Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158  

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.**********, түүний өмгөөлөгч Г.**********, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ы **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303000380078 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, ********** дүүргийн 1 дүгээр хороо, ********** 96-37-А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ы ********** /РД: **********/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Атар-Өргөө ХК-ийн зүүн талын уулзвар замд Тоёота Акуа загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопед-д зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.**********ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

.

 . 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөсөн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид 2,300,000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө, иргэний хариуцагчийн төлбөрийг мөн төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн ойролцоо байдаг караокед Тунгалаг найзтайгаа уулзаад хоёулаа тус бүрдээ 3 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй пиво ууцгаасан, ингээд 02 цаг өнгөрч байхад найз бид хоёр караокеноос гараад би найзыгаа таксинд суулгаж өгчхөөд манай гэр ойрхон ТЭЦ-3 руу эргэх уулзварын ойролцоо байдаг болохоор би алхаад явсан. Атар-Өргөө ХК-ийн зүүн талын гэрэл дохиотой явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарахаар гарц дээр ирсэн, явган хүний гарц дээр ирэхэд миний гарцаар гарах улаан өнгийн гэрэл асаж байсан, тэгэхээр нь би хүлээгээд зогсож байгаад явган хүний гарцын ногоон гэрэл асахаар нь урагш алхаад зорчих хэсэг рүү нэвтрэхэд миний зүүн гар талаас буюу урдаас нэг машин гарч ирээд миний зүүн гар руу хүчтэй мөргөсөн, машины аль хэсэгт би мөргүүлснээ мэдэхгүй байна, машинд мөргүүлээд би хойшоо бродюр дээр суучихсан, тэгээд босох гэтэл миний зүүн гар эвгүй болчихсон байсан. Тэр үед надтай хамт зам гарах гээд явж байсан эрэгтэй түргэнд дуудлага өгсөн. Намайг мөргөсөн машин нь Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэл байсан бөгөөд жолооч нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр жолооч хэлэхдээ би дуудлагын жолооч байгаа юм, согтуу хүн дуудлага өгөөд тэгээд машиныг нь жолоодоод явж байгаа юм гэж надад хэлж байсан. Ингээд эмнэлгийн машин ирээд намайг үзээд гар чинь хугарсан байна, эмнэлэг рүү яваарай гэж хэлээд явсан. ...Би тэр хүнийг огт танихгүй, ослын дараа намайг эмнэлэгт хүргэж өгөөд надад утасны дугаараа өгсөн байгаа. ...Би ногоон гэрэл асахаар уг нь машин байгаа эсэхийг харсан, тэгээд урдаас тэр машин ирж байгаа нь харагдаагүй, би зам руу нэг алхаад ороход их хурдтай гарч ирээд л намайг мөргөчихсөн. ...Миний зүүн гар хугарсан, одоо хагалгаанд орж хадуулсан байгаа болохоор байнга боолт хийлгэж өвчин намдаах эм ууж байна. ...Би гомдолтой байна, ослын улмаас би ажилгүй байгаа, өдрийн цалингаа нэхэмжилж байна, мөн цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлыг нэхэмжилж байна, би Орхон аймагт амьдардаг, Улаанбаатар хотод байр түрээсэлж байгаа, одоо байрны түрээсийн мөнгөө төлж чадахгүй байна...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн нөхөр Тамирыг Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн ойролцоо байдаг Густо нэртэй караокеноос авахаар очсон, тэгэхэд найзууд нь явуулахгүй байсан бөгөөд намайг нэг пиво уучих гэхээр нь би тэрийг уугаад сууж байгаад тарахаар болсон, ингээд манай найз UB cab-с дуудлагын жолооч дуудаж өгсөн бөгөөд дуудлагын жолооч 02 цаг 50 минутын үед ирж, миний эзэмшлийн Тоёота акуа загварын ********** улсын дугаартай автомашиныг жолоодож би урд зорчигчийн суудал дээр нөхөр Тамир хойд суудал дээр суугаад хөдөлсөн. Ингээд Хан-Уул дүүргийн уулзвараар буцаж эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглээд Нарны хороолол орохоор явж байсан, тэгээд хуучин цагаан хаалганы гэрэл дохиотой уулзвараар баруун буюу хойшоо эргэх үед түс гээд дуу гарсан, тэгэхэд жолооч машинаа зогсоогоод бид нар буугаад харахад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарцын хажууд байсан, эмэгтэй нь бродюр дээр суучихсан, гар өвдөөд байна гээд байсан, тэр үед би машинаар хүн шүргэсэн юм байна гэж мэдсэн. Миний бодлоор явган зорчигчийг машины толь хэсгээр шүргэсэн гэж бодож байна. Дараагаар нь 103 дугаарын утас руу би дуудлага өгсөн, цагдаа руу жолооч дуудлага өгч байсан. Удаагүй байтал түргэний машин ирээд машинд шүргүүлсэн хүнийг үзээд гар нь хугарсан байна гэж хэлээд явсан. Цагдаа нар үзлэг хэмжилт хийгээд миний машиныг ачилтын машинд ачуулаад явсан ...Автомашины хөдөлгөөнд оролцох ногоон өнгийн гэрэл асаж байсан явган зорчигчийн гэрэл ямар асаж байсныг хараагүй хэдий ч дараа нь гэрлийн дарааллыг харахад явган зорчигчийн ногоон өнгийн гэрэлтэй автомашины бүх чиглэлд явах ногоон гэрэл хамт асаж байгаа нь харагдсан. ...Автомашинд сууж явсан нөхөр бид хоёрын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. ...Би хойшоогоо хараад нөхөртэйгөө юм яриад явж байсан учир анзаарч хараагүй. ...Би автомашины толины тагийг солиулна, надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 19-20, 22-24 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч  Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэргийн улмаас хохирогч Н.********** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,747,000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/365 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх зардлыг **********оос гаргуулж өгнө үү...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим манай найз Дашнямын утсанд дуудлагын жолоочийн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу би найзын хамт 19-н үйлчилгээний төвийн урд талын буудал дээр очиход дуудлага өгсөн хүмүүс нь ахиад нэг жолооч хэрэгтэй гэхээр нь би тэр машиныг нь жолоодож явахаар болсон. Тэр машин нь Тоёота Акуа загварын ********** улсын дугаартай автомашин байсан бөгөөд жолооч нь эмэгтэй хүн нөхрийн хамт байсан. Ингээд би машиныг жолоодоод Нарны хороолол руу явахаар хөдөлсөн, Хан-Уул дүүргийн арын гэрэл дохиотой уулзвараар буцаж эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад Атар-Өргөө ХК-ийн зүүн талын уулзвар буюу хуучин цагийн хаалганы уулзвараар хойшоо буюу баруун гар тийш эргэхээр гэрэл дохиотой уулзвар дээр ирсэн, тэр үед миний хөдөлгөөнд оролцох улаан өнгийн гэрэл асаж байсан, ногоон өнгийн гэрэл баруун эргэх нэмэлт ногоон өнгийн гэрэлтэй хамт ассан, тэгэхээр нь би уулзвараар нэвтрэхээр баруун эргээд явган хүний гарц дээр ирэхэд миний жолоодож явсан машины баруун урд толь юманд цохигдох шиг болоод дуугарсан, тэгэхээр нь би аваарын гэрлээ асаагаад машинаа зогсоогоод буугаад харахад явган хүний гарцын харалдаа хашлага дээр нэг эмэгтэй сууж байсан, мөн нэг залуу зогсож байсан, машины толины гадна хэсэг нь хагарсан байсан, тэр үед би толь хэсгээрээ хүн шүргэсэн байна гэж мэдсэн...” /хавтаст хэргийн 117, 30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №650 дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.**********ын биед зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3 . Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

 

“Авто тээврийн үндэсний төв”-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1139055900 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 1,6 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.4 кН, баруун талдаа 1.7 кН зөрүү нь 18% (стандарт<20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.8 кН, баруун талдаа 1кН зөрүү нь 20% (стандарт<30%) тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 0.9кН, баруун талдаа 1.1кН зөрүү нь 18%. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16600cd хол дээрээ 46000cd, Баруун талын гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 13000cd, хол дээрээ 33800 cd (стандарт 10000-2250000cd) байна.

2. Уг тээврийн хэрэгслийн баруун талын толины бүрхүүл хагарсан, гал унтраагуур иж бүрдэл байхгүй стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг тээврийн хэрэгслийн баруун талын толины бүрхүүл хагарсан нь ослын үед үүссэн гэмтэл ба осолд нөлөөлөхгүй.

4. Уг автомашин нь осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй байна.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормозны системтэй ба урд дугуйн тоормозны хүч зүүн талдаа 1.4 кН, Баруун талдаа 1.7 кН зөрүү нь 18% (стандарт<20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.8 кН, баруун талдаа 1кН зөрүү нь 20% (стандарт<30%) тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна.

6. Тухайн тээврийн хэрэгслийн хурд, замын гадаргуу, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” /хавтаст хэргийн 52-57 дахь тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 145 дугаартай магадалгаанд: “...1. Жолооч Б.********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоо хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопед-д зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Явган зорчигч нь Н.********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй байна...” /хавтаст хэргийн 106-107 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-10 дахь тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 32-33 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/,

- Хас Үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 64 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 75-80 дахь тал/,  

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 83-90 дэх тал/,

- Чингисийн өргөн чөлөө, Атар-Өргөө ХХК-ийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим /хавтас хэргийн 99-100 дахь тал/,

- Шүүгдэгч Б.**********ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Нямболд, Г.Цогбадрах нарын мэдүүлэг /хавтас хэргийн 35 дахь тал/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 68 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 71 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 103-104 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 105 дахь тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Атар-Өргөө ХК-ийн зүүн талын уулзвар замд Тоёота Акуа загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопед-д зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.**********ыг мөргөж эрүүл мэндэд нь “...зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.**********ын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд ...Атар-Өргөө ХК-ийн зүүн талын гэрэл дохиотой явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарахаар гарц дээр ирсэн, явган хүний гарц дээр ирэхэд миний гарцаар гарах улаан өнгийн гэрэл асаж байсан, тэгэхээр нь би хүлээгээд зогсож байгаад явган хүний гарцын ногоон гэрэл асахаар нь урагш алхаад зорчих хэсэг рүү нэвтрэхэд миний зүүн гар талаас буюу урдаас нэг машин гарч ирээд миний зүүн гар руу хүчтэй мөргөсөн, машины аль хэсэгт би мөргүүлснээ мэдэхгүй байна, машинд мөргүүлээд би хойшоо бродюр дээр суучихсан, тэгээд босох гэтэл миний зүүн гар эвгүй болчихсон байсан. ...Би ногоон гэрэл асахаар уг нь машин байгаа эсэхийг харсан, тэгээд урдаас тэр машин ирж байгаа нь харагдаагүй би зам руу нэг алхаад ороход их хурдтай гарч ирээд л намайг мөргөчихсөн...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.**********ийн: “....Автомашины хөдөлгөөнд оролцох ногоон өнгийн гэрэл асаж байсан, явган зорчигчийн гэрэл ямар асаж байсныг хараагүй хэдий ч дараа нь гэрлийн дарааллыг харахад явган зорчигчийн ногоон өнгийн гэрэлтэй автомашины бүх чиглэлд явах ногоон гэрэл хамт асаж байгаа нь харагдсан. ...Автомашинд сууж явсан нөхөр бид хоёрын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. ...Би хойшоогоо хараад нөхөртэйгөө юм яриад явж байсан учир анзаарч хараагүй. ...Би автомашины толины тагийг солиулна надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 19-20, 22-24 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.**********ийн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим манай найз Дашнямын утсанд дуудлагын жолоочийн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу би найзын хамт 19-н үйлчилгээний төвийн урд талын буудал дээр очиход дуудлага өгсөн хүмүүс ахиад нэг жолооч хэрэгтэй гэхээр нь би тэр машиныг нь жолоодож явахаар болсон. Тэр машин нь Тоёота Акуа загварын ********** улсын дугаартай автомашин байсан бөгөөд жолооч нь эмэгтэй хүн нөхрийн хамт байсан. Ингээд би машиныг жолоодоод Нарны хороолол руу явахаар хөдөлсөн, Хан-Уул дүүргийн арын гэрэл дохиотой уулзвараар буцаж эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад Атар-Өргөө ХК-ийн зүүн талын уулзвар буюу хуучин цагийн хаалганы уулзвараар хойшоо буюу баруун гар тийш эргэхээр гэрэл дохиотой уулзвар дээр ирсэн, тэр үед миний хөдөлгөөнд оролцох улаан өнгийн гэрэл асаж байсан, би ногоон өнгийн гэрэл баруун эргэх нэмэлт ногоон өнгийн гэрэлтэй хамт ассан, тэгэхээр нь би уулзвараар нэвтрэхээр баруун эргээд явган хүний гарц дээр ирэхэд миний жолоодож явсан машины баруун урд толь юманд цохигдох шиг болоод дуу гарсан, тэгэхээр нь би аваарын гэрлээ асаагаад машинаа зогсоогоод буугаад харахад явган хүний гарцын харалдаа хашлага дээр нэг эмэгтэй сууж байсан, мөн нэг залуу зогсож байсан, машины толины гадна хэсэг нь хагарсан байсан тэр үед би би толь хэсгээрээ хүн шүргэсэн байна гэж мэдсэн...” /хавтаст хэргийн 117, 30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны №650 дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.**********ын биед зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн, 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 145 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт: Жолооч Б.********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоо хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопед-д зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” /хавтаст хэргийн 106-107 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-10 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.**********ын эрүүл мэндэд зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 2,300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилж буй 1,747,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээрх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2303000380078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ы **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ы **********ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.**********ид шийтгэсэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** хохирогч Н.**********т 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/  төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 1,747,000 /нэг сая долоон зуун дөчин долоо мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2303000380078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР