Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

2023           02            07                                      2023/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ (томилолтоор),

шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203006500596 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, ***, эрэгтэй, ***, ***, ***, ***, ***тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******.  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч ***нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн урд замд “Ниссан Караван” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.,  мөн дүрмийн 10.1 дэх заалт Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн тус тус заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн “Наадам” төвийн баруун урд явж байгаад би зүүн тийшээ машин харж байгаад эргээд харахад мөргөсөн. Нөгөө хүн өөрөө зам дээр утсаар яриад явж байсан. Байгууллагаас 900,000 төгрөг өгөөд би тэр мөнгийг хохирогчид өгье гэхэд хохирогч надаас 1,600,000 төгрөг нэхсэн. Мөнгийг нь өгөөгүй байж байгаад дахин зам тээврийн осол гаргаад миний буруу болоод тухайн машин төлбөрт байгууллагаас  өгсөн мөнгийг төлсөн. гэсэн мэдүүлгийг гаргасан.  

 

Хоёр. Эрүүгийн 2203006500596 дугаартай хэргээс:

1. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

 

2. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам төвийн баруун урд замд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 5-11 дэх тал),

 

3. Хяналтын камерын бичлэг бүхий сидинд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсэн: ...Бичлэгийн 12:18:24 цагт явган зорчигч зам дагаад алхаж байгаа болон осол гаргасан цагаан өнгийн автомашин гарч ирж байгаа хэсгийг харуулав. Явган зорчигчийг мөргөөд унагааж байгаа хэсгийг харуулав. гэсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

4. Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг өнгөрөөд Номин худалдааны төв рүү орохоор Наадам төвийн баруун урд талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарч яваад цагаан өнгийн автомашинд мөргүүлж унасан. Тухайн үед жолоочийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ясны хугарал байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Миний нурууны ард хавдаад хөхөрчихсөн, хоёр өвдөг, хоёр тохой, зүүн гуя, баруун гуяны дотор талд хөхөрчихсөн. Зүүн нүдний хажууд шанаа хэсэгт улайгаад бага зэрэг хөхөрсөн байсан. Нуруу бүсэлхий орчим өвдөөд толгой эргээд бөөлжөөд байхаар нь ажил дээрээ очиж толгойн зураг, нурууны эмирайн зураг авхуулаад тархи доргисон байна гэсэн. Мөн нурууны зургаар нурууны үений жийргэвч цүлхийж урагдалтай байна гэсэн. Нурууны зураг болон толгойны эмирайн зураг авхуулахад ихэнх зардал нь даатгалаас гарсан боловч миний зүгээс 70,500 төгрөг тушаасан. Толгой нурууны бариа 10 хоног хийлгэхэд 1 удаагийн бариа нь 100,000 төгрөг гэхээр 1,000,000 төгрөг болсон. 3 удаа тариа хийлгэхэд 45,000 төгрөг, эм авсан зардалд 18,000 төгрөг, өвчин намдаах наалт 15,000 төгрөгөөр, 4 удаа авч 60,000 төгрөг болсон. Уг зардлыг жолоочоос нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дэх тал),

 

5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр өгсөн: Ниссан караван маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.

Иргэний хариуцагчийн тухайд ***нь осолтой холбоотой тэр хүний эмчилгээнд зарцуулна гэж байгууллагаас 900,000 төгрөгийг авсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 27 дахь тал), *** ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 002/408 дугаартай итгэмжлэл олгосон албан бичиг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

6. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Гэмт хэргийн улмаас иргэн ***нийт 606,000 төгрөгийн зардал гарсныг яллагдагч ***гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14171 дугаартай:

-***биед бүсэлхийн L4-L5, L5-S1-р нугалмын хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд цус хуралт, зулгаралт, зүүн болон баруун өвдөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

8. Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №999549 дугаартай шинжээчийн:

- Nissan Caravan маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

- Урд оврын гэрэл асахгүй, хойд багажны хаалга сэвтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Тоног төхөөрөмжөөр хэмжихэд 2 дугаар тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0,4 Кн, баруун талдаа 0,2 Кн буюу зогсоогүй (стандарт<30), Зогсоолын тоормос (кардан) ажиллагаагүй байна. Урд оврын гэрэл асахгүй, хойд багажны хаалга сэвтэй байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Тоног төхөөрөмжөөр хэмжихэд 2-р тэнхлэгийн тоормос зогсохгүй гар кардан ажиллахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой.

- Уг авто тээврийн хэрэгслийн тоормосны систем нь хийн, хийн-шингэн дамжуулгатай, ABS бүхийн тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр хэмжихэд 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 04 Кн, баруун талдаа 0,2Кн, буюу зогсоогүй (стандарт<30), зогсоолын тоормос (кардан) ажиллагаагүй байна.

- Тоормосны мөр зам дээр үүснэ. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн хавсралтууд (хавтаст хэргийн 47-53 дахь тал),

 

9. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №1385 дугаартай:

            - Ниссан караван маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            - Явган зорчигч ***нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх: “хориглоно гэсэн заалтын зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 59-60 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч ***нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам төвийн урд замд “Ниссан Караван” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.,10.1 дэх заалт Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн тус тус заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч ***878,500 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 606,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах саналтай. гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ***нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Наадам төвийн урд замд “Ниссан Караван” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын үед замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад  заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах., 

10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ***мөргөж бие, эрүүл мэндэд нь бүсэлхийн L4-L5, L5-S1-р нугалмын хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд цус хуралт, зулгаралт, зүүн болон баруун өвдөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өгзөгт цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3-4 дэх тал),

- 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам төвийн баруун урд замд хийсэн хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 5-11 дэх тал),

- Хяналтын камерын бичлэг бүхий сидинд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 27 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14171 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

- Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №999549 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хавсралтууд (хавтаст хэргийн 47-53 дахь тал),

- 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №1385 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ***нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй болон хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч ***үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн байх ба хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт,

Мөн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь Женераль Инсайтс ХХК-ийн эзэмшлийнх байх тул тус байгууллагыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

- Хохирогч ***Улсын нэгдүгээр эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн MRI-2 төлбөр 52,500 төгрөг, Толгойн КТГ оношилгоонд 18,000 төгрөг, Такара массажинд 60 минутаар 10 удаа 800,000 төгрөг (хавтаст хэргийн 20 дахь тал)-ийн баримтыг,  шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн үзлэгийн төлбөр 8000 төгрөг, нэг удаа ээлжид гарахад 168,000 төгрөг буюу 3 удаагийн цалингийн зардал 504,000 төгрөг, 2 сарын хугацааны таксины зардалд 750,000 төгрөг баримтгүй нэхэмжилсэн. 

 - Хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/5262 дугаартай албан бичгээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн *** байгууллагыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 606,000 төгрөгийн зардлыг ***гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. гэж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохирлыг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзсэн.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заажээ.

*** ХХК-аас /төлөөлөн ***/ иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. Иргэний хариуцагчийн хувьд хохирогчийн эмчилгээний зардалд 900,000 төгрөгийг байгууллагаас гаргаж ***т өгсөн талаар мэдүүлсэн.

Харин шүүгдэгч ***нь “***” ХХК-иас өгсөн төлбөрийн мөнгийг  хохирогчийн хохирол, хор уршгийн зардалд биш өөр зам тээврийн осол хэргийн зардалд зарцуулсан талаараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн.

 

Иймд дээрх хохирол, хор уршгийн зардалд шүүгдэгч ***878,500 төгрөгийг хохирогч ***д, 606,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даатгалын дансанд гаргуулж олгохоор шийдвэрлэж, иргэний хариуцагч  нь *** ХХК-ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн бусад нэхэмжилсэн зардал болох 1,254,000 төгрөг буюу:

3 удаагийн ээлжид гарахад авах байсан цалин хөлс 504,000 төгрөг, 2 сарын хугацаанд бариа хийлгэх болон ажилдаа очсон таксины төлбөр 750,000 төгрөг зэргийг нэхэмжилсэн боловч цалин хөлс аваагүй талаарх санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй, цалин хөлснөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой анхан шатны баримтгүй нь хор уршигтай холбоотой цалин хөлсний зөрүүг тооцох боломжгүй байна. Иймд цалин хөлс болон бариа засал, такси үйлчилгээтэй холбоотой баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс болон иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ***өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч ***авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль дүрмийг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нөхөн төлөөгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн торгох ялын санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгчийг өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч “***” ХХК нь хор уршгийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***1,484,500 (нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ***878,500 (найман зуун далан найман мянга таван зуу) төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даатгалын санд 606,000 (зургаан зуун зургаан мянга) төгрөгийг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч ***нь гэмт хэргийн улмаас учирсан өөрт учирсан цалин хөлс, бусад зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН