| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0592/З |
| Дугаар | 221/МА2025/0063 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0063
Г.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Нэхэмжлэгч: Г.Г
Хариуцагч: ЧДЗД
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 940 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 940 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3-т хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Г-аас гаргасан “Иргэн Б.Б-т газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ж-**** тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
“Иргэн Г.Г нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж-**** тоот хаягт байрлалтай газрыг эзэмших тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд түүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 2, 2021 оны 09 дүгээр сарын 20, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нийт 4 удаа өргөдөл гаргасан байдаг. Дүүргийн газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга нараас дээрх хүсэлтүүдэд нэг ч удаа хариу өгөлгүй байсаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хандаж гаргасан гомдлын хариуд өөр этгээдэд тус газрыг эзэмшүүлсэн талаар мэдэгджээ. Гуравдагч этгээд нь газар эзэмших тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байдаг бол нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамгийн анх хүсэлт өгч байсан нь хэргийн материалын 10, 54 дэх талуудад авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт” бүхий албан бичгээр нотлогддог. Тус албан бичигт газар зохион байгуулалтын албаны тамга дарагдсан, тухайн үед бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Д гарын үсэг зурж, хүлээн авсан байдаг. Гэвч захиргааны байгууллага дээрх эс үйлдэхүйгээ эс зөвшөөрч шүүхэд маргасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Д.Б-н өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмгөөлөгч авах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаан даргалагч өмгөөлөгчийг чинь иртэл хүлээнэ гэх байдлаар 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг 12 цаг 30 минут эхлүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлж, хүсэлт хэлэлцүүлсэн нь нэхэмжлэгч Г.Г болон төлөөлөгч Д.Н нарын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Улмаар шүүхээс удаа дараа өмгөөлөгч руу утсаар залгаж хурдан ир, таныг хүлээж байна гэх байдлаар залгаж, зурвас бичсээр 13 цаг 30 минутад өмгөөлөгчийг шүүхэд очиход шүүх хуралдааны дундуур оруулж хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн нь шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээрх байдлаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 128/ШШ2024/0940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Г-аас “... миний бие тус газрын нэгж талбарын хил, заагийн газарт эргэлтийн цэгийг бэхжүүлж, кадастрын зураг гаргуулж, мөн холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж газар эзэмших эрх олгуулах захирамж гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл өгсөн. Энэхүү өргөдлийг Газар зохион байгуулалтын алба хүлээж авч, өргөдөл гомдол хүлээн авсан тодорхойлолтыг Д гэх хүн үйлдэж, тамга дарж, гарын үсэг зөрж өгсөн, ... гэтэл хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй тул дахин 2017 оны 10 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 20, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өргөдөл өгсөн, ... манайх маргаан бүхий газарт 2018, 2019 оноос хойш байнга амьдарч байна. Газрын албаар яваад хашаагаа барь гэсэн тул хашаа барьсан, байшингаа 2019, 2020 онуудад Ковид-19 өвчний үеэр барьсан, ... Г.Г-н хүсэлтийг шийдвэрлээгүй 5 жил болсны дараа буюу 2022 онд иргэн Б.Б-т газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан нь цаг хугацааны хувьд өмнө нь хүсэлт гаргасан миний эрх ашгийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна ...” гэсэн үндэслэлээр ЧДЗДд холбогдуулан “Иргэн Б.Б-т газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Ж-**** тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлэх тухай миний хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хариуцагчаас “... Г.Г 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших өргөдөл өгсөн. 2017 онд өргөдөл өгсөн гэж байгаа боловч шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй. 2017 онд өгсөн засвартай баримтыг ямар замаар олж авсан нь тодорхойгүй ...” гэж, гуравдагч этгээдээс “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 тоот захирамжаар 411 м.кв газар эзэмшүүлсэн. Б.Б нь Г.Г хүсэлт гаргахаас өмнө 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан. Тиймээс Г.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын маргасан үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон журмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
5. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4.2-т “Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдана”, 4.2.3-д “Хээрийн судалгаа хийх”, 7.2-т “ Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Үүнд:”, 7.2.1-д “Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох”, 7.2.2-т “Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох”, 7.2.3-д “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх”, 7.2.5-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох” гэж журамлажээ.
6. Нэхэмжлэгчээс “... Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж-**** тоот хаягт байрлалтай газрыг 2017 онд худалдан авсан, ... манайх 2018, 2019 оноос хойш байнга амьдарч байна. Газрын албаар яваад хашаагаа барь гэсэн тул хашаа барьсан, байшингаа 2019, 2020 онуудад Ковид-19 өвчний үеэр барьсан ...” гэж тайлбарлан маргасан байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Г нь 2017 оноос маргаан бүхий газарт оршин сууж байсан эсэхийг тодруулж, дүгнээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцэхгүй байна. Хэрэгт хэдэн оных болох нь мөн аль байгууллага, албан тушаалтнаас гаргаж ирүүлсэн нь тодорхой бус сансрын зураг авагдсан байх боловч шүүх уг зургийг маргааны үйл баримтад холбогдуулан үнэлж дүгнээгүй байх тул завж заалдах шатны шүүх уг баримтай холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй байна. Зүй нь шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас он цагийн дарааллаар агаар, сансрын зургийг гаргуулан авч, хариуцагчаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахдаа дээр дурдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх байжээ.
7. Мөн нэхэмжлэгчээс “... Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж 1*** тоотод газар эзэмших хүсэлт гаргаж, тус газарт амьдарч ирсэн ...” гэж тайлбарлан маргасан байх боловч хэрэгт Цахилгаан эрчим хүчээр хангах 9187***дугаар гэрээнд[1] Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Г гэж бичигдсэн, 2022 оны 06 дугаар сард байгуулагдсан тус гэрээ, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Ж-1-*** хаягийн /Ж 1*** хаягийн өөрчлөлт/ Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр[2] авагдсан байх боловч огноо нь тодорхойгүй, /Ж.Б өрхийн бүртгэлийн 11258721***** дугаараар, Н.Ч өрхийн бүртгэлийн 11258721**** дугаараар тус тус бүртгэгдсэн/ эдгээрээс өөр энэ талаарх үйл баримтад хамаарах нотлох баримт авагдаагүй, шүүх нэхэмжлэгч тус газар хэзээнээс эхлэн амьдарч байсныг тодруулах нь хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд дүгнэлт тайлбар хийхэд ач холбогдолтой хамааралтай байхад энэ талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчийн энэ талаарх маргасан үндэслэл хэрэгт авагдсан дээрх баримтуудад ямар нэгэн дүгнэлт тайлбар хийгээгүй нь мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.
8. Түүнчлэн хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт[3]”-оор Г.Г-н өргөдлийг “газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д хүлээн авав” гэх гарын үсэг зурагдаж, тамга дарагдсан баримт эх хувиараа авагдсан, нэхэмжлэгчээс уг баримтад үндэслэн 2017 онд маргаан бүхий газрыг эзэмшихээр газрын албанд хүсэлт гаргаж байсан, үүнийг нотлох баримт нь уг баримт юм” хэмээн маргасан байна.
9. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны[4] тэмдэглэлд гэрч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.А-аас “...2016 оноос хойш туслалцаа авах зорилгоор Д.Н эгчийг танина. 2016 оноос хойш Ж-эд байрлах газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан. Г.М-аас худалдаж авсан юм шиг байсан. Г.М нь манай талийгаач бэр эгчийн төрсөн дүү. Тиймээс туслах зорилготой байсан боловч чадаагүй, ... Чингэлтэй дүүрэгт Д.Н эгч хүсэлт өгсөн. Би Чингэлтэй дүүрэгт ажилладаггүй учраас нотолж чадахгүй, Гэхдээ 2016 бил үү 2017 онд газар эзэмших хүсэлтээ өгөөд буцах хуудсаа авсан явж байсан, ... тухайн үед Д гэх хүн ажиллаж байсан ...” гэж мэдүүлжээ.
10. Нэхэмжлэгчээс “...Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл өгсөн. Энэхүү өргөдлийг Газар зохион байгуулалтын алба хүлээж авч, өргөдөл гомдол хүлээн авсан тодорхойлолтыг Д гэх хүн үйлдэж, тамга дарж, гарын үсэг зөрж өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 20, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өргөдөл өгсөн ...” хэмээн маргаж буй үйл баримттай холбогдуулан Д гэх хүн Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байсан эсэх, дээрх өргөдлийг хүлээн авч бүртгэсэн эсэх зэрэг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан тодруулах ажиллагааг хийж, тэдгээрт тулгуурлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай, давж заалдах шатны шүүх эдгээр ажиллагааг нөхөн гүйцээж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 30 дугаар зүйлийн 30.4-т “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ”, 30.4.7-д “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх” гэж тус тус заасан.
12. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн[5], 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс[6] үзэхэд “шүүх хуралдаан 12 цаг 30 минутад эхлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн” гэж тэмдэглэгдсэн байх боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаан эхэлснээс хойш оролцуулсан болох нь тогтоогдож байна.
13. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 82.1-д “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй”, 97.1-д “Хэрэг хэлэлцэх ажиллагаа шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ” гэж тус тус заасанд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарахаар байгааг дурдах нь зүйтэй байна.
Ийнхүү анхан шатны шүүх дээр дурдсан холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 0940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ