Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0085

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

  “БЭЭД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “БЭЭД” ХХК

Хариуцагч: БХАЗД

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0070 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалмаа 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

ТОДОРХОЙЛОХ нь:

1. БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр:

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БЭЭД” ХХК-аас БХАЗДд холбогдуулан гаргасан БХ аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгох-оор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад захиргааны байгууллага гуравдагч этгээд БХ аймгийн Онцгой байдлын газар маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх болсон нь хэрэгт цугларсан баримтыг буруу ойлгосноос үүдэлтэй гэж харж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай  шийдвэр”-ийг гаргахдаа газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд оруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах арга хэмжээг хэзээ, хэрхэн, ямар зохион байгуулалтаар авсан, БХ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоор ”Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд “Дэд бүтцийн байгууллага” гэж тусгагдсан газар, БХ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар тогтоолд “... Баянхонгор, Онцгой байдлын газрын хойд талд, газрын хэмжээ 0.076 дэд бүтцийн байгууллага, Онцгой байдлын газартай газрын давхцал үүсэж маргаантай байгаа тул дуудлага худалдаа явуулаагүй “хойшлуулсан” асуудал нь уг маргаан хэзээ, хэрхэн, ямар эрх бүхий этгээдээс яаж шийдэгдэж, хэрхэн, ямар эрх бүхий этгээдээс яаж шийдэгдэж, хэдэн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яаж тусгагдаж, аймгийн Засаг дарга ямар шийдвэр гаргах эрх олж авсан ... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар захирамжаараа БХ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолоос цаг хугацааны хувьд өмнө нь гарч байсан БХ аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг шууд хүчингүй болгосныг зөв гэж үзсэнд гомдолтой байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан заалтын дагуу дуудлага худалдаанд оролцохоор хүлээж байсан манай компани буюу Дэд бүтцийн байгууллага болох гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхүйц маргаан дагуулсан БХ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон БХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20214 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2024/0070 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү”” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй.

            3. Нэхэмжлэгч “БЭЭД” ХХК-аас БХАЗД-д холбогдуулан “... БХ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2016 оны 8 сард Онцгой байдлын газрын хашааны ард ямар ч эзэмшилгүй байсан 2-3 метр гаруй өндөртэй 12 метр гаран диаметртэй овоолсон шороо байсныг тэгшлэн, уурын зуухны барилгыг эхлүүлэн уурын зуухыг 11 сард барьж ашиглалтад оруулсан, одоогоор “БХ” ХХК, Онцгой байдлын газар, М*** шатахуун түгээх станц, Н*** шатахуун түгээх станц, Т*** угаалга, засварын газар, М****, О** сэлбэгийн дэлгүүр, Ц**** угаалга, сэлбэгийн дэлгүүр, Мини маркет хүнсний дэлгүүр, М*** зочид буудал, үйлчилгээний 7-н давхар барилга, Вакум цонхны үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж байгууллага, 518, 614, 616 дугаар орон сууцны байрууд, мөн Д-н 9-н давхар худалдаа, үйлчилгээтэй орон сууц, нийт 150 орчим айл өрхийг дулаанаар хангаж байна. Газар эзэмших хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн газрын албанд гаргасан ...  Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тул дуудлага худалдаанд оролцох бэлтгэлээ хийж байтал Онцгой байдлын газартай газрын давхардал үүсэж, маргаантай байгаагаас дуудлага худалдаа хойшилсон гэсэн. Олон үйлчлүүлэгчдийг дулаанаар хангахын тулд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Аймгийн Засаг даргын 2020 оны А/227 дугаар захирамж гарснаар манай компанийн дуудлага худалдаанд оролцох эрх хаагдаж, газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна ...” гэж тайлбарлажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... нэхэмжлэгч компани нь анх 2016 оны 8 сард Онцгой байдлын газар дээр дур мэдэн, зөвшөөрөлгүй уурын зуухны барилга барьсан. 2016 онд аймгийн Онцгой байдлын эзэмшил газрыг хассан аймгийн Засаг даргын захирамж гараагүй байсан болохоор нэхэмжлэгч компанийн уурын зуухыг Онцгой байдлын газрын уурын зуух гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч газар эзэмших зөвшөөрлийг хуулийн дагуу аваагүй байж уурын зуух барьж, үйл ажиллагаа явуулсан  тул тус компанийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх асуудал яригдахгүй ...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

            3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд БХ аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газрын хэмжээг залруулах тухай” А/452 дугаар захирамжаар “аймгийн Онцгой байдлын газрын хүсэлтийг харгалзан Н 1-р багт байрлах эзэмшил газрын талбайн хэмжээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр газрын хэмжээг нь 7490 м.кв болгож өөрчилж шийдвэрлэсэн байх боловч маргаан бүхий акт болох БХ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн уг А/452 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            3.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 20.2.3-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.3-д “хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар”, 29.1.3.в-д “в/хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах;”, 29.1.3.г-д “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах;”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.17-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж тус тус заасан байна.

            3.3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэхүү хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэх хууль зүйн боломжтой, тухайн нутаг дэвсгэрийн /аймгийн/ хэмжээнд газрын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэйн хувьд нэхэмжлэгчийн уурын зуух барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх анх үүссэнээс хойш хэрхэн ямар шалтгаанаар өөрчлөгдсөн нөхцөл байдал, тэдгээрийн хүсч байгаа, эзэмшиж байгаа газрын давхцал зэргийг бүрэн дүүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байтал хариуцагчаас хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

3.4. Нэхэмжлэгч “БЭЭД” ХХК уурын зуухны барилга барьж ашиглалтад оруулсан болон гуравдагч этгээд аймгийн Онцгой байдлын газрыг оролцуулаад “Н***” ХХК-ийн БХдахь салбар, “М***д” ХХК, “М***” ХХК, 5***, 6***, 6*** дугаар байрнууд болон бусад айл өрхүүд нийт 150 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангах үйлчилгээ эрхэлж байгаа зэрэг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

Мөн хэргийн оролцогчид нэхэмжлэгчийн уурын зуухны барилга гуравдагч этгээд Онцгой байдлын газрын эзэмшлийн 9341 м.кв газартай 760 м.кв хэмжээгээр давхцалтай гэх үйл баримттай маргаагүй байна.

3.5. Нэхэмжлэгчээс “... Онцгой байдлын газар нь 2016 онд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд барьж байсан ажилчдын орон сууц, шинээр барих гал унтраах ангийн барилга зэргийг дулааны төвлөрсөн халаалт байхгүйгээс зураг төсөв батлагдахгүй байсаар шинэ барилга баригдаагүй 2-3 аймгийн нэг нь болж тодорч байсан болохоор энэ асуудлаа шийдэхийн тулд Онцгой байдлын газар болон Т сургуулийн уулзвараас урагш дулааны нэгдсэн халаалтын үйл ажиллагаа явуулах саналыг манай компанид тавьсан тул ... 11 сард уурын зуухыг барьж ашиглалтад оруулан Онцгой байдлын газрын ажилчдын 26 айлын орон сууцны барилга, Онцгой байдлын газрыг холбож БХ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох материалыг журмын дагуу өгч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг авч албан ёсоор үйл ажиллагаа явуулсан” гэж тайлбарлан маргасан байхад хариуцагчаас нэхэмжлэгч “БЭЭД” ХХК-ийн эдгээр тайлбар үндэслэлтэй эсэх, тус газарт дулааны халаалтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр уурын зуух барьж ашиглалтад оруулах саналыг ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас гаргасан эсэх, хэрэгцээ шаардлага байсан эсэх, одоо бодит байдал дээр тайлбарт нь дурдагдаж буй олон хэрэглэгчийг дулаанаар хангах үйлчилгээ эрхэлж байгаа нь үнэн бодитой эсэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгогдоогүй тохиолдолд дулаанаар хангагдагч хэрэглэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэх зэргийг тодруулж эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь дээр дурдсан хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна. .

3.6. Түүнчлэн гуравдагч этгээд Онцгой байдлын эзэмшил газар хэрхэн яаж үүссэн, улмаар хэрхэн нэмэгдэж өөрчлөгдсөнтэй холбоотой баримт нотолгоог бүрдүүлж хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь мөн дээрх хуульд нийцээгүй байна.

            3.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд БХ аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр[2] “... 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БХхотын Засаг даргын 66 дугаар захирамжаар бичигдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын акт, гар зураг, захирамжийн хуулбаруудыг хүргүүлж байна” гэж, хавсралтаар холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлснээс үзэхэд 1997 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/20/1** дугаар гэрчилгээнд[3] “БХхотын Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар захирамжийн дагуу” гэсэн үндэслэлээр “ГТТАлба”-д 4654 м.кв талбай бүхий газрын 4 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, мөн 1997 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0320/1** дугаар гэрээний[4] нөхцөлд газар эзэмших, зориулалт хэмжээнд “аж ахуй, албан конторын зориулалттай 4654 м.кв талбай бүхий газар” гэж бичигдсэн байна.

            3.8. Харин дээрх 1997 оны гэрээ, гэрчилгээг үйлдэхдээ "БХхотын Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар захирамжийн дагуу" гэсэн үндэслэлийг заасан байх боловч дээрх албан бичгийн хавсралтаар ирүүлсэн БХхотын Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар захирамж нь “... байгаль хамгаалагч улсын байцаагч болон 6 дугаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг түр хугацаагаар авах” гэсэн агуулга бүхий гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхтэй ямар нэгэн холбоо, хамааралгүй захирамж байна.

3.9. Мөн хэрэгт авагдсан 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ[5] болон 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0046*** дугаар гэрчилгээнд[6]  “Онцгой байдлын хэлтэст 7490 м.кв газрыг эзэмшүүлсэн” гэж бичигдсэн байх боловч мөн адил БХхотын Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар захирамжийг үндэслэсэн гэж заасан байхад хариуцагчаас эдгээр зөрүүтэй, тодорхой бус нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлгүйгээр маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь буруу байна.

   3.10. Хариуцагчаас дээрх нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр нэхэмжлэгчээс уурын зуух барьж, ашиглалтад оруулж, аж ахуй нэгж байгууллагууд болон гуравдагч этгээдийг дулаанаар хангаж буй газрыг бүхэлд нь гуравдагч этгээдэд  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 Мөн БХ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 113 дугаар “Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрөгдсөн талбайнаас илүү эзэмшиж байгаа газарт дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөн нөхөн төлбөр төлүүлж газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээд Онцгой байдлын газрын хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар 9341 м.кв болгож нэмж өөрчилсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, газар эзэмшүүлэх эрх олгох засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд шийдвэр гаргасан байгаа нь буруу байхад хариуцагчаас эдгээр нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь буруу байна.

3.11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”, 18.1.2-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар”, 18.1.2.д-д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, 18.1.2.з-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 19.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад бурэн эрх”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.1.7-д “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг тогтоох” гэж тус тус заасан.

3.12. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хуульд заасан хязгаар шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох бөгөөд мөн нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг батлах, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлахаар заасан байна.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөн нөхөн төлбөр төлүүлэх үнийг зааж, үнэ төлсөн тохиолдолд нэмж газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад 2012 оны 112 дугаар тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй байхад хариуцагч нь уг шийдвэрийг үндэслэн гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

3.13. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасан.

3.14. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төсөвт байгууллагад газар эзэмшүүлэхэд  зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газрыг эзэмшүүлэхээр хуульчлан заасан байна.

3.15. Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээд аймгийн Онцгой байдлын албанд анх эзэмшүүлсэн 4654 м.кв газрын хэмжээг ямар шийдвэрийг үндэслэн 7490 м.кв болгон нэмэгдүүлсэн нь тодорхойгүй, үүний дараа 1851 м.кв газрыг гуравдагч этгээдэд нэмж эзэмшүүлэхдээ төсөвт байгууллагын ямар хэрэгцээ шаардлага үүссэн болохыг баримтаар тогтоож, уг нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргаагүй, энэ талаарх баримт нотолгоог хариуцагч, гуравдагч этгээдийн аль аль нь шүүхэд гаргаагүй байна.

            3.16. Мөн төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн шалтгаант нөхцөл байдал үндэслэлтэй эсэхийг хянан үзсэний үндсэн дээр газрын хэмжээг нь нэмэгдүүлэхээр байхад аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр “Эзэмшил газрын талбайн хэмжээ залруулах тухай” захирамжаар “эзэмшил газрын зөрүүтэй байгаа төрийн байгууллагуудын эзэмшил газрын хэмжээг залруулах” гэсэн үндэслэлээр БХ аймгийн Онцгой байдлын газрын 7490 м.кв байсныг 9341 м.кв хэмжээтэй болгож, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Зүй нь тодорхой бус уг нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дараагийн шийдвэрүүдийг гаргах байжээ.   

            3.17. Түүнчлэн БХ аймгийн Онцгой байдлын газрын дарга Т.М-аас тус газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1801/146 дугаар албан бичгээр “... аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар тус байгууллагын эзэмшил газрыг 9341 м.кв талбайтайгаар 1851 м.кв-аар илүү гаргасан байх тул хуучин өөрийн эзэмшил талбай 7490 м.кв-аар гарган залруулж өгнө үү” гэх хүсэлтийг аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж гаргаснаар аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар “Газрын хэмжээг залруулах тухай” захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг 7490 м.кв болгон газрын хэмжээг өөрчилсөн шийдвэрлэсэн байна.

            3.18. Нэхэмжлэгч “БЭЭД” ХХК нь маргаан бүхий газар болох аймгийн Онцгой байдлын газрын ар талд байрлах газарт  халаалтын зуух барьж ашиглалтад оруулан БХ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 10/2017 дугаар тусгай зөвшөөрлийг[7] авсан байх бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт  хандаж 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар албан бичгээр[8] “тус компани нь өөрийн хөрөнгөөр аймгийн Онцгой байдлын газрын ард ашиглалт, эзэмшилгүй байсан газрыг ашиглан төхөөрөмж, стандартын шаардлага хангасан халаалтын уурын зуухыг барьж ашиглалтад оруулан Онцгой байдлын газар, Эрчим хүч, **** ШТС, П*** ШТС, М газын станц, Т засварын газар зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжийн 18356 м.кв талбай, айл өрхийн 3380 м.кв 60 айлын орон сууцыг халааж байна. Иймд манай уурын зууханд 874 м.кв газрыг олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

            Ийнхүү хүсэлт гаргасны дагуу БХ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 36 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2019 оны төлөвлөгөөг батлах тухай”  тогтоолоор[9] 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тус төлөвлөгөөнд Аймгийн Онцгой байдлын газрын 0.076 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн боловч Онцгой байдлын газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2201/267 дугаар албан бичгээр[10] “... Аймгийн Онцгой байдлын газрын барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон. Барилгын зураг төслөөр 9341 м.кв газар байхаар төлөвлөсөн, эзэмшил газраас хасагдсан 1851 м.кв газарт мөн барилга барих тул хуучин олгосон хэмжээнд нь буцаан олгоно уу ...” гэх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан,  үүний дараа аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар[11]  БХ аймгийн Засаг даргын 2018 он 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээ 9341 м.кв болж, аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн үйлчлэл сэргэсэн байна.

            3.19. Улмаар гуравдагч этгээд Онцгой байдлын газрын эзэмшиж буй газрын хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаар захирамжийн[12] хавсралтаар Н 1-р баг Онцгой байдлын газрын хойд талд байрлах 760 м.кв талбайг дэд бүтцийн байгууллагын зориулалтаар анхны үнэ 5.700.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар зарласан холбогдох хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/255 дугаар захирамжаар газрын маргаантай гэсэн үндэслэлээр дуудлага худалдаанд оруулах захирамжийн хавсралтаас хасаж шийдвэрлэсэн байна.

            3.20. БХ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2020 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор[13] 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангалттай хэрэгжсэн гэж дүгнэж, БХ аймгийн Онцгой байдлын газрын хойд талд байрлалтай 0,076 га газрыг “... газрын давхцал үүсэж маргаантай байгаа тул дуудлага худалдаа явуулахгүй хойшлуулсан ...”  гэсэн байна.

3.21. Нэхэмжлэгчээс “... уурын зуух байрлаж буй газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байсан боловч аймгийн Засаг даргын 2020 оны маргаан бүхий А/277 дугаар захирамжаар Онцгой байдлын газрын хүсэлтээр тус байгууллагын манай уурын зуухтай давхцалтай хэсгээр газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн 2018 оны А/452 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний улмаас манай хүссэн газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахгүй болж, улмаар газар эзэмших эрх олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна ...” гэж маргасан байх тул шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзэж хэрэг үүсгэсэн нь зөв байх боловч маргааны үйл баримтыг бүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 

            3.22. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх гуравдагч этгээд нь төрийн байгууллагын хувьд ямар зайлшгүй хэрэгцээтэйн улмаас хэдэн м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анх эзэмшүүлсэн талбайн хэмжээ хэрхэн ямар шалтгаанаар нэмэгдэж өөрчлөгдсөн нь тодорхой бус зөрүүтэй, анх гуравдагч этгээд аймгийн Онцгой байдлын газрын эзэмшилд хэдэн м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон болон ямар хэрэгцээ шаардлагын үндсэн дээр газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлэх үндэслэлтэй байсан эсэх, нэхэмжлэгчээс ямар байгууллага, албан тушаалтны хүсэлт саналын дагуу уурын зуухны барилга барьж, одоо олон тооны хэрэглэгч нарыг дулаанаар хангаж байгаа гэсэн нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх олгох хүсэлтэд заасан газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсний улмаас нийтийн эрх ашиг хөндөгдөх эсэх зэрэг нөхцөл байдал тодорхой бус зэрэг дээр дурдсан нөхцөл байдлуудыг хариуцагч нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нарийвчлан тодруулж дахин шинэ акт гаргах боломжтой гэж шүүх үзлээ.

            3.23. Анхан шатны шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 312 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр БХ аймгийн Онцгой байдлын газрыг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж[14], гуравдагч этгээд аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18/249 дүгээр албан бичгээр[15] “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд гуравдагч этгээдээр оролцохгүй”, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18/280 дугаар албан бичгээр[16]  “... албан ажил үүрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй байна, ... шүүхийн шатанд гуравдагч этгээдээр оролцохгүй” гэх хариуг тус тус ирүүлсэн байна.

3.24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “БХ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй БХ аймгийн Онцгой байдлын газрыг дээрх “Шүүхийн шатанд гуравдагч этгээдээр оролцохгүй”, “... албан ажил үүрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй... шүүхийн шатанд гуравдагч этгээдээр оролцохгүй” гэж БХ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Б-ийн ажил үүрэг, хувийн зохион байгуулалттай холбоотой шалтгаан үндэслэл бичсэн тайлбарыг үндэслэн маргааны үйл баримтын улмаас тус байгууллагын эрх хууль, ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтад тал бүрээс нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчим шаардлагад нийцээгүй буруу байх боловч хариуцагч БХАЗД нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээд аймгийн Онцгой байдлын газрын газар эзэмших эрх хэрхэн яаж үүсэж, өөрчлөгдсөн, нэхэмжлэгчээс ямар шалтгаан үндэслэлээр уурын зуухны барилга барих болсон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасныг үндэслэн гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг нэмж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй эсэх зэрэг уг шийдвэрт дурдагдсан асуудлыг бүрэн дүүрэн нягтлан тодруулж шинэ акт /шийдвэр/ гаргах боломжтой талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.25. Иймд хариуцагч БХАЗД нь маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжаар БХ аймгийн Засаг даргын 2018 он 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дээр дурдсан ажиллагааг хийгээгүй байх тул шүүхээс энэхүү маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий БХ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчаас тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг мөн хариуцагчаас дахин шинэ акт гаргах тохиолдолд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах боломжтойг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан БХ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 121 дэх тал                                                                

[2] Хэргийн 1 дэх хавтас, 35 дахь тал

[3] Хэргийн 2 дахь хавтас, 36 дахь тал

[4] Хэргийн 2 дахь хавтас, 37 дахь тал

[5] Хэргийн 2 дахь хавтас,

[6] Хэргийн 2 дахь хавтас, 90 дэх тал

[7] Хэргийн 1 дэх хавтас, 14 дэх тал

[8] Хэргийн 1 дэх хавтас,

[9]  Хэргийн 1 дэх хавтас, 167-168 дахь талууд

[10] Хэргийн 1 дэх хавтас, 122 дахь тал

[11] Хэргийн 1 дэх хавтас, 121 дэх тал

[12] Хэргийн 2 дахь хавтас, 7-8 дахь талууд

[13] Хэргийн 1 дэх хавтас, 169-178 дахь талууд

[14] Хэргийн 1 дэх хавтас, 81 дэх тал

[15] Хэргийн 1 дэх хавтас, 88 дахь тал

[16] Хэргийн 2 дахь хавтас, 116 дахь тал