Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00159

 

2019 оны 01 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00159                             Улаанбаатар хот

 

 

 

                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Л.Н  /РД:...../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ... өөрийн байранд байрлах, Н /РД:.../-т холбогдох,

 

Хан-Уул дүүргийн ... тоот орон сууцыг 33,500,000 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 09 сарын 11-ний өприйн албадан дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр болон 2018 оны 09 сарын 28-ны өдрийн дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.                                                     

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.02.03-ны өдрийн ... дугаар захирамж, 2016.11.02-ны өдрийн 485 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар Б.Н гаас 64,301,701 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн .... тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид заасан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 хүүхдийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгө болох уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа орон сууцны үнийн дүнд шинжээч томилж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Уг шинжээчийн дүгнэлттэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоогдсон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг Б.Н  болон 2 хүүхдэд нь танилцуулаагүй. Шинжээч томилох тухай тогтоолыг 2018.05.17-ны өдөр гаргасны дагуу 2018.06.13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд Нт хэзээ ирсэн дардас авагдаагүй, шинжээчид эрх үүрэг тайлбарласан эсэх нь тодорхойгүй байдаг. Шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй зүгээр бланкан дээр гарын үсэг зуруулсан, он сар өдөр нь байхгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг албан ёсоор танилцуулаагүй мөртлөө маргааш нь буюу 2018.06.14-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулах талаар шууд мэдэгдлийг өгсөн байдаг. Үүний дагуу 2018.08.15-ны өдөр албан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарсан. Уг тогтоолыг 2018.08.17-ны өдрийн мэдэгдлийн хамт 2018.08.23-ны өдөр шуудандсан байдаг. Уг шуудангаас 2018.08.29-ны өдөр хүлээж аваад 2018.08.29-ны өдөр гомдол гаргаж, 2018.08.30-ны өдөр Нт өгсөн. Үнэлгээ нь хууль бус гэдэг байдлаар гомдол гаргасан. Гомдлын хариуг 2018.09.17-ны өдөр өгсөн. Хэрвээ гомдол гаргасан бол гомдлыг шийдвэрлэж байж дуудлага худалдааг зохион байгуулах ёстой байтал гомдлын хариу гараагүй байхад буюу 2018.08.31-ны өдөр анхны дуудлага худалдааг зарлаад мөн 2018.09.11-ний өдөр дахин дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг гаргасан байдаг. 2018.09.04-ний өдөр дахин мэдэгдэл гаргаж албан ёсоор орон сууцны 3 эзэмшигчид мэдэгдэлгүй 2018.09.28-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж, анхны дуудлага худалдаа болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь өөрөө төлбөр төлөгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн үнэлгээг хуулийн дагуу гаргаагүй зэрэг үндэслэлүүд байгаа учраас 2018.09.11-ний өдрийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай шийдвэр болон 2018.09.28-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Б.Н гаас 63,937,752 төгрөгийг гаргуулж Газар капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017.01.28-ны өдрийн 170176 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Ингээд тус газрын 2017.02.07-ны өдөр 3/5158 дугаар өр төлбөр барагдуулах албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн ... тоотод байрлах орон сууцыг 2017.03.09-ний өдрийн 138/5 дугаар тогтоолоор захирамжилж, 2017.03.15-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Н , Б , У  нарт үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх талаар 2017.03.31-ний өдрийн 3/9837 дугаар албан бичгээр мэдэгдэхэд тус бүр өөрсдөө үнийн санал өгөхөөс татгалзсан хүсэлтээ бичиж өгсөн. Ингэсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу манайх өөр байгууллагыг шинжээчээр томилон зах зээлийн үнийг 67,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2018.06.18-ны өдрийн 4/182 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хаягаар нь би өөрөө очоод өмчлөгч У д гардуулаад гарын үсэг зуруулаад мэдэгдсэн тэмдэглэл байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Н гийн 2018.06.05, 2018.06.17-ны өдөр тус тус гаргасан хүсэлтийг нь үндэслээд үнэлэгдсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж, төлбөрийг 07 дугаар сарын 14-ны өдөр мэдэгдэх тухай мэдэгдлийг 2018.06.22-ны өдрийн 4/245 дугаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг нь өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Тиймээс 2018.08.31-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг 2018.08.17-ны өдрийн 4/12898 дугаар албан бичгээр Б.Н гийн оршин суух Хан-Уул дүүргийн .... тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ингээд анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2018.09.28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг 2018.09.21-ний өдрийн 4/15906 тоот албан бичгээр мөн хаягаар бас баталгаат шууданд хүргүүлсэн. 2 дахь албадан дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгө нь 33,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай өмчлөгч У ын хаягаар очиж 2018.10.01-ний өдөр мэдэгдсэн. Үүнийг тэмдэглэсэн тэмдэглэл нь байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэг нэхэмжлэл, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож байгаа. Үнэлгээтэй холбогдсон гомдлыг хуульд зааснаар талуудад мэдэгдсэнээс 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах заалттай байдаг. Тэгэхээр үнэлгээний тухай гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн. 2-рт 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... тоот орон сууцыг 33,500,000 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр болон 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Нт холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч тал үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа өнгөрсөн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн 0... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Н  нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүрэг 64,301,701 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах, хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэнэ” гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Л.Н д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн 2017.01.24-ний өдрийн 17290176 дугаар тогтоол гарсан, 2017.03.09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцыг битүүмжилж, 2017.03.15-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол гарсан, улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заажээ.

 

Төлбөр авагч Газар К ХХК нь барьцааны зүйл болох орон сууцыг шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтэй буйгаа 2018.05.07-ны өдөр, төлбөр төлөгч Л.Н  нь үнэлгээ хийлгэхээс татгалзсан, мөн өмчлөгч М.Бадрал болон М.Ундрал нар үнийн санал өгөхөөс тус тус татгалзсан тухайгаа 2018.04.25-ны өдөр тус тус бичгээр ирүүлсэн байх бөгөөд 2018.05.17-ны өдрийн 129 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Д  ХХК-ийг томилсон, тухайн үл хөдлөх хөрөнгийг 67,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдэлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Н-ын 2018.06.22-ны 4/245 дугаар хариу мэдэгдэх хуудсаас үзэхэд Л.Н гийн хүсэлт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн өөрийн хөрөнгөө үнэлэгдсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж төлбөрийг 2018.07.14-ний өдрийн дотор дансанд тушаахыг төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”, 72 дугаар зүйлийн 72.2-т “төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ” гэж тус тус заасан байна.

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Хуульд зааснаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018.08.15-ны өдрийн 8/12 тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 67,000,000 төгрөгийн 70 хувь буюу 46,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож, тогтоолын хуулбар болон мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн 0... дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн тус шүүхийн 2018.10.15-ны өдрийн 11983 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох  Хан-Уул дүүргийн ... тоот орон сууцыг 33,500,000 төгрөгөөр үнэлсэн 2018 оны 09 сарын 11-ний өприйн албадан дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр болон 2018 оны 09 сарын 28-ны өдрийн дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.10.08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 183/ШЗ2018/119830 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ