Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нямдорж,

хохирогч Б.Х,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Т.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210029470077 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Т.Т нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Ховд аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто техник мэргэжилтэй, М** ХХК-д механик ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ПБ********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Э хотхоны ** дугаар байрны ** тоотод иргэн Б.Х-тай байр түрээслэн суухдаа ашиглалтын зардлаа төлөөгүй учир төл гэж хэлсний улмаас маргалдан үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж цээж, бугуй, сарвуу, гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой Х-тай уулзсан. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахиад уулзъя гэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний 10 цагийн үед ярьж байгаад орцны үүдэнд уулзаад хамт гэр лүү нь орсон. Алга болсон зүйл байгаа юу гэж асуусан. Би байхгүй гэж хэлсэн. Өөрөө үзээд шалгаад тийм зүйл байхгүй байсан. Би Х-Тай харьцаагүй. П-тай харьцаж байсан. Тэр хүнд 2022 оны 11 дүгээр сарын 13-нд нүүнэ, 1,800,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж хэлсэн. Тухайн өдөр уулзахад 1 сарын барьцааны мөнгө нэмж авна гэж хэлсэн. Одоо 1 сарын барьцааны мөнгө байгаа юм чинь тэрнээсээ тог, сөх, цахилгаан зэргийн зардлаа авчих, үлдэгдэл мөнгийг нь тохиролцъё гэхэд тийм юм байхгүй дахиад 1 сарын барьцааны мөнгө авна гэсэн. Тийм зүйл болоод хаалгаа түгжээд намайг гаргахгүй байсан. намайг хаалга руу явахаар орилоод байсан. Тухайн үед би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд авлагын асуудлаа хоорондоо тохиролцоод шийд гэсэн. Би шүүхээр яваад шийдье гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Намайг гаргахгүй байсан. Би гүйгээд гарахад цамцны малгайнаас татсан. Би гарыг нь тавиулаад, гараад машиндаа суусан. Тэр үед араас гарч ирээд машины урд зогсоод явуулаагүй. Тэгээд цагдаа дуудсан гэв.

            Хохирогч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай түрээсэлж байсан байрнаас Т нүүгээд явсан байсан. Өмнө нь П гэх хүнд түрээсэлж байтал жирэмсэн болсон тул нутаг явлаа гэсэн. Оронд нь манай нөхөртэй хамт ажилладаг Т гэх хүнийг оруулчихъя, барьцааны мөнгийг нь дараа аваад өгье гэсэн. Одоо 3 сарын түрээсийн мөнгийг аваад өгье гэсэн. 3 сар нь дуусаагүй байтал Түмэнбаяр надад хэлэлгүйгээр байрнаасаа гарсан. Би П-той ярьж “3 сарын хугацаа өнгөрөхөд барьцаа мөнгөө өгсөнгүй. Барьцааны мөнгө болон ашиглалтын зардлаа төл” гэж хэлсэн. Тухайн өдөр Түмэнбаяртай уулзаж түрээсийн байр луугаа хамт орсон. Ашиглалтын зардал 600,000 орчим төгрөг төлөөгүй байсан. Би хаалгаа цоожлоогүй, хаалттай байсан. Тухайн өдөр манай бэр надтай хамт байж байгаад 14 цагийн үед ажилтай боллоо гээд гараад явсан. Түмэнбаяр гарч явах гээд намайг түлхэж, биед халдсан тул би бичлэг хийсэн. Тэгтэл энэ хүн гарахгүй гэж байгаад намайг барьж аваад унагааж, өвдөглөөд зодсон. Би 3 сарын турш компьютер дээр юм бичиж чадаагүй. Өөрөө шүүхээр явъя гэсэн. Ашиглалтын зардал огт төлөөгүй, барьцаа өгөөгүй. Гэрийн эд зүйлийг эвдэлсэн байсан. Намайг заамдаж аваад унагааж, миний цээжин дээр өвдөглөөд гараараа цохисон. Тэгээд гараад зугтах гэхээр нь би хөлөөс нь барьж авсан. Миний гараас мултраад машиндаа суугаад явах гэхээр нь араас нь гарч гадаа байсан хүнийг дуудаж машиныг нь хааж зогсоогоод цагдаа дуудсан гэв.

 

Эрүүгийн 2210029470077 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 16:50:52 цагт “Түрээслэгч намайг зодоод байна.” гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

            2. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 19 дүгээр хуудас), хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

            3. Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            4. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            5. Бичлэг хадгалагдсан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15647 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: цээжний урд хэсэгт 3х1см, 3х1,5см улаан өнгийн цус хуралттай, зүүн гуяны гадна дунд хэсэгт 3х1см улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн сарвууны ар хэсэгт 3х1см, баруун бугуйны ар гадаргууд 2х0,5см, 1,2х0,2см улаан өнгийн цус хуралттай. Лазер мед эмнэлгийн Цээжний хөндийн КТГ: хугарал гэмтэлгүй гэжээ.

1. Б.Х-ын биед цээж, бугуй, сарвуу, гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

7. Яллагдагч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44, 46-47 дугаар хуудас),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), 2022 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүдэгч Т.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тогтоолд дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Т.Т-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-аас 152,000 (нэг зуун тавин хоёр мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.АЛТАНТУЯА