| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1484) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000014 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр **-д төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, О** ХХК-д засвар үйлчилгээний ахлах ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ИМ82041313).
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Э хотхоны гадаа эхнэр Ч.Э-ны биед халдан зодож, эрүүл мэндэд нь цээжний баруун 8-р хавирганы цууралт, дух, зүүн зовхи, хацар, нуруунд цус хуралт, дух, зүүн чамархайн хуйх, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тэр өдөр гурван хүүхдээ хараад гэртээ байсан. Эхнэр ажлынхантайгаа Цэргийн амралтад явсан. Орой залгахад утсаа авахгүй 2-3 удаа залгуулж аваад 7 буудалд түгжрээд явж байна гэсэн. Видео дуудлага хийхэд байшин дотор байсан. Тэгээд хаана байгаа юм бэ гэхэд ажлынхаа хажууд караокед байна гэсэн. Чи 7 буудалд түгжрээд явж байна гэж хэлсэн гээд бид 2 маргалдсан. Би очоод авъя гэхэд би одоо гарлаа гэсэн. Би замаас нь тосож авсан. Бид 2 машин дотор маргалдсан. Би маш их уурласан байсан. Би “намайг байхад ингэж худлаа хэлж байгаа юм чинь байхгүйд чи яаж явдгийг мэдэхгүй байна” гэж хэлээд маргалдсан. Түүнээс болоод гэрийн гадаа очоод эхнэртээ гар хүрсэн. Толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Бөгс хэсэг рүү нь өшиглөсөн. Би гэмтээе гэж бодоогүй, маш их харамсаж байна. Би эхнэр, хадам ээж, эгч нараас уучлал гуйсан. Одоо бид 2 ойлголцож, хамт амьдарч байгаа. Миний буруу, харамсаж байна гэв.
Эрүүгийн 2310000000014 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21:53:16 цагт “Нөхөр Б.М-т зодуулсан ба гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж байна.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
2.Хохирогч Ч.Э-ны биед үзлэг хийсэн болон гэмтлийг харуулсан, үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
3.Хохирогч Ч.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн 64 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Дух, зүүн нүдний дээд доод зовхи хавдсан, духны зүүн дээд хэсэгт 3х3см, зүүн доод зовхинд 5х1см, хацарт 6х5см, баруун бөөрний дээд хэсэгт 2а1см, зүүн далнаас бөөр хүртэл 8х0.3см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн чамархайн хуйханд 3х3см талбайд овойж хавдсан, эмзэглэл ихтэй байв. Лазер мед эмнэлгийн толгойн КТГ: 2022.12.12. Гавал ясанд хугаралгүй. Зүүн талын хоншоорын хөндийд 1х0.9см, 0.5х0.5см хэмжээтэй полиптой. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Өнчин тархи хэвийн. Зүүн талд нүд, хацар хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай. Лазер мед эмнэлгийн цээжний КТГ: 2022:12:12. Цээжний баруун талын 8-р хавирга LAA шугамаар цууралттай. гэжээ.
1.Ч.Э-ны биед цээжний баруун 8-р хавирганы цууралт, дух, зүүн зовхи, хацар, нуруунд цус хуралт, дух, зүүн чамархайн хуйх, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч: С.Эрдэнэцэцэг/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
5.Яллагдагч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
6.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), Б.М, Ч.Э нарын 2022 онд гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Шүүгдэгч Б.М, Ч.Э нар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байна.
Хэрэг болсон өдөр гэр бүлийн харилцааны үл ойлголцол, шүүгдэгч Б.М хохирогч Ч.Э-ыг худал ярилаа гэх зэрэг шалтгаанаар тэд хоорондоо маргалдаж шүүгдэгч Б.М нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулсан байна. Үүнээс гадна шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тохиолдлын шинжтэй хохирогч Ч.Эрдэнэсайханы эрүүл мэндэд нь халдсан нөхцөл байдал биш байх бөгөөд урьд хохирогчийн эрүүл мэндэд халдаж байсан үйл баримт байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд хамаарах ба эрүүл мэндэд нь халдаж буй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор заасан.
Иймд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Эрдэнэсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.М-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ч.Э-ээс эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой хор уршгийн зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлээгүй болохыг дурдав.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягаас: Миний үйлчлүүлэгч 2012 оноос хойш О.Т ХХК-д ажиллаж байгаа, 2-6 насны 3 хүүхэдтэй, энэ айлыг авч явдаг. Хохирогч гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан. Б.М нь сарын 5,000,000-6,000,000 төгрөгийн цалинтай, цаашид ийм асуудал гаргахгүй гэдэг талаар мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын хамгийн бага нэгжээр торгож өгнө үү. гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.
III. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тогтоолд дурдаж, ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б.М-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Э нь хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА