Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

М.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар баг, Нарангийн 20-04 тоотод оршин суух, Дөчин дөрөв овогт Мөнхбаярын Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие М.Лхагвасүрэн нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор томилогдсон. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны А/50 тоот тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх зүйл байхгүй бөгөөд миний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2 дах хэсэгт ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг... ойлгохоор байна.

Ажлын байр цөөрүүлсэн үндэслэлээр надад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдээгүй. Тушаалд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт байхаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний агуулгыг бичээгүй хууль зөрчсөн тушаал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Гомдлын шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба бол Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт гээд аж ахуйн үйл ажиллагааг зохицуулдаг улсын төсвөөс санхүүждаг төсөвт байгууллага юм.

Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тогтоосон байдаг ба нийт 32 орон тоотой тогтоосон. Үүнээс жолооч 8, үйлчлэгч 8 байхаар тогтоосон. Гэтэл нийтлэг үйлчилгээний тогтоосон бүтэц орон тоог хэтрүүлээд 9 жолооч, 10 үйлчлэгчийг ажиллуулж байсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон хувь хүний орлогын албан татварын өр үүссэн байгууллагыг хүлээн авсан.

 Нийтлэг үйлчилгээний алба цалингийн сангаас гадна орон тоо хэтрүүлсэн учраас өртэй гарсан. 2016 оны 10 сарын 1-ний өдрийн байдлаар гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн 14 сая төгрөгийн өртэй гарсан. Хэрвээ бүтэц орон тоондоо багтаасан бол өр үүсэхээргүй байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төсвийн зохистой удирдлагын зарчмыг хуульчилсан байдаг.

Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулна, өр төлбөр үүсгэхгүй байна гэсэн зарчимтай. Гэтэл бодит байдалд нийгмийн даатгалын санд гэхэд 14 сая төгрөгийн өр үүссэн байсан. Тийм учраас Нийтлэг үйлчилгээний албаны цалингийн санд багтаах, орон тооны цомхотогол хийх, өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага үүссэн учраас Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоог шинэчилсэн.

Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 32 орон тоог 28 орон тоо болгог өөрчилж, жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгон цөөрүүлсэн.

Ингэж байж нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх, бүтэц орон тоондоо багтааж Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бололцоотой болсон. Тогтоосон бүтэц орон тоо, цалингийн санд багтаан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай учаас орон тоо нь хасагдсан 4 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн.

2016 оны 12 сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр орон тоо цөөрсөн учраас М.Лхагвасүрэн тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг 12 сарын 09-ний өдөр гардуулаад, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа.

Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажилтанд нэг сар буюу түүнээс дээш хугацааны цалин хөлстэй олгох тэтгэмж олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгаа. 2017 оны 01 сард нэхэмжлэгч М.Лхагвасүрэнд 452,150 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны даргын тушаалд заалт болгож оруулаад нэхэмжлэгчид олгосон. Энэ бүх ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу явагдсан. Орон тоо цөөрсөн гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой байдаг.

 Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан байдаг. Орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Холбогдох нотлох баримтуудыг өгсөн.

 Шүүх хуралдаанд шинээр хоёр хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгосон тухай цалингийн цэс байгаа. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагад гэхэд 14,531,131 төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Тийм учраас орон тоо цөөрүүлэх, орон тоогоо шинэчилж ажиллуулахгүй бол болохгүй байсан.

Уг нь өмнөх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны дарга маань бүтэц орон тоо, цалингийн сандаа багтаагаад ажилтнуудаа томилоод явсан бол ийм хэмжээний өр үүсэх боломжгүй.

 Энэ өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн чухал учраас бүтэц орон тооны цомхотгол хийсэн. Энэ үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу явагдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэрээр:“

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Дөчин дөрөв овогт Мөнхбаярын Лхагвасүрэнг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Лхагвасүрэнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 153174 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг нийт 223374 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор өөрөө хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлтийг баримтаар няцааж, давж заалдах гомдлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын 2016, 2017 оны цалингийн цэс, 2016 оны 09, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг цуцпах мэдэгдэл, мэдэгдлийг ажилтан гардуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн хэрэгт гаргаж өгсөн.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхгүйгээр анхан шатны шүүх шийдзэрийнхээ үндэслэх хэсэгт орон тоо цөөрсөн үйл баримт тодорхой бус, тушаал эргэлзээтэй гэж дугнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, эсхүл хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол энэ талаар үндэслэлээ магадлалдаа дурьдалгүй орхигдуулсан. Ингэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч приус 11-25 ХОҮ машиныг шинээр орсон жолооч барьж байгаа, мөн миний барьж байсан 11- 00 ХОҮ фургон машиныг өөр жолоож барьж байгаа гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасныг зөрчсөн.

            Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажпаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, уг тушаал гаргах процедур ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг нотолсон баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1.1-т "орон тоо цөөрүүлсэн" буюу хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар тусгажээ.

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтцэд жолоочийн орон тоог 6 байхаар шинэчлэн тогтоосон.

            Ингэснээр жолоочийн ажпын байранд ажиллаж буй 9 ажилтнаас тогтоосон бүтцэд багтаан 3 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шаардлага үүссэн тул Нийтлэг үйлчилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр жолоочийн орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах мэдэгдлийг нэхэмжлэгч М Лхагвасүрэнд 2016 оны 12 дугаао сарын 07-ны өдөр гардуулсан.

            Улмаар Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрсөн үндэслэлээр М.Лхагвасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж жолоочийн ажлаас халсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Лхагвасүрэн нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч М.Лхагвасүрэн нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь түүнийг ажлаас халах тухай тушаал гарсан өдрөөс хойш 1 сар 12 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан байна. Гэвч хариуцагч тал нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн талаар маргаагүй, тушаал гардуулсан баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол гаргасан байна гэж үзлээ.

            Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг батлахдаа нийт орон тоог 28 үүнээс жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 байхаар шинэчлэн тогтоосон.

            Ингээд нийтлэг үйлчилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр жолоочийн орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж,ажлаас халах мэдэгдлийг нэхэмжлэгч М.Лхагвасүрэнд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч М.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор, “2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийтлэг үйлчилгээний газарт жолоочоор ажилд орсон тушаал, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн Б/03 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар” зэрэг нотлох баримтыг, хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлохоор, “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал, түүний хавсралт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаал, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг гардуулсан баримт, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөгдсөн Б/03 дугаар тушаал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Нийтлэг үйлчилгээний албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн тус тус шүүхэд гаргаж өгчээ.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар М.Лхагвасүрэн нь 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд жолоочоор ажилд орсноос хойш тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох тогтоогдож байна.

            Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо 2014 оны 01дүгээр сарын 03-ны өдөр 8 байсныг 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 6 болгож, жолоочийн орон тоог 2-оор цөөрүүлэхдээ М.Лхагвасүрэнд хуульд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заажээ.

            Гэтэл М.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

            Хавтаст хэрэгт Нийтлэг үйлчилгээний албаны улсын бүртгэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам авагдсан боловч эдгээр баримтуудаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга “ажилтнуудыг томилж, чөлөөлөх” хуульд заасан эрхээ Нийтлэг үйлчилгээний албаны даргад шилжүүлсэн, эрх олгосон эсэх нь тодорхойгүй байна.

            Ажилтныг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд ажилтныг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

М.НЯМБАЯР