Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0800

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БОАЖЯ,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,

Гуравдагч этгээд: Б.О,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг биелүүлэхийг даалгах бие даасан шаардлага”-ыг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, гуравдагч этгээд Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий акт нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Гуравдагч этгээдийн Б/103 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангахгүй байсан учир төр чөлөөлсөн байгаа. Буцаад шаардлагаа хангаад эгүүлэн томилогдох боломжтой гэдэг байдлаа чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж шаардлага тавьсан байдаг. Төрийн албаны тухай шинэчилсэн хууль батлагдсаны дараа 2019 оны 08 дугаар сарын 47 дугаар шийдвэрээр ойн зохицуулалтын даргын албан тушаал баталсан байдаг. Батлахдаа бол Төрийн албаны тухай хуулийн миний дурдсан шаардлагаар батлагдсан байдаг. Иймд төрийн нарийн бичгийн даргын тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 Нэхэмжлэгчээс гаргасан Б/103 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу түр чөлөөлсөн. Төрийн албан зөвлөл нь ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны тухай хууль батлагдсаны дараа гаргасан. Тусгай шаардлага дээр нь Төрийн албанд 12 жил, ахлах түшмэл нь 4 жил гээд ажлын байрны тодорхойлолтыг нь батлаад өгсөн байгаа. Төрийн албаны зөвлөлийн баталсан ажлын байрын тодорхойлолт болон Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу дээрх тушаалыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 2 агуулгаар няцаана. Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрэв захиргааны байгууллага нь нэхэмжлэл гаргахаар бол хуульд тусгайлан заасан тохиолдлоор нийтийн эрх зүйн чиг үүрэг үүсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т зааснаар 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргадаг. Энэ заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлтэй хутгаж болохгүй. Ийм учир 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны дагуу хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байна. Шүүгчийн захирамж нь 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу хүлээн авахаас татгалзсан. Одоо бол 54.1.1-т заасны дагуу гэсэн байр суурьтай байна. Хүсэлт биш юм шүү. Энэ талаар харгалзаж өгнө үү гэсэн байдлаар тайлбар хэлж байгаа юм.

Гуравдагч этгээдийн хувьд байгаль ойн бодлого зохицуулалтын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан. Удирдах албаны сонгон шалгаруулалт өгөөд хуульд заасан болзол шаардлага хангасан учир 2018 онд Төрийн албаны зөвлөлөөс санал болгож томилох эрх бүхий этгээд нь томилсон байдаг. Энэ хүнийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46.1.2 дахь заалтын дагуу чөлөөлсөн байдаг. Тус заалтын агуулга нь сургалтаар чөлөөлнө гэсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр гуравдагч этгээд нь суралцах ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Захиргааны акт хуульд нийцсэн байх зарчмаа алдаж байна. Албан шаардлага хангаагүй гэх гол нэхэмжлэлийн үндэслэл яриад байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23.2.2 дугаар зүйлд эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах ангилал зэрэглэлд гэж байдаг. Төрийн албанд 12 жил ажилласан гэх туршлагын шаардлагыг тавьдаг. Тус хууль нь 2019 онд хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Гуравдагч этгээд нь 2018 онд буюу шинэ хууль хэрэгжээгүй байхад томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч учир гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаад тусгай шаардлага яриад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бие даасан шаардлага гаргасан байгаа. Тус бие даасан шаардлагыг дэмжиж байгаа.

 Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргасан байгаа. Гаргасан нэхэмжлэлийн дагуу сайдын эрх ашиг нь яаж зөрчигдөж байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа. Тусгай шаардлага яриад байгаа. Энэ тусгай шаардлага нь 2019 онд хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны тухай хуульд тусгай шаардлагатай байна гэдгийг л заасан. Гуравдагч этгээд нь хууль хэрэгжихээс өмнө томилогдсон буюу хуучин ажлын байрны тодорхойлолтод мэргэжлээрээ 10 жил, ахмад түшмэлээр 2 жил гэсэн шаардлагыг хангасан байдаг. Хангасан учир Төрийн албаны зөвлөлийн удирдах албаны сонгон шалгаруулалтад оролцоод нэр дэвшүүлэн томилсон байдаг. Шүүхийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тогтоолын улмаас сайд болон яамны эрх ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөөд байгаа юм бэ? Энэ талаар үндэслэлээ огт тайлбарлаж чадахгүй байна.  Захиргааны байгууллага албан тушаалтнаас хуульд тусгайлан заасны дагуу эрх үүрэг хэрэгжүүлэх боломжгүй болсон үед нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Ямар үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ? Ийм учир үүнийг бас харгалзаж өгнө үү.

Төрийн албаны зөвлөлийн 370 дугаар тогтоолын гол үндэслэл болоод байсан гуравдагч этгээдийг төрийн албанаас түр чөлөөлсөн нь суралцах үндэслэлээр түр чөлөөлсөн гэдэг боловч гуравдагч этгээд нь суралцах шаардлагагүй байсан. Суралцах хүсэл зорилгоо илэрхийлээгүй. Захиргаа буюу яамнаас суралцуулах тухай гэрээ байгуулаагүй. Үүнтэй холбоотой баримт бичиг хэргийн материалд байхгүй. Ийм учир төрийн нарийн бичгийн даргын тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн байсан учир Төрийн албаны зөвлөлөөс тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргана байх” гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Мөн миний зүгээс бие даасан шаардлага гаргасан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маш тодорхой тайлбар тавьсан. Нэхэмжлэгчээс гаргаад байгаа шаардлага дээр 2019 онд хэрэгжиж эхэлсэн хуулиар надад шаардлага тавиад байгаа. Миний хувьд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын байрны тодорхойлолтоор Төрийн албаны зөвлөлд тухайн ажлын байр зарлагдсаны дагуу холбогдох бүхий л шат шатанд шалгалт өгөөд ажилласан байгаа. 2018 оны төгсгөл үеэр түр орлогчоос тангараг өргөж жинхэнэ албан хаагч болон ажиллаж байсан юм.Миний хувьд ойн мэргэжлээрээ мэргэшсэн. Нийтдээ 21 дэх жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Ажлын байрны тодорхойлолтыг хангаж байсан учир ажиллаж байсан юм. Хавтас хэргийн 95-125 дугаар хуудсанд миний тухайд үед ажилд орж байх үеийн ажлын байрны тодорхойлолт байгаа. Миний эцсийн хүсэлт нь мэргэжлийн хувьд тасралтгүй ажилласаар ирсэн. Тавигдах бүх шаардлагуудыг биелүүлсээр ирсэн.Миний хувьд ажлаа хийх урам зориг туршлагатай ийм хүн юм. Энэ ч үүднээсээ аливаа түвшин ахиулах талаар хичээж зорин ажиллаж байсан. Тэр ч үүднээсээ сургалтын талаар асуудал гаргаж ирээд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байдаг. Ийид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хариуцагчийн тайлбартай санал нэг байна. Бүгдийг нь тайлбарласан учир би товчхон хэлье. 370 дугаар тогтоолыг хэвээр хэрэгжүүлнэ үү гэж хүсэж байна. Хуучин ажиллаж байсан албан тушаал дээрээ ажил үүргээ гүйцэтгэх сонирхолтой байгаа” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ

          Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргийг судлаад  үндсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. БОАЖЯ Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээдийг БОАЖЯны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/97 дугаар тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/269 дүгээр тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газрын даргаар жинхлэн томилжээ.

Улмаар БОАЖЯны Төрийн нарийн бичгийн даргын Б/103 дугаар тушаалаар гуравдагч этгээдийг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6-д тус тус заасныг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.1.2-д “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцногэж тус тус заажээ.

          Гэтэл БОАЖЯны Төрийн нарийн  бичгийн дарга маргаан бүхий актыг гаргахдаа “Б.О нь Төрийн албаны тухай хуульд заасан эрхэлсэн түшмэлд тавигдах шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад нийцээгүй...” гэж дүгнэн төрийн албанаас түр чөлөөлсөн бөгөөд энэ нь уг тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6-д заасантай хэрхэн нийцэж байгаа нь ойлгомжгүй байна.

Маргааны үйл баримтаас үзвэл Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө нь Б.Ог Ойн бодлого зохицуулалтын газрын даргаар жинхлэн томилсон байх тул албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь Б.О тус албанд томилогдохдоо Төрийн албаны тухай хууль /2002 он/-иар төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлага, журмыг хангасан мөн тухайн үеийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоол хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, тогтоомжоор гуравдагч этгээдэд тусгай шаардлага тавигдаагүй бөгөөд энэ талаар дүгнэсэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийг БОАЖЯ гаргасан, маргаан бүхий захиргааны актыг тус яамныТөрийн нарийн бичгийн дарга гаргасан бөгөөд шүүхээс уг асуудлыг тодруулахад БОАЖЯны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/5520 дугаар албан бичгээр нэхэмжлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  1. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ мөн, мөн зүйлийн 65.6 дахь хэсэгт Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 76 дугаар зүйлийн 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг аливаа төрийн захиргааны байгууллага, албан хаагч заавал биелүүлэхээр байна.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоол нь иргэний зөрчигдсөн эрхийг шүүхийн өмнөх шатанд буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн, зорилгодоо нийцсэн, хуульд заасан үндэслэл журмыг хангасан байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6, 65 дугаар зүйлийн 65.1, 65.6-д  тус тус заасныг баримтлан БОАЖЯны нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Огийн “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг биелүүлэхийг даалгах”  бие даасан шаардлагыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Б.Од олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ