Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 89

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 17-р багт оршин суух З овогт Л.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Ш овогт М.Ц-д холбогдох,

“24,300,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.А би М.Ц-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлж зээлийн гэрээнд бид 2 гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Ингээд гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцоход 450 хоногийн алданги болж байна. Алданги тооцож үзвэл үндсэн зээлийн 16,200,000 төгрөгийн хоногийн алданги нь 81,000 төгрөг бүгд 36,450,000 төгрөг болж байгаа. Гэвч хуульд зааснаар зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцоход 8,100,000 төгрөг болно. Иймд үндсэн зээл 16,200,000 төгрөг дээр алданги 8,100,000 төгрөг нэмж нийт 24,300,000 төгрөгийг хариуцагч Ц-с гаргуулж авахаар нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х нь  М.Ц-д холбогдуулан зээлийн 16,200,000  төгрөг, алданги 8,100,000 төгрөг нийт 24,300,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Ц-тай харилцан ярилцан тохиролцож 20,000,000 төгрөг авахаар болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,300,000 төгрөгнөөсөө татгалзаж байна. эвлэрсэн 20,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор авахаар тохиролцсон болно” гэжээ.

Хариуцагч М.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М.Ц миний бие нь Л.А-н гаргасан зээлийн 16,200,000 төгрөг, алданги 8,100,000 төгрөг нийт 24,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад нэхэмжлэгч Л.А, Т.Х нартай харилцан ярилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг өгөхөөр болсон бөгөөд 2019 оны 08 сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч М.Ц-д холбогдуулан 24,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 4,300,000 төгрөгнөөс татгалзаж, зохигчид 20,000,000 төгрөгөнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч Л.А нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 279,450 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 139,725 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 20,000,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгнөөс 50 хувь болох 128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.А, хариуцагч М.Ц нар нь харилцан тохиролцож 20,000,000 төгрөгөнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 139,725 төгрөг, хариуцагч М.Ц-с 128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                              Б.Н