| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
2023 02 08 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Хохирогч Т.Г /онлайн/
Шүүгдэгч М.Н, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-т холбогдох эрүүгийн 2211 00000 1999 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, М.Н, 1995 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, НОТС ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, ээж, аав дүүгийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо баянцагааны .....тоотод оршин суудаг, урьд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгох, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1213 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 22 дугаар гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт төмөр саваар цохиж түүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний зовхинд шарх, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч М.Ноос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч М.Ноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би С гэх найзын гэр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгзэр хороо Хайлааст руу очиж байсан ба Сад гэр лүү нь очиж байгаа талаараа харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хэлсэн. Гэтэл С би эмэгтэй найзтайгаа хамт байна мөн шар айраг ууж байна чи замаар уух юм аваад ирээч гэж хэлсэн. Би гэр лүү нь очихдоо 0.75 литрийн экс нэртэй архи, 4 лаазтай касс нэртэй шар айраг аваад очсон. Тэр үед Сын гэрт Сын найз охин Г байсан ба хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэр лүүгээ харих зорилгоор Сын гэрээс гараад явж байтал С гар утас руу залгаад намайг дуудсан. Би эргэж гэрт нь очтол Г би яах гэж ирсэн юм явлаа гэж явчаад гэж хэлсэн. Г над руу лаазтай шар айраг шидээд намайг гараараа цохих гэж ойртоод байхаар нь би Гыг арагш нь түлхсэн. Тэр үед хоол хүнсний зүйл хийх зориулалт бухий төмөр савыг над руу чиглүүлж шидэх үед би уурлаж тухайн төмөр саваар толгой хэсэг рүү нь цохитол толгойноос цус гарсан. Тэгээд Г цагдаагийн байгууллагад хандсан ба би болсон асуудлын талаар тодорхой санаж байна мөн биеэ хянах чадвартай байсан..” гэсэн мэдүүлэг /хх-25-28/,
Хохирогч Т.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Найзындаа очоод хонотол маргааш нь энэ хүн ирсэн. Тэгээд уугаад унтаж амрах гээд чи явахгүй юм уу гэсэн чинь миний явах чамд ямар хамаатай юм гэж хараагаад нүд рүү цохиод дахиад төмөр саваар цохисон. Би энэ үйл явдлаас хойш 20 гаран хоног ажилдаа явж чадаагүй, чөлөө авсан. Тэр хоногийн цалингаа гаргуулмаар байна. Би цалингийн зээлээ төлж чадаагүй, хүнээс зээлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн, MRI харуулсан. Дахиад үзүүлэх ёстой, би үзүүлж чадаагүй явж байна. 167.500 төгрөг дээр ажилд яваагүй цалинг 1.000.000 төгрөг нийт 1.167.750 төгрөг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн нөхөр Батмөнхтэй маргалдаж уурандаа найз охин Сын гэр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо буюу Хайлаастад ирээд хамт байж байгаад унтаж амраад өглөө нь сэрээд найз охин Стай шар айраг уугаад байж байтал 12 цагийн орчимд Сын найз гээд нэг танихгүй залуу ирсэн. Хамт шар айраг ууж байгаад удалгүй гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа тухайн залуу эргэж орж ирсэн. Би тэр үед нь гэрлүүгээ явахгүй юм уу?, чи гэж хэлтэл чиний гэрт байгаа юм уу гэж уурлаад миний зүүн нүд рүү нэг гараараа нэг удаа цохиод үргэлжпүүлэн хоол хийх зориулалт бүхий төмөр саваар 3-4 удаа толгой орой хэсэг рүү цохисон. Түүнээс болж миний зүүн талын нүд хөхөрч хавдсан мөн толгой орой хэсгээс цус гарсан. Би тухайн залууг танихгүй ба урьд өмнө нь уулзаж байгаагүй юм. Тухайн залуу миний биед гэмтэл учруулах үед манай найз С хамт байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч болсон асуудлын талаар тодорхой санаж байна мөн биеэ хянах чадвартай байсан. Би өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон ба биед нь гэмтэл учруулаагүй. Тухайн залуу 25-30 орчим насны залуу байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-8-9/,
Гэрч С.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой манай найз Г манай гэрт ирээд ойр зуурын юм яриад байж байгаад унтаж амарсан. Өглөө нь сэрээд бид хоёр хоол идэж дуусгаад шар айраг хувааж уусан ба тэр үед Н над руу залгаж манай гэр лүү ирж байгаа талаараа хэлсэн. Манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл авчирсан ба бид гурав архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглээд юм яриад байж байтал Г нь Ныг чи гэр лүүгээ явахгүй юм уу? Би найзынхаа хамт баймаар байна гэж хэлсэн. Ням- Очир удалгүй манай гэрээс гараад хэсэг хугацааны дараа орж иртэл Г чи яваагүй байгаа юм уу?, чи зайлаач гэж хэлтэл Н би найзынхаа гэрт байна гэж хэлсэн. Г уурлаж хоол хийх зориулалт бүхий төмөр савыг аваад Н луу шидтэл Н уурлаж Г руу төмөр савыг эргүүлэн шидтэл толгойны орой хэсэгт онож толгой орой хэсгээс цус гарсан. Тэр хоёроос өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөр өөрсдийн биеийг хариуцах чадвартай байсан..,.” гэсэн мэдүүлэг, /хх-14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15474 дугаартай эмч Б.Д дүгнэлтэд: “..Т.Гын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний зовхинд шарх, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-18-19/,
Иргэний нэхэмжпэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна...,...Тусламж үйлчилгээний зардал болох 209,000 төгрөгийг яллагдагч М.Ноос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх- 10-11/, шүүгдэгч М.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Н нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Нын дээрхи үйлдлийн улмаас Т.Гын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний зовхинд шарх, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Нын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Нт нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч М.Н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаас 260.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлж, 540.000 төгрөгийн ялыг биелүүлээгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 540.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Гаас баримтаар нэхэмжилсэн 167.750 төгрөгийн хохирлоос гадна 20 хоног ажилдаа явж чадаагүйн улмаас учирсан хохирол 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч энэ талаарх холбогдох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч М.Ноос 167.750 төгрөгийн гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот ...тоотод оршин суух Хөх овогт ....олгуулж, хохирогч нь ажилгүй байсан үеийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн түүнчлэн Иргэний нэхэмжлэгч Б.Н Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 209.000 төгрөгийг шүүгдэгч М.Ноос гаргуулж өгнө үү гэсэн боловч мөн энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээв.
Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ныг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 540.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Гаас нэхэмжилсэн 1.167.750 төгрөгийн нэхэмжлэлээс 167.750 төгрөгийг шүүгдэгч М.Ноос гаргуулан хохирогч Хөх овогт ....олгож, хохирогчоос Т.Гаас нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Н нэхэмжилсэн 209.000 төгрөгийг төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР