Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар    2023/ШЦТ/185

 

 

 

 

2023        03            16                                   2023/ШЦТ/185

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Л.З /өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Зд холбогдох эрүүгийн “2211 00000 1920” дугаартай, 186/2022/0863/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын       27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн,хххх тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Л.З,

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.З нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн  2-125 тоотод эхнэр М.Этэй маргалдаж улмаар түүнийг цохиж биед нь баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Л.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эгийн:..2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2-125 тоот гэртээ байж байтал манай нөхөр Л.З нь гаднаас согтуу орж ирээд намайг элдвээр хараагаад байсан. Би түүнтэй маргалдаж босч ирэхэд  таягаараа миний баруун талын шилбэ, гуяа хэсэг рүү 2 удаа цохьсон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгвөл ална шүү гээд намайг сүрдүүлээд байсан. Мөн 3 настай хүүхдийг минь тэвэрчихээд чамд өгөхгүй гээд байхаар нь хүүхэд гэмтчих байх гэж бодоод чимээгүй суусан. Би түүнийг унтахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/, 

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын:...Л.З нь 2022 оны 10 дугаар сарын      16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2-125 тоотод эхнэр М.Этэй маргалдаж түүний баруун талын шилбэ, болон гуя хэсэг рүү хоёр удаа таягаар цохиж М.Эгийн биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Эд Эрүүл мэндийн сангаас 161.000 төгрөгний эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Заас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/, 

          2.3.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14331 дүгээр дүгнэлтэд:

          1. М.Эгийн биед баруун гуянд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.3.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Э.Эрхэмбаяр гэжээ. /хх-ийн 14-15 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, хохирогч М.Эгийн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14331 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/,  шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулав.

      3.2. Шүүгдэгч: хавтас хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Л.З нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн  2-125 тоотод эхнэр М.Этэй маргалдаж улмаар түүний  баруун талын шилбэ болон гуя хэсэг рүү хоёр удаа таягаар цохиж биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч М.Эгийн:..2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 2-125 тоот гэртээ байж байтал манай нөхөр Л.З нь гаднаас согтуу орж ирээд намайг элдвээр хараагаад байсан. Би түүнтэй маргалдаж босч ирээд таягаар миний баруун талын шилбэ, гуя хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгвөл ална шүү гээд намайг сүрдүүлээд байсан. Мөн 3 настай хүүхдийг минь тэвэрчихээд чамд өгөхгүй гээд байхаар нь хүүхэд гэмтчих байх гэж бодоод чимээгүй суусан. Би түүнийг унтахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/, 

          - төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын:...Л.З нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-125 тоотод эхнэр М.Этэй маргалдаж түүний баруун талын шилбэ, болон гуя хэсэг рүү хоёр удаа таягаараа цохиж М.Эгийн биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Эд Эрүүл мэндийн сангаас 161.000 төгрөгний эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Заас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/, 

          - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14331 дүгээр шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 14-15 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч хөлрүүгээ таягаар цохиулж  гэмтсэнийг шүүгдэгч, хохирогч  хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр хэл амаар доромжилж улмаар түүний хөлрүү таягаар цохиж, биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Л.Зын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Л.Зыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Л.Зд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүхээс шүүгдэгч Л.Зыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хохирогч М.Э нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл байх  тул  шүүх шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хор уршигийг арилгасан байна гэж үзлээ.

Л.Зын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан тул Л.Заас 161.000 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгох нь зүйтэй  гэж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Л.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зыг 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Л.З нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Заас 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “1009 00020 0080” дугаар дансанд төлүүлсүгэй.

             7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

             8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ