| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч В.Батдэлгэр,
хохирогч Г.Э, өмгөөлөгч З.Хүрэлсүх (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0809),
шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Д.Цэрэнханд (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0168) нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203003520398 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Г нь Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Д аймгийн М суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х** ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд:
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 3 жилийн хорих ялаас өршөөгдөж биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жил 10 хоногоор тогтоож байсан,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 10 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдаж байсан (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Б.Г нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Шувуун фабрикийн замд Toyoto Crown маркийн **** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
-3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа,...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;,
-10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас баруунаас зүүн тийш зорчиж явсан Toyoto Probox маркийн **** УБЛ улсын дугаартай Б.О жолоочтой тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, Toyoto Probox маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Г.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Шувуу фабрикаас Улаанбаатар хот руу явж байсан. Шинэ суурьшлын бүсэд явж байхад өөдөөс хөх өнгийн машин орж ирж осол гарсан. Манай нөхөр О машин барьж явсан. Хүзүүний 3, 4 дүгээр үеийн диск суларсан, нурууны L4, L5 дугаар диск мултарсан гэсэн оноштой. Одоо босож, сууж, шулуун замаар алхаж чадаж байгаа. Осолтой холбоотой гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Хохирлын зардалд зүүн эмчилгээ 3 удаа хийлгэсэн, рашаан эмчилгээ хийлгэсэн, өвчин намдаах глюкозамин авч уусан, сорвины тос дахин авсан, бензиний зардал зэрэг зардлууд баримтгүй тул ороогүй. Ганзориг 3,103,000 төгрөг өгсөн гэж байна. 103,000 төгрөг нь надад сорвины тос авч өгсөн. Тэрний мөнгө байх. 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өвчтэй байх хугацааныхаа 2 сарын цалингийн зардлыг нэхэмжилж байгаа. Ажлын газрын тодорхойлолт, ажилд авсан тушаал зэрэг баримтыг гаргаж өгсөн. Машины хохиролд 4,110,000 төгрөг авсан. Тухайн үед зах зээлийн үнэлгээ оношилгооноос өндөр байсан тул нэмж мөнгө авсан. Машины хохиролд нэмж нэхэмжлэх зүйлгүй. Духны сорвийг арилгахаар Солонгос улсад эмнэлэгт эмчлүүлэхээр цаг авсан байгаа. Энэ зардлыг бас нэхэмжилнэ гэв.
Эрүүгийн 2203003520398 дугаартай хэргээс:
1.Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 18:12 цагт автомашинтай мөргөлдсөн гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 5 дугаар хуудас), Зам тээврийн осол дээр тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийсэн акт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
2.Тээврийн цагдаагийн албанаас хэргийн газрын үзлэг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),
3.Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд жолооч Б.Г 1,34 хувийн согтууралтай тухай, Б.О-н согтуурлыг шалгахад 0 хувийн тоон үзүүлэлт тогтоогдсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
4.Хохирогч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
5.Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9084 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Хоёр талын дээд, доод зовхины дотор булангаар тод хөх өнгийн цус хуралттай, зүүн зовхи овойж хавдсан, духны төв дээд хэсэгт үсний заагаас доош дух руу үргэлжилсэн 7см орчим урт цэгцлэлт хийж зангилаат оёдол тавьсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2022.06.21-ний өдрийн Толгойн КТГ-т Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. ...тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. ...духны хэсгээр зөөлөн эдэд хаван нэвчдэстэй, хуйхан дор хийн бөмбөлөгтэй гэжээ.
2022.06.23-ны өдрийн Сонгдо эмнэлгийн цээжний CPT-т гэмтлийн өөрчлөлтгүй гэжээ. 2022.06.28-ны өдрийн Med trauma эмнэлгийн тархины эдэд КТ шинжилгээнд: тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Тархины дунд бүрдэл хазайлтгүй. ...Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Суурь болон гавлын ясанд хугаралгүй, бүтцийн өөрчлөлтгүй. Хоёр талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй. ...Духны зүүн тал болон зулай орчмын хуйхан доор бага зэрэг цус хуралттай. Зүүн талын нүдний ухархайн болон зүүн хацар орчмын эргэн тойрны зөөлөн эдэд хавантаж гэжээ.
Рефлекс мэдрэлийн эмнэлгийн 2022.06.28-ны өдрийн харааны дуудлагат потенциалын шинжилгээнд: Зовуурь; 2022.06.22-нд осол орж хөл дээрээ гишгэж чадахгүй, өтгөн гарахгүй, шээсний гарц хэвийн .Хараанд гарсан илэрхий мэдэгдэх өөрчлөлтгүй. ЧШ (+), 10 жилийн өмнө оношлогдсон. P100 латенц хугацаа баруунд 107 мсек. Зүүнд 105 мсек. Дүгнэлт: P100 потенциал баруун талд mod, зүүн тал сул үүснэ. P100 латенц хэвийн гэжээ.
Med Trauma Hospital-н 2022.06.30-нд Бүсэлхийн нурууны Соронзон Резонанст Томографи (тодосгогчгүй) шинжилгээнд: Бүсэлхийн лордоз хадгалагдана, бүсэлхийн нугалмуудад мурийлтгүй. Бүсэлхийн 5 нугалмууд хэвийн дарааллаар тодорхойлогдоно. Нугалмын их бие болон арын элементүүд: Бүсэлхийн нугалмуудын гадаргууд жижиг яс ургалттай Төгсгөлийн ялтсууд: L4/5 түвшинд нугалмуудын гадаргуу T2, T1 горимуудад цайвар дохионы эрчим бүхий өөрчлөлттэй. Бүсэлхийн L4/5, L5/S1 түвшинд жийргэвч усаа алдаж, тодрол буурсан. ...L4-5: Энэ түвшинд жийргэвч арагш бага зэрэг цүлхийсэн ба нугасны сувгийн өмнөд зайг нарийсгасан, зүүн гарах болон дамжих мэдрэлийн язгуурууд бага зэрэг дарагдсан. Мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдалтай. L5/S1: Энэ түвшинд жийргэвч арагш бага зэрэг цүлхийсэн. Мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдалтай. Нугас (conus medullaris) L1-р нугалмайн түвшинд төгссөн бөгөөд нугасанд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нугасны хөдийн эпидурал, субдурал, субарахнойд зайнууд: хэвийн. Facet үе:хэвийн. Ууц-сүүжний үе: хэвийн. Параспиналь булчингууд болон 2 талын m.psoas хэвийн гэжээ.
1.Г.Э-гийн биед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5-с ууцны 1 нугалмын мөгөөрсөн жийргэвчийн урагдал, хоёр талын дээд, доод зовхины цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд ялзарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, механизмаар үүснэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 699 дугаартай:
1.Г.Э-гийн биед материалаар ирсэн 2022.06.21-ний гавал тархины КТГ-н СД, хүзүү, сэрээ нуруу рентген, 2022.06.23-ны сээр нурууны MRI, 2022.06.28-ны бүсэлхий нурууны MRI шинжилгээнүүдийг давтан уншуулахад бүсэлхийн 5-с ууцны 1-р нугалмын мөгөөрсөн жийргэвчийн урагдал, хүзүүний 3-4 нугалмын жийргэвчийн цүлхийлт, хоёр талын дээд, доод зовхины цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ.
3.Бүсэлхийн 5-с ууцны 1 нугалмын мөгөөрсөн жийргэвчийн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. /шинжээч Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас),
8.Хөрөнгийн үнэлгээний тайлангууд: Тэнцвэр-Эстимэйт ХХК-ийн тайлан, зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас), Ино марк мастер ХХК-ийн тайлан, зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас),
9.Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 782 дугаартай магадлагаанд: 1.Тоёото кроун маркийн **** УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Тоёото пробокс маркийн **** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, жолоочийн лавлагаа (2027.12.06 хүртэл хүчинтэй), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55, 58, 56 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэг Б.Г-ийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тогтоогдсон, нэг хүний автомашинд хохирол учруулсан байдал, эдгээр учруулсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Б.Г-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Г-гийг өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цалин хөлс болон гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Г.Э-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА