Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0832

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э,

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/ё дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Т.Д, орчуулагч А.А, гэрч Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гадаадын иргэн харьяатын газрын даргын б/79 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах хүсэлттэй байна. Хариуцагчаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль бус гэж үзэж байгаа. Үндэслэлгүй ажлаас халсан л гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт нь бодит байдлыг нягталж судлаагүй захиргааны акт байна. Бид өнөөдөр тухайн хэрэгтэй холбоотой баримтуудыг шинжлэн судалсан. Хуулийг ноцтой зөрчиж, дүрэм журам, цохолт хийсэн. Оролцогчийн эрх үүргийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Төрийн албан ёсны хэл нь Монгол хэл. Үүний дагуу крилл үсгээр тэмдэглэгдэнэ. Үүний дагуу өргөдөл өгч байгаа боловч өөрөө крилл үсэг мэдэхгүй гэдгээ хэлсэн.

Зөвхөн компанийн эрх ашиг зөрчигдөж байна гэдэг хүсэлт өгсөн байдаг. Гэтэл Гадаадын иргэн, харьяатын газар нь санаачилгаараа хяналт шалгалт явуулсан байдаг. Гэрч нь маш тодорхой хариулт өгсөн байдаг. Нэхэмжлэгчтэй холбоотой огт гомдол гаргаагүй гэж мэдүүлсэн байдаг. Ингээд маш олон зөрчлүүд байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл нь агуулгын ба хэлбэрийн хувьд маш тодорхой байна гээд заагаад өгсөн байдаг. Өргөдөл гомдлоо мэдээлэхдээ орчуулгын хамт хавсаргана гэсэн байдаг.. Гэтэл огт тусгаагүй байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байна.Гэрч нь өргөдөл өгөхдөө босоо монгол бичгээр өгсөн. Гадаадын хүн өөрөө эх хэл дээрээ өгсөн байх ёстой. Албан бус орчуулга гээд хариуцагч авсан байна. Тухайн хүний хууль ёсны эрх ашиг сонирхолтой холбоотой асуудал шийдэж байгаа. Энд авагдсан баримтуудыг өөртөө давуу байдал бий болгосон гэж ойлгож байна. Өөрсдөө өмнөөс нь ажил хийж өгөөд байх юм. Хуулийг ноцтой зөрчиж хууль бус байдлаар захиргааны акт гаргаж байгаад бид харамсаж байна. Дуртай нь хяналт шалгалт хийсэн байна. Бараг нийлээд 10-аад хүн хийсэн байдаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Г*******ээс байгууллагын дарга Н.У-т 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл, 03 дугаар сарын 09-ний өдөр Тгруппээс албан бичиг ирсэн. Утга нь 2020 оны 11 дүгээр сард өөрийн компани руу шилжүүлэх, ОСЗ авах хүсэлт өгсөн. Энэ асуудлаар нэхэмжлэгч О.Э нь намайг дуудаж уулзсан. Мөн Вичат-аар харьцаж байгаад өдрийг хүртэл паспортыг минь буцааж өгөөгүй байгаа. Иймд тулгараад байгаа суудлыг шийдэж өгч зөвшөөрөл олгож өгнө үү гэж дурдсан байдаг. Дарга Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.26-т Өргөдөл гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно гэсний дагуу хүлээн авч чиг үүрэг хариуцсан нэгийн даргын хувьд Албаны шалгалт явуулах тухай цохсон. Энэ цохолтын дагуу дотоод, хяналт шалгалт аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн П.Г-д дотоод хяналт шалгалт явуулах үүргийг өгч өргөдөл, албан бичгийг шилжүүлсэн. Төрийн хяналт шалгалт явуулах үүргийг өгч өргөдөл, албан бичгийг шилжүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгч , аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар түүний байгууллага тухай Хурал, Зас аг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана гэж заасан. Мөн Хууль зүйн сайдын 2016 оны А/213 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын дотоод хяналт, шалгалтын зохион байгуулах журмын дагуу хийж 03 дугаар сарын 10-ны өдөр 01-03/27 дугаар илтгэх хуудсаар байгууллагын даргад танилцуулсан. Дотоод хяналт шалгалтаар хяналтын улсын байцаагч О.Э нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г рүү эмэгтэй хүний хувьд илт сонирхсон агуулгатай мессеж бичиж, хувийн харьцаа тогтоохыг оролдсон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасныг, Гадаадын иргэн, харьяатын газрын ажил үйлчилгээний стандартын 3.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Санал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалт мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу халах шийтгэл ногдуулах саналтай танилцуулсан. Хууль зүйн сайдын 2016 оны А/213 дугаар тушаалаар батлагдсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын дотоод, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 3.3-т хяналт шалгалтын үйл ажиллагааны дүнг, шаардлагатай тохиолдолд Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн байгууллагын даргын 2017 оны А/148 дугаар тушаалаар батлагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын Даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 2.1-д Зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлыг тогтоосон. Энэ журмын 2.1.6-д шагнал урамшил, сахилгын шийтгэл гэж заасныг үндэслэн 2021.03.13-ны өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцсэн. Мөн 2020 оны А/97 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.5-т Албан хаагчийн албан үүрэгтэй холбоотой зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдол, мэдээлэл байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн баримт болон нэгжийн даргын санал, холбогдох материалтай байгууллагын дарга танилцаж холбогдох нэгж эсвэл Ёс зүйн хороонд чиглэл өгч шалгуулна гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 57 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн аюулгүй байдал хариуцсан халах мэргэжилтний Авлигатай тэмцэх газар-ын 1 дүгээр зорилтын 2-т Удирдлагаас өгсөн үүргийн дагуу хяналт шалгалт явуулж, илтгэх хуудсаар тайлагнах гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийг халах сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль ёсны байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл хэвээрээ гэж ойлгосон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт нэмээд хэлэхэд энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тушаал байгаа юм. Гадаадын ирэн харьяатын газрын дарга нь бүрэн эрхийн хүрээнд буюу хууль тогтоомжийн дагуу гаргасан байдаг. Энэхүү тушаал гарах болсон нөхцөл байдлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан байгаа. Дотоод хяналт шалгалтын дүнг илтгэл хуудсаар танилцуулсны дараагаар халах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн гадаадын гаргасан асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч өөртөө 4 сарын хугацаанд барьж байлгасан. Хяналтын байцаагч нь өөрийн хянаж буй асуудлаар дүгнэлт, санах хуудас, гэх мэт маш олон шийдвэр гаргаж нэгжийн даргадаа танилцуулах үүрэгтэй байдаг. Танилцуулаагүй гэдэг нь асуудлыг шийдвэрлэхгүй удаасан гэж үзэхээр байна.Энэхүү асуудал нь вичат-аар харилцсан чат-аар нотлогдож байна. Тус харилцсанаас харахаар тухайн асуудлын хүрээнд биш хувийн харилцаа тогтоохыг завдсан үйлдэл байсан гэж үзэхээр байсан. Хяналтын улсын байцаагч нь тангараг өргөдөг ба энэхүү тангаргаа зөрчсөн гэж үзэхээр байгаа. Энэ нь төрийн албанаас халах хангалттай шалтгаан гэж үзээд даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцсэн байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамтарсан. Тушаал дээр маш нарийвчлан заасан байдаг. Хориглосон зүйлийг зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулна гэсэн байгаа. Ямар зүйл заалтыг зөрчсөн бэ гэхээр бусдын хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах зорилгоор гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Хувийн харилцаа тогтоохыг завдсан үйлдэл нь байж боломгүй үйлдэл юм. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажиллах заавар, мөн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнд хуульд заасан хугацаанд иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэх, асуудлыг үнэн бодит шийдвэрлэх, саналаа гаргах, гэх мэт албан тушаалын тодорхойлолтод заагдсан үйл ажиллагаагаа хийгээгүй. Эдгээр үндэслэлүүдээр тушаал гарсан ба энэхүү шийдвэр нь хуульд заасан үндэслэлтэй гарсан. Иймд үүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох гэдэг нэхэмжлэлийн шаардлага байдаг. Энэхүү асуудал нь нэхэмжлэгчийг хяналтын байцаагчаар ажиллаж байх үед үүссэн асуудал байгаа. Энэхүү асуудлыг үүсгээд дотоод хяналт шалгалт хийж байх хугацаанд бүтэц орон тооны өөрчлөлт орсон байдаг. Нэхэмжлэгч нь агаарын зам хариуцсан газрын төв аймаг дахь мэргэжилтнээр томилогдсон байсан. Энэхүү зөрчил үүссэн асуудал нь хяналтын улсын байцаагчийн үеийн асуудал. Иймд нөхцөл байдалтай нь уялдуулаад хуулиар тогтоосон хориглох зүйлийг зөрчсөн байна гэж үзээд төрийн албанаас халах шийтгэл оногдуулсан байгаа. Энэ үндэслэлүүд нь бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч нь 2009 оноос эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, байцаагч /хяналтын улсын байцаагч/-аар ажиллаж байгаад Гадаадын иргэн, харьяатын  газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар Агаарын замын боомт хариуцсан газрын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн /хяналтын улсын байцаагчаар/ томилогдон ажиллажээ.

Улмаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3, 1.3.2, 1.4, 1.5.3, 1.6, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/07 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”, Байгууллагын даргын 2020 оны А/97 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасныг зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж үүрэгт ажлаас чөлөөлжээ.

          Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын  газрын дарга маргаан бүхий актыг гаргахдаа “О.Э нь бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах зорилгоор гадаадын иргэнтэй хувийн харилцаа тогтоохыг завдсан...” гэж дүгнэн сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь уг тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.4-д заасантай хэрхэн нийцэж байгаа талаар хангалттай нотлоогүй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэжээ.

Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журам, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хэтрүүлсэн, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах гэх нөхцөл байдлууд нь тогтоогоогүй байхад бусдыг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрхшээлдээ байлгах зорилгоор гадаадын иргэнтэй хувийн харилцаа тогтоохыг завдсан гэх үндэслэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган тогтоогоогүй байна.

           Учир нь Хууль зүйн сайдын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/213 дугаар тушаалаар “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 4 дүгээр зүйлийн 4.7-д “Төлөвлөгөөт  болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтыг энэхүү журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнаас баталсан удирдамжид заасан асуудлын хүрээнд гүйцэтгэнэ”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Дотоод хяналт шалгалтын удирдамж, шалгалтын бүрэлдэхүүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, түүнийг эзгүйд дэд дарга батална”, 5.2-д “Дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж нь хяналт шалгалтын бүрэлдэхүүнд бусад газар, нэгжээс ажлын дадлага туршлага бүхий ажилтан, албан хаагч, хяналтын улсын байцаагчийг харьяалах нэгжийн даргатай урьдчилан тохиролцсоны дагуу томилж болох бөгөөд ажлын хэсэг байгуулан хяналт шалгалтын чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс томилогдсон албан хаагч ажлын хэсгийг ахална”, мөн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно.”, 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана” 2.7-д “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй.” гэж зохицуулжээ.

Гэтэл хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга дээрх процесс ажиллагааг хийлгүйгээр, эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжгүйгээр шалгалтыг хийж гүйцэтгэснийг зөвтгөх боломжгүй байна.

Эрх бүхий албан тушаалтан дээрх журмын дагуу удирдамжийг баталснаар хяналт шалгалтын цар хүрээ, хийж гүйцэтгэх албан тушаалтан, албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэх нь тогтоогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа хангагдах учиртай.

Нөгөөтэйгүүр “Т” ХХК-ийн захирал буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн G******* /Г гэх/ нэхэмжлэгчтэй холбогдуулж гомдол гаргаагүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн бөгөөд түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй, хэлмэрч, орчуулагчийг оролцуулалгүй тайлбар, мэдүүлэг авсан нь мөн хуульд нийцээгүй байна.

Өөрөө хэлбэл хариуцагч захиргааны байгууллага нь зөрчлийг тал бүрээс нь үнэн бодитой тогтоох үүрэгтэйн хувьд уг ажиллагаанд гадаадын иргэн оролцож байгаа тохиолдолд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангах учиртай.

Хэдийгээр БНХАУлсын иргэн G******* Монгол хэлийг ойлгодог /Өвөр Монгол/ хэдий ч энэ нь хангалтгүй бөгөөд Монгол хэлийг ойлгодог байгаад зогсохгүй, сайн мэддэг, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй бичиг /крилл үсэг/ үсгийг уншиж чаддаг, эсхүл тийм орчуулагч, хэлмэрчтэй оролцох учиртай.

Ингэснээр шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй процесс, түүнээс үүсэх үр дагаврыг бүрэн дүүрэн ойлгож, мэдэх боломж бүрдэнэ.

Иймд хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны удирдамжаар, гадаадын иргэн оролцож байгаа тохиолдолд түүнд эрх үүргийг тайлбарлаж, хэлмэрч, орчуулагчийг оролцуулан дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д тус тус заасныг баримтлан О.Эын нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/79 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ