханджээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий захиргааны актууд, бүртгэл, гэрчилгээ олгохоос өмнө тухайн асуудлаар хариуцагчид хандсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдэд татгалзсан хариуг тухай бүрт нь өгч байсан бол гуравдагч этгээдийн хүсэлтийн тухайд Оюуны өмчийн газар барааны тэмдгийн шинжээч 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Сургуулиас гаргасан “МNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэр, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүлтийн тайланг тус тус гаргасныг Монгол Улсын Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяраас эс зөвшөөрч гомдол гаргасныг Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр гомдлын шаардлагыг хангажээ.
Улмаар тус газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалаар МУИСд 14261 дугаартай “Mongolian National University”, 14262 дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ олгож, барааны тэмдгийн бүртгэлд, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “МNU”, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээг тус тус олгожээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гээд 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал”, 5.2-т “дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй” гээд 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс “өөрийн нэрийг гадаад хэл дээр ашиглах боломжгүй болсон, гуравдагч этгээдийн барааны тэмдэг ялгагдах шинж чанарыг агуулаагүй” гэж, хариуцагчаас “хэрэглээний явцад ялгагдах шинж чанартай, ижил үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийг бүртгэнэ гэж заасны дагуу бүртгэсэн” гэж, гуравдагч этгээдээс “бүртгэл хуульд нийцсэн, 1942 оноос хойш хэрэглэж буй оноосон нэр болон орчуулга, түүний товчлолд хуулийн дагуу эрхийн хамгаалалт хийлгэсэн” гэж тус тус маргажээ.
Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр “Mongolian National University”,“МNU” барааны тэмдгийн шүүлтийн тайланг хүчингүй болгохдоо “МШК-ийн хуралдааны явцад “Mongolian National University”, “МNU” нэртэй барааны тэмдгийн мэдүүлгийн 12278, 12279 дугааруудтай барааны тэмдгүүдийг Монгол хэлэнд орчуулахад МУИС гэж орчуулагдаж болох үндэслэл тогтоогдлоо” гэжээ.
Гэтэл Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын нэр, түүний Латин үсгээр бичигдэх орчуулга нь хэрэглээнд хэрхэн хэрэглэгдэх боломжтой талаар дэлгэрэнгүй дүгнэжээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын нэр нь зөвхөн маргаан бүхий “Mongolian National University” гэж орчуулагдахгүй бөгөөд Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр “....Монгол хэлэнд орчуулахад МУИС гэж орчуулагдаж болох үндэслэл тогтоогдлоо” гэж дүгнэж Mongolian National University”,“МNU” барааны тэмдгийн шүүлтийн тайланг хүчингүй болгосон нь ойлгомжгүйн дээр хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь захиргааны акт болох барааны тэмдгийн шүүлтийн тайланг хүчингүй болгохдоо хууль ишлээгүй, хүчингүй болгох болсон шалтгаан, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, мэргэжлийн байгууллага болох Төрийн хэлний зөвлөлийн дээрх дүгнэлтийг харгалзаагүй зөвхөн орчуулагдах боломжтой гэсэн абстракт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий захиргааны актуудыг гаргаж, бүртгэл хийсэн нь хуульд нийцээгүй байна.
Хэдийгээр Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр тушаалаар баталсан Маргаан шийдвэрлэх комиссын ажиллаж журмын 3.10-д “Комисс дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 3.10.1-д “гомдол, хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол хэрэгсэхгүй болгох”, 3.10.2-т “гомдол, хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бол эрх олгосон баримтыг хүчингүй болгох өөрчлөлт, нэмэлт оруулах тухай дүгнэлт гаргах”, 3.10.3-д “шинжээчийн үйл ажиллагаанд гаргасан гомдол, хүсэлт үндэслэлтэй бол буруутай үйл ажиллагааг зөвтгөх тухай шийдвэр гаргах” гэж заасан хэдий ч тэмдгийн шүүлтийн тайланг хүчингүй болсон үндэслэлээ хууль зүйн хувьд тайлбарлах учиртай.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьд оноосон нэрээ чөлөөтэй ашиглах, түүнийг гадаад хэл дээрх орчуулгыг үйл ажиллагаандаа хэрэглэх нь зүйн хэрэг бөгөөд ингэхдээ хэн альныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх учиргүй.
Иймд маргаан бүхий барааны тэмдгүүд нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5.1, 5.1.1, 5.2.5, 5.2.8-д тус тус заасанд нийцэх эсэх, Оюуны өмчийн газар барааны тэмдгийн шинжээч 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэр, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүлтийн тайланг, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар дүгнэлт зэргийг харгалзан дахин шүүлт хийж дүгнэлт гарган, маргаан бүхий барааны тэмдгүүдийг бүртгэх боломжтой эсэх талаар дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй байна.
Ингэхдээ нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас дахин хүсэлт, материал авах шаардлагагүй бөгөөд өмнө гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан материалд тулгуурлан дээрх нөхцөл байдлыг сайтар судалж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын оролцоог хангаж шийдвэр гаргах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “МҮИС” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 11716 дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022630 улсын бүртгэлийн дугаартай “MUIS” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.
3. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5.1, 5.1.1, 5.2.5, 5.2.8-д тус тус баримтлан нэхэмжлэгч “МҮИС” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Оюуны өмчийн газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүдийг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын оролцоог хангах зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч Оюуны өмчийн газрын дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 14261, 14262 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, мөн даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/190 дүгээр тушаалын МУИСд холбогдох хэсэг болон уг тушаалаар олгосон 40-0022628 улсын бүртгэлийн дугаартай “МNU” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэл, 40-0022629 улсын бүртгэлийн дугаартай “Mongolian National University” барааны тэмдгийн гэрчилгээ, барааны тэмдгийн бүртгэлүүд хүчингүй болсонд тооцсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ