Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0838

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Х” ХХК,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э,

Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1453075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 1453075 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагыг хариуцагч нь барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэж шийтгэлийн хуудсандаа дурдаж торгосон. Торгохдоо Зөрчлийн тухай хуулийн 8.5-т заасан заалтаар торгосон байдаг. Тус заалтыг уншаад үзэхээр зөвшөөрөлгүйгээр ашиглах гэх асуудал байхгүй. Тус заалт нь “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй болгэж заасан байдаг. Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаар яаж шалгаж тогтоосон юм бэ? Энэ талаар нотолж тогтоосон зүйл байхгүй гэж үзээд байгаа. Яригдаад байгаа 2 бүтээгдэхүүн бараа нь энгийн ямар ч хүн харахад өөр байдаг. Өнгө дизайн үг үсэг бичиглэл гээд өөр байгаа. Хавтаст хэрэгт 2 бүтээгдэхүүний зураг авагдсан байдаг. Энэ байдлаар шийтгэлийн хуудас үндэслэлгүй болсон хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байгаа.Хариуцагчийн хэлж байгааг сонсохоор худалдааны тавиур дээр нэг газар тавьж борлогдоно гэж байна. Төөрөгдөлд орно гэдэг ч юм уу хариуцагч хийсвэр төсөөлөл дээр л яриад байна. Тэр нь хавтаст хэрэгт бууж байгаа юу гэдгийг харвал ондоо. Өөрөөр хэлбэл төөрөгдөлд орохоор байна гэж үзэж байна гэдэг нь хэрэглэгчийн өмнөөс л төсөөлж яриад байна. Гэтэл нэг нь крилл, нөгөө нь латин үсэгтэй байна. Эрхийг зөрчинө гэдэг нь зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь эрхийг зөрчиж байгаа хэлбэр мөн юм уу? Яг хуулийн ойлголт давхцаж байгаа юм уу?Тийм байлаа гэж бодоход энэ 2 бүтээгдэхүүн нь харахад л шал өөр гэдэг нь тусгай мэргэжлийн шаардлагагүй л мэдэгдээд байгаа юм” гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК-ийн өргөдлөөр шалгасан байдаг. Тус хуулийн этгээд нь Солонгосын албан ёсны гэрээт борлуулагч. Солонгосын “С” ХХК нь барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэсэн байгууллага. Тэр хуулийн этгээдийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан буюу хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах байдлаар ашигласан гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дахь заалт нь Барааны тэмдэг, газар зүйл заалтын тухай хуулийг зөрчсөн гэх агуулгатай байгаа тул шийтгэл оногдуулсан.

Зөвшөөрөлгүй ашигласан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Тэр бол ойлгомжтой. Барааны тэмдэг, газар зүйн заалтын 12.3 гэх заалт байдаг. Үүнд хэрэглэгчийн эрхийг тусгайлан заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү л гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/753 тоот албан бичгээр “Ш” ХХК-ийн гомдлыг шилжүүлснээр Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Э нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1453075 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

          Гомдол гаргагчаас “барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаагүй, 2 бүтээгдэхүүний дизайн, үг, үсэг, бичиглэл өөр” гэж, хариуцагчаас “эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

          Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар “Ш” ХХК-нд CONDITION барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ.

          Хавтаст хэрэгт авагдсан 2 бүтээгдэхүүний зургаас дүгнэхэд нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

          Учир нь дээрх 2 бүтээгдэхүүний нэр, түүн дээрх дүрс, зураг, бичвэр, өнгө илтэд өөр бөгөөд “Ш” ХХК-ийн бүтээгдэхүүний нэр CONDITION, элэг хамгаалж, хордлого тайлах, мөн крилл үсгээр кондишн зэрэг бичвэрүүтэй, эрэгтэй хүний зурган дүрслэлтэй бол нэхэмжлэгчийн бүтээгдэхүүний нэр Шар тайлагч, Солонгос, Англи үсгүүд болон крилл үсгээр кондишн зэрэг бичвэрүүтэй Нар бүхий зурган дүрслэлтэй байна.

           Хэдийгээр дээрх 2 бүтээгдэхүүн дээрх крилл үсгээр бичигдсэн кондишн гэх бичвэрүүд адил боловч энэ нь Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар “Ш” ХХК-нд олгосон CONDITION барааны тэмдгийн зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно” гээд 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд  хэрэглэсэн бол”, 13.1.2-т “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол”, 13.1.3-д “барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол”, 13.1.4-д “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол” гэж тус тус заасан бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүдийн орц найрлага ижил эсэхээс үл хамаарч оноосон нэр нь өөр / CONDITION, Шар тайлагч/ дүрс, зураг, бичвэрүүд илтэд ялаатай байхад зөвхөн крилл үсгээр бичигдсэн кондишн гэх үг нь эрхийн хамгаалалт хийлгэсэн барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

          Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Х” ХХК-ийн гомдолтой Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Эт холбогдох зөрчлийн хэргийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1453075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ