Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Иргэний нэхэмжлэгч *******

Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004630009 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Дэлгэр гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үед тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас тээврийн хэрэгсэл шатан хээрийн түймэр тавьж, түймрийн улмаас 10258 га талбай шатаж байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол, мөн уг түймрийн улмаас иргэн малын хашаа, саравч, өвсний хашаа зэрэг эд зүйл шатаж 7,139,000 төгрөгийн хохирол нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

            Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд: “...Надад ярих зүйл байхгүй. Машин миний нэр дээр байгаа боловч бид хоёрын дундын өмч юм...” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түймэр гарсан. нь шатахууны зардал болох 1,700,000 төгрөгийг маргааш нь ******* сумын Засаг даргын тамгын газарт өгсөн. Мөн хоол хүнсний хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шууд бус зардалд гарсан хохирол төлбөр байхгүй. ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр байгаль экологид 189,013,908 төгрөгийн хохирол төлбөр учирсан. Ой хээрийн түймэр гарах үед сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагддаг. Манай ажлын хэсэг хуралдаад байгаль орчинд учирсан хохирол болох 189,013,908 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж шийдвэрлэсэн...” гэв.

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 1 дүгээр баг Улаан хонхор гэх газарт буюу гэртээ эхнэр хамт байж байхад 16 цагийн орчимд гэрийн хойноос түймрийн утаа ихээр гарч байгаа нь харагдсан. Би гэрээс 2-3 км очиж зүүн хавиргыг нь унтраасан боловч салхи ихтэй өвс урт ургасан байсан тул унтрааж дийлэхгүй болохоор нь 18 цагийн орчим гэртээ ирж эхнэрийн хамт гэрийнхээ доторх юмыг ачааны машиндаа ачиж байхад түймэр гэрийн хаяанд ирсэн байсан. Тэгэхээр нь гэрээ шатаахгүй гэж эхнэрийн хамт унтрааж гэрээ өнгөрөөгөөд хашаа руугаа хартал өвсний хашааны баруун талаас шатаж байсныг унтраах гэсэн боловч дийлдэхгүй хойд саравч малын хашаа өвсний хашааны хамт шатсан. ...нийт 8,994,000 төгрөгийн хохирол учирсан. Би гомдолтой байна, хашааныхаа төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69, 80/

            Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн ******* сумын харьяат ******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэр” гэх газарт жолоодон явах үед тээврийн хэрэгслээс гал алдаж хээрийн түймэр гарсны улмаас байгаль экологид хохирол учирсан. ******* сумын Засаг даргын тамгын газраас түймрийг унтраахад бензин шатахуунд зарцуулсан 1,792,780 төгрөгийг ******* нь төлж барагдуулсан. Харин хоол хүнсэнд зарцуулагдсан 259,700 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн түймрийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнэлгээг нэхэмжлэх болно…” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны орой 16 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг Хайчин толгой гэх газар малаа маллаж байхад хойноос түймэр ирсэн. Тэнд олон хүн байсан тул хашаа гэрээ шатаалгүй авч үлдсэн. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны 10 цагийн орчим адуундаа явахад хүрэн азаргатай адууны шаргал халзан гүү, саарал гүү, дух хүрэн байдас, хүрэн унага, хүрэн халзан гүүнүүдийн сүүл, дэл бие нь шатаж шархалсан дэлэнгүүд нь хавдаад унагаа хөхүүлэхгүй байсан. Бусад адуунуудын сүүл нь бага зэрэг шатсан байсан. ...Би тухайн хайрагдсан 8 тооны адууны  дөрвийг нь мөнгөний хэрэг гарсан тул нядалж маханд өгсөн. Хайрагдан үлдсэн 4 адуунд “цагаан тариа” гэх нэртэй эм тариа авч өгөн эмчилгээ хийсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77, 79/

Иргэний хариуцагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчим манай гэрээс баруун зүгт 1 км газарт нутаглах төрсөн дүү гэр рүү өөрийн эзэмшлийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад *******гийн хамт усанд явах гээд машинаа асаах гэтэл машин асахгүй байсан тул өөр аккумлятор холбож асаагаад гэрээс баруун хойш 1 км орчим газарт байрлах худаг дээр очиход тал адуу байсан  бөгөөд тал нь гэрээс урагш 2 км орчимд байхаар нь ******* машинаа бариад адуун дээр очиход машины урд хэсгээр гал гарч байсан. Бид хоёр машинаа зогсоогоод галын хор болон 5 литрийн ус цацсан боловч унтрааж чадахгүй хээрийн түймэр тавьсан. Тухайн өдөр цаг агаарын хувьд хойноосоо хүчтэй салхитай байсан. ...*******гийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд жолоодон явсан приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм. Миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67, 75, 85/

            Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө эзэмшлийн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хүргэн дүү гэр рүү очсон. Дараа нь худаг явах гээд машинаа асаах гэсэн боловч асахгүй байсан тул өөр аккумлятор холбож асаагаад 11 цагийн үед  машинаа бариад гэрээс хойш 1 км орчим зайд байх мал усалдаг худаг руу явж байхад гэнэт хиншүү үнэртэхээр нь эргээд хөндлөн хараад салхи өөдөө зогссон. Тэгэхэд машины урд хэсгээс гал маналзаад эхэлсэн. Тэр үед арга хэмжээ авч амжилгүй гал өвсөнд тархсан бөгөөд салхи хүчтэй байсан. Тэгээд шууд сум руу мэдэгдэж шөнийн 02 цагийн үед унтраасан. Тухайн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь хамтран амьдрагч *******ийн нэр дээр байдаг машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 140/           

Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 046/20 тоот дүгнэлтэд:

            1. Хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэгтэй уншиж танилцахад уг хээрийн гал түймрийн анх үүсвэрлэн гарсан цэг Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Дэлгэр гэх газарт ХХК-аас Чулуунхороот сум руу явдаг өндөр хүчдэлийн урд талаас үүсвэрлэн гарсан байх боломжтой байна.

2. Хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэгтэй уншиж танилцахад хээрийн гал түймэр гарсан шалтгаан нөхцөл Дорнод аймгийн ******* сумын иргэн *******гийн хамтран амьдрагч *******ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүсэж гал түймэр гарсан байх магадлалтай.

3. *******ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатсаны улмаас хялбар шатах материал буюу өвс шатаж хээрийн гал түймэр гарсан байна гэжээ. /хх-ийн 76/

Нуман алтай ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/90 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Түймэр эхэлсэн цэг нь ******* сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км зайд 114056'18.70''E, 49016'2.87''N солбицолд байна.

2. Уг хээрийн түймрийн улмаас 10258 га талбай шатсан байна.

3. Хээрийн түймэрт шатсан 1 га талбайн хохирлыг 614200 төгрөгөөр үнэлсэн.

4. Түймрийн улмаас байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол учирсан байна. Аргачлалын дагуу намрын улирлын түймрийн хохирлыг 0,03-аар үржүүлж эцсийн үнэлгээг гаргасан болно.

5. Дорнод аймгийн ******* сумын хохирлын акт тогтоох хэсгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №02 дугаартай хохирол тогтоосон акт нь үндэслэлгүй байна.

6. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 97-107/ 

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

            - , нарын ******* сумын ЗДТГ-т гаргасан өргөдөл /хх-ийн 09-11/

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19/

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/

            - Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /хх-ийн 22/

            - “Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт” /хх-ийн 23-26/

            -  Дорнод аймгийн ******* сумын ЗДТГ-ын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэх, зарлагын баримтууд /хх-ийн 27-54/

            - Нуман Алтай ХХК-ний төлбөрийн нэхэмжлэх /хх-ийн 106/

- Дамно ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 115-119/

            - Вендо ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 125-132/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141/

- Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ******* сумын рашаант багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа,  /хх-ийн 142-143, 145/

- Дорнод аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 144/

- *******ийн 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 146-147/

- *******гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 148-149/

- *******гийн 1,792,780 төгрөгийн шууд бус хохирол төлсөн баримт /хх-ийн 150/

- Дорнод аймгийн ******* сумын Буян-Өндөр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 151/ болон шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболдоос шинээр гаргаж өгсөн 7 хуудас /хохирогч од учруулсан хохирол төлбөр төлсөн баримт, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, гэрэл зураг, Нуман Алтай ХХК-д 1,500,000 төгрөг өгсөн баримт, ******* сумын Засаг даргын ******* нь түймрийн шууд бус хохирол болох 259,700 төгрөгийг төлсөн талаарх албан тоот, иргэний хариуцагч *******ийн 2022 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого/ баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Дэлгэр гэх газарт улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үед тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүссэний улмаас тээврийн хэрэгсэл шатан хээрийн түймэр тавьж, түймрийн улмаас 10258 га талбай шатаж байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол, мөн уг түймрийн улмаас хохирогч   малын хашаа, саравч, өвсний хашаа зэрэг эд зүйл шатаж 7,139,000 төгрөгийн хохирол нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Нуман Алтай ХХК-ний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/90 дугаартай дүгнэлт, гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 046/20 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүрээлэн байгаа орчны эсрэг хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль орчинд 189,013,908 төгрөгийн, хохирогч од 7,139,000 төгрөгийн нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол, хохирогч од 7,139,000 төгрөгийн хохирол нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч од учирсан хохирлыг төлсөн ба бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас хохирогч од учирсан 7,139,000 төгрөгийн хохирлоос 3,000,000 төгрөг бэлнээр өгч үлдэгдэл хохирлыг харилцан тохиролцож төлсөн талаар хохирогч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 189,013,908 төгрөгийн хохирол, бусдад 7,139,000 төгрөгийн хохирол, нийт 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байхаас гадна  Дорнод аймгийн ******* сумын ЗДТГазраас гал түймрийг унтраахад зарцуулсан бензин шатахуунд 1,792,780 төгрөг, хоол хүнсэнд 259,700 төгрөгийн шууд бус хохирол  учирсан байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан шууд бус зардлыг Дорнод аймгийн ******* сумын ЗДТГазарт бүрэн төлж барагдуулжээ. Мөн ХХК-ний шинжээчийн дүгнэлт гаргасан 3,000,000 төгрөгийн зардлаас 1,500,000 төгрөгийг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч *******гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын үлдэгдэл 1,500,000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “манай сумын ажлын хэсэг хуралдаад шатсан талбай нь хавар эргээд нөхөн ургах учир байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 189,013,908 төгрөгийн хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэхгүй” гэж байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  1 дүгээр зүйлд заасан “...хүний эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн  үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх...” гэсэн зорилготой зөрчилдөж байна гэж үзлээ.

Иргэний хариуцагч *******, шүүгдэгч ******* нар нь хамтран амьдардаг  бөгөөд шүүгдэгч *******гийн унаж явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч *******ийн өмчлөлийнх болох нь шүүгдэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 144/ зэргээр тогтоогдож байхаас гадна иргэний хариуцагч ******* нь шүүгдэгч *******д өөрөө сайн дураар жолоо барих эрхийг шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан бөгөөд иргэний хариуцагч ******* нь 2022 оны мал тооллогоор өөрийн нэр дээр нийт 608 толгой мал тоолуулсан зэргийг харгалзан иргэний хариуцагч *******ээс шүүгдэгч *******гийн байгаль орчинд учруулсан 189,013,908 төгрөгийн хохирлыг багасган 10 хувь болох 18,901,390.8 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч *******ийн өмчлөлийн  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 8,103,811 төгрөгөөр /хх-ийн 115-119/ үнэлэгдсэн бөгөөд иргэний хариуцагч нь шүүгдэгчээс машины төлбөрийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн болно. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж 196,152,908 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч *******ээс байгаль экологид учирсан гэм хорын хохиролд нийт 18,901,390.8 /арван найман сая есөн зуун нэг мянга гурван зуун ерэн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 59Б-д байрлах Нуман Алтай ХХК /РД: 5417422/-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА