| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/01309/И |
| Дугаар | 2293 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2293
| 2019 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2019/02293 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:, З.Х.340Айн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод байрлах, регистрийн дугаар ...., Т ХХКомпанид холбогдох
48 176 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нандинцэцэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Х.340А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Х.340А нь Т ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр замын хажуу талын ус урсах сувгийн ажил гүйцэтгэх тухай 47 026 000 төгрөгийн ажлын төлбөртэй 2018/05 тоот гэрээ, мөн өдөр зам засварын ажилд шаардлагатай 3200 м.куб хайрга ачих 7 000 000 төгрөгийн төлбөртэй 2018/06 тоот нийт 54 026 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан гэрээнд заасан ажлыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгэн гэрээг дүгнэж акт гаргасан. Т ХХК нь гэрээнд заасан ажлын төлбөрөөс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаанд 4 100 000 төгрөг, цементийн үнэ 1 750 000 төгрөг нийт 5 850 000 төгрөг төлсөн.Ажил гүйцэтгэх 2 гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 2 тал гэрээг дүгнэж үлдсэн 48 176 000 төгрөгийн төлбөрийг Т ХХК 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр З.Х.340Ад төлөхөөр харилцан тохиролцож акт үйлдэж, гарын үсэг зурсан.Гэтэл Т ХХК тохиролцсон хугацаандаа мөнгө шилжүүлээгүй өнөөдрийг хүрсэн.Иймд гүйцэтгэсэн ажлын хөлснөөс дутуу төлсөн 48 176 000 төгрөгийг Т ХХК болон захирал З.Бат-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:З.Х.340А нь Т ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр замын хажуу талын ус урсах сувгийн ажил гүйцэтгэх тухай 47 026 000 төгрөгийн ажлын төлбөртэй 2018/05 тоот гэрээ, мөн өдөр зам засварын ажилд шаардлагатай 3200 м.куб хайрга ачих 7 000 000 төгрөгийн төлбөртэй 2018/06 тоот нийт 54 026 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан гэрээнд заасан ажлыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгэн гэрээг дүгнэж акт гаргасан.Т ХХК нь гэрээнд заасан ажлын төлбөрөөс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаанд 4 100 000 төгрөг, цементийн үнэ 1 750 000 төгрөг нийт 5 850 000 төгрөг төлсөн.Ажил гүйцэтгэх 2 гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 2 тал гэрээг дүгнэж үлдсэн 48 176 000 төгрөгийн төлбөрийг Т ХХК 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр З.Х.340Ад төлөхөөр харилцан тохиролцож акт үйлдэж, гарын үсэг зурсан тул Т ХХК-с 48 176 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч З.Бат-Эрдэнээс татгалзаж байгаа, хариуацгч байгууллагын төлөөлөгчийн эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэв.
Хариуцагч Т ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Т ХХК нь Ховдоос Өлгийн чиглэлийн хатуу хучилттай замын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд хүн хүчний нэмэгдлээр тус цэргийн ангитай гэрээ хийж ажил гүйцэтгүүлсэн билээ.Тус цэргийн ангийн ажилтан цэргүүд нь мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулж замын хажуугийн суваг шуудууг стандартад нийцэхгүй байдлаар хийж гүйцэтгэсний улмаас тус компани гүйцэтгэгчийн өмнө хариуцлага хүлээж, нэмэлтээр 11 000 орчим кв.м газарт илүү зардал гарган ихээхэн алдагдал хүлээсэн болно.Ажил гүйцэтгэх гэрээ бол чанарын доголдолгүй ажил гүйцэтгээд хөлс авах харилцааг зохицуулсан байдаг.Нэхэмжлэгч нь чанарын доголдолгүй ажил гүйцэтгээгүйн улмаас манай компани маш их алдагдалд орсон болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХКомпанийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай байгууллага нь өөр компаниас авлагатай бөгөөд үүнийгээ анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдүүлсэн, одоо хэрэг нь дээд шүүх дээр байгаа, З.Х.340Айн нэхэмжилсэн 48 176 000 төгрөгийг төлнө, хэзээ төлөх хугацааг хэлж мэдэхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Х.340А хариуцагч Т ХХКомпани, З.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 48 176 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Бат-Эрдэнээс татгалзаж, 48 176 000 төгрөгийг Т ХХК-иас гаргуулах шаардлагаа дэмжиж байна.
З.Х.340А нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Т ХХК-тай ажил гүйцэтгэх 2018/05 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээнд З.Х.340А Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дахь зам засварын ажилд шаардлагатай 3200 м3 хайрга ачих ажлыг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сасрын 25-ны өдрүүдэд 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний төлбөр 7 000 000 төгрөгийг Т ХХКомпани төлөх үүргийг тус тус хүлээж талууд тохиролцсон байна.
Гэрээ дүгнэсэн тухай 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн актад Т ХХК нь гэрээний үнэ болох 7 000 000 төгрөгийг З.Х.340Ад 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэхээр тохиолцсон байна.
Гэрээ дүгнэсэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн актад ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1м2-ыг 3500 төгрөгөөр тооцож 13436м2 замын ус урсах сувгийн ажлын 47 026 000 төгрөгөөс 4 тонн цементийн үнэ 4 100 000 төгрөгийг хасч үлдэгдэл 41 176 000 төгрөгийг Т ХХК нь З.Х.340Ад 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа 4/10 тоот баримтааар Т ХХК нь 48 176 000 төгрөгийг З.Х.340Ад төлөх өртэй гарсныг харилцан тохиролцож баталсан байна.
Иймд Т ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөр 48 176 000 төгрөгийг гаргуулан З.Х.340Ад олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжинй тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн 398 830 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасныг баримтлан Т ХХК-иас 41 176 000 /дөчин нэгэн сая нэг зуун далан зургаан мянган/ төгрөгийг гаргуулан З.Х.340Ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн 398 830 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН