Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01755

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01755

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Боржигон овогт Э  Э /РД:.../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... тоотод оршин суух Боржигон овогт Н  О  /РД:/-т холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О  нь миний охин Э.Э 2018 оны 4 сарын 19-ны орой 19 цагт Солонгос улсын LG маркийн угаалгын машиныг 2 000 000 төгрөгөөр худалдан авахаар утсаар болон чатаар харилцан тохирч, тэр өдрөө ТЭЦ 3 станцад ажилладаг, сарын цалин 1 900 000 төгрөг гэж хэлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтыг үлдээн, маргааш мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Түүнээс хойш нэг удаа 300 000 төгрөг, 2019 оны 5 сарын 19-ний өдөр 200 000 төгрөг төлсөн. Удаа дараа төлбөрийг төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай охин анх 1 500 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байсныг би 2 000 000 төгрөг гэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 000 000 төгрөг болгож байна гэв.

 

Хариуцагч Н.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2018 оны 4 сарын 19-ний өдөр угаалгын машиныг 1 500 000 төгрөгийн зээлийг гэрээг *******тай хийсэн. 2018 оны 4 сарын 20-ны өдөр урьдчилгаа 300 000 төгрөгийг Хаан банкны ******* дансанд хийсэн. Түүнээс хойш надад мөнгө санхүүгийн гачигдалтай байсан болохоор цалин дээрээс бага багаар өгье гэхэд бөөнөөр нь авна гээд аваагүй өдийг хүрсэн. Э.Э ээж Б.С  нь шүүхэд өгөхдөө ямар ч мөнгө хийгээгүй, залилан хийдэг мэтээр ойлгож байгаад байгаад гомдолтой байна. Э.Э авсан угаалгын машинд нийтдээ 800 000 төгрөг төлсөн одоо 700 000 төгрөг дутуу байгаа энэ мөнгийг шүүхийн ажиллагаа дуусахаар шилжүүлнэ. Мөн миний бие өвчний учир бие муудаж аппаратанд орсон тул 2019.8.21-ний өдрийн 09.00 цагийн хуралд орж чадсангүй. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү, ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Н.О т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгож багасгасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.О  нь миний охин Э.Э 2018 оны 4 сарын 19-ны орой 19 цагт Солонгос улсын LG маркийн угаалгын машиныг 2 000 000 төгрөгөөр худалдан авахаар утсаар болон чатаар харилцан тохирч, тэр өдрөө ТЭЦ 3 станцад ажилладаг, сарын цалин 1 900 000 төгрөг гэж хэлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтыг үлдээн, маргааш мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Түүнээс хойш нэг удаа 300 000 төгрөг, 2019 оны 5 сарын 19-ний өдөр 200 000 төгрөг төлсөн... гэж тайлбарлаж, хэрэгт холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Э нь Н.О тэй утсаар /мессеж/ холбогдож угаалгын машин зарах асуудлаар ярилцаж 1 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба хариуцагч Н.О  нь 2019 оны 4 сарын 03-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 4 сарын 15-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 5 сарын 18-ны өдөр Э.Э Хаан банкны , Б.С ийн  дугаар дансанд 200 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 21 талд авагдсан ХААН банк ХХК болон Хас банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлэг гэсэн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Н.О  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2019.4.03-ны өдөр 150 000 төгрөг, 2019.4.15-ны өдөр 150 000 төгрөг, 2019.4.18-ны өдөр Б.С ийн  дугаар дансанд 200 000 төгрөг нийт 800 000 төгрөгийг шилжүүлсэн ба одоо 700 000 төгрөг дутуу байгаа энэ мөнгийг шүүхийн ажиллагаа дуусахаар шилжүүлнэ гэсэн тайлбарыг ирүүлжээ./хх-ийн 20/

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хариуцагч Н.О  нь LG маркийн угаалгын машиныг 2018 оны 4 сарын 20-ны өдөр хүлээн авч, улмаар 2019 оны 4 сарын 03-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 4 сарын 15-ны өдөр 150 000 төгрөг, 2019 оны 5 сарын 18-ны өдөр Э.Э Хаан банкны *******, Б.С ийн ******* дугаар дансанд 200 000 төгрөг нийт 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч Н.О  нь худалдаж авсан угаалгын машины үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүйгээс маргаан үүссэн байна.

Хариуцагч Н.О  нь 300 000 төгрөгийг Э.Э ******* дугаар дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан хэдий ч хэрэгт энэ талаараа нотлоогүй, баримт авагдаагүй байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Түүнчлэн хариуцагч Н.О  нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тул өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О ээс 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ