Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Бат-Орших,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0032) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт М.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210019061450 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт М.О нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Увс аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер техник хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Барилгын ** тоотод оршин суудаг,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

М.О нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр иргэн С.Ү-тай маргалдаж түүний зүүн нүд хэсэг рүү гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид нар Үйлдвэр комбинатаас Нисэх рүү хүн ачдаг. Ээлжлээд зогсоод хүнээ дүүргээд явдаг. Би тухайн өдөр 10 цаг 40 минутын орчимд орж ирээд зогсож байхад Ү ирээд “чи байгаагүй” гэж хэлсэн. Үл ойлголцол болж бид хоёр маргалдсан. Би нүд рүү нь цохисон. Тэнд байсан хүмүүс “найз нөхөд байж больцгоо” гээд салгасан. Намайг хүнээ ачаад Нисэх орчхоод ирэхэд Ү-ын эхнэр нь ирж, цагдаа дуудсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна гэв.

 

Эрүүгийн 2210019061450 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23:11:28 цагт “манай нөхөр зодуулчихсан байна.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч С.Ү-ын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

2. Хохирогч С.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн 10504 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний  дээд зовхинд 1,5х0,4см хүрэн улаан өнгийн бүлэглэж нөж тогтсон ирмэг тэгш бус шархтай. Дээд зовхи тархмал овойж хавдсан, хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хүзүүний урд дээд хэсэгт 1х1см 1х0,8см, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт 6х1см, баруун өвдөгт 1х1см  1х0,8см, зүүн өвдөгт 1х0,7см, 1х1см,  1,5х1см улаан ягаан өнгийн зулгаралтуудтай . Биед өөр ил харагдах гэмтэлгүй байв. 2022.0.7.28-ны Мед травма эмнэлгийн толгойн КТГ-т Баруун ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугаралтай. Хамар яс хуучин хугаралтай, таславч баруун тийш муруй. Зүүн нүдний эргэн тойронд бага зэргийн хавантай. /эмч: С.Ганчимэг/ гэжээ.

1.С.Ү-ын биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /шинжээч эмч: О.Нансалмаа/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

4. Яллагдагч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүгдэгч М.О-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар. Хохирогч С.Ү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгсөн талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал, гомдолгүй, оролцохгүй гэж мэдэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Улсын яллагчаас шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газраар өдрийн найман цагаас хэтрүүлэхгүйгээр хэрэгжүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдоржоос миний үйлчлүүлэгч урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон. Эрүүгийн хариуцлага хүлээж дууссан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. М.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид 300,000 төгрөг нөхөн төлсөн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч М.О нь эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг, хот хооронд тээвэр хийдэг зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэрэг баримтуудаар шүүгдэгч М.О нь урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдалтай байх ба ялын хугацаа дуусгавар болсон, нөгөө талаас урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Иймд шүүгдэгч М.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийг сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй байдлыг мэдсээр байж үл хүндэтгэж харьцсан, мөн хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал ороогүй, нийгмийн харилцаанд бусадтай харилцахдаа биеэ зөв авч яваагүй дахин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг солихыг анхааруулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт М.О-г 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.О-г өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.О цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Ү-д төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА