Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 02

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

         Улсын яллагч Ц.Сайнхүү

         Хохирогч Ц.Амартүвшин

         Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч А.Хүрэлбаатарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Хүрэлбаатарт холбогдох 201607000116 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1974 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8-5 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа хөрөнгөгүй, ДЮ74121815 регистрийн дугаартай, Харнууд овогт Авирмэдийн Хүрэлбаатар гэв.

 

         Холбогдсон хэргийн талаар:

         Говь-Алтай аймгийн Есөнбулаг  сумын Баянхайрхан багийн 9-р гудамжинд 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр жолооч А.Хүрэлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 61-97 ГАҮ улсын дугаар бүхий өөрөө буулгагч ачааны авто машиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиглэл өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг мөн дүрмийн  2 дугаар зүйлийн 2.7.а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”

2

 

гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Мустанг-150 загварын мотоцикльтой мөргөлдөж түүнийг жолоодон явсан Ц.Амартүвшингийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч А.Хүрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр машиндаа гагнуур хийчихээд өөдөө өгсөж гэртээ ирсэн байсан. Тэгтэл хөдөөнөөс хоёр залуу ирж надтай уулзаад жаахан түлш өгөөч гэж гуйгаад 20 литр түлш авсан. Тэр хоёр надад 3 лааз пиво өгсөн бөгөөд тэрийг нь бид гурав нэг нэгээр уучихаад машинаа хашаандаа оруулах гээд урд гудамж тойроод гэррүүгээ өгсөж явж байгаад хашааруугаа орохоор бараг бүтэн эргэчихсэн байхад доороос хоёр мотоциклийн нэг нь урдуур орж нэг нь араас ирж мөргөсөн. Тухайн үед бороо ороогүй газар хуурай байсан. Хойноос ирсэн мотоцикль нь тоормоз гишгэлгүй шууд ирж мөргөсөн. Тухайн үед 1.85 хувийн согтолттой байна гэж гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Хохирогч эхлээд надаас 4.500.000 төгрөг нэхэж байгаад сүүлдээ 3.000.000 төгрөг болсон. Үүнээс нь 1.250.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 11-нээс хойш 9 сарын 24-ныг хүртэл миний машин журмын хашаанд байсан. Тэр хооронд замын ажилд явах байсан ч машин байхгүй байсан учраас ажил хийж чадаагүй. Тэрнээс хойш бүтэн 6 сар ажилгүй, огт хөдлөөгүй байгаа.Хохирогчид нэмж мөнгө өгөхөд мөнгө төгрөгний асуудал хэцүү л байна. Зураг дээр бүх зүйл тодорхой, би бүтэн бараг хөндөлдөөд эргэчихсэн байсан. Миний зүүн гар талаар гарах зай зөндөө байсан. Яагаад ирээд мөргөсөн нь сонин байгаа. Би урд талын мотоциклийг өнгөрөөсөн. Яагаад заавал араас ирж мөргөж байгаа юм. Би бараг бүтэн эргэчихсэн байсан. Хажуугаар зүүн гар талаар гарчих зай зөндөө байсан гэв.

 

  Хохирогч Ц.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найз охинтойгоо уулзах гээд дээшээ явж байгаад н.Батбилгүүнтэй таарсан. Бид хоёр хамт өгсөөд тасархайгаар гараад ирэхэд урдаас Хово машин гараад ирсэн. н.Батбилгүүн мопед уначихсан. Би урд нь Ховоны араас явсан чинь шороо босоод байхаар нь зүүн талаар нь гүйцэд түрүүлэх гэхэд хашааруу шахчихсан байсан учраас өргөн зайтай баруун талаар нь гүйцэж түрүүлэх гэж байхад намайг шахсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Мөрдөн байцаалтад гаргаж өгсөн эмийн баримтан дээрх эмнүүдийг эмийн сан ч нь том хүнийх байхгүй хүүхдийнх  байна. Хүүхдийнхийг хоёр давхарлаад уучихад болдог юм гэсэн. Линексийг ханиахаар хөл өвдөөд байхаар нь уусан, мөн гэдэс ойр ойрхон гүйлгээд байсан болохоор уусан. Топыг толгойндоо уусан, натрий хлоридыг нь сайн санахгүй байна. Ретромицин, амокцилин, телемоксинийг ч гэсэн хөл өвдөхөөр нь уусан. Одоо миний хөл судас бөглөрөлт явагдах гэж байгаа нөжирсөн байна гэсэн. Тэгэхээр эмчилгээний зардал, мөн энэ зун ажилгүй байсан учир ажлын хөлс, тэгээд эмчилгээний компьютер графикт харуул гэсэн. Түүний 500.000 төгрөг, бас тархи, нугасны компьютер графикийн зураг авахуул гэсэн. Түүний мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

3

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-рт/, 6197 ГАҮ Хово автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-рт/, хохирогчийн мэдүүлэг /хх 21-22-рт/, гэрч Б.Эхбаярын мэдүүлэг /хх 24-рт/, гэрч Ж.Чимгээгийн мэдүүлэг /хх 25-рт/, гэрч Б.Батбилгүүний мэдүүлэг /хх 27-28-рт/, гэрч Х.Сүхбаатарын мэдүүлэг /хх 31-рт/, эд зүйлийн үнэлгээ /хх 37-рт/, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 45-46-рт/, Ц.Амартүвшинг хохирогчоор дахин байцаасан мэдүүлэг /хх 144-рт/, гэрч Р.Баярбаатарын мэдүүлэг /хх 145-рт/, шинжээчийн дахин дүгнэлт /хх 155-рт/, эмчилгээний баримтууд /хх 85-86-рт/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 80-рт/ зэрэг баримтуудыг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хүсэлтээр: эм тариа авсан баримтын жагсаалтууд /хх 118-122-рт/, шинээр гаргаж өгсөн эм тариа авч хэрэглэсэн эмийн баримтууд, мөн Ц.Амартүвшин урьд нь барилгын компанид ажиллаж байсан гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаад, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний хүсэлтээр: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын бүдүүвч зураг /хх 4-8-рт/, хохирлын 4 баримтын хуулбар /хх 85-рт/, эмийн баримтын хуулбар /хх 86-рт/, 1 сая төгрөгийг А.Хүрэлбаатараас шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хх 87-рт/, 192.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх 94-рт/, шинжээчийн дахин дүгнэлт /хх 155-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 33-рт/, Автомашины эвдрэлийн үнэлгээ /хх 37-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

 

        Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч А.Хүрэлбаатар нь 61-97 ГАҮ улсын дугаар бүхий өөрөө буулгагч ачааны авто машиныг, хохирогч Ц.Амартүвшин улсын дугааргүй Мустанг-150 маркын мотоциклийг тус тус жолоодож яваад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9 дүгээр гудамжинд мөргөлдөн осол гаргаж, хохирогч Ц.Амартүвшингийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан байна.

 

  Уг гэмт хэргийг шүүгдэгч А.Хүрэлбаатар үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 33, 155 дугаар хуудсан дахь шинжээчийн  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиглэл өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг мөн дүрмийн  2 дугаар зүйлийн 2.7.а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлтүүд, хавтаст хэргийн 45 дугаар хуудсан дахь шинжээчийн "иргэн Ц.Амартүвшингийн биед баруун шилбэ ясны хугарал, баруун гуя, баруун, зүүн өвдөг, зүүн хөлийн сарвуунд зулгаралт, баруун гуя, бүсэлхийн ар хэсэг, зүүн хөлийн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,  уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт болон  яллах, өмгөөлөх талын хүсэлтээр

4

 

шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт бэхжигдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

  Шүүгдэгч А.Хүрэлбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "...машинаа тавих гээд зүүн гар тал руугаа шахаад эргэх үйлдэл хийж байхад миний урдуур маш хурдтай нэг мотоцикль өнгөрсөн, тэгээд би сигналдаад явсан чинь нөгөө нэг мотоцикль нь миний машины дунд мостны дугуйг мөргөөд мотоциклийн  жолооч нь унаад мотоцикль нь гулсаад машин доогуур орсон, тэгээд би зогсоод буугаад ирсэн чинь нөгөө залуу хөлөө барьчихсан сууж байсан, мотоцикль нь юу ч үгүй болоод дугуйн доор орсон байсан, газар хуурай байсан"  гэх мэдүүлэг нь хохирогч Ц.Амартүвшингийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "...Би найз охинтойгоо уулзах гээд дээшээ явж байгаад Б.Батбилгүүнтэй таарсан. Бид хоёр хамт өгсөөд тасархайгаар гараад ирэхэд урдаас Хово машин гараад ирсэн. Б.Батбилгүүн мопед уначихсан. Би урд нь Ховоны араас явсан чинь шороо босоод байхаар нь зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гэхэд хашааруу шахчихсан байсан учраас өргөн зайтай баруун талаар нь гүйцэж түрүүлэх гэж байхад намайг шахсан. Тэгээд би ухаан алдсан байсан..." гэх мэдүүлэг, гэрч Б.Батбилгүүний мөрдөн байцаалтад мэдүүлсэн "...Амартүвшингийн урдхан талд том Хово маркын ачааны машин явж байгаад гэнэт баруун гар тал руугаа огцом дарсан. Ц.Амартүвшин тормоз гишгэсэн боловч газар нойтон байсан тул тэр чигээрээ хөндөлдөөд баруун урд талын дугуйн доогуур орсон, мотоцикль бүр дугуйн дор орсон, би Ц.Амартүвшинг дайрууллаа л гэж бодсон, хово мотоцикльтэй мөргөлдөөд зогссон ба зогсох үед Амартүвшин ховоны кабин дороос мөлхөөд гараад ирсэн..." гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

 Мөн хавтаст хэргийн 163 дугаар хуудсан дахь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор хохирогч Ц.Амартүвшинг Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үйлдэлд нь сэжигтнээр тооцож шалгаж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

  Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “…энэ гэмт хэрэг нь А.Хүрэлбаатарын гэм буруугийн асуудлаас болоогүй тул А.Хүрэлбаатарыг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ. 

 

  Иймд шүүгдэгч А.Хүрэлбаатарт холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг  согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

5

 

   Хавтаст хэргийн 80 дугаар хуудсан дахь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч А.Хүрэлбаатар нь 1.85 хувийн согтолттой байх тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

  Мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

  Хохирогч Ц.Амартүвшин нь “…энэ зун ажилгүй байсан учир ажлын хөлсийг нэхэмжилж байна” гэх боловч хэдий хугацаанд ажилгүй байсан болон бусад нотлох баримтуудыг  хавтаст хэргийн материалд  ирүүлээгүй, мөн “…Одоо миний хөл судас бөглөрөлт явагдах гэж байгаа нөжирсөн байна гэсэн. Тэгэхээр эмчилгээний зардал, эмчилгээний компьютер графикт харуул гэсэн. Түүний 500.000 төгрөг, бас тархи, нугасны компьютер графикийн зураг авахуул гэсэн. Түүний мөнгийг нэхэмжилж байна…” гэж мэдүүлж байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна.

 

  Энэ хэрэгт ялтан А.Хүрэлбаатар нь цагдан хоригдоогүй, хохирогчид нотлох баримтаар тогтоогдсон мотоциклийн үнэ 600.000 төгрөг, эм тарианы үнэ 68.800 төгрөг, нийт 668.800 төгрөг төлөхөөс 1.250.000 төгрөгийг сайн дураараа төлсөн, хохирогч нь ажилгүй байсан хугацааны хохирол болон хойшид гарах эмчилгээний зардал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харнууд овогт Авирмэдийн Хүрэлбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүрэлбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,  3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар  ялтан А.Хүрэлбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 30-13 ГАА улсын дугаартай ЗИЛ 431410 машиныг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан А.Хүрэлбаатарын цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай. 

6. Энэ хэрэгт ялтан А.Хүрэлбаатар нь цагдан хоригдоогүй, хохирогчид нотлох баримтаар тогтоогдсон мотоциклийн үнэ 600.000 төгрөг, эм тарианы үнэ 68.800 төгрөг, нийт 668.800 төгрөг төлөхөөс 1.250.000 төгрөгийг сайн дураараа төлсөн, хохирогч нь ажилгүй байсан хугацааны хохирол болон хойшид гарах эмчилгээний зардал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

7. Ялтан А.Хүрэлбаатарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Хүрэлбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА