Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бид холбогдох эрүүгийн 2211 01264 1601 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б, 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн Рашаантын ......тоотод оршин суух албан ёсны хаягтай /одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Согоотын 2 дугаар гудамжны 202 тоотод амьдарч байгаа/ урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хх

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ар согоотын задгайд байх Г.Сийн эзэмшлийн монгол гэрт цоожийг эвдэх аргаар нэвтэрч орон “Арена" загварын зурагт 1 ширхэг, “ДДИШ” брэндийн кабель төхөөрөмж 1 ширхэг, самсунг нөтэ-3загварын гар утас 1 ширхгийг 531.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шоронд орж үзлээ. Би хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн эцэг хүн байж алдаа гаргасандаа харамсаж байна. Миний хүүхэд бие даах чадваргүй. Миний хүүхдийг харж хандах бололцоотой хүн байхгүй. Би дахиж ийм нүүр хагарам муухай хэрэг хийхгүй гэдгээ төрийн өмнө амлаж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийтгэж өгнө үү. Миний хүүхдийг харгалзан үзнэ үү, миний хүүхдийг надаас өөр харж хандах хүн байхгүй..” гэв.

 

Шүүгдэгч Э.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-47/ “..2022 оны 07 дугаар сарын 13-ны орой ЧД-ийн 19 дүгээр хороо Ар согоот гэх газар ганцаараа архи уугаад нилээн согтуу явж байгаад би өөрийн танилын гэрлүү орох гэж байгаад хашааг нь андуураад өөр айлын хашаа руу орчихсон байсан. Тэгээд тухайн Монгол гэр нь цоожтой байхаар нь хүчтэй татсан чинь онгойчихсон юм. Би тухайн гэрт ороод Хар өнгийн зурагт, зурагтны ДДИШ-ийн төхөөрөмж, самсунг нөт-3 загварын гар утсыг хулгайлан авсан. Би тухайн айлыг манай танил ахын гэр биш гэдгийг нь мэдсэн боловч тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор дээрх эд зүйлсийг нь хулгайлсан юм. Тэгээд би тухайн айлаас гараад тэврээд явж байтал цагдаагийн алба хаагч нар надтай таараад би тухайн эд зүйлсээ хулгайн эд зүйл гэдэгээ хэлээд цагдаагийн алба хаагч нарт тухайн хулгайлсан айлаа зааж өгсөн. Дээрх хулгайлсан зүйлсийг бүгдийг нь цагдаагийн алба хаагч нарт өгсөн байгаа. Би С гэгчийг танихгүй ээ, ямар нэгэн харилцаа байхгүй ээ, би харин айлын хашаа андуураад тухайн айл руу орсон байсан ба хашаанд нь ороод танихгүй айл байна гэдгийг мэдсэн боловч цоожтой байхаар нь хаалгыг нь хүчтэй татсан чинь хаалга нь онгойчихсон учир би тухайн айлаас дээрх эд зүйлсийг хулгай хийгээд авчихсан юм. Тухайн хэрэг болох үед би ганцаараа байсан өөр хэн нэгэн байгаагүй ээ. Тухайн айлын зурагт нь гэрийн хоймор хэсэгт зурагтны тавиур дээр байсан, ДДИШ-ийн төхөөрөмж нь тавиурныхаа доод хэсэгт байсан, харин гар утас нь ДДИШ- ийн төхөөрөмжийн хажууд нь байсан юм. Би дээрх хулгай хийж авсан зүйлсээ бүгдийг нь буцаан өгсөн байгаа, би хувиараа модны мужааны ажил хийдэг, хүүхдийнхээ хамт амьдардаг.Манай хүүхэд 10 настай Дундговь аймгийн Өлзийт суманд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг, би энд ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23-24/ “...07 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн үед ...Ар согоотын задгай тоот гэрээсээ нөхөр Бат-Эрдэнийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум руу явах гээд гарсан ба 07 дугаар сарын 13-ны өдрийн 08 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн, мөн гэрээс 43 инчийн “Арена” загварын хавтгай зурагт,ДДШ-ийн кабелийн төхөөрөмж, Самсунг нөтэ загварын гар утас зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Огийн бичсэн илтгэх хуудас /хх-14/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 9-13/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД2-22-628 дугаартай “ эд зүйлс 531.000 төгрөг” гэх тайлан /хх-29-33/, шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Бийн дээрхи үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үйлдсэн нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эд зүйлийг буцааж биет байдлаар өгч бүрэн барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Сийн эд зүйлийг биет байдлаар буцааж өгсөн хохирогчоос гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдааны өмнө 8 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон дээрх хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР