Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0041

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Н-ын нэхэмжлэлийн

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч

Нэхэмжлэгч: Ц.Н-

Хариуцагч: Нийслэлийн Улсын бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: С.Э

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0622 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/1066/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н-оос Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ш /150**/ 13 дугаар хэсэг гудамж 13**** тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-2202***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0622 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ын гаргасан Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо Ш /150**/ 13 дугаар хэсэг гудамж 13**** тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-2202***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Улсын бүртгэлийн газар мэдүүлэг гаргаж байгаа С.Э нь тухайн үед газар эзэмших эрхийн талаар иргэний шүүх дээр маргаантай байгаа мөн тус газар дээр шинээр баригдсан зуслангийн байрыг Ц.Н- өөрийнхөө эд хөрөнгө хүч хөдөлмөрөөр бий болгосон гэдгийг мэдсээр байж, мөн өөрөө тэр хөрөнгийг бий болгоход оролцсон гэж үзэж байгаа бол өөрт оногдох хэсэгт тааруулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэж, гэрчилгээ авах ёстой байсан боловч хүсээгүй худал мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

            Мөн тухайн эзэмшлийн газарт иргэн Ц.Н-ын урд нь эзэмшиж байсан дээр үеийн хуучны зуны зуслангийн сууц хүртэл байгаа зэргийг нууж мэдүүлэхгүйгээр бүртгэл хийлгэсэн нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө ямар ч байсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж авахыг зорьсон шунахай сэдэлтээр уг үйлдлийг хийсэн байх гэж хардалт төрдөг юм. МУ-ын Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.7-д "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх" мөн хуулийн 39-р зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно" мөн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон бол, мөн хуулийн 47-р зүйлийн 47.1-д Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд мэдүүлэг гаргагчийн мэдүүлэг худал ташаа, хуурамч бол, улсын бүртгэлийн газар болон шүүх хүчингүй болгоно гэсэн хуулийн заалт байсаар байхад мэдүүлэг үнэн зөв улсын бүртгэл нь буруугүй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэтэл одоогоор С.Э-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгө байрлах газар нь шүүхийн шийдвэрээр иргэн Ц.Н-ын эзэмшилд ирсэн бөгөөд МУ-ын Газрын хуулийн 47-р зүйлийн 47.1 дэх заалтаар тухайн Н-н эзэмшлийн газар дээр байгаа С.Э-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрх нь дагаад дуусгавар болсон нь тодорхой байхад иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг зөв үнэлж шийдвэр гаргаагүй, мөн нөгөө талаас улсын бүртгэл нь С.Э-ийн мэдүүлгийг сайн нягталж шалгаагүй, мөн мэдүүлэг гаргагч С.Э нь бодит байдалд тулгуурласан үнэн зөв мэдүүлэг улсын бүртгэлд гаргаагүй байхад шүүх нь хариуцагч, гуравдагч этгээдүүдийн төөрөгдүүлсэн тайлбарт тулгуурлан нотлох баримтыг буруу үнэлж, мөн хууль буруу хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024-09-02-ны өдрийн 128/ШШ2024/0622 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч Ц.Н-оос Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ш /150**/ 13 дугаар хэсэг гудамж 13**** тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-2202***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... С.Э нь нэхэмжлэгчийн зуслангийн эзэмшил газрыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хууль бус арга хэрэглэн уг газар дээр барьсан зуслангийн сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу С.Эийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хүчингүй болно ...” гэж тайлбарлажээ.

2.2. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь анхнаасаа газар эзэмших гэрээгээ шилжүүлээд шүүхийн шийдвэр гаргуулахдаа давхар хувийн сууцтай холбоотой өмчлөлийн маргаан тухай үед нь иргэний шүүхээр шийдүүлэх ёстой байсан. Захиргааны байгууллагаас шүүхийн байгууллагад хандаж өмчлөлийн маргаанаар шийдүүлнэ үү гэдэг хариу нь иргэний хэргийн шүүхэд хандахыг хэлээгүй. Учир нь энэ бүртгэл хууль зөрчсөн асуудал байхгүй. Хариуцагч захиргааны байгууллага талуудыг иргэний шүүхээр маргаантай явж байна гэдгийг мэдэх боломжгүй.  Гуравдагч этгээд С.Э нь хуульд заасан бүх нотлох баримтыг хангаад ирсэн болохоор захиргааны байгууллага бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийг харахад өмчлөлийн маргаан байна. Тиймээс иргэний хуулиараа, иргэний шүүхээрээ шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж, гуравдагч этгээдээс “... Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь С.Э миний Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бусдын аливаа шаардлага, энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд саад үйлдлийг зогсоохыг шаардах туйлын эрх бүхий өмчлөх эрхээр баталгаажсан эд хөрөнгө юм, ... миний өмчлөх эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж буй хүрээнд өмчлөх эрхийг хуулиар хамгаалах зарчим, зохицуулалтыг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү, ... газар эзэмших эрх С.Н-н нэр дээр шилжиж, бүртгэгдсэн үйл баримтыг үндэслэн С.Э миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэгдсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардах нь миний хууль ёсны дагуу өмчлөх эрх олж авч, өмчлөх эрхтэй этгээд болохыг тодорхойлох улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдэл, өмчлөх эрхэд минь ноцтой халдаж буй хэрэг гэж үзэж байна, ... үл хөдлөх хөрөнгийн шинж чанарыг тодорхойлоход түүний байрлаж буй газар хамаарах боловч үл хөдлөх эд хөрөнгө нь түүний байрлаж буй газраас үл хамаарах өмчлөх эрх олгогдох бусдын эд хөрөнгө юм ...” гэж тус тус маргасан байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж тус тус заасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.        

            3.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх  бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ” гэж, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана”, 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”, 10.6.2-т “газар өмчлөх эрх олгосон шийдвэр”, 10.6.3-д “газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг”, 10.6.4-т “иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт” 10.6.5-д “барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг”, 10.6.6-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг”, 10.6.7-д “улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт”,  10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж тус тус заасан баримтуудыг хавсарган мэдүүлэг гаргахаар хуульд тусгайлан заасан байна.

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолгсон баримт бичиг, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын зураг, газрын нэгж талбарын дугаарыг үндэслэхээр байх бөгөөд барилга байгууламжийн зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, зэрэг баримтуудыг хавсаргах шаардлагатай, эрх бүхий байгууллага уг баримтуудыг үндэслэн өмчлөх эрхийг бүртгэж гэрчилгээ олгох боломжтой.        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд С.Э нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ш /150**/, 13 дугаар хэсэг гудамж, 151/** тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Хот байгуулалт, хөгжлийн газрын тухайн зуслангийн сууцны зориулалттай барилгад олгосон хаягийн тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0001711*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 01125-2021/****** дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудыг хавсарган мэдүүлэг гаргасныг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

            4.1. Харин хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3676 дугаар шийдвэрээр[1] Ц.Н-оос С.Э-т холбогдуулан гаргасан “... 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Н-оос давж заалдах журмаар гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар магадлалаар[2] “... 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ш хаягт байршилтай, нэгж талбарын 15011125*** дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Н-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэжээ.  

            4.2. Улмаар хариуцагч С.Э-ээс дээрх шүүхийн магадлалыг эс зөвшөөрч  хяналтын журмаар гомдол гаргасан байх боловч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор[3] хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр дээрх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдсон байна.

5. Монгол улсын Дээд шүүхийн нийтийн шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.2-т “... Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. Гэвч бодит байдалд хүн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар, жишээ нь “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан буюу иргэний гэрээ, хэлцэл, итгэмжлэл, хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой, эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх үйл баримт байх нь цөөнгүй. Иймд шүүхийн процесс хэмнэлттэй байх, шүүхийн шийдвэр нэгдмэл байх, иргэдэд эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх улсын бүртгэлтэй холбоотой маргааныг захиргааны байгууллагын “шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлах”-аар тайлбарлав. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно. Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллага (захиргаа)-д холбогдуулан бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд эхэлж иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эл байдал тогтоогдвол шүүх нэг бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх 8 бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, эсхүл (шаардлагатай гэж үзвэл) мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь оновчтой. Түүнчлэн, иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдан зөвхөн хувийн эрх зүйн маргааны үйл баримтыг шийдвэрлэж (өмчлөгчөөр тогтоох, маргаан бүхий гэрээ хэлцэл, эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэх мэт), бүртгэлийн асуудлыг орхигдуулдгаас дахин захиргааны маргаан үүсэх шалтгаан болж байна. Иймд иргэний хэргийн шүүх цаашид бүртгэлийн маргааны үндэс болох хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ (үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал өмчлөх эрхийн маргаан гэх мэт) нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалж улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг тодорхойлохдоо нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, харин ч эрх зүйн хамгаалалтыг бүрэн үзүүлэх тул агуулгын хувьд “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”- д тооцогдохгүй, мөн “нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох” зарчимтай зөрчилдөхгүй юм”, Тайлбарлах нь хэсгийн 1.2-т “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохиногэж тайлбарласан байна.

            5.1. Гуравдагч этгээд С.Э-ээс “... 0009547*** тоот, Ү-2220202***** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө нь миний нэр дээр 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.3 дахь хэсгийн дагуу 10.6 дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэгдсэн ... тус үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн миний өмч мөн болохыг нотолсон баримт бичгүүдийг үндэслэн ... улсын бүртгэлд анх удаа С.Э миний өмч болохыг бүртгэж, баталгаажуулсан ... анх 2013 онд тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байрлах газарт 7х5 буюу 35 м.кв сууцыг зоорийн хамт, мөн 7 м.кв шилэн таамбар, 5,5 м.кв үүдний өрөө бүхий шинэ байшинг барьсан ... Энэ байшинг барихад миний бие өөрийн нэр дээрх Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 21 дүгээр байрны 57 тоотод байрлах Ү-2205015**** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий орон сууцыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан борлуулж, үүний орлогоос 10,000,000 сая төгрөгийг энэхүү хувийн сууцыг шинээр барихад зарцуулсан байдаг. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч нь хүндээр өвчилсөн бөгөөд энэ хугацаанд миний бие ажил хийхийн хажуугаар асарч хамгаалж ирсэн ... нэгж талбарын 15011125***, гэрчилгээний 0001711*** дугаар бүхий 600 м.кв газрыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/310 дугаартай захирамжийн дагуу С.Э миний нэр дээр шилжүүлсэн ... би 2021 оны зун хамтдаа амьдарч байсан хувийн сууцаа 3х2.5 м буюу 7.5 м.кв-аар өргөтгөж, шинээр засан сайжруулалт хийсэн ... энэ засвар, өргөтгөлийн ажилтай холбогдох зардал болох нийт 11.000.000 төгрөгийг ажил эрхэлж байсны хувьд хариуцан гаргаж, одоогийн 71 м.кв бүхий зоорьтой, нойлтой хувийн сууцаа бий болгосон ... Энэхүү хувийн сууцад зарцуулсан зардал, мөнгөн төлбөрүүдийг тухайн засвар хийгдэх үеийн тооцоо болон анх 2013 онд шинээр барихад орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу олсон орлогоос зарцуулалт хийж байсан нотлох мөнгөн гүйлгээний баримт, хуулга баримтуудыг хавсарган өгч уг үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн ...” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

            5.2. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... уг үл хөдлөх хөрөнгийг доорх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ иргэний хэргийн шүүхээр хүчингүй болсон, газар эзэмших эрх миний нэр дээр сэргэсэн ...” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ш /150**/, 13 дугаар хэсэг гудамж, 151/** тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Эийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагааны улмаас эрх зөрчсөн хууль бус” хэмээн маргасан хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Н-оос С.Э-тэй байгуулсан  2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ш хаягт байршилтай, нэгж талбарын 15011125*** дугаар бүхий 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Н-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Ц.Н-ын нэхэмжлэлтэй, С.Э-т холбогдох маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн байх боловч уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн маргаан шийдвэрлэгдээгүй байна гэж үзэхээр байна.

            5.3. Тодруулбал, иргэний хэргийн шүүх нь нэхэмжлэгч Ц.Н-ын “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрх сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн Ц.Н-, С.Э нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчинтэй эсэх, уг газрыг нэхэмжлэгч Ц.Н-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн, харин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ш /150**/, 13 дугаар хэсэг гудамж, уг 71 м.кв хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хэн болох талаарх өмчийн эрх зүйн маргаан  шийдвэрлэгдээгүй байна.

5.4. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид /нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь/ иргэний хэргийн шүүхээр улсын бүртгэлийн байгууллагын үл хөдлөх хөрөнгө бүртгэсэнтэй холбоотой энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ш /150**/, 13 дугаар хэсэг гудамж, 151/** тоот хаягт байршилтай 71 м.кв талбайтай хувийн сууц, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргаан эхэлж шийдвэрлүүлээгүй, уг үл хөдлөх хөрөнгө хэний өмч болох нь тодорхой бус тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын тухайн үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Ц.Н-оос Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ш /150**/ 13 дугаар хэсэг гудамж 13**** тоотод байрлах 71 м.кв бүхий Ү-2202***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг С.Э-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 14 дэх тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 16 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 19 дэх тал