Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00158

 

2019 оны 01 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00158                             Улаанбаатар хот

 

 

 

                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, А  /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Я /РД.../-д холбогдох,

 

зээлийн төлбөр 40,000 доллар, алданги 20,000 доллар, нийт 60,000 доллар буюу Монгол банкны 2018.05.23-ны өдрийн ханшаар 155,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

        

 

           Нэхэмжлэгч А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А  миний бие 2016 оны 03 сарын 11-ний өдөр иргэн Ятай 2016 оны 03 сарын 11-ний өдрөөс 2016 оны 09 сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэвч иргэн Я нь гэрээний үүргээ үл биелүүлж өдийг хүртэл зээлээ төлөөгүй тул зээлийн төлбөр 40000$, мөн гэрээнд зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 20000$, нийт 60000$ буюу Монгол банкны /2018.08.23-ны өдрийн албан ханш 1$=2590₮/ ханшаар 155,400,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч А  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2016.03.11-ны өдөр 40 мянган доллар өгч, зээлийн гэрээ байгуулсан. Хамаатан садны хүмүүс учраас зээлийн хүү тохирохгүйгээр 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 09 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл өгнө гэсээр байгаад өгөхгүй өдий хүрчихлээ. Алданги нь нилээн их гарсан. Гэхдээ зээлийн үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх алдангийг тооцож бичсэн байгаа гэв.

 

 

 

Хариуцагч Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:” Болдбаатар овогтой Ялалт миний бие өөрийн садан төрлийн холбоотой А ыг шүүхийн байгуулагад хандах болтол нь чирэгдүүлж байгаад маш их харамсаж гэмшиж байна. Миний бие анх Анараас 17000 доллар зээлсэн ба удаасан хугацаандаа уучлалт гуйж анхны авсан 17000 долларыг 40000 доллар болгож өгөхөөр тохиролцож гэрээ хийсээн. 40000 доллар нэхэмжилж байгаа учир ийм билээ. Миний бие 40000 долларыг өгөхгүй зугтах мэлзэх санаа зорилго байхгүй болно. Миний бие тухайн мөнгийг өгч чадахгүй удааж байгаа нөхцөл гэвзл миний эзэмшлийн компани барилгын салбарт үйл ажилгаа явуулдаг ба 2015 онд үйлдвэрлэлийн осол гарч тухайн ослоор 1 хүн нас барж, 1 хүн хүнд бэртсээн. Тухайн осол гаргасан компанийн захирлын хувьд уг ослын улмаас гарсан хохирол төлбөрийг барагдуулах болон нас барсан иргэний ар гэрт орон сууц болон санхүүгийн тусламж үзүүлэх зэрэг амьдралд тохиолдох хүндрэлүүд болон санхүү мөнгөний боломжгүйн улмаас тухайн мөнгийг төлж чадахгүй удааж байгаа билээ. Мөн миний бие тухайн осолд хариуцагчаар татагдан гурван жилийн тэнсэн харгалзах ял болон үйл ажиллагаа эрхлэх эрхээ 3 жилээр хасуулсан тул тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй өнөө маргаашийг аргацаасан байдалтай амьдарч байгаа. Энэхүү амьдралд тохиолдсон хүндрэлүүд нь миний амьдрал учраас хамаатан болон бусад хүмүүст энэ талаар ярих нь зохимжгүй санагддаг тул миний бие энэ байдлаа Анарт үргэлж ярихаас санаа зовсон тул Анартай холбогдолгүй удсаан. Би тухайн мөнгийг боломж бололцоо гарангуут өгнө гэж бодож явдаг. Хэрхэн шийдэхээ шүүх мэдтүгэй. Миний хувьд Анараас уучлалт хүсэхээс өөр зүйл үгүй ээ. Миний тайлбар ийм байнаа” гэжээ.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

          Шүүх А ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2016.03.11-ний өдрийн зээлийн  гэрээний дагуу үндсэн зээл 40,000 ам доллар, алданги 20,000 ам доллар, нийтдээ 60,000 ам долларыг Монгол банкны 2018.08.23-ны өдрийн ханш 2590 төгрөгөөр тооцож 155,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан байна.

 

Хариуцагч энэ зээлийн гэрээний дагуу дээрх хэмжээний мөнгийг аваагүй гэж маргасан, харин 17,000 ам доллар зээлж авсанаа зөвшөөрсөн бөгөөд төлөөгүй удаасан тул 17,000 ам долларыг 40,000 ам доллар болгож өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд А , Я нарын хооронд 2016.03.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд үндсэн зээлийн хэмжээ 40,000 ам доллар, зээлийн хугацаа 2016.03.11-ний өдрөөс 2016.09.11-ний өдрийг хүртэл 6 сар, зээл олгосон хугацаа 2016.03.11-ний өдөр бэлнээр, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон, гэрээний 2.5-д зээлийн 2016.03.11-ний өдөр бэлнээр олгоно гэж тус тус дурджээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч А  “...2014 оноос эхлэн 1000, 2000, гэх мэтээр доллар цувуулан зээлж байгаад 17,000 ам доллар болсон, 17,000 ам доллар дээр 23,000 ам долларыг нэмээд 40,000 ам доллар болсон, 2016.03.11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 40,000 ам долларыг зээлсэн“ гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг 3 өөр байдлаар тайлбарласан, зээлийн гэрээний 2.5-д зааснаар тухайн өдөр 40,000 ам долларыг зээлдэгчид шилжүүлэн өгсөнийг нотолсон баримтгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ, түүний тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2016.03.11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 40,000 ам долларыг Яад бэлнээр хүлээлгэн өгсөнөө нотолж чадаагүй, 17,000 ам долларыг зээлүүлэхдээ зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, алданги тооцохоор тохиролцоогүй  байх тул алданги шаардах эрхгүй болно.

 

Иймд талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч Я шилжүүлэн авсан мөнгөө тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргийг хүлээсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 17,000 ам долларыг Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг үндэслэн 2590 төгрөгөөр тооцож, нийтдээ 44,030,000 төгрөгийг гаргуулж А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,370,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч А  “...2014 оноос эхлэн 1000, 2000, гэх мэтээр доллар цувуулан зээлж байгаад 17,000 ам доллар болсон” гэж тайлбарладаг боловч хамгийн сүүлд хэзээ хэдэн доллар зээлсэн нь тодорхойгүйгээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй боловч хариуцагч 17,000 ам доллар хүлээн авсанаа зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй байсан бөгөөд 2014 оноос хойш зээлдүүлсэн гэх өмнөх зээл төлөгдөөгүй байхад дахин 40,000 ам долларыг нэмж зээлдүүлэх боломжгүй болно.

 

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Яаас 44,030,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,370,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 934,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Яаас 378,099  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ