Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Л-д холбогдох 2316000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дүгээр сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ****** ХХК-д барилгын инженер ажилтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДО******** регистрийн дугаартай, В овогт Б-н Л.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Л-н 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Э****** багийн нутаг дэвсгэр ********* гэх газарт “...миний дараа малаа усалж бай...” гэх шалтгаанаар хохирогч Г.Л-тэй маргалдаж, түүний хэвлийн тус газарт өшиглөж, хавирч унагасны улмаас тархи доргилт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт цээжний зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Э******* багийн нутаг ******** гэх газарт “....миний дараа малаа усалж бай...” гэх шалтгаанаар хохирогч Г.Л-тэй  маргалдах явцдаа хэвлийн тус газарт өшиглөж, хавирч унаган зодож түүний биед тархи доргилт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт цээжний зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын Э****** багийн нутаг ******* гэх газарт худаг дээр хонио услаад байж байтал Б.Л нь ирээд мотороо асааж хонио услах гэхэд усны түвшин бага байсан учир тэдний жижиг мотор усаа татаж хүч хүчрэхгүй байсан чинь над руу уурлаад “...миний дараа малаа усалж бай...” гээд хэвлий рүү өшиглөж, хавирч унагасан. Тэгээд босоод ирэхэд толгой цээжин хэсэг өвдөөд байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23дугаар тал/

2. Гэрч  Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 сарын 12-ны өдөр хонио усалж гаргаж байхад манай хүү Л, Л-тэй маргалдаж байх шиг болохоор нь тэр хоёр дээр хүрээд ирэхэд Л нь танай хүү чинь намайг хавсарч унагасан гээд ууртай зогсож байсан. Хүүгээ яагаад хүнтэй маргалдаад муудалцсан юм гэж асуугаад загнасан. Тэгээд Л нь машиндаа усаа тавиад аваад явсан. Би малаа туугаад явсан. Миний нүдэн дээр Л, Л нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Намайг ирэхэд танай хүү чинь хавсарч унагасан гээд ууртай л байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25 дугаар тал/

3. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай “...1. Г.Л-н биед тархи доргилт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/

4. Шүүгдэгч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манайх хонио услах гэхэд мотор ажиллахгүй болсон байхаар нь та яагаад манай моторыг ажиллагаагүй болгосон юм гэхэд би наадахыг чинь эвдлээгүй гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр хэрэлдэж байтал над руу хүрээд ирэхээр нь хавсар ч унагаасан... Над руу дайраад ирэхэд нь би цээжин хэсэг рүү нь хөлөөрөө зөөлөн жийж, хавсарч унагаасан нь үнэн. Би гэмтэл учруулсан ... Г.Л-н биед учирсан хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 39 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Л-н дээрх үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 67 дугаар тал/, хохирогч Г.Л-н Цагдаагийн газарт гаргасан “...Г овогтой Л миний бие Б овогтой Л-д гомдол саналгүй болно...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Л-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2  дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Б.Л гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “...500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ...” санал гарган яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  В овогт Б-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА