Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг /томилолтоор/ ,

Шүүгдэгч, хохирогч Л.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Шүүгдэгч, хохирогч Ч.Т, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н, Ч.Т нарт холбогдох эрүүгийн 2111 01521 1857 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Л.Н, 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны .....тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй.

-2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дүгээр тогтоолоор 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар,

-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн №152 дугаар тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /

 

2. Монгол Улсын иргэн, Ч.Т, 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, “Уст хануй” ХХК-ийн захирал, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн ... тоотод оршин суух, ял шийтгэл, гавьяа шагналгүй,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Л.Н нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэрэл төвийн баруун талын зам дагуу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В Ч, Ч.Т нарын тээврийн хэрэгслийг хойд талаас нь өөрийн тээврийн хэрэгслээр мөргөж улмаар маргалдан зодолдож хохоирогч В Чгийн биед баруун нүдний зовхи, баруун хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хохирогч Ч.Тгийн биед зүүн гарын долоовор хуруунд шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч нь Ч.Т нь хохирогч Д.Оын биед тархи доргилт, дух, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зүүн нүдний гадна булан, цохонд зулгаралт бүхий гэмтэл, хохирогч Л.Нгийн биед биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт, хамар, хамрын угалз, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Л.Нгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Маргалдаад зогсож байхад араас хатуу зүйлээр цохисон. Граш руу ороод Тгийн нөхөртэй дээр, доороо ороод ноцолдож байхад араас маажиж байгаад завж руу гар нь орж ирэхээр нь хазсан. Нөхөртэй нь зодолдож байхад араас нүүр урж байх явцдаа гар нь ам руу орж ирээд хазуулсан. Гомдол санал байхгүй. Миний толгой угаасаа өвддөг. Тухайн үед их өвдөж зовуурь байсан. Эм тангаа уугаад зүгээр болсон. Араас толгой хэсэг рүү хатуу зүйлээр цохисон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эхлээд Ттай маргаж байхад тэр жижигхэн залуу араас 2 цохисон. Тэгэхээр нь эргэж хараад нөхрийг нь барьтал, энэ нөхрөө өмөөрөөд намайг алгадсан.. ” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Тгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би хүн зодоогүй. Намайг тоосгоор цохисон гээд байгаа, тоосго байгаагүй. Энэ хүн утсаар яриад гэнэт уурлахаар нь би эвгүйтэх нь гэж бодоод утсаараа бичлэг хийсэн. Тэр бичлэгт түрүүлж намайг цохисон нь харагдаж байгаа. Мөн манай нөхрийг араас нь өшиглөөд хөөж байгаа нь тодорхой бичигдсэн. Би нүүр рүүгээ цохиулаад 4-5 секунд манараад сууж байтал манай нөхрийг гүйцэхгүй болохоор нь над дээр эргэж ирсэн. Тэгээд грашны харанхуй хэсэг рүү чирч аваачаад гэдэс рүү өшиглөсөн. Би оёо задарчих вий гээд айсандаа босож зугтаасан боловч куртканы малгайнаас зулгааж миний зүүн гарын хурууг тасдана гэж хазсан. Хуруу хазах үед маш их өвдөлт мэдэрч байсан учраас хуруугаа авахын тулд утсаараа толгой руу нь цохисон. Утсаараа цохисноо хүлээн зөвшөөрч байна, тоосгоор цохиогүй.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Л.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой 18 цаг өнгөрч байхдаа би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 6-р хорооны төв зам гэрэлт төвийн баруун талд өөрийн эзэмшлийн 44-.... улсын дугаартай маркын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад нэг приус 20 маркын машиныг мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад байж байтал урд талын мөргүүлсэн машины жолооч гэх жижигхэн биетэй эрэгтэй хүн бууж ирээд дуугүй зогсоод байсан. Тэгээд би тэр хүнд хандаж зүгээр үү, миний машин даатгалтай, даатгал дуудъя гэж хэлтэл тэр хүн толгой дуугархгүйгээр толгой дохисон. Тэгээд би тэр хүнийг толгой дохиод дуугарахгүй байхаар нь ярьж чаддаггүй хэлгүй хүн байна гэж бодоод, чи ярьж чаддаггүй юм уу, гэж асуутал тэр хүн гар утсаа гаргаж ирээд утсаараа хүн рүү залгаад надад яриулах гэж гар утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад ярьтал нэг эмэгтэй хүн, би эхнэр нь байгаа юм, наад хүн чинь Хятад улсын иргэн гэж хэлээд би одоо яваад очъё түх хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй ирсэн юм. Харин нөгөө хятад эрэгтэй хальт явчихаад буцаад хүрээд ирсэн юм. Тухайн үед О гэх манай найз байж байсан. Тэгээд би машин мөргөсөн асуудал дээрээ машиныг чинь будуулаад өгье 200.000 орчим мянган төгрөг болно гэтэл тухайн хятад эрэгтэйгийн эхнэр болох сүүлд ирсэн Т гэх эмэгтэй будуулахгүй бүтэн гүпер авна гэж хэлсэн юм. Тэгээд маргалдаад би 200.000 төгрөг өгье гэтэл тэд нар 500.000 төгрөг нэхээд тэгээд эмэгтэйтэй нь муудалцсан юм. Тэгээд маргалдаад байж байтал нөгөө эмэгтэй миний нүүр лүү мангастсан юм. Тэгээд тэр эмэгтэй намайг дахиад нүүр лүү цохих гээд дайрахаар нь би гарыг нь барьж аваад түлхсэн юм. Тэгтэл тэр хятад улсын эрэгтэй гэх эрэгтэй миний толгойны ар хэсэг рүү цохисон юм. Тэгээд би шууд тэр хятад залууг барьж аваад газар унагаагаад 1-2 удаа өшиглөсөн юм. Тухайн асуудал замын хажууд болсон Тэгээд бид нар муудалцаж байгаад грашны орчимын харанхуй хэсэг рүү дунд нь ороод маргалдаж байтал Т миний толгой руу гартаа барьж байсан гар утсаараа 2 удаа цохисон юм. Мөн миний нүүрийг маажсан юм. Тухайн үед О голоор орж ирэхэд тэр эмэгтэй Оын дух, нүүр хэсэг рүү гартаа барьж байсан гар утсаараа мөн адил 2-3 удаа цохиод О нүүрээ дараад газар суусан юм. Тэгээд тэр хятад залуу зугтаагаад явсан бөгөөд хойноос нь Т нь гүйгээд тэр 2 дэлгүүр лүү явж орсон юм. Би араас нь дэлгүүрт ороод хятад залууг хөөгөөд барьж аваад мөр, нуруу орчим руу гараараа цохисон юм. Өөр зүйл болоогүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-222-226/,

Шүүгдэгч Ч.Тгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 11 дүгээр сарын 22-ний орой Н гэх залуу нь миний хурууг хазаад, би хазахыг нь болиулж хуруугаа салгаж авахын тулд өөрийгөө хамгаалах зорилготойгоор Нгийн толгой хэсэг рүү өөрийн барьж байсан гар утсаараа 2 удаа цохисон. Н миний хурууг хазчихаад шүдээрээ хавираад таслана даа гээд тавихгүй болхоор нь нүүрнийх нь хэсгээс мөн адил гараараа тавиулах гэж татсан юм. Өөрөөр бол би тэр залууг санаатай цохисон үйлдэл гаргаагүй. Зөвхөн өөрийгөө л хамгаалах гэж, Нгийн үйлдлийг таслан зогсоох гэж цохисон. Би О гэх залууг санаатай цохиогүй. Тэр залуугийн биед бас гэмтэл гарсан байсан дүгнэлтийг өмнө нь би уншиж байсан. Тэр залуу намайг Нг цохих үед дундуур орж ирээд цохиулсан байж магадгүй юм. Тухайн үед би бүүр айчихсан, миний сэтгэл санаа цочирдсон, маш их сандарсан, гайхсан сэтгэл санаа хэвийн бус байсан юм. Тэр үедээ би өөрийгөө болон нөхрийгөө яаж хамгаалах вэ гэж бодож тэр Нг цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-235-236/,

Хохирогч В Чгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..2021 оны 11 сарын 22-ны орой харанхуй болж эхэлж байх үед гэрэл төвийн ойролцоо дэлгүүрээс бараа аваад ажил руугаа машинаар явж байгаад төв зам руу орох гээд уулзвар дээр зогсож байтал миний машины араас нэг машин мөргөсөн. Би машинаасаа буугаад куперээ хараад зогсож байтал миний машины гупер хагалсан машины урд гупер хагарсан байдалтай байсан. Мөргөсөн машины жолооч болох шар өнгийн куртиктэй залуу бууж ирсэн. Түүнээс өөр хэн нэгэн хамт байгаагүй. Ирээд “би машиныг чинь засаж өгнө” гэхээр нь би “болноо” гэсэн чинь “цагдаа дуудсан уу” гэхээр нь би түүнд “дуудаагүй” гэтэл “за сайн байна. Тэгвэл хоёулаа эндээ зохицоё” гэхээр нь би ойролцоо байдаг гэртээ байсан эхнэр рүүгээ утсаар яриад түүнийг дуудсан. Би өөрөө ажилтай яараад байсан, эхнэр ирээд би ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод байж байтал эхнэр залгаад “энд нэг хятад хүн ирсэн байна чи утсаар ярь даа” гэхээр нь утсаар ярих гэтэл надтай утсаар ярихгүй болохоор нь буцаад машин дээрээ очтол шар хувцастай хүнээс гадна хар өнгийн куртиктэй нэг хүн ирсэн байхаар нь би түүнтэй хятадаар ярих гэтэл надтай ярихгүй болохоор нь би эхнэртэй энэ хүн хятад хүн биш байна гэж хэлсэн. Тэр жолооч надад “энэ машин компанийн машин байгаа юм. Эзэн нь хятад хүн байдаг та ярьчих” гэхээр нь би уг хүнтэй утсаар нь ярих гэтэл утсаар нь яриулсан хүн нь ч надтай ярихгүй байсан. Би утсаар хүн ярихгүй байна гэж хэлтэл жолооч залуу /Н/ намайг чи яасан муухай санаатай хүн бэ, гээд над руу дайраад байхаар нь би түүнд, яаж муухай зан гаргасан юм бэ, чи миний машиныг засуулаад өгчих, би чамаас өөр мөнгө төгрөг нэхээгүй гэж хэлтэл над руу дайраад миний зүүн гуя руу өшиглөхөөр нь би тэндээс зугтааж яваад граш тойрч эргээд иртэл Н гэх залуу манай эхнэртэй зууралдчихсан эхнэрийн зүүн гарын хурууг нь хазчихсан зогсож байсан. Хажууд нь О гэх залуу хараад зогсож байсан. Тэгээд гарыг нь салгаад дэлгүүр лүү ортол Н хойноос орж ирээд миний толгой нүүр орчим 1-2 удаа гараараа цохисон, гэдэс орчим 2-3 удаа өшиглөхөөр нь би зугтааж явтал Н манай эхнэрийн гэдэс рүү хөлөөрөө өшиглөж байх шиг байсан.. гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

 

Хохирогч Д.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 11 сарын 22-ны орой ажил тарах орчим явган явж байгаад Н, Б нарыг машинтай явж байхад нь гэр рүүгээ дөхөхөөр машинд нь суугаад явж байтал 5 дугаар сургуулийн орчим зам түгжрэхээр нь бууж явган гэррүүгээ явахаар болоод ганцаараа алхаж явтал Н залгаад машины араас мөргөчихлээ гэхээр нь би ойрхон явж байсан болохоор Гэрэл төвийн баруун талд авто зам дээр очтол Нгийн машин нь приүс-20 загварын мөнгөлөг саарал өнгийн машины араас нь мөргөсөн байдалтай хажууд нь нэг танихгүй эмэгтэй хоорондоо уулзаад байж байсан. Тухайн эмэгтэй нь барьж байсан утсаараа Нгийн толгой руу нь 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би голоор нь орж салгаад зүүн гараараа Нг түлхэж баруун гараараа нөгөө хоёрыг түлхээд байж байтал эмэгтэй нь гар утсаараа миний нүүр хамар орчим 2-3 удаа цохисон. Уг дүгнэлтэд дурьдсан гэмтлүүдийг миний биед Т эмэгтэй гар утас болон тоосгоор цохиж учруулсан” гэх мэдүүлэг болон гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэх хүсэлт..” гэсэн мэдүүлэг /1хх-49-55, 2хх-30/,

 

Хохирогч Ч.Тгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 11 сарын 22-ны 18 цагийн орчим гэртээ байж байтал манай нөхөр В Ч над руу утсаар залгаад гэрийн хажуугийн зам дээр миний машиныг машинтай хүн мөргөчихлөө. Би ажилтай яараад байна. Чи гараад ирээч гэхээр нь гараад очтол манай машин туслах замаас төв зам руу нийлдэг уулзвар дээр зогссон. Араас нэг машин мөргөсөн байдалтай байж байсан. Намайг очиход манай машиныг мөргөсөн машины жолооч /Сүүлд нэрийг нь мэдэхэд Н/ манай нөхөртэй уулзаад манай нөхөр гупер янзлаад өгчих надад гомдол санал байхгүй гэж хэлсэн байсан. Тэр Н гэх хүнтэй машины гүперээ бүтэн болгоод солиулчихъя гээд яриад зогсож байхад, тэр Н гэх машины жолооч болох залуу утсаараа нэг хүнтэй ярьсан. Тэр үед Нтэй утсаар ярьж байсан хүн нь загнасан бололтой, утсаа тасалсаны дараа шууд гэнэт аймар уурлаад эхэлсэн. Би тухайн үед утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал Н над дээр ирээд баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед би гар утсаа гартаа барьчихсан байсан ба миний гар утас гарнаас мултарч газар унаж дэлгэц нь хагарсан. Би тэгээд шууд нүүрээ дараад манараад доошоо суусан ба тухайн үед манай нөхрийн бөгс рүү Н өшиглөөд манай нөхөр шууд зугтаасан юм. Тэгтэл тэр Н гэх залуу манай нөхрийн хойноос нь хөөсөн. Тэгхээр нь би босоод хойноос нь бас гүйтэл Н манай нөхрийг гүйцээгүй зогссон ба шууд над руу эргэж хараад граш орчмын харанхуй хэсэг рүү хувцаснаас барьж чирч аваачаад газар унагаагаад миний биеийн гэдэс хэсэг рүү 2 удаа байхаа өшиглөсөн. Би тэгээд шууд босож ирээд дэлгүүр лүү зугтаатал Н миний хойноос хувцаснаас барьж авч угз татаад ямар овоо гичий вэ гээд миний хурууг таслана гээд хазсан юм. Тэр үед манай нөхөр ирж салгасан байдаг. Тэгээд дэлгүүрт нөхрийнхөө хамт зугтаагаад ортол Н хойноос дэлгүүрт орж ирээд миний зүүн эгэм хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би зугтаж дэлгүүрээс гарсан. Өөрөөр бол Н намайг цохиогүй. Манай нөхрийг Н бөгс рүү нь 2 удаа өшиглөж байсан. Мөн дэлгүүрт ороод цохиж зодсон. Би гэхдээ яг хаана цохиж байгааг бол хараагүй. О гэх залуу нь бол манай нөхрийг цохиогүй..” гэсэн мэдүүлэг /1хх-41-43/,

 

Хохирогч Л.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..2021 оны 11 дүгээр сарын 22-ны 20 цагийн орчим Гэрэл төвийн хажууд би 44-14 УБҮ улсын дугаартай машинтай Б жолоо барьж байсан. Тэр машинаас нэг жижг биетэй намхан хар куртиктэй залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би бууж очоод уучлаарай зүгээр үү гэтэл зүгээрээ гээд тэр жижгхэн залуу инээсэн. Энэ гупер хэдэн төгрөг болох бол гэж хэлтэл миний яриаг ойлгохгүй хүн дуудна гээд нэг эмэгтэй хүн дуудсан. Тэр ирсэн эмэгтэйд нь хандаж манай машин бүрэн даатгалтай та нар санаа зовохгүй байж болно. Эндээс хөдлөөд Ветнам засвар оръё гэж хэлээд хоорондоо эвтэй яриад зогсож байтал тэр эмэгтэйд миний санал таалагдаагүй бололтой тэр эмэгтэй надаас бэлэн мөнгө нэхсэн. Би тэр залууг нь гараараа толгой, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон мөн гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Харин тэр эмэгтэйг нь би цохиогүй, түлхсэн мөн барилцаж аваад зууралдсан юм. Тухайн үед В Ч гэх эрэгтэй нь миний толгойны ар хэсэг рүү 2 удаа цохисон, мөн тэр залуутай хамт явж байсан эмэгтэй нь миний толгойны орой хэсэг, дагзны хуйх хэсэг рүү хатуу зүйлээр 3-4 удаа цохисон. Тухайн үед нөхөртөй нь зууралдчихсан байж байсан. Тэр хүүхэн хамар, хацар хэсгийг маань маажсан юм. Тухайн гэмтэл учирсан газруудад дандаа эмэгтэй нь цохисон, тэр эмэгтэй нь уг гэмтлүүдийг учруулсан. Гомдолтой байна. Одоогоор нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-44-45/,

 

Гэрч Д.Гаас мөрдөн шалгах ажиллагаан үед мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 52 дугаар байрны өргөтгөлд Дэлгэр ширээт нэртэй дэлгүүр ажиллуулдаг. Өчигдөр 18 цагийн орчим гаднаас улаан куртик өмсөн 30 орчим настай үл таних эмэгтэй гар нь цус болчихсон айж сандарсан байдалтай туслалцаа гуйж хүн зодоод байна эрэгтэй хүн байна уу гэж орж ирсэн ба араас нь бас нэг үл таних хар куртик өмссөн залуу орж ирээд манай хаалгыг дотроос нь дараад зогссон ба гаднаас нь нүдний шилтэй залуу хаалга хүчтэй өшиглөөд түрэмгий орж ирсэн. Тэр нүдний шилтэй залуу орж ирээд бахирч орилоод хужаа минь чамайг ална гээд орилоод тухайн өвөр монгол залууг зодоод байсан ба энэ үед анх орж ирсэн эмэгтэй салгах гэж оролдсон боловч эмэгтэйг бас түлхэж унагаагаад цохиод авсан..” гэсэн мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Н 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №11752 дугаартай дүгнэлтэд: “Д.Оын биед тархи доргилт, дух, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зүүн нүдний гадна булан, цохонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх-86-87/,

 

Шүүхийн             шинжилгээний         үндэсний            хүрээлэнгийн        шинжээч

О.Н н 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №11573 дугаартай дүгнэлтэд: “Л.Нгийн биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт, хамар, хамрын угалз, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-89-90/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Ч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №11694 дугаартай дүгнэлтэд: “В Чн биед баруун нүдний зовхи, баруун хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1хх-78-90/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.ч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №11690 дугаартай дүгнэлтэд: “Ч.Тгийн биед зүүн гарын долоовор хуруунд шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /1хх-82-83х/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-13-14х/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд, /1хх-17-19х/, Дэлгэр ширээд хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-110-118х/, Ч.Тгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-120-122х/, Эд мөрийн баримтаар хураан авсан цагаан өнгийн гадаргуун дээр 3, мөн 4 гэж тус тус дугаардасан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх-10х/, шүүгдэгч Л.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-244/, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /1хх-242/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-154/, шүүгдэгч Ч.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-205/, оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-204/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-151/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч хохирогч Ч.Тгийн өмгөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “..Ч.Т нь гэмт хэргийг санаатай үйлдээгүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлтйг 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтыг гэмт хэргийн шинжтэй хийсэн. Т хуруугаа салгаж авахын тулд гар утсаараа 2 удаа цохисон. Хамар, хацар, уруулын ойролцоо шарх тогтоогдсон ч тэр үед хурууг нь тавиагүй, Тгийн нөхөр ирж хацрыг нь дарж салгасан. Нгийн үйлдэл нь хохирогч Тгийн хурууг таслах, цаашлаад эд эрхтнээс нь хагацаах хор уршигтай, тухайн үеийн нөхцөл байдал хүнд, гүнзгий шүдний ором орсон өвчин зовуурь их байсан учраас аргагүй хамгаалалт үзүүлсэн гэж үзэж байна. Хэргийн газраас тоосго олдоогүй. Н, О нар 2 гэрч байсан, утсыг нь авсан гэж байгаа боловч тэр 2 гэрчийг олоогүй. Мөрдөн байцаагчид гэрч нарын дугаарыг өгч мэдүүлэг өгүүлэх боломжтой байсан. Энэ гэмт хэрэг нотлогдоогүй гэж үзэж байна. Н олон нийтийн газарт хэрүүл шуугиан тарьж, Монгол хүн Хятад хүнтэй суусан гэж үзэл бодлоороо довтолгоог эхлүүлсэн. Хохирогчийн өдөөн хатгалтын улмаас гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдсэн. Энэ нь хүмүүс хоорондын харилцаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлыг зөрчсөн. Хүний чөлөөтэй байх эрхэнд халдаж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар довтолсон. Ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл хийсэн. Тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас туслам авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамаарч хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар хэр хэмжээнд тохирсон байх ямар нэгэн шаардлага хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно гэсэн Дээд шүүхийн тогтоолын тайлбар байна. Тухайн үед бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь үнэн боловч энэ нь аргагүй хамгаалалт байсан. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч хохирогч нарын хооронд үүссэн маргаан анх шүүглэгч Л.Н нь хохирогч В Чгын автомашиныг мөргөсөн зам тээврийн ослоос эхлэлтэй бөгөөд хохирогчийн эхнэр Ч.Т нь хэрэг болсон газар ирж маргалдсан байна. Маргаан зодоон шүүгдэгч Л.Нгээс эхэлсэн боловч шууд хохирогч Ч.Труу чиглээгүй, хохирогч В Чг цохиод хөөсөн, буцаж ирээд хохирогч Ч.Тг цохисон бөгөөд Ч.Т нь Л.Н, хохирогч Д.О нарыг гар утсаараа толгтойн ар хэсэгт араас буюу араас нь цохисон, гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч В Чгаас мэдүүлсэн “чи миний машиныг засуулаад өгчих, би чамаас өөр мөнгө төгрөг нэхээгүй гэж хэлтэл над руу дайраад миний зүүн гуя руу өшиглөхөөр нь би тэндээс зугтааж яваад граш тойрч эргээд иртэл Н гэх залуу манай эхнэртэй зууралдчихсан эхнэрийн зүүн гарын хурууг нь хазчихсан зогсож байсан. Хажууд нь О гэх залуу хараад зогсож байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Оаас “тухайн эмэгтэй нь барьж байсан утсаараа Нгийн толгой руу нь 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би голоор нь орж салгаад зүүн гараараа Нг түлхэж баруун гараараа нөгөө хоёрыг түлхээд байж байтал эмэгтэй нь гар утсаараа миний нүүр хамар орчим 2-3 удаа цохисон. Уг дүгнэлтэд дурьдсан гэмтлүүдийг миний биед Т эмэгтэй гар утас болон тоосгоор цохиж учруулсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Тгаас мэдүүлсэн “би тухайн үед утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал Н над дээр ирээд баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үед би гар утсаа гартаа барьчихсан байсан ба миний гар утас гарнаас мултарч газар унаж дэлгэц нь хагарсан. Би тэгээд шууд нүүрээ дараад манараад доошоо суусан ба тухайн үед манай нөхрийн бөгс рүү Н өшиглөөд манай нөхөр шууд зугтаасан юм. Тэгтэл тэр Н гэх залуу манай нөхрийн хойноос нь хөөсөн. Тэгхээр нь би босоод хойноос нь бас гүйтэл Н манай нөхрийг гүйцээгүй зогссон ба шууд над руу эргэж хараад граш орчмын харанхуй хэсэг рүү хувцаснаас барьж чирч аваачаад газар унагаагаад миний биеийн гэдэс хэсэг рүү 2 удаа байхаа өшиглөсөн. Би тэгээд шууд босож ирээд дэлгүүр лүү зугтаатал Н миний хойноос хувцаснаас барьж авч угз татаад ямар овоо гичий вэ гээд миний хурууг таслана гээд хазсан юм. Тэр үед манай нөхөр ирж салгасан байдаг гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Нгээс мэдүүлсэн “эндээс хөдлөөд Ветнам засвар оръё гэж хэлээд хоорондоо эвтэй яриад зогсож байтал тэр эмэгтэйд миний санал таалагдаагүй бололтой тэр эмэгтэй надаас бэлэн мөнгө нэхсэн. Би тэр залууг нь гараараа толгой, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон мөн гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Харин тэр эмэгтэйг нь би цохиогүй, түлхсэн мөн барилцаж аваад зууралдсан юм. Тухайн үед В Ч гэх эрэгтэй нь миний толгойны ар хэсэг рүү 2 удаа цохисон, мөн тэр залуутай хамт явж байсан эмэгтэй нь миний толгойны орой хэсэг, дагзны хуйх хэсэг рүү хатуу зүйлээр 3-4 удаа цохисон. Тухайн үед нөхөртөй нь зууралдчихсан байж байсан. Тэр хүүхэн хамар, хацар хэсгийг маань маажсан юм..” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Тгийн бусдад гэмтэл учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Хохирогч В Ч, Д.О, Л.Н, Ч.Т нарын биед учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас харилцан бие биедээ болон бусад хохирогч нарт учруулсан гэмтлийг, Эрүүгийн хуульд заасан хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Н нь хохирогч В Ч, Ч.Т нарт гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Л.Н, Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.О, Л.Н нар нь шүүгдэгч Ч.Тгаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Тг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Ч.Т нь шүүгдэгч Л.Нгээс өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, гар утасны 608.000 төгрөг, орчуулагчийн хөлс 250.000 төгрөг, эм тарианы 26.600 төгрөг, эмчид үзүүлсэн төлбөр 40.000 төгрөг, эмчилгээ хийлгэсний 220.000 төгрөг нийт 4.144.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогч Ч.Т нь өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хөлсний хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоосон аргачлал байхгүй, тус хэрэгт хохирогч нь хуульд заасан үндэслэлээр зайлшгүй өмгөөлөгч аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй байна. Мөн гар утсаа шүүгдэгч Л.Нгийн үйлдлээс эвдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр хохирогч Л.Н, Д.О нарыг толгой хэсэгт цохиж гэмтэл учруулахдаа эвдсэн эсэх нь мөн тодорхойгүй  байх тул шүүх хохирогч  Ч.Тгаас нэхэмжилсэн нэхэмжлэлээс 3.608.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Нгээс 536.600 төгрөгийг гаргуулж хохирогч В Чд 276.600 төгрөгийг, хохирогч Ч.Тд 260.000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Н, Ч.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Л.Нд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Тд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг, шүүгдэгч Л.Нд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч Л.Н, Ч.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх, Redmi маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Н, Ч.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Тд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Нд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ч.Тгаас нэхэмжилсэн 3.608.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Нгээс нийт 536.600 төгрөгийг гаргуулж хохирогч В Чд 276.600 төгрөгийг, хохирогч Ч.Тд 260.000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Redmi маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай..

 

8. Шүүгдэгч нь Л.Н, Ч.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Н, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

          10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР