Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 2023        03         09                                  2023/ШЦТ/174

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Ч /өөрийгөө өмгөөлж/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чт холбогдох эрүүгийн 2311000000092 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,  Ч.Ч, 1968 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн, Дархан 2-р баг, ....тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүрэг 15-р хороо, Хурд хороолол 3-ийн 4 тоотод түр оршин суух хаягтай, урьд 2003 оны 05 сарын 20-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2-р шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож 6,435,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 06 дугаартай торгуулийн ялыг өөрчлөн солих тухай захирамжаар 6,435,000 төгрөгийн торгох ялыг баривчлах ялаар сольж шийдвэрлэсэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын ....тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Г.Тын нүүр, толгой хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, архины шилээр гарыг нь зүсэх зэргээр зодож түүний биед зүүн бугалганд шарх, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, хохирогч Л.Дий баруун гарын шуу хэсгийг шилний хагархайгаар зүсэж, түүний биед баруун шуунд эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тус тус үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч Ч.Чоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Чоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээж байна. Ттай холбоо барихад эмнэлэгт үзүүлье гэсэн ба тэгэхээр нь би Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт цуг үзүүлэх гээд цаг товлоод уулзахаар хүлээсэн боловч ирээгүй. Мөн би гэрт нь очиж уулзахад мөнгө нэхээд байгаа боловч эмнэлгийн байгууллагад цуг үзүүлэхгүй гээд байгаа юм. Дд би эмчилгээний зардал, сувилалд явах мөнгө бүгдийг өгсөн байгаа юм. ..” гэсэн мэдүүлэг /хх-49-50/,

Хохирогч Г.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай найз болох Г.Т гэртээ дүүгийн хамтаар байсан тул шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэглэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-4076 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн орчимд Г.Тгийн гэрт нь очсон. Тэр үед Г.Тгийн гэрт манай найз И, Д, Г нар байсан. Би хэсэг хугацаанд юм яриад инээлдэж байгаад унтаж амарсан. Би Дий хамтаар газраар унтсан харин Т дүүгийнхээ хамтаар орны дээр түүний зэрэгцээх орны дээр И ганцаараа буйдан дээр Г ганцаараа унтаж байсан. Гэтэл өглөө үүрээр 05 цагийн орчимд байшингийн хаалга онгойж Тгийн ах /180см орчим өндөртэй 80-90 кг орчим жинтэй, 40 орчим насны нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд тэр ах гал тогооны гэрэл асааж Г руу дөхөж очоод хөлөөрөө Гантулгын хөл хэсэг рүү 1-2 удаа өшиглөж Д бид хоёр руу дөхөж ирээд миний толгой, Дий толгой руу 1-2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үедээ тэр ах хар өнгийн гуталтай байсан. Тэр ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бид нарыг босоод ир хулгайчуудаа гэж хэлсэн. Тэр үед бид гараад зугтаах гэтэл та нар ийшээ сууцгаа, хэдүүлээ ярилцъя гэж хэлсэн. Хэлсэн ёсоор нь хэлсэн газарт нь бид бүгдээрээ суутал гадуур хувцасны дотор хэсгээс хараа нэртэй архи гаргаж ирээд миний толгойны баруун дээд хэсэг рүү 2 удаа архины шилээр цохисон. Мөн Дий толгойны орой хэсэг рүү архины шилээр 1 удаа цохитол өнөөх архины шил нь хагарч дотор нь байсан архи асгарсан. Тэгээд тэр ах Дий баруун гарын шууны дотор хэсгийг хагарсан архины шилний хэлтэрхий хэсгээр хэд хэдэн удаа зүссэн. Тэгээд миний баруун гарын тохой хэсгийг нэг удаа архины шилний хэлтэрхий хэсгээр зүссэн. Тэр үед бид нар тухайн ахаас ахиж энэ гэрт орж ирэхгүй ээ ахаа, бид нарыг уучлаарай гэж хэлтэл миний хамар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Түүнээс болж миний хамар хөхөрч хавдсан мөн баруун гарын тохой хэсэг 4-5 см зүсэгдэж их хэмжээгээр цус гарч толгойны цохигдсон хэсэгт хавдаж, улайсан. Энэхүү үйл явдал болж байх үед И, Г хоёр гэрээс гарч явсан тул тэр хоёрын биед учирсан гэмтэл байхгүй болно. Харин Дий баруун гарын шуу хэсэгт болон толгой хэсэгт гэмтэл учирсан. Тэр ах Тг 1-2 удаа толгой хэсэг рүү нь цохисон ба түүнээс болж гэмтэл учраагүй юм. Бид Тгийн гэрт байхдаа архи согтууруулах ундааны зуйл хэрэглээгүй болно. Ямар шалтгаанаар тэр ах бид бүхний биед гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна мөн урд өмнө нь уулзаж байгаагүй юм..” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

Насанд хүрээгүй хохирогч Л.Дөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 12 дугаар сарын 31-ний орой өөрийн найзууд болох, И, Т нартай хамт Т Г нарын хамт өөрийн найз болох Тгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ....тоотод очсон. Очиход 1 давхар байшин байсан ба би урьд нь очиж байсан юм. Бид нар оноо Сухбаатарын талбай дээр гаргачихаад, 01 цагийн үед очиход Т түүний дүү Тэлмэн, Г нарын хамт гэртээ байж байсан. Тэд нар зурагт үзээд байж байсан. Бид нар очоод юм ярьж байж байгаад 02 цагийн үед унтахаар би тухайн өрөөний газар нь И бид хоёр газраар, Т дүү Т  орон дээр, Т өөр нэг орон дээр ганцаараа, Г нь Тгийн буйдангийн хөл хэсэгт унтахаар хэвтээд унтацгаасан. Тэгтэл үүрээр гэнэт нэг согтуу байдалтай 50 орчим настай хүн орилоод хаалгаар орж ирээд намайг унтаж байхад өшиглөж сэрээгээд, тэр хүн гартаа хараа нэртэй 0.75 литрийн архи барьсан байсан ба бид нарыг босоцгоо буйдан дээр сууцгаа гээд очоод хувцсаа өмсөөд суутал тэгээд бид нар луу дайрахад И Г хоёр гараад зугтаасан.

Тэгээд архины шилээрээ Тын толгой руу хоёр удаа цохиж, гараараа бас нүүр лүү нь цохисон. Тэгээд нөгөө архины шилээрээ миний толгой руу нэг удаа цохитол архины шил нь хагараад архи нь асгарсан ба дахиад цохих гэхээр нь гараараа хамгаалтал миний гарыг цохиод, гарнаас цус гарсан. Тэгээд нөгөө архины шилний хагархайгаараа Тааг бас гарын бугалга хавьд нь бас нэг удаа зүсэх шиг болсон. Тухайн үед надаас цус гараад, мөн дээрээс архи асгарсан юм. Тэгээд Таа гарч зугтаагаад, нөгөө ах гэнэт намайг “чи яагаад өөрийгөө зүсээд байгаа юм бэ?, намайг шоронд хийх нь дутаа юу? Би олон улсын хэмжээний мастер, та нар надтай үзэх үү?” гээд дайраад байсан. Би зуухных нь урд очиж суугаад, надад түргэн дуудаад өгөөч гэж хэлтэл “энд нэг хүн өөрийнхөө гарыг зүсчихлээ” гэж дуудаад, манай найз Тд хандаж, “эмнэлэг цагдаа ирэхээр болсон бүх юмыг хэлээрэй, танай найз өөрөө амиа хорлох гэж байна шүү” гэж хэлсэн ба Т тухайн үед шалан дээр асгарсан цусыг арчиж байтал найз чинь үхэх гээд байна найзыгаа авар гэж хэлээд Тг нүүр бие рүү нь цохиод байсан юм. Тухайн үед 3 билүү 4 настай Тэлмэн сэрсэн байсан ба уйлаад байж байсан юм. Тэгж байтал түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн юм..” гэх мэдүүлэг /хх-19/  ,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 04- ны өдрийн №898 дугаартай дүгнэлтэд: /хх-32-33/ “..Г.Тын биед зүүн бугалганд шарх, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн бугалганд шарх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1030 дугаартай дүгнэлтэд: “..Д.Дий биед баруун шуунд эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-37-39/, шүүгдэгч Ч.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт цугласан бусад бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

 

Хохирогч Г.Т, Л.Д нарт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 05 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 19-4076 тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Г.Тын нүүр, толгой хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, архины шилээр гарыг нь зүсэх зэргээр зодож түүний биед зүүн бугалганд шарх, хамрын нуруу, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хохирогч Л.Дий баруун гарын шуу хэсгийг шилний хагархайгаар зүсэж, түүний биед баруун шуунд эдийн дутагдал үүсгэсэн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чийг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь дээрх торгуулийн ялыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд  төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Чийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь хохирогч Г.Тт 300.000 төгрөг, хохирогч Л.Дд 2.000.000 төгрөг өгсөн нь баримтаар тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Т, Л.Д нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.408.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Чоос гаргуулж өгнө үү гэсэн боловч энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй зөвхөн жагсаалт ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чт оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000  төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12       .1.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Г  нэхэмжилсэн 1.408.000 төгрөгийг төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР