Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Болорчулуун

Хохирогч Ч.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн харъяат, 1996 оны 03 сарын 07-нд төрсөн, эрэгтэй, 21 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Авто засвар, гагнуурын мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 1-р баг, Халуун усны байрны 4-2 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Ханх овогт Баттулгын Бат-Энх /РД: ГЖ96030716/ холбогдох эрүүгийн 201610010269 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Б.Бат-Энх нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны 02 цагийн орчим согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Булган плазаа баарны караокед хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан Шанд скорпион ХХК-ний хамгаалалтын ажилтан Ч.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бат-Энхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.Пүрэвдоржийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “ Би 2016 оны  10 дугаар сарын 01-ний өдөр Шанд скорпион хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилд орсон. Одоо Булган плаза баар, караокены хамгаалагчаар ажаиллаж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимм баар хаах гээд үйлчлүүлэгч нарыг гаргасан. Тэгээд би өөрөө гарч объектоо шалгаж байтал караокед хүмүүс муудалцах чимээ гарсан.  Намайг орж очиход караокед үйлчлүүлж байсан үл таних  2 залуу караокены  үйлчлэгч  болох Отгоо/ бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/-ийн найз залуу Сүхээтэй маргалдаж байсан. Тэгээд би Сүхээ рүү дайраад  байсан арай настай ахад хандаж та энд ингэж болохгүй. Энд зодоон үүсгэхийг хориглодог гэтэл Бат-Энх гэгч гараараа миний араас татаж, намйаг эргүүлж өөрлүүгээ харуулаад шууд миний нүүрэн тус газар гараа нэг удаа цохисон. Тэгээд намайг газарт унахад миний толгой руу хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсэхэд нь миний ухаан балартсан. Тэрнээс хойш юу  болсныг сайн санахгүй байна. Бат-Энх бид хоёр огт маргалдаагүй. Намайг тэр хоёрт шаардлага тавихад Бат-Энх араас татаж эргүүлээд юу ч ярилгүй нүүрэн тус газарт цохисон. Тухайн өдөр Сүхээ караокед найз охин болох Отгоо дээр ирсэн байх. Яг ямар ажлаар ирснийг нь би мэдэхгүй байна. Сүхээ  нь Бат-Энх болон түүний хүргэн ахыг таньдаг байсан юм шиг байна лээ. Тэгээд Сүхээг архи өгсөнгүй гэж ууралсан гэж би дараа нь Сүхээгээс сонссон. Миний тархи доргисон. Хмар муруйсан. Нүүрний зүүн хэсэг хавдсан.  Одоо биеийн байдал гайгүй. Хааяаа толгой өвддөг. Би Замын-Үүд сумаас Сайншанд сум руу явж томографийн зураг авхуулсан. Эм авч уусан. Одоогийн байдлаар  нийт 543,600 төгрөгийн  зардал гарсан. Үүнээс гадна би 8 хоног ажлаа хийгээгүй ба энэ хугацааны  цалин 106,400 төгрөг ингээд нийт 650,000 төгрөгийн зардал гарсан.Цаашид дахин эмчилгээ хийлгэнэ. Одоохондоо мэдэгдэхгүй байгаа ч хойшид илэрч болох зовиураас урьдчилан сэргийлж сайн эмчилгээ хийлгэмээр байна. Бат-Энх миний нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй“гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 21-ний өдрийн “ 1.Ч.Пүрэвдоржийн биед  тархи доргилт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх ба тухайн хэрэг гарсан өдөр буюу 2016 оны12 сарын 15-нд үүссэн байх боломжтой.

2.Учирсан гэмтлүүдийн тархи доргилт  гэмтэл  нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрний зүүн талд зөөлн эдийн  няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтэл тогтоогдохгүй болно..

3.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалданд нөлөөлөхгүй.

4. Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэсэн 09 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 23/

Шүүгдэгч Б.Бат-Энх нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

Хохирогч Ч.Пүрэвдоржийн Цагдаагийн хэлтэст гаргасан 2016 оны 12 сарын 15-ны 02 цагийн орчимд Ч.Пүрэвдорж би ажил үүргээ гүйцэтгэж байгаад Б.Бат-Энхэд зодуулж  гэмтэл авсан. Б.Бат-Энх  нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Миний нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Иймд энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү”  гэсэн хүсэлт /хх-ийн 14/ 

Шүүгдэгч Б.Бат-Энхийн Цагдаагийн хэлтэст гаргасан “ 2016 оны 12 сарын 15-ны 02 цагийн орчимд Булган плаза караокед Ч.Пүрэвдоржийг зодож гэмтэл учруулсан. Би буруугаа ойлгож гэмтшиж байгаа ба Пүрэвдоржийн нэхэмжилж байгаа 1,500,000  төгрөгийн хохирлыг барагдуулна. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 15/ гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Бат-Энх нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны 02 цагийн орчим согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Булган плазаа баарны караокед хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан Шанд скорпион ХХК-ний хамгаалалтын ажилтан Ч.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 12 сарын 15-ны шөнө бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Энхийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Пүрэвдоржийг хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бат-Энх нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Ч.Пүрэвдоржид нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан, баримтыг  /хх-ийн 74/ шүүхэд ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Ч.Пүрэвдорж нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Бат-Энхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Энх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Ч.Пүрэвдоржид эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ханх овогт Баттулгын Бат-Энхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ханх овогт Баттулыгн Бат-Энхэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Б.Бат-Энх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Б.Бат-Энх нь хохирогч Ч.Пүрэвдоржид эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Бат-Энхэд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг Б.Бат-Энх, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД