Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2018/02830/и |
Дугаар | 183/ШШ2019/00090 |
Огноо | 2019-01-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2019/00090
2019 оны 01 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2019/00090 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ......... өөрийн төв байранд байрлах, “К” ХХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух, Б /РД:....../-д холбогдох,
зээлийн болон барьцааны гэрээний дагуу 62,347,299 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, өмгөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зээлийн үйл ажиллагааны шимтгэл гэж бүх банкууд авдаг. Ихэнх банк 1 хувийг авдаг боловч харин манай банк 0,5 хувийг авдаг. Энэ бол банкуудын зээлийн үйл ажиллагааны журманд заагдсан байдаг. Хариуцагч талын төлсөн үнийн дүн нь тодорхойгүй байна гэж байгаа боловч манайх анх нэхэмжлэл гаргаж өгөхдөө хүү тооцооллыг гаргаж өгсөн. Үүнд хариуцагч нь үндсэн зээлэнд 21,309,461.85 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн хүүнд 47,920,596.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,654,449.95 төгрөг, нийтдээ 73,884,558.72 төгрөгийг төлсөн байна. Манайх нэхэмжлэлээ 2018.09.12-ны өдөр гаргасан. Хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл нь 45,690,538 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл нь 13,094,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 618,856 төгрөг, нийтдээ 59,403,677 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манайх нэхэмжлэлийн шаардлагаа 2018.10.20-ны өдөр нэмэгдүүлсэн. Үүнд үндсэн хүүнд 2,453,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 428,601 төгрөг нийт 2,933,620 төгрөг байгаа. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн нь 62,347,299 төгрөг байгаа. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл нь 45,690,538 төгрөг, үндсэн хүү нь 15,547,301 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1,109,460 төгрөгийг нэхэмжилсэн” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэмэгдүүлсэн хүүг тохироогүй гэж яриад байна. Зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт зээлийн нэмэгдүүлсэн хүүг жилийн 5,52 байна гэж тодорхой хувь хэмжээтэй заасан байгаа. Энэ нь үндсэн хүүгийн 20 хувь нь 5,52 гэж тооцсон байгаа. Үүнийг дэлгэрэнгүйгээр гэрээний 4.9 дэх хэсэгт байгаа. Зээлийг төлөөгүй бол хавсралт 1-д заасан төлөлтийн хуваарын дагуу төлөх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн гэж заасан байгаа. Энэ нь үндсэн хүүгийн 20 хувиар тооцож байгаа хэлбэр юм” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч тал 67 сая төгрөгөөсөө тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг гаргасан байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хүснэгтэд төлөх ёстой нь 63 сая төгрөг, төлсөн нь 21,309,461.85 төгрөг, зээлийн үлдэгдэл нь 45,690,538.15 төгрөг, бодогдсон хүү нь 61,014,879.26 төгрөг, төлсөн хүү нь 47,920,596.92 төгрөгийг төлсөн байна. Үндсэн зээлээс 21 сая төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 4,654,499.95 төгрөгийг төлсөн байна. Гэтэл зээлийн дансны хуулгаар хариуцагч нь нийтдээ 73,884,558.72 мөнгийг төлсөн, мөн 4,654,499.95 мөнгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Хариуцагч талаас энэ нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэмэгдүүлсэн хүүг гэрээнд тохирохдоо үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцно гэсэн байгаа. Иргэний хуулийн заалтад нийцээгүй, гэрээгээр тохироогүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Бид хуулийг үгийн шууд утгаар нь тайлбарлаж хэрэглэх ёстой, зээлийн гэрээний 4.9 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох талаар зааж өгсөн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэсэн, 198.2 дахь хэсэгт аль нэг талд гэрээний нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байгаа. Үүнээс үзэхэд зээлийн гэрээний 4.9 дэх заалтад зээлийн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэх тохиролцоог заасан. Үүнийг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс зээлийг төлөхгүй байсан өөр шалтгаан нь банк тодорхой үүрэг хариуцах ёстой, зээл өгчихөөд зээлийн хугацаа нь 2016.11.27-ны өдөр дуусчихсан байхад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзах асуудал байсан. Зээлийн гэрээний 7.1 дэх хэсэгт банкны үүргийг тусгасан байгаа. Гэрээний 10.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх нь нэхэмжлэгч талд байгаа. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах эрхтэй гэсэн байгаа. Дангаар цуцлах эрх нь байсаар байхад 10.2.2 дахь хэсэгт зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд 2016.11.27-ны өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд гэрээгээ цуцлахгүй, шүүхэд хандахгүй байсан. Банк гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан шаардах эрхээ эдэлж чадах эсэхэд эргэлзэж байна. Хариуцагчид дангаараа гэрээг цуцлах эрх байхгүй. 2016.11.27-ны өдрөөс банк үүргээ биелүүлсэн бол хариуцагчид ийм их өр төлбөр нэмэгдэхгүй байсан. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан хэтэрсэн хугацааны хүү авах эрхээ алдаж байгаа учраас гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжилж байгаа хүүг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Б тай байгуулсан 2014.11.25-ны өдрийн 3000-2014/282 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу нийтдээ 62,347,299 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
К 2014.11.25-ны өдрийн 3000-2014/282 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 45,690,358 төгрөг, хуримтлагдсан хүү 13,094,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618,856 төгрөг нийтдээ 59,403,677 төгрөгийг анх нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2018.09.13-ны өдрөөс 2018.11.23-ныг хүртэлх хугацааны зээлийн хүү тооцож 2,943,622 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна.
Хариуцагч тал зээлийн гэрээний дагуу 67,000,000 төгрөг биш 66,665,000 төгрөг хүлээн авсан, зээлийн тооцоолол буруу, банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгох нөхцөл байдал үүссэн байхад шүүхэд хандаагүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ хэт их нэмэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд К ХХК болон хариуцагч Б нарын хооронд 2014.11.25-ны өдрийн 3000-2014/282 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан, иргэдийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 67, 000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд жилийн 5,52 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл олгосны шимтгэлд зээлийн үнийн дүнгээс 0.5 хувийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу 67,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Зээлийн барьцаанд Б.Э ,Б нарын өмчлөлийн Ү-... тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн ....... тоот 34 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Талууд зээлийн гэрээний холбогдох заалт, зээлдэгч Б ын 2015.11.24-ний өдрийн хүсэлт, Кны зээлийн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн 3000-2014/282 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг 2015.12.09-ний өдөр байгуулсан байх бөгөөд зээлийн үлдэгдэл болох 63,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн хугацааг 2016.11.27-ны өдөр хүртэл сунгасан байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд 2015.12.09-ний өдөр байгуулсан 3000-2014/282 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний хугацаа 2016.11.27-ны өдөр дууссан байх боловч Б ын 2017.06.30-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсанаар зээлийн үлдэгдэл 60,1 сая төгрөгийг 2017.07.20-ний дотор төлж дуусгах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгийг борлуулахыг зөвшөөрсөн байдал, Кны 2016.07.20-ний өдрийн 16/92, 2017.10.11-ний өдрийн 17/146 тоот мэдэгдэл зэргээс үзэхэд хариуцагчийг төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.7, 3.2, 3.3, 4.9-т зааснаар зээл олгосны шимтгэлийг зээлийн үнийн дүнгээс 0.5 хувиар тооцох, зээл олгох гүйлгээ хийсэн өдөр төлөх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөхөөр, мөн үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирсон, зээлийн үлдэгдэл 60,1 сая төгрөг байгааг 2017.06.30-ны өдрийн хүсэлтэд дурдсанаас үзэхэд зээлдэгч Б зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар мэдэж байсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл болон зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэн зээлийн үлдэгдэл 45,690,358 төгрөг, хуримтлагдсан хүү 13,094,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 618,856 төгрөг нийтдээ 59,403,677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан хэдий ч шүүх нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны буюу 2018.09.13-ны өдрөөс 2018.11.23-ныг хүртэлх хугацааны зээлийн хүү 2,943,622 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.
Иймд зээлийн барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б аас зээлийн гэрээний үүрэгт 59,403,677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,943,622 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Б.Э ,Б нарын өмчлөлийн Ү-... тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн ...... тоот 34 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,217 төгрөг 454,969+70,200+62,048/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 525,169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ