| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001421 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б** овогт Э.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * байрны 0 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УЮ99052334).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “****” хотхоны ** байрны ** түүр оршин сууж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн А.Г-ын хуримын хос монетон бөгж, эмэгтэй монетон бөгж, эрэгтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,700,000 төгрөгийн, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.Б-ны монетон бөгж 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол буюу хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаад мэдүүлэхдээ: Сар өдрөө сайн санахгүй байна. Б-ын гэрээс 5 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн бөгж авсан. Урт цагаанд нийт 1,800,000 төгрөгөөр зарсан. Юм худалдаж авсаар байгаад дууссан. Хувцас, повер банк, утасны хэрэглээний зүйлс зэргийг худалдаж авсан гэв.
Эрүүгийн 2210000001421 дугаар хэрэгт шинжлэн судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 10 дугаар сарын 20-ны 09:26:40 цагт 10 дугаар сарын эхээр мэдсэн, гэрээс 5 ширхэг монетон бөгж алдагдсан, охины найз залууг сэжиглэж байна. /тэр хүн өөрөө хулгайлсан гэдгээ хүлээсэн/ гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
3.Хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар хуудас),
4. Хохирогч Х.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
5.Гэрч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 30-31 дүгээр хуудас),
6.“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
7 “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
8.Яллагдагч Э.Б--гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
9.Шүүгдэгч Э.Б-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сар сар хүртэлх хугацааны лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ шилжүүлдэг бөгөөд шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгддэг.
Иймд шүүгдэгч Э.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг: Сэлэнгэ Эстимэйт ХХК хохирогч Х.Б-ны алдагдсан эд хөрөнгө болох 14гр шигтгээтэй дөрвөлжин монетон 1 ширхэг бөгжийг 900,000 төгрөг, 15гр монетон 1 ширхэг бөгжийг 2,400,000 төгрөг, нийт 2 ширхэг монетон бөгжний зах зээлийн үнийг 2,900,000 төгрөгөөр тогтоосон.
-Сэлэнгэ Эстимэйт ХХК хохирогч А.Г-ын алдагдсан эд хөрөнгө болох 13гр хуримын монетон хос бөгжийг 1,800,000 төгрөг, 4гр монетон бөгжийг 700,000 төгрөг, 9 гр мөнгөн бөгжийг 200,000 төгрөг, нийт 3 ширхэг монетон, 1 ширхэг мөнгөн бөгжний зах зээлийн үнийг 2,700,000 төгрөгөөр тогтоосон тул шүүгдэгчээс нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д 2,900,000 төгрөг, хохирогч А.Г-т 2,700,000 төгрөгийг тус тус олгох үндэстэй байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Г-т 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирогч Х.Б-д 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг баримтын хүрээнд хохирогч А.Г-т энэ тогтоолоор төлөх төлбөргүй. Шүүгдэгч Э.Б-ээс 1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгох үндэстэй байна.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авч завсарлуулсан шүүгдэгч хохирогч Х.Б-д хохирол нөхөн төлсөн гэж тайлбарлах боловч энэ талаар баримтгүй, мөн хохирогч Х.Б нь үлдэх хохирлын мөнгийг хүлээн авсан талаар илэрхийлээгүй тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл бүрдээгүй, шүүгдэгч Э.Б-ээс 1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгох нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газарт эдлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Э.Б бичиг үсэг мэднэ, өмгөөлөгч сонгож авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөлдөө би хохирлоо нөхөн төлсөн надад торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст шүүгдэгч Э.Б нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй гэж тэмдэглэсэн нь түүнийг ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол, хор уршгийг бүрэн арилаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан боловч ажил эрхэлдэг талаар болон цалин хөлс, хөрөнгө, орлогыг тодорхойлсон баримтгүй байх тул торгох ялыг сонгож хэрэглэх боломжгүй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Б-г 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Г-т энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА