Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 2023        03         07                                  2023/ШЦТ/169

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Х.Нарангуа,

Шүүгдэгч М.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тт холбогдох эрүүгийн 2311000000065 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, М.Т, 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол шуудан” ХК-нд ....ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын .....тоот гэртээ эхнэр М.Ттэй хувийн асуудлаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж улмаар түүний биед дух, 2 нүдний зовхи, зүүн шанаа, эрүүнд цус хуралт, дух, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч М.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч М.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ эхнэр Тэнгистэй архидан согтуурч байхдаа шалихгүй хэрүүлээс болж маргалдан улмаар түүнийг барьж аваад газар унагаад нүдний гол хэсэг, хамар эрүү хэсэг рүү гараараа 3 удаа цохиж гэмтээсэн. Би өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй, архидан согтуурсны улмаас уурандаа эхнэрээ зодсондоо маш их харамсаж байна..” гэсэн мэдүүлэг /хх-32/,

 

          Хохирогч М.Тээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Өнөөдөр өглөө 06 цагийн үед манай нөхөр гадуур архи ууж байгаад ирсэн ба манай найз Уянга болон манай хүүхдүүд гэрт байсан. Тэгээд 14 цагийн үед би дэлгүүр гарч 0.5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй лаазтай пиво 4 ширхэгийг аваад гэртээ орж ирээд найз Уянгаатай хоёулаа хувааж ууж суусан. Энэ үед манай нөхөр Т хамт сууж байхад нь би уусан пивондоо бага зэрэг согтоод түүнд хандаад хэдэн үг хаясан юм. Учир нь манай нөхөр Тын найз Эрдэнэбаатар нь манай найз эмэгтэй Урнаатай хамт амьдраад дундаасаа гурван хүүхэдтэй болчихоод хуурч мэхлээд салчихсан болохоор би Тт хандаад найз нь юм байж найздаа хэлэхгүй яасан юм, эртхэн эхнэрт нь хэлэхгүй, эрчүүд та нар муухай гэх мэт зүйлс хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Т уурлаад миний нүүрийг гараараа базахаар нь би уурлаад барьцалдаад авсан чинь Т гараа атгаж байгаад миний нүүр рүү 2 удаа цохисон. Т миний хамрын дээд хэсэг рүү нэг удаа цохисноос болж миний хамрын дээд хэсэг дух зэрэг хавдчихсан..” гэсэн мэдүүлэг /хх-05/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 1289 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:/хх-12-13/ “..М.Тийн биед дух, 2 нүдний зовхи, зүүн шанаа, эрүүнд цус хуралт, дух, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч М.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18х/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-16/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч М.Тт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Т нь хохирогч М.Тийн нүүрэн хэсэгт гараараа цохиж, дух, 2 нүдний зовхи, зүүн шанаа, эрүүнд цус хуралт, дух, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Таас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Тт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР