Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0072) нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт П овогт Ж.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001446 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

П овогт Ж.Ц нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Ж.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ривер гарден” хотхоны ** дүгээр байрны ** тоотод оршин суух иргэн Д.Б-ийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч “Самсунг” брэндийн 70 инчийн зурагт, “Делл” брэндийн зөөврийн компьютер, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Б-т 7,684,915 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Ж.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210000001446 дугаар хэрэгт шинжлэн судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн Д.Б-гийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

2.Бичлэг хадгалагдсан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

3.Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 17 дугаар хуудас), хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

4.Гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

5.Яллагдагч Ж.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

6.“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

7.Арвин Лан ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

8.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Ж.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

I.Гэм буруугийн талаар.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ шилжүүлдэг бөгөөд шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгддэг.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Ж.Ц нь иргэн Д.Б-гийн байнга амьдардаг байранд түүний зөвшөөрөлгүйгээр орон байрны халдашгүй байдалд халдан, хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хулгайлан авчээ. Иймд шүүгдэгч Ж.Ц-г хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 7,684,915 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар: “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн Х-00025 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд (хх29-31) хохирогч Д.Б-гийн “Самсунг” брэндийн 70 инчийн зурагтыг 4,249,915 төгрөгөөр, “Делл” брэндийн зөөврийн компьютерыг 2,175,000 төгрөгөөр, Хос монетон бөгж 1,260,000 төгрөг, нийт 7,684,915.00 төгрөгөөр үнэлсэн байна. Хохирогч Д.Б эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан талаар (хх17) мэдүүлжээ.

Хохирогч Д.Б-гийн эд хөрөнгөд хохирол учир, “Тэнцвэр-Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээ гаргуулж, шинжээчийн ажлын хөлсөнд 384,500 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг ирүүлжээ. Иймд шүүгдэгч Ж.Ц-ээс гаргуулж, хохирогч Д.Б-т олгох үндэстэй байна.

Хохирогч Д.Б-т 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болохыг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Улсын яллагч шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон нэг ширхэг сидиг хэрэгт хадгалах саналтай, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэгээс ...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Шинжийн ажлын хөлсөнд хохирогчийн төлсөн 384,500 төгрөгийг шүүх хурлаас өмнө байршуулж амжаагүй, нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст шүүгдэгч Ж.Ц нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй гэж тэмдэглэсэн нь түүнийг ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хуульчилсан.

Шүүгдэгч Ж.Ц-г “Хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлын харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овогт Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П овогт Ж.Ц-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ж.Ц-ээс шинжээчийн ажлын хөлс 384,500 (гурван зуун наян дөрвөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-т олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА