Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

 

 

 

 

2023        02         15                                  2023/ШЦТ/129

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Л.Содбаяр, /томилолтоор/

Шүүгдэгч О.Б өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2311000000052 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, О.Б, 1978 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж Хангай хотхон ....тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

-Дундговь аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн торгох ялаар тус тус ял шийтгүүлж байсан, ....

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор иргэн Ц.Мтой “танилцах хийгээгүй” гэх зэргээр маргалдаж, улмаар түүний толгой руу шилэн аяга шидэж, түүний биед духанд язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:Шүүгдэгч О.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 12 сарын 20-ны өдөр орой ажил тараад ажпын гадаа Д М хоёртой таарсан. Бид гурав ярилцаад архи уухаар болоод М дэлгүүр орж архи авч ирсэн. Тухайн архиа ариутгалын өрөөнд гурвуулаа хувааж уучихаад М бид хоёр дахин дэлгүүр орж нэг шил архи нийлж авсан. Түүнийгээ уугаад сууж байгаад М бид хоёрын дунд маргаан болоод ууж байсан архитай аягаа М руу шидээд толгойг нь оночихсон. Тэгээд Мийг Д бид хоёр дагуулаад ажлын гэмтэлийн тасагт аваачиж оёдол боолт хийлгэсэн. Би энэ хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо М бид хоёр учир зүйгээ олоод гомдол саналгүй болсон байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-49/,

Хохирогч Ц.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг 30 минут ажил дээрээ ирээд машинаараа дуудлага энэ тэрд яваад ажилтай байж байгаад 17 цаг өнгөрөөд ажил тарсан... тэгээд архиа аваад бид хоёр Нэгдсэн эмнэлгийн хажууд байдаг ариутгалын өрөөнд' Б бид хоёр дээр Д гээд слесарь бид гурав хувааж уусан... тэгээд юм яриад уугаад сууж байгаад Б намайг саяхан ажилд орчихоод танилцах юмаа хийгээгүй гээд байсан. Үүнээс болж бид хоёрын дунд бага зэрэг маргаан болсон... Б ширээн дээр байсан бариултай цэнхэр шилэн аягыг над руу шидээд духны зүүн хэсэгт оноод аяга нь хагарсан..” гэсэн мэдүүлэг /хх-7/,

 

Гэрч П.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би тухайн үед яг тэр хоёрын дунд сууж байсан болохоор тэр хоёрыг маргахаа боль гээд сууж байтал Б нь архи ууж байсан шилэн стаканыг М руу шидсэн..” гэсэн мэдүүлэг /хх-9/,

 

 Шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 474 дугаартай дүгнэлтэд /хх-14-15/:“...Ц.Мийн духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 01/217 дугаартай албан бичиг түүний хавсралт /хх-37-38/, шүүгдэгч О.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-21/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Мид учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Баярхү нь хохирогч Ц.Мтой маргалдан улмаар түүний толгой руу аяга шидэж, биед нь духанд язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Бгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР