Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

                                                           

 

 

 

 

2023         02         09                                  2023/ШЦТ/125

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга:О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Б.Батцэцэг,

Хэлмэрч Ч.Дэлгэр,

Шүүгдэгч: Г.О, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн 2211 01159 2035 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, Г.О, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сонсголын бэрхшээлтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Нийтийн байрны... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ү.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын гудамжинд хохирогч Б.Мтой тухайн цаг хугацаанд үүссэн таагүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “зулай, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун тавхайд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмж мэдүүлэх зүйлгүй..”

Шүүгдэгч Г.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хүлээн зөвшөөрч байна. ...М өөрөө эхэлж бид нарыг машинаар дайрах гээд байсан юм. Энэ тухай гэрч нар ч бас ярьдаг. Мыг нэг удаа өөрөөсөө түлхсэн юм..” гэсэн мэдүүлэг, /хх-56/

 

Хохирогч Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тухайн өдөр 17 цагт ажлаа тараад О, Г, С болон нэг танихгүй эрэгтэй нарын хамт уулзсан. Тэгээд О архи ууя гээд байхаар нь би “Маргааш ажилтай юм чинь ууж чадахгүй” гэсэн чинь ууя гээд шалаад байсан. Энэ үеэс бага зэрэг маргалдаж эхэлсэн. Ингээд миний машины суудал доор нэг шил архи байсан ба тухайн архийг хувааж уусан. Гэхдээ С машин барина гээд уугаагүй. Тухайн үед С нь “Би машиныг чинь авч яваад маргааш ирээд чамайг ажил руу чинь хүргээд өгье” гэсэн. Тухайн архийг бид нар цөөхүүлээ хувааж уусан болохоор бид нар хурдан согтоцгоосон. Ууж дуусаад О, Г, С, танихгүй эрэгтэй 4 миний машинаас буугаад явцгаасан. Дараа нь би утсаа хайгаад олохгүй байсан болохоор машинаа асаагаад тэр 4-ийн араас очсон. Гэхдээ тэр 4 ойрхон явж байсан. Тэгээд би машинтайгаа гүйцэж очоод машинаасаа буугаад “Миний утас байхгүй байна” гэтэл Г, С, танихгүй эрэгтэй 3 яваад О “Чи бид нарыг хулгайч гэж бодоо юу?, Надад утас чинь байхгүй” гээд миний толгойг сугандаа хавчуулж боогоод газраас нэг шил аваад толгой руу 2 удаа цохисон. Тэр үед толгой маш их өвдөөд би газарт унаад өгсөн. Гэтэл О намайг хаяад яваад өгсөн. Тэгээд О цагдаа дуудаад “энд нэг хүн согтуугаар жолоо бариад байна” гэсэн дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч нар ирээд О болон бусад 3 хүн цагдаагийн газарт ирээд би эмнэлэг рүү явж толгойгоо боолгуулсан..” гэсэн мэдүүлэг /хх-14/,

 

Гэрч Ц.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...архиа ууж дуусаад С “Мын машинаар бид нарыг хүргэж өгье” гэтэл М машиныхаа түлхүүрийг аваад бид нарыг “машинаасаа буу” гээд хөөсөн. Тэгэхэд нь С түрүүлээд яваад өгсөн. Тэгээд О, Гансүх бид 3 машинаас нь гараад явж байсан. Тэндээс газар нь уруу чиглэлтэй байсан. Тэгтэл М бид нарын араас машинтайгаа хурдтай ирээд бид нарыг дайрах гэж айлгасан. М тухайн үед уурлачихсан, галзуурчихсан юм шиг болчихсон байсан. О сул сонсголтой тул тэр үед бид нарыг замаас холдуулсан. Тэгээд О, М хоёр ярилцаад М тайвшрах шиг болсон. Тэгээд бид 3 дахиад доош уруудаад явж байтал М дахин машинтайгаа бид нарыг араас хурдтай ирсэн. Ингээд О цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээгүй бол М хүн амьтан бэртээх байсан байх.. Гансүх бид 2 согтуу, хоорондоо юм яриад зогсож байсан, мөн харанхуй байсан болохоор би яг юу болсныг хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч С.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр М намайг “машин бариад өгөөч” гээд 100 айлын орчим хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход М, Гансүх, О, А нар машин дотроо архи ууж байсан. Тэгээд би Мын машиныг бариад Зурагтын ойролцоо Мын гэрийн гадаа очсон. М намайг “чи зайл, яв” гээд машиныхаа түлхүүрийг авсан. Тэгэхээр нь би хамгийн түрүүнд ганцаараа яваад өгсөн. Сүүлд О намайг цагдаа дээр хүрээд ир гэж дуудсан. Намайг цагдаагийн газар ирэхэд Мын толгойноос цус гарчихсан, оёдол тавиулчихсан, толгойгоо боочихсон байсан. Мын машиныг цагдаа хураагаад авчихсан байсан. Мын ээж нь намайг “С буруугүй. Гэртээ харь” гээд байсан. Тэгээд би гэртээ харьсан..Сүүлд сонсоход М, О хоёр маргалдсан гэсэн. Яг ямар шалтгааны улмаас М гэмтсэнийг би мэдэхгүй байна..Машин дотор явж байхад М, О хоёр маргалдаагүй. Мын гэрийн гадаа ирсний дараа тэр хоёр маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдаж эхэлснийг би мэдэхгүй байна. Тэгээд тэр 2 маргалдаад байхаар нь би яваад өгсөн юм. М өөр хэн нэгэнтэй маргаан үүсгээгүй...” гэсэн мэдүүлэг/хх-19/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9309 дугаартай дүгнэлтэд: ..Б.Мын биед зулай, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун тавхайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-27-28/, шүүгдэгч Г.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.О нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Г.Оын дээрхи үйлдлийн улмаас Б.Мын биед биед зулай, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун тавхайд зулгаралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Оын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон, 100 хувь хөдөлмөрийн чадвар алдагдалтай буюу шүүгдэгч нь сонсголын бэрхшээлтэй, шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Мод 200.000 төгрөг төлсөн, хохирогчоос өөр хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Г.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.О нь шүүх хуралдаан  болохоос өмнө 1 хоног цагдан хоригдсон, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүх хуралдаан болохоос өмнө 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР