Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар    2023/ШЦТ/187

 

 

 

 

 

2023         03           16                                 2023/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч Б.Баярчимэг,  шүүгдэгч Ж.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн “2311 00131 0084дугаартай, 186/2023/0159/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03  дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, хххх тоотод түр оршин суудаг  гэх, ял шийтгэлгүй, Ж.Б,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 17-442 тоотод байх нийтийн байрны 3 тоот өрөөнд насанд хүрээгүй хохирогч Б.Пын нүүрэн тус газарт цохиж, түүний биед нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                     

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:    

1.1.Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн. Би  өөрийнхөө бурууг ойлгож байна гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Пын:...2022 оны 12 сарын 22-ны шөнийн 00 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн амьдардаг нийтийн байранд төрсөн эгч Энхжаргал, хүргэн ахын эгч Бямбазаяа нарын хамт шинээр ирсэн бэлэн хувцасны лайв хийж байсан. Тэгсэн тус нийтийн байранд амьдардаг 11 тоотын хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой хоорондоо маргалдаж зодоон хийгээд байгаа чимээ гараад байсан. Тэгээд бид нар тухайн хүмүүс чанга чимээ гаргаад байхаар нь лайв хийхээ зогсоосон. Тэгсэн нөгөө 11 тоотын настай ах манай 3 тоотын өрөөнд орж ирэхэд гар нь цус болсон байдалтай бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тухайн хөгшин настай хүнийг эндээс гар гэж хэлсэн тэгсэн гарахгүй байхаар үүдэнд очоод гэрийн хаалгаа хаах гэсэн чинь миний зүүн нүд хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн чинь удалгүй миний нүд хавдаад хөхрөлт үүсээд тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжаргалын:...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнж 17-442 тоотод шөнийн 00 цагийн орчимд төрсөн дүү Пүрэвжаргал манай найз залуугийн эгч Бямбазаяа нарын хамт гэртээ шинэ бараа ирсэн байсан. Би найз залуугийн эгч Бямбазаяатай хамтран хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Тухайн өдөр шинэ бараа буюу хувцаснууд ирсэн. Тэгээд дүү Пүрэвжаргал болон Бямбазаяа эгчийн хамт фэйсбүүк дээр лайв хийж байсан. Манай байрны 11 тоотын хөгшин ах манай гэрийн хаалгыг онгойлгоод орж ирсэн тухайн хүнийг орж ирэх үед гарнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь бид фэйсбүүк дээр хийж байсан лайваа зогсоогоод юу болсон талаар асуусан чинь бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед тэр ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай төрсөн дүү Пүрэвжаргал хаалганы үүдний хэсэгт зогсож байсан. Тэгээд манай дүү Пүрэвжаргал та манай өрөөнөөс гарчих бид нар энд ажилтай байна гэж хэлсэн тэгсэн чинь бид  нарын хэлж байгаа үгийг тоохгүй байсан тэгсэн манай дүү Пүрэвжаргал нь хаалгаа хаах гээд урагшаа нэг удаа алхсан чинь нөгөө 11 тоотын өрөөний ах манай дүү Пүрэвжаргалын  зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Манай дүүгийн зүүн нүд хөхрөлт үүсээд гэмтсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбазаяагийн:.. Пүрэвжаргал тухайн хүнд хандаж лайв хийж байна ажилтай байна, та гар гэсэн чинь тэр ах шууд Пүрэвжаргалын зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон гэх мэдүүлэг. (хх-ийн 14 дүгээр тал/,

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 518  дугаартай дүгнэлтэд:

         1. Б.Пын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэжээ. /хх-ийн 22-23 дугаар тал/,

          Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч Б.Пын мэдүүлэг         /хх-ийн 9 дүгээр тал/, гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, гэрч Б.Бямбазаяагийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 518 дугаартай дүгнэлт /ххийн 22-23 дугаар тал/, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах  талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 17-442 тоотод байх нийтийн байрны 3 тоот өрөөнд насанд хүрээгүй хохирогч Б.Пын нүүрэн тус газарт цохиж  биед нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь:

 

          - хохирогч Б.Пын:...тэгэхээр нь би тухайн хөгшин настай хүнийг эндээс гар гэж хэлсэн тэгсэн гарахгүй байхаар үүдэнд очоод гэрийн хаалгаа хаах гэсэн чинь миний зүүн нүд хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн чинь удалгүй миний нүд хавдаад хөхрөлт үүсээд тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

- гэрч Б.Энхжаргалын:...манай төрсөн дүү Пүрэвжаргал хаалганы үүдний хэсэгт зогсож байсан. Тэгээд Пүрэвжаргал та манай өрөөнөөс гарчих бид нар энд ажилтай байна гэж хэлсэн, тэгсэн чинь  тэр ах бид  нарын хэлж байгаа үгийг тоохгүй байсан тэгсэн манай дүү Пүрэвжаргал нь хаалгаа хаах гээд урагшаа нэг удаа алхсан чинь нөгөө 11 тоотын өрөөний ах дүү Пүрэвжаргалын зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Манай дүүгийн зүүн нүд хөхрөлт үүсээд гэмтсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

          - гэрч Б.Бямбазаяагийн:.. Пүрэвжаргал тухайн хүнд хандаж лайв хийж байна ажилтай байна, та гар гэсэн чинь тэр ах шууд Пүрэвжаргалын зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон гэх мэдүүлэг. (хх-ийн 14 дүгээр тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 518  дугаартай дүгнэлт   /хх-ийн 22-23 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нүүрэн тус газраа цохиулж  хохирсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, биед нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ж.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Ж.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 3 /гурван/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

4. Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

          7. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ