| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Л.Төгсжаргал,
хохирогч Д.Б,
шүүгдэгч М.Г,
иргэний хариуцагч “Б.Э.Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт М.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210016251426 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт М.Г нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Алсын удирдлагатай гүүр краны оператор мэргэжилтэй, Б.Э.Х ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлдвэрлэл хариуцсан ажилтан, бригадын даргаар ажилладаг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, И** хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Б.Э.Х” ХХК-ийн бетон үйлдвэрт бригадын дарга, үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийнхаюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 2022 оны 06 дугаар 21-ний өдөр хэвлэгч машинд засвар хийсний дараа редиктэрийн хаалт, хамгаалалтыг буцааж гагнаагүй, зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй, ажилтнууд ажлын тусгай хэрэгсэл, хамгаалах хувцсаа бүрэн өмссөн эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүйн улмаас тус үйлдвэрийн операторчин ажилтай Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хавтан хэвлэгч машины редиктэр холбодог хатуу холбоосонд зүүн хөлөө хавчуулсны улмаас эрүүл мэндэд нь зүүн тавхайн ясны бяцарсан хугарал, үений мултрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийн гүйцэтгэл дээр Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан алдаа гаргасны улмаас үйлдвэрлэлийн осол гарсан явдалд харамсаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Б, ерөнхий захирал Н.О нараас уучлал гуйж байна. Тухайн осол гарах болсон үндсэн шалтгаан нь хавтан хэвлэгч тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийгдсэний дараа редуктор, мотор хоёрыг холбосон холбогч эд ангийн хаалтыг хийж гагнаагүйгээс үүдэлтэй. Би үүнийг мартсан байсан. Тухайн өдөр Лхагва гариг байсан. Би сургалтаа явуулж 2022 он, 2023 оны ажлын жилийн төлөвлөгөө гаргахдаа тухайлсан чиг үүрэг гаргасан. Үүний 1 дүгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажилласан. Тухайн ажлын хүрээнд 7 хоног бүрийн Лхагва гаригийн өглөө 30-40 минутын сургалт тогтмол явуулдаг байсан. Тухайн өдөр 30 минутын сургалт хийсэн. Энэ сургалтаар хавтан хэвлэгч машины тухай сургалт хийж, харилцан яриа, туршлага солилцох зэргээр идэвхи оролцоо сайтай болж, ажилдаа 08 цагт гарсан. Би хувийн хамгаалах хэрэгслийг шалгаж гаргахдаа Д.Б-ийг гутлаа өмсөөгүйг анзаараагүй гаргасан байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны чиг үүргийн алдаа, хувийн хамгаалах хэрэгслийг дутуу өмссөн зэргээс үүдэлтэй осол гарсан. Би 42 настай, эхнэр, охины хамт амьдардаг эгэл жирийн хүн. Байрны зээлтэй, улирлын чанартай ажил хийдэг. Энэ компанид ажиллаад 10 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ажиллахад таатай байсан. Ингэж ажиллах явцад ийм хэмжээний осол тохиолдож байгаагүй. Маш том сургамж болсныг би ойлгож, алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Үүнийг харгалзан үзэж хүнлэг энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө үү. Цаашид Б-ийг дэмжиж тусалж явна. Б.Э.Х ХХК болон ерөнхий захирлыг санаа тавьж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Б.Э.Х ХХК-нд 2012 онд зуурагч операторчноор ажилд орсон. Сүүлд нь хэвлэгч машины операторчин болоод гогцоо хэвлэдэг байсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө ажлын байрандаа ажиллаж байгаад гэмтсэн. Тэр өдөр хэвлэх машин дээр ажиллах хүнгүй болохоор нь ажилласан. 11 цагийн үед хэвлэгч машины редуктор луу хөл халтирч орсноос болж зүүн хөлөө гэмтээж, миний бие гурван удаа хагалгаанд орсон боловч хөлөнд үхжилт явагдаж шагай хэсгээр тайруулсан. Одоо хиймэл хөл хийлгэсэн. Байгууллагаас 2022 оны 7 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 1 хүртэл сард 1,500,000 төгрөгөөр тооцож, 7,500,000 төгрөг авсан. Нийт 16,352,950 төгрөг авсан. 2023 оны 3 дугаар сард ажилдаа орно, одоогоор байгууллага цалиг олгож байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогийн хийлгэсэн протез хөл, шагайгаа хөдөлгөж болохгүй тул цаашид илүү боловсронгуй протез хийлгэх бололтой байна. Боловсронгуй протез нь хөл, шагайгаа хөдөлгөдөг гэсэн юм гэв.
Иргэний хариуцагч Б.Э.Х ХХК-ний захирал Н.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ компаниа 2012 онд үүсгэн байгуулсан, тэр үеэс Г хамт ажиллаж эхэлсэн. Б бид 2010 онд хамт ажиллаж эхэлсэн. 2012 онд компаниа байгуулахад Б манайд ажиллаж эхэлсэн. Бид 3 10 жил хамт ажиллаж байгаа. Г гүүрэн краны оператор мэргэжилтэй, Б хэвлэгч машины оператор болон гагнуурчин мэргэжилтэй. Энэ 2 туршлагатай ажилчид. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө бид нарын хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж гэмтсэнд уучлал гуйж байна. Бат-Эрдэнийн цаашдын эмчилгээний зардал, хуульд заасан нөхөн олговрыг олгоход бэлэн байгаа гэв.
Эрүүгийн 2210016251426 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10:24:57 цагт “төмөр таслагчид хөл хавчуулагдсан цус алдаад” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
3.Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (14 дүгээр хуудас),
4.Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), түүний 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
5.Гэрч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
6.Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас), түүний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
7.Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
8.Гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),
9.Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
10.Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...1987-1997 оны хооронд Нийслэлийн ** дугаар 10 жилийн сургууль төгссөн. 19**-20** онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. 2008-2017 оны хооронд Ц ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2017 оноос хойш одоог хүртэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. ...Би тухайн компаниас нэг ч хүн танихгүй, садан төрлийн болон өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. ...Мэргэжлийнхээ хувьд шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргахад татгалзах зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
11.Яллагдагч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудас),
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15118 дугаартай:
ГССҮТ-н өвчний түүх №8658: хэвтэх үеийн онош: Тавхайн олон хугарал, ил, Үндсэн онош: Зүүн тавхайн бүрэн бус тасрал, ил няцарсан хугарал. Өвчний төгсгөл сайжирсан, эмнэлгээс гарсан 2022.07.25 33 хоног. Эмчлүүлэгчийн анамнез: Хэвтэх үеийн зовуур: Зүүн хөл чинэрч өвдөнө. Өвчний түүх: 2022.06.22 ажил дээрээ машины редукторт хөлөө гэмтээсэн гэнэ. Амьдралын түүх: **** онд Ховд аймагт төрсөн багын өсөлт бойжилт хэвийн... Гэмтлийн эмчийн үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, арьс салст хэвийн... 2022.06.22-ны ГССҮТ хэвлийн ЭХО шинжилгээнд: Элэгний хэмжээ хэвийн, гадаргуу тэгш, хэт авиан эхо ойлт жигд голомтот өөрчлөлт тодорхойлогдохгүй ...давсаг шээс багатай, хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй . Дүгнэлт бичсэн /эмч Э.Гантөмөр/ гэжээ. 2022.07.04-ний ГССҮТ-н зүүн тавхайн 2 байрлалын рентген зурагт: Зүүн тавхайн 2 хурууны 3 шивнүүр тодорхойлогдохгүй, 3, 4, 5 хурууны шивнүүр яснууд дистал болон проксимал яснууд бяцарсан хугаралтай, проксимал болон дистал үеэр мултралтай, уг хугарлыг уян шөргөөр бэхэлсэн мэс заслын дараах байдалтай, 1 хурууны метартарсал буюу 3 шивнүүрийн үеэр мултарсанг уян шөргөөр бэхэлгээ мэс заслын дараах байдалтай. Дүгнэлт бичсэн /эмч Ж.А/ гэжээ. Мэс заслын тэмдэглэл: Төлөвлөсөн мэс заслын нэр: Зүүн тавхайн 2-5 шивнүүрийн гэмтэл засах. Мэс засал эхэлсэн цаг: 2022.06.22 14:37 үргэлжилсэн цаг 01:37. Мэс заслын бичлэг: нугасын хөндийн мэдээ алдуулалтан доор өвчтөнийг мэс заслын орон дээр түрүүлгэн харуулан байрлуулж мэс заслын талбайг 7.5%-н поведин иодын уусмалаар 3 дахин зохих журмаар арчиж ариутгаад ариун давуугаар тусгаарлав. Баруун хөлийн тавхайн салбарсан шархыг сайтар угаан цэвэрлээд 8 л уусмалаар угаан наалдсан эд бохирлогдсон үхэжсэн эд гаднын биетийг аван шалгахад 1 хуруу бяцарсан боловч эдийн дутагдалгүй тул зөв байрлалд оруулан шургаар бэхлээд 2,3,4, шивнүүрийн бяцарсан ясны дутагдалтай тул шархыг угаан зав байрлалд тааж тамгаар тавьж шөргөөр бэхлээд шархыг шалгаад зөөлөн эдийг үечлэн хаагаад шархыг угаан хаав. Ариун боолт хийв, хагалгааны явцад гарсан хүндрэл үгүй. мэс заслын дараах онош: баруун хөлийн хугарал засах мэс заслын дараах байдал. Мэс засал хийсэн /эмч Ө.Ө/ гэжээ. Мэс заслын тэмдэглэл: мэс засал эхэлсэн цаг: 2022.07.04 14:50 үргэлжилсэн хугацаа 16:00 Хагалгааны явц: Нугасны хөндийд мэдээ алдуулалтан дор өвчтөнийг мэс заслын орон дээр доош харуулан байрлуулж мэс заслын талбайг 7,5%-н поведин иодын уусмалаар 3 дахин зохих журмаар арчиж ариутгаад ариун даавуугаар тусгаарлав. Зүүн хөлийн тавхайн үхжил эдүүдийг авч 2-5 хурууны угийн шивнүүр хүртэл үхжил явагдсан байсан тул эрүүл эдийг хүртэл өөлж аваад шархыг антисептик уусмалаар сайтар угааж шархыг ойртуулж хаав. Ариун боолт хийв. Хагалгааны явцад гарсан хүндрэл үгүй, мэс засал хийсэн /эмч Ө.Ө/ гэжээ. Мэс заслын тэмдэглэл: төлөвлөсөн мэс заслын нэр: зүүн тавхайн доод 3/1 хэсгээр тайрах. Мэс засал эхэлсэн цаг: 2022.07.19 14:22 минут үргэлжилсэн цаг 01:22. Хагалгааны явц: Нугасны хөндийн мэдээ алдуулалтан дор өвчтөнийг мэс заслын орон дээр доош харуулан байрлуулж мэс заслын талбайг 7,5%-н поведин иодын уусмалаар 3 дахин зохих журмаар арчиж ариутгаад ариун даавуугаар тусгаарлав. Зүүн хөлийн шилбэний доод 3/1 зөөлөн эдэд зүслэг хийн цус тогтоолт хийн дунд, доод 3/1 тайралт ясыг тайран мэдрэлийг суллан таслаад, судсыг боож шалгаад шархыг зөөлөн эвлүүлэн оёж үзүүр хэсгийг сулхан оёж үечлэн хаагаад хэвийн болсон тул викрил 1,2,0 утсаар оёж шалгаад хөдөлгөөн хэвийн тул шархыг угаан шархыг үечлэн оёж хаав. Ариун боолт хийв. Хагалгааны явцад гарсан хүндрэл үгүй. 2022.07.19 14:22 минут үргэлжилсэн цаг 01:22. Эмнэлгээс гаргах үеийн эпикриз: онош: тавхайн олон хугарал оношоор эмнэлэгт 33 хоног хэвтэж эмчлүүлэв, гарах үед дунд мэс засал эмчилгээ Зүүн тавхайн доод 3/1 хэсгээр тайрах мэс засал. /Эмчлэгч эмч Ц.М-ын/ 2022.07.25 гэжээ.
1.Д.Б-ийн биед зүүн тавхайн ясны бяцарсан хугарал, үеийн мултрал /2022.06.22, 2022.07.04, 2022.07.19-ний зүүн тавхайн хугарал засах, хуруу тайрах, зүүн шилбэний доод 3/1 хэсгээр тайрах мэс засал/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.3.4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 17.108.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 50% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),
13.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 221001625 дугаар хэргийн материалд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн шинжээчийн №ХАБ-22/09 дугаартай:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. /”ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, мөн хуулийн 3.1.20./ үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/. 3.1.21. /”үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ гэж тус тус томьёолсон байдаг. Д.Б нь хавтан зүсэгч машин дээр ажиллаж байгаад хөлөө гэмтээснийг “Б.Э.Х” ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хоргыг судлан бүртгэх дүрэм-ийг 2.1./ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1./ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн эсвэл амь насаа алдсан бол акт тогтооно: /2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед: гэж заасныг баримтлан үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоон,улсын ахлагч байцаагч хянаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ...Доржсүрэнгийн Б нь хэн нэгэн иргэн, хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх талаар хавтаст хэрэгт хэрэгт баримт материал авагдаагүй бөгөөд харин “Б.Э.Х” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр №9 дугаартай Хөдөлмөрийн гэрээг зуурагч оператор албан тушаалд хугацаагүйгээр, “Б.Э.Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 01-ийн өдрийн 02 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар хөдөлмөрийн гэрээг дахин шинэчлэн ажил олгогч ерөнхий захирал Н.Оийг төлөөлж Б.Э.Х ХХК-ийн хангамжийн нярав, ХАБЭА-н ажилтан Н.А нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №02 тушаалын дагуу осолдогч Доржсүрэнгийн Бтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байх тул уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. ...“Б.Э.Х” ХХК-ийн захирал Н. Очирхуягийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №13 тушаалаар “Амжилт гарц” мэргэжил олгох төвийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн AGX-00450-11 дугаартай “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан” сертификат, “Амжилт боломж гарц” ТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №20221564 дугаартай “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-нд хамрагдсан сертификаттай хангамжийн нярав ажилтай Н.Аг ХАБЭА-н бичиг хэрэг боловсруулах ажилтнаар томилсон тушаалын дагуу ХАБЭА-н ажилтан Н.А нь MNS 4969:2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүс ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нэр бүхий ажилчдад болон осолдогч Д.Б-д бичгээр өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй.Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1/ Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн сургалтыг зааварчилгаа өгөх хэлбэрээр зохион байгуулна./ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1. Урьдчилсан зааварчилга, 2 Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3 Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг Хохирогч . Д.Б /2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөө 07:30 минутаас 08 цаг хүртэл ХАБ-н сургалтад суусан./ Гэрч М.Г /Манай Б.Э.Х ХХК нь дотоод байгууллагын журмаар 7 хоног бүрийн 3 дахь өдөр болгон ажилчдадаа сургалт орж зааварчилгаа зөвлөгөө өгч санал хариулт хэлбэрээр зохино байгуулдаг/ Гэрч Г.Г /Манай Б.Э.Х ХХК нь дотооддоо 7 хоног бүрийн 3 дахь өдөр сургалт ордог./ Б.Э.Х ХХК-ийн хангамжийн нярав, ХАБЭА-н ажилтан Н.А нь ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт.Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартад заасан шаардлагын дагуу ажилчдад аюулгүй ажиллагааны Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, Давтан зааварчилгааг /ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг/ тухайн ажил үүрэгтэй холбоотой агуулга хэлбэрээр бичгээр өгдөг байсан нь хэрэгт авагдсан материал, гэрч хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. ...Д.Б нь газраас удирдлагатай краны оператор мэргэшлийн гурав дугаар зэрэгтэй, бетон арматурын мэргэжлийн гурав дугаар зэрэгтэй. Хохирогч: Д.Б /Надад хавтан хэвлэгч машины операторын үнэмлэх байхгүй./ гэж мэдүүлсэн бөгөөд “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04 7.4. Механикжуулалтын хэрэгсэл, дамжуур шат, тоноглол, цахилгаанжсан багажийн ашиглалтын үеийн аюулгүйн шаардлага 7.4.1. /Механикжуулалтын хэрэгсэл тоноглол, төхөөрөмж, цахилгаанжсан гар багаж, машиныг ажиллуулагч ажилтан, үйлдвэрлэгч-заводын болон зааврын дагуу тэдгээрийн хэрэглэн ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны арга барилын сургалтад хамрагдсан байвал зохино./, тус дүрмийн Хавсралт Ж-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжлийн үлгэрчилсэн жагсаалт ба барилгын ажлын нэр төрөл-д тусгайлсан хавтан хэвлэгч машины операторын нэр төрөл ороогүй бөгөөд 2022оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэвлэгч операторын Д.Ж нь /Пансен/ хэвлэгч машин дээр ажиллах үеийн ажлын процессын талаар гэх сургалт орсон, тухайн сургалтад осолдогч Д.Б нь хамрагдсан байна. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04, MNS 4930:2000 стандарт зөрчигдсөн байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу “Б.Э.Х” ХХК-ийн захирал нь үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм , заавар журам баталж, мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх зэрэг үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/-д зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №13 тушаалаар “Амжилт гарц” мэргэжил олгох төвийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн AGX-0045011 дугаартай “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан сертификат, Амжилт боломж гарц” ТББ-ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №20221564 дугаартай “ХАБЭН-н асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт-нд хамрагдсан сертификаттай хангамжийн нярав, Н.Аг ХАБЭА-н бичиг хэрэг боловсруулах ажилтнаар, Амжилт гарц” мэргэжил олгох төвийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн AGX-004447-11 дугаартай ХАБЭА-н ажилтан” сертификаттай М.Г-ийг ХАБЭА-н үйлдвэр хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн байна. Дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ гэж заасан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ ХАБЭА-н үйлдвэр хариуцсан ажилтан, бригадын дарга М.Г нь биелүүлээгүй Мөн. Гэрч: Б.Ч үйлдвэрийн дарга /Миний бие тоног төхөөрөмжийг шалгадаг мөн Г, А нар давхар шалгадаг. Би хэвлэгчид засвар хийсэн хаалтыг авсныг мэдээгүй, мөн шалгаагүй нь миний буруу./ Үйлдвэрийн дарга Б.Ч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан Албан тушаалын зорилго албан тушаалын үндсэн үүрэг, албан тушаалын ажил үүргийн хуваариа зөрчин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахад хяналт тавиагүй компанийн тоног төхөөрөмжийг цаг тухайд нь бэлэн байлгаагүй, компанийн өөрийн удирдлагад байгаа ажилтан, ажиллагсдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй байна. ...Гэрч: Б.Ч үйлдвэрийн дарга /Осол гарсан шалтгаан нь хэвлэгч машины хамгаалалтыг хийгээгүйгээс хөлөө оруулсан байсан юм. Гэрч: Д.Ж краны оператор /2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тухайн машин эвдрээд тэгээд янзалсан юм. Тэгээд хаалтыг нь буцааж гагнаагүй байсан./ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюугүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 7.3.4./Аюул учруулж болзошгүй суурин төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгүүдийг тор буюу хаалт, хашлагаар хамгаалсан байвал зохино./, MNS 4930:2000 2.Ерөнхий шаардлага 2.4 /Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд: 3. Хаалт, хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн./, 3.Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага 3.3 /Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аюул, ослын эх үүсвэр болж болзошгүй хөдөлгөөнтэй хэсгүүдэд хаалт, хамгаалалтын хэрэгсэл тавьсан байна. Аюул осолд хүргэж болох хөдөлгөөнтэй хэсгүүдийн тохиолдолд тоног төхөөрөмжийг ажиллуулахад анхааруулах дохио хэрэгсэл болон зогсоох, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс салгах хэрэгслүүдтэй байвал зохино/, гэх заалтуудыг зөрчин хэвлэгч машинд засвар хийсний дараа редиктэрийн хаалт, хамгааллыг буцааж гагнаагүй. Хохирогч: Д.Б /Тухайн өдөр би ажлын гутлаа өмсөөгүй байсан. Би энгийн гуталтай байсан. Манай ажлаас хамгаалалтын хувцас бүрэн бүтэн тавьж өгдөг./ Гэрч Г.Гантөмөр туслах ажилтан /Манай Б.Э.Х ХХК нь ажлын гутал бээлий гутал, каск, зэргийг хангалтаар өгдөг./ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлог тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэх үүргийнхээ дагуу Б.Э.Х ХХК нь осолдогч Д.Б 2022 оны 05 сард 50 размерын хувцас 40 размерын гутал хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. 18.2.5. /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/, 18.2.7. /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/- гэх заалтыг зөрчин байгууллагын зүгээс олгосон ажлын гутал өмсөлгүй энгийн гутал /Хавтаст хэрэг зураг №15/ өмсөж ажил гүйцэтгэж байх явцдаа Д.Б нь өөрийн /хувь хүний/ хайхрамж болгоомжгүй үйлдлээс осолдсон байх магадлалтай байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/-н дагуу ажлын тусгай хувцсаар хангасан.Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ гэж заасан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ ХАБЭА-н үйлдвэр хариуцсан ажилтан, бригадын дарга М.Г нь биелүүлээгүй. Гэрч: Б.Ч үйлдвэрийн дарга /Миний бие тоног төхөөрөмжийг шалгадаг мөн Г, А нар давхар шалгадаг. Би хэвлэгчид засвар хийсэн хаалтыг авсныг мэдээгүй, мөн шалгаагүй нь миний буруу./ Үйлдвэрийн дарга Б.Ч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан Албан тушаалын зорилго, албан тушаалын үндсэн үүрэг, албан тушаалын ажил үүргийн хуваариа зөрчин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахад хяналт тавиагүй, компанийн тоног төхөөрөмжийг цаг тухайд нь бэлэн байлгаагүй, компанийн өөрийн удирдлагад байгаа ажилтан, ажиллагсдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй байна. гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас),
14.”Б.Э.Х” ХХК-ийн захирал Н.О-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 дугаар ХАБЭА-н ажилтан томилох тухай ерөнхий захирлын тушаал (хавтаст хэргийн 86 дугаар хуудас), “Б.Э.Х” ХХК-ийн захирал Н.О, Д.Б нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас),
15.”Б.Э.Х” ХХК-ийн захирал Н.О, М.Г нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 105-109 дүгээр хуудас), ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас), .“Амжилт гарц” мэргэжил олгох төв мэргэшүүлэх сургалтын AGX-00447-11 дугаартай М.Г-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн №21071904 тоот сургалтын эрхийн гэрчилгээ болон ХНХ сайдын 2019 оны А/370 дугаар тушаалыг үндэслэн олгосон сертификат (1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас),
16.“Б.Э.Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас), Барилга хот байгуулалтын яамны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн MY 17-058/20 дугаар Бетон зуурмагийн үйлдвэр бүхий төмөр бетон эдлэлийн үйлдвэр ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас), “Б.Э.Х” ХХК-ийн дүрэм (1 дүгээр хавтаст хэргийн 147-151 дүгээр хуудас), Төмөр бетон хийцийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо эрсдэлийн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 207-224 дугаар хуудас),
17.Хохирогч Д.Б-ийн эмчилгээний болон цалин хөлс олгосон талаарх баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 226-233 дугаар хуудас),
18.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.
-Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: М.Г нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 16 настай нэг охинтой юм. Нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаатай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг юм. Би Б.Э.Х ХХК-д 2015 оноос хойш одоог хүртэл суурин машины операторчоор ажиллаж байгаа юм. Бид хоёр 2006 онд гэр бүл болж амьдарч байгаа юм. ...Манай нөхөр **** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, багадаа эцэг эхийн гар дээр өсөж тус суманд байх ерөнхий боловсролын дунд сургуульд сурч бүрэн дунд боловсролтой болсон. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2013 онд Б.Э.Х ХХК-д ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа юм. ...Манай нөхөр шударга, үнэнч, нэг зүйл хийхдээ тууштай, тамхи татдаггүй баяр ёслолоор л архи дарс тааруулаад хэрэглэчихдэг, ажилдаа сайн, олон удаа шагнал авч байсан.Хүн хариуцах чадвар сайтай, ажлын хариуцлага өндөртэй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, урьд нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тус үйлдвэрийн хавтас хэвлэгч ажилтай Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хохирогч нь тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглээгүй буюу хамгаалах гутлыг өмсөөгүй нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлжээ.
Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Гийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Б-ийн эрүүл мэнд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Б.Э.Х ХХК нь хохирогч Д.Б-ийн эмчилгээнд 16,356,950 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.О мэдүүлсэн, хохирогч Д.Б авсан, цаашид гарах хор уршгийн зардал нэхэмжилж буйгаа илэрхийлж байна. тус тус мэдүүлсэн. Иймд хохирогч хуульд заасан шаардлага хангасан баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид цаашид гарах хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдвэрийн осол гарахад шүүгдэгчийн буруугаас гадна хохирогчийн буруу байсан зэргийг харгалзан М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай, уг ял нь шүүгдэгчийн учруулсан гэм хорд тохирно гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Г бичиг үсэг мэднэ, өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөлдөө улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд шийдэж өгнө үү. гэсэн тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч М.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Г-д дээрх хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэнд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт М.Г-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д шүүгдэгч М.Г, иргэний хариуцагч “Б.Э.Х” ХХК нар нь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА