| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
2023 02 16 2023/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч С.Ууганбаяр,
хохирогч ***,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001370 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, ***, ***, ***, ***, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ***, ***тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (***)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Хилл”-ийн урд талд ***тай маргалдаж, улмаар түүний толгой болон нүд рүү нь цүнхээрээ цохиж баруун ухархайн доод хана, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл далд хугарал, баруун дээд зовхинд шарх, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
1.Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 28-ны орой манай найзын хурим болсон. Би хуриман дээр 2 стакан вино уусан. 23 цаг өнгөрч гараад Хадансуурь руу залгаж хаана байна гэхэд Неон бааранд зураг авалттай байна гэж хэлэхэд нь би очоод авъя гээд очсон. Намайг очиход зураг авалт нь дуусаагүй байна гэсэн тул таксинд суух гээд маргалдаад байж байхад дөрвөн залуу маш чимээ шуугиантай бууж ирсэн. Бид хоёр маргалдчхаад юм ярьж байтал “юу харсан юм пизда минь” гэж бор малгайтай залуу хэлсэн. Хадансуурь юу гэнэ ээ гээд тэр залуу дээр очсон. Би тухайн үед ууртай байсан тул буруу тийшээ харж байгаад эргээд харахад гурвуулаа нийлээд Хадансуурийг газар унагаад өшиглөж байсан. Би дундуур нь ороод “одоо болно оо хүн аллаа шүү дээ” гэхэд хохирогч намайг үсдэж унагаасан. Би газраас босоод очиж татах гэсэн боловч дийлээгүй тул одоо боль гэж олон орилсон. Салахгүй байсан учраас гартаа байсан өсгийтэй гутал дотор нь хийсэн даавуун уутаар цохисон. Би даавуун уутыг гутлын өсгийнд цоорохыг мэдэж цохиогүй. Би гутлаа гаргаж ирээд өсгийгөөр нь цохисон бол санаатай үйлдэл. Тэд нар ***ийг үргэлжлүүлж зодож тахир дутуу болох байсныг хэн ч мэдэхгүй. Тэд нар дээрээс нь биеийнх нь бүх хэсэг рүү дэвсэлж байсан. Би ***ийг салгаж аваад холдоод байж байхад хохирогч миний толгойноос цус гаргалаа гэхэд бүгд над руу ирсэн. Би ***ийг ардаа байлгаж байгаад хол байгаарай гээд даавуун уутаараа 2 тийш савахад дахиад нүдийг нь оносон. Түүний дараа цагдаа дуудсан. Би толгойноос нь цус гарсан байхыг харчхаад “ёстой уучлаарай, ийм зүйл болно гэж бодсонгүй, хоёулаа эмнэлэг явъя” гэж хэлсэн. Тэгээд ***ь намайг таксинд суулгасан нь үнэн. Тэр үед нэг залуу дайрах үед замын эсрэг талаас хэдэн *** хүн гарч ирээд “та нар болиоч” гэж хэлсэн. Гэрч нарын өгсөн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. Яагаад зодолдсон мөртөө ноцолдож байсан гэж мэдүүлэг өгч байгааг ойлгохгүй байна. гэсэн мэдүүлгийг,
2.Хохирогч *** мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 28-29-ны өдөрт шилжих шөнийн 01 цагт “Зайсан Хилл-“ийн Неон баарнаас ***, ***, *** бид гарч ирсэн. Такси барих гээд шатаар бууж байхад шатны хажууд хүүхэн залуу хоёр хэрэлдэж байгаад хүүхэн нь залуугийн нүүр рүү цохиж эхэлсэн. Бид хэд эргэж харахад залуу нь “үхсэнээ харсан юм пизда нар аа” гэж хэлж ирсэн. ***ь ирээд манай найз ***той зодолдож эхэлсэн. Болиулаад байж байхад миний толгойны ар тал руу цүнхээрээ цохисон. Тэнд явж байсан залуучууд “толгойноос чинь цус гараад байна болиорой, эмнэлэг яв” гэхэд нь больчихсон байж байсан. ***ь хажуу талаас ирээд ***ыг дахин цохисон. Би ***ыг босгох гэж байхад миний нүүр рүү цүнхээрээ савж цохисон. Миний нүүрнээс цус гараад байна гэх үед шүүгдэгч болон ***ь хоёр таксинд суусан байсан. Тэр үед охидууд гарч ирсэн байсан. Шүүгдэгч гадаа байж байсан гэж ярьж байна, үнэндээ такси барьж байсан охидын таксинд сууж зугтах гэж байхад нь барьж авсан. Би шүүгдэгчийг түлхэж унагаасан. Хоёр хүнийг салгах гэж байхад намайг ардаас цохиод байсан тул түлхэхэд унаж босож ирээд цүнхээрээ цохисон. гэсэн мэдүүлгүүдийг тус тус гаргасан болно.
3. Гэрч Т.***ь мэдүүлэхдээ: 2022 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ион бараанд зураг авалттай байхад ***ирж бид хоёр уулзаж харихаар болсон. Бид хоёр шатны урд талаас такси барих гээд зогсож байсан. Хоорондоо оройтлоо гэж маргалдаж байсан. Удалгүй шатнаас энэ залуучууд дуу чимээтэй бууж ирж байсан. Хажуугаар чанга ярьж явж байсан тул бид хоёр чимээгүй болж хараад байж байтал нэг залуу “хараад байна уу пизда минь” гэж хэлээд миний урд ирээд нүүр нүүрээ хараад зогсож муудалцаж заамдалцаж байж байхад хохирогч ирээд намайг татаж унагаж бөөрний хэсэгт хүчтэй өшиглөсөн. Тэгээд бөөнөөрөө ирж намайг дэвсэж эхэлсэн. Манай найз охин болиоч гэж салгах гэж оролдсон. Тухайн үед ***хохирогч үсдэж унагаасан. Тэр үед цүнхээрээ цохисон юм шиг байсан. Тэгээд манай найз охин намайг тэр хүмүүсээс холдуулсан. Тэгээд хохирогч толгойгоо бариад хүрээд ирсэн. Манай найз охин холдооч гэж цүнхээрээ савахад хохирогч дахин оногдсон. Найзууд нь танай найз охин хүний нүд сохолчихлоо цус гараад байна гэж орилолдсон. Замын цаанаас хэдэн охид ирээд “та нар болиоч, наад залуугаа их зодлоо, түрүүнээс хойш харлаа” гэж хэлсэн. Хохирогчийн найзууд намайг зуурч аваад “чи хүний нүд сохолчихлоо, цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Хүлээж байхад удалгүй цагдаа ирсэн. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 2210000001370 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “хүнийг зодоод тархи нь хагарч, нүд нь сохорчихлоо” гэсэн утгатай бүртгэгдсэн дуудлага, лавлагааны хуудас, өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Хилл”-ээс буугаад зам дагуу такси барих гээд найз ***, ***, ***өө нарын хамт алхаж байсан. Алхаж байхад Зайсангийн усан оргилуурын хажууд нэг *** нөхрөө зодож байхаар нь гайхаад хараад алхаж байтал нөхөр нь бид нар луу хараад “юугаа хараад байгаа юм” гэхээр нь Болор, ***өө хоёрын нэг нь тэр залууд хандаж нэг үг хэлж байсан. Тэрийг нь би санахгүй байна. Тэгээд манай найзууд дундаас нэг нь тухайн үл таних эрэгтэй хүнтэй муудалцаад барилцаж авах үед нь би дунд нь орж салгасан. Гэтэл араас залуугийн эхнэр нь цүнхээрээ миний толгой руу цохисон, цохиулсны дараа толгойн оройн хэсгээс цус гоожиж байхад тэр ***, эрэгтэй хоёр зугтаасан. Бид араас нь гүйж очоод тэр хоёрыг бариад автал тухайн *** дахиад миний нүүр лүү цүнхээрээ цохисон. Тухайн үед миний нүд хэсэгт эвгүй дугараад цус гоожоод юм харахад бэрхшээлтэй болсон. Манай найзууд тэр хоёрыг бариад цагдаа дуудсан. *** нь гартаа барьчихсан байсан том саарал цүнхээрээ миний толгойн оройн хэсэгт 1 удаа, баруун нүд рүү 1 удаа цохисон. Дараа нь цүнхэнд нь юу байгааг асуухад гутал байгаа гэж хэлсэн. Миний толгой руу цохих үед би тэр ***г нэг удаа цээж рүү нь гараараа түлхэж унагаасан, өөрөөр халдаж цохиж зодсон асуудалгүй. ГССҮТ-д очиж үзүүлэхэд миний баруун нүдний болор гэмтсэн, зовхи нь урагдсан гэж хэлсэн. Толгойн орой хэсэгт хагарч 2 оёдол тавиулсан. гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Зайсан скуарын урд талаас таксинд суух гээд явж байтал шатны хажуу талд нэг *** эрэгтэй хоёр маргалдаад зогсож байсан. Би ***ын хамтаар хажуугаар нь явж байхад тэр эрэгтэй, *** хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Би ***ын хамтаар хажуугаар нь явж байгаад ***, *** нар дээр очоод нөгөө эрэгтэй, ***, хоёр руу эргээд хартал залуу нь юу харсан юм гээд бид нар руу ойртоод ирсэн. *** өөдөөс нь очоод хоорондоо маргалдаж байтал ***ыг нөгөө залуу нэг удаа нүүр лүү нь цохисон. *** бид хоёр очоод тэр хоёрыг салгах гэтэл салахгүй хоорондоо зууралдаад байсан. Би нөгөө эрэгтэйг араас нь татаад хажуу тийш нь унагаасан. Тэр залуу *** хоёр цугтаа унаад газар хэвтчихээд салахгүй зууралдаад байхаар нь *** бид хоёр хоёр тийш нь татаж байтал араас миний толгой хэсэг рүү нэг удаа цохих шиг болоод миний толгойноос цус гараад эхэлсэн. Эргээд харахад *** нь гартаа цүнх барьчихсан байсан. Тэр үеэр хэсэг залуучууд ирээд бид нарыг болиулсан. Тэгэхэд нөгөө залуу нь дахиж дайраад ***ын нүүр хэсэг рүү нь хажуу талаас нь цохиод зодоон эхэлсэн. *** нөгөө залуу хоёр нэг мэдэхэд дахиад газар дээр унаад зодолдоод байхаар нь би очиж салгах гэж доош тонгойход араас нөгөө охин нь татаад байсан. Тэгэхээр нь би байж бай салгах гээд байна гээд цээж хэсэг рүү нь түлхэхэд нөгөө охин хойш уначихсан. Би үргэлжлүүлээд салгах гээд доош тонгойж байхад баруун нүд хэсэг рүү нэг юмаар цохих шиг болоод яс бяцарч байгаа юм шиг чимээ гарсан. Би нүдээ бариад доошоо суугаад юм харах гэсэн чинь баруун нүд хазгай харагдаад байсан. Цагдаа, эмнэлэг дуудаарай нүд сохорчихлоо гээд орилоход манай найзууд бүгд ирээд намайг харж байхад нөгөө эрэгтэй *** хоёр замын цаана нөгөө 2 таксинд гүйж очоод суучихаар нь би таксинд суучихлаа гэсэн чинь ***, *** хоёр араас нь гүйж очоод таксинаас буулгасан. *** нөгөө хоёр луу хүний нүд сохолчхоод зугтаах гэсэн гээд дайраад байсан. *** нь надаас уучлалт гуйгаад уйлаад байсан. Чи юугаар цохисон юм бэ гэхэд цүнхэнд өсгийтэй гутал байгаа гэж хэлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
3. Гэрч О.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ***, ***, ***, бид нар ***ын гэрт тоглож байгаад шөнийн 00 цагийн үед ***ын гэрээс гараад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Хиллд байх Неон бааранд орсон. Тэндээ хэсэг бүжиглэж байгаад 3-4 пиво уугаад харьцгаахаар болоод Зайсан хиллийн урдаас такси барих гээд зам руу явж байтал хажууд эрэгтэй *** хоёр муудалцаж байхыг хараад *** бид хоёр ***ын хамтаар очиж зайнаас харчхаад буцаж явах гэтэл манай найз ***ыг үгээр идэж эхэлсэн. Зүгээр байх гээд хаячихсан. Бид зам дээр зогсож байгаад эргээд хартал *** нөгөө залуу хоёр барьцалдаад байж байхаар нь би очоод нөгөө залуутай нь ноцолдсон. Тэрний дараа *** салгасан. Такси бариад харих гэж байтал ***той нөгөө залуу дахин ноцолдоод байсан. Би дахин очиж ***ыг салгаад нөгөө залуутай ноцолдсон. Эргээд харахад *** нь толгойндоо цохиулаад нүд нь зүсэгдсэн байсан. Би тэр үедээ уурлаад эрэгтэй, *** хоёрыг хүний нүдийг сохолчихлоо шүү дээ гээд барьж үлдээхийг оролдсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
4. Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би 20 цагийн үед ***ын гэрт ирээд цуг пиво уугаад сууж байхад араас *** орж ирсэн. Түүний араас ***өө ирээд бид флистейшин тоглоод сууцгааж байгаад гаръя гээд гарсан. *** манай найзын пааб байгаа, тэнд очъё гээд очсон. Тэнд сууж байгаад шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хилл-д байх Неон бааранд орсон. Бид хэсэг бүжиглэж 3-4 пиво уугаад харьцгаахаар болоод Зайсан хиллийн урдаас такси барих гээд зам руу явж байтал нэг эрэгтэй, *** хоёр маргалдаж байсан. Хальт харахад нөгөө залуу нь үхсэнээ харсан юм пизда минь гээд хараахад нь “чи чимээгүй бай” гэж хэлсэн. Тэгсэн над руу алхаж ирсэн. *** бидний урдуур ороод боль гээд салгасан. *** нөгөө залуутай зууралдахаар нь би боль гээд ***ыг татаад аваад такси барих гээд байж байсан чинь нөгөө залуу дахин над руу дайраад байсан. Би цохих гэж байгаад урагшаа хий цохиод уначихсан. Тэгэхдээ хальт миний шил рүү цохисон. Би босоод ирсэн чинь ***, *** нар нөгөө залуутай ноцолдож байсан. Би очиж болиулаад салгаж байсан чинь ***ын толгой нь хагарсан байсан. Эргээд харахад нөгөө эрэгтэй, *** хоёр таксинд сууж байхыг хараад би таксинаас нөгөө залууг татаад буулгасан. Нөгөө залуу бид хоёр зууралдаж байхад *** араас ирээд биднийг салгаад нөгөө залуутай зууралдаж үлдсэн. ....Эргээд харсан чинь ***ын нүднээс цус гоожсон байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
5. Гэрч Н.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** гэрлэлтээ батлуулсан гээд бид уулзахаар болж орой 20 цагийн үед ***ын гэрт очсон. Тэнд уулзаад хүний 3 пиво уугаад 22 цагийн үед гэрээс нь гараад Ард кино театрын тэнд байх нэг паабд ороод нэг нэг уугаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл-д байх Неон бааран орж бүжиглэж байгаад тэндээсээ шөнийн 01 цагийн үед гарсан байх. Биднийг доош шатаар бууж байтал доор шатны хажууханд эрэгтэй, *** 2 маргалдаж байсан. Бид хажуугаар нь өнгөрч байхад эрэгтэй нь бид нар луу юугаа харсан писдаа вэ гээд тэгэхээр нь *** яасан гэнээ гээд дөхөөд очсон чинь ***ыг хүрч ирээд цохисон. *** очоод нөгөө эрэгтэйтэй зууралдаад байж байсан. *** нь гартаа барьсан цүнх шиг юмаараа толгой руу нь нэг удаа цохисон. Тэгсэн ***ын тархи нь хагарсан. Тэр хооронд манай хэд нөгөө залуутай нь зууралдаад байж байсан. Тэгсэн нөгөө хоёр нь цааш гүйгээд таксинд суугаад зугтахыг оролдсон. *** бид хоёр такси руу очоод татаж гаргаж ирсэн. Би ***ын хамтаар эрэгтэйтэй нь зууралдаж байхад *** миний нүд гэмтчихлээ юм харахгүй байна гэж хэлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
6. Гэрч Т.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 28-ны 23 цагийн үед зурагт авалт дуусаж найз охин ***гадаа ирсэн гэхээр нь би гараад уулзаж байгаад бид маргалдсан. Хажуугаар хэдэн залуу зөрсөн. Зөрөхдөө намайг хараад эргэж хараад байна уу, асуудал байна уу хөгшөөн гээд надтай духаараа нийлэхээр нь би чи хараад байна уу гэж хэлээд бид заамдалцаж авахад хажуугаас найзууд нь орж ирээд намайг унагаагаад дээрээс дэвсэж өшиглөсөн. Мөн дагз толгойны орой хэсгээр өшиглөсөн. Тэр үед манай найз охин болиулах гээд ирээд голоор нь ороод ирэхэд нэг залуу нь манай найз охиныг үсдээд нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Би босоод ирэхэд замын цаанаас гурван охин ирээд *** хүнийг яагаад ингэж зодож байгаа юм бэ гээд бид нар эхнээс нь дуустал нь харсан шүү гэхэд нөгөө хэд нь хэрэлдээд байсан. Нэг сагсуу залуу нь дайраад намайг зодох гээд байхаар нь манай найз охин намайг хамгаалж өөдөөс нь цүнхээрээ 1 удаа цохисон. Би найз охиноо аваад замд зогсож байсан машин руу очоод суусан чинь тэр машин нь такси биш хувь хүний машин байсан. Тэр үед нөгөө залуучууд ирээд биднийг машинаас буулгаад цагдаа дуудсан. Миний уруул сэтэрсэн, толгойны ар хэсэгт хавдсан. Зүүн хацар, гар шалбарсан. Бөөр нуруу хөл хөндүүртэй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №14869 дугаартай:
- ***ын биед баруун ухархайн доод хана, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл далд хугарал, баруун дээд зовхинд шарх, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
-Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №14893 дугаартай:
-Т.***ийн биед зүүн дээд, доод зовхи, чихний омогт цус хуралт, дээд, уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун, тохой, сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
-Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
9. Шинжээч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: Т.***ийн биед учирсан тухайн гэмтлүүд нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн олон тооны гэмтлүүд нь талбайн хувьд нийлбэр хэмжээ нь биеийн гадаргуугийн хувь хэмжээ тогтоох журмын 9-ийн дүрмээр алга дарам хэмжээст хүрэхгүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
10. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 28-ны 23 цаг өнгөрч байхад найз залуу ***ь руу залгахад Неон гэх бааранд зурганд орж байна гэж хэлсэн. Би таксинд суугаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хиллд байх Неон бааранд шөнийн 01 цагт орсон. Намайг дотогш ороход Дондеорын шинэ клипний зурагт авалт болж байсан. Зураг авалт нь 01 цаг 30 минутын үед дууссан байх. Тэгээд буцаж гарах гэж удаад 01 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Бид шатаар доош буугаад такси барих гээд зогсож байгаад гэр лүүгээ харина, харихгүй гээд бага зэрэг маргалдаад би ***ийг хойш нэг удаа түлхсэн. Бид ярилцаад байж байхад 4-5 хүн шатаар бууж ирж байсан. Тэд их чанга дуутай шуугилдаад бууж ирсэн болохоор бид хоёр хартал ***ь луу нэг залуу нь юугаа хараад байгаа юм гэхэд ***ь юу гэнээ гэхэд намхан бор малгайтай залуу нь ***ь дээр ирээд духаа нийлүүлээд юм ярьж байсан. Тэгээд би эсрэг тийш хараад эргээд харсан чинь нөгөө бор малгайтай залуу нь ***ийг доош нь дарчихсан гараараа цохиж байсан. Араас нь хоёр найз нь ирээд гурвуулаа нийлээд ***ийг унагаагаад цохиод өшиглөөд байхаар нь би очоод салгах гээд дундуур нь орсон чинь намайг үснээс татаад хажуу тийш түлхээд унагаасан. Би босч ирээд эргээд хартал нөгөө залуус ***гийг үргэлжлүүлээд зодож байсан тэгэхээр нь би очоод хамгийн наад талд нь байсан залууг нь очоод араас нь татаад та нар болиоч ээ хүн аллаа гэхэд намайг тоохгүй байсан. Би зүүн гартаа даавуун ууттай өсгийтэй гутлаар наана нь зогсож байсан нэг залуу руу уутаараа савчихсан. Тэгсэн чинь тэр залуу болиод холдчихсон. Тэгэхээр нь би голоор нь ороод 2 залууг нь түлхээд ***ийг босгосон. Нөгөө залуус дахин ***ь бид хоёр луу дайрсан. Би тэр үед биеэ хамгаалж хол байгаарай гээд хоёр тийш савсан. Тэр үед хамгийн урд байсан залуу нь оногдоод нүдээ бариад суусан. Нөгөө хоёр найз нь миний араар ороод ***ийг авч явсан. Тэр үеэр би уутанд оногдсон залуу дээр очоод зүгээр үү нүдийг чинь харъя гээд нүдийг нь харсан, нүднээс нь цус гоожчихсон байсан. Би уучлалт гуйгаад эмнэлэг явъя гэхэд үгүй гэж хэлсэн. Би хойшоо эргэж хараад ***ь руу гүйгээд дахин нөгөө зодож байгаа залуусын дундуур ороод дахин салгасан. Нэг найз нь ирээд чи найз залуугаа аваад яв, би найзуудаа аваад явъя гээд хол бай гэж хэлсэн. Тэр үед надтай уулзсан залуу нөгөө ***ийг зодож байсан хоёр залуу дээр очоод ***ийг нэмээд зодсон. Тэр үеэр би дахин гүйж очоод салгасан. Тэр гурван залуу нөгөө нүдээ цохиулсан найз дээрээ гүйж очоод буцаж ирээд дахин ***ийг зодох гэж дайрсан. Тэгэхээр нь ***ь бид хоёр зугтаагаад таксинд суусан чинь араас гүйж ирээд хаалга онгойлгоод бид хоёрыг татаж буулгаад бор малгайтай залуу намайг үстээд алгадах гэж байхад замын цаанаас 4-5 охин гарч ирээд болиоч ээ та нар *** хүнийг ямар аймар цохидог юм бэ гэж хэлсэн. Тэгээд салаад удаагүй байхад цагдаа ирсэн. Би зүүн гартаа барьсан даавуун ууттай өсгийтэй гутлаар 2 удаа савсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71 дэх тал)
11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн хуулбар, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92-99 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржоос: Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа зүйлээс үзэхэд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. ***гийн гаргасан үйлдэл бодит халдлагаас хамгаалсан үйлдэл байна. Найз залууг нь бүлэглэн зодож байхад аргагүй хамгаалалт хэрэглэж цохиж зогсоосон байна. Мөн ардаас нь толгой хагалчихлаа ална гээд ирэхэд нь өөрийгөө болон найз залуугаа хамгаалж дахин цохисон байна. Шүүгдэгчийн хувьд найз залууг нь бүлэглэн зодох гэж ирэхэд хамгаалах зорилгоор үйлдэл гаргасан. ***эхлээд боль гэж татаж үзсэн гэж мэдүүлдэг. Гэтэл түлхэж унагаад үргэлжлүүлэн зодсон тул гарт байсан цүнхээрээ цохисон нь аргагүй хамгаалалтын шинжтэй байна. Аргагүй хамгаалалт хийгээгүй бол хохирогч болон түүний найз нар үргэлжлүүлэн зодож ямар хохирол, аюул учруулах байсан байна. Тийм байсан бол ***биш *** шүүгдэгч болж орж ирэх байсан. Улсын яллагч аргагүй хамгаалалт нь халдагч этгээдэд гэмтэл учирна гэж өрөөсгөл тайлбарлаж байна. Үнэлэх боломжтой нотлох баримтаас харахад ***ийг татаж унагаж зодсон нь шүүгдэгчийн 3 удаагийн мэдүүлэг, ***ийн өгсөн мэдүүлгээс харагдана. Улсын яллагч ***, түүний найзуудын мэдүүлгийг яллах талаас дурдаж байна. Дөрвөн хүн давуу талтай учраас энэ дөрвийн мэдүүлгийг үндэслэнэ гэж байна. Хэрэг гарахад мэдүүлэг өгсөн хүн нь ***, бусад нь хэргээс хоёр хоногийн дараа өгсөн. Хохирогч сарын дараа дахин мэдүүлэг өгсөн. Хохирогчийн мэдүүлэг сүүлд өөрчлөгдсөн. Харин ***, ***ь нар анхнаасаа зөрүүгүй мэдүүлсэн. Аль нотлох баримтыг үнэлэх вэ гэдэг нь тодорхой харагдана. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас аргагүй хамгаалалт биш гэж байна. Заавал гэмтлийн зэрэг учирсан байхыг шаардахгүй. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байна. Хохирогч 3.475.250 төгрөгийн хагалгааны баримт гарган өгсөн. Орчин үед ийм баримт өгдөг эмнэлэг байхгүй, энэ баримтаар хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй. ***би аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж мэдүүлж байгаа. ***ын цааш хийх үйлдлийг зогсоосны төлөө яагаад хохирол төлөх болж байна вэ. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн. Мөн шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Зайсан хилл”-ийн урд талд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***тай тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, биед нь толгой болон нүд хэсэгт нь торонд хийсэн гутлаараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархайн доод хана, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл далд хугарал, баруун дээд зовхинд шарх, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн дуудлага, лавлагааны хуудас, өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), щ
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн( хавтаст хэргийн 19-20 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 23-24 дэх тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан),
- Гэрч О.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
-Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
-Гэрч Н.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
-Гэрч Т.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №14869 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч ***гийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон үйл баримтаар шүүгдэгч ***, гэрч Т.***ь нар гудамжинд хоорондоо маргалдсан, зодолдсон байдалтай байсан, тэдний хажуугаар хохирогч ***, гэрч Г.***, Н.***, О.*** зөрж өнгөрөхөд гэрч Т.***ь нь харлаа гэх болон бусад зохисгүй үг хэллэг хэлж улмаар маргалдах шалтгаан болжээ. Түүнчлэн гэрч Т.***ь нь гэрч Г.***той барьцалдан зууралдаж, харилцан бие биенээ цохих үед хохирогч *** тэднийг салгасан, энэ үед шүүгдэгч *** нь торонд хийсэн гутлаараа хохирогчийн биед цохисон, дахин Г.***, Т.***ь нар нь барьцалдахад хохирогч тэднийг салгах үйлдэл хийхэд шүүгдэгч *** нь хохирогч ***ыг татсан, хохирогч түүнийг түлхэх үйлдэл хийхэд шүүгдэгч *** газар унасан, дараа нь ***ын нүдэнд нь цохисон үйл баримт тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. гэж хуульчилсан.
Тодруулбал Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл байдаг.
Тус хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч *** нь шүүгдэгч ***гийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон, аюултай үйлдэл хийгээгүй, харин тухайн хэргийн газар гэрч Т.***ийн бусадтай үүсгэсэн маргааныг таслан зогсоох зорилгоор салгах үйлдэл хийх үед шүүгдэгч *** нь хохирогчийн биед эд зүйлээр цохиж халдаж байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл байна. Нөгөө талаас хохирогч *** нь гэрч Т.***ийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаагүй, түүний эсрэг хууль бус довтолгоон, үйлдэл хийгээгүй байх тул шүүгдэгч нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн хохирогч ***аас бусдын маргааныг таслан зогсоох явцад түүний биед халдсан шүүгдэгч ***г түлхсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээргүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ын бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн толгой болон нүд рүү ууттай эд зүйлээр цохисноор гэмтэл учирсан байна. Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, шүүгдэгч ***, гэрч Т.***ь нар нь гудамжинд хоорондоо маргалдсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол, хор уршигтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эсод ХХК-ийн 120,000 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэс заслын төлбөр гэх утгатай 3,000,000 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үзлэг гэх утгатай 30,000 төгрөгийн, Солонго эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40,000 төгрөгийн, Еврофарм эмийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48,550 төгрөгийн, MED TRAUMA эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн хуудас бүхий 140,000 төгрөгийн, Еврофарм эмийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14,000 төгрөгийн, 64,700 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8,000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 78-82 дахь тал)-ыг хэрэгт гаргаж өгсөн, шүүгдэгч *** нь хохирол, хор уршгийг арилгаагүй буюу төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч ***гээс 3,475,250 төгрөгийг гаргуулж, хохирогч ***т олгох үндэстэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ***өл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдоржоос: Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлага байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулах боломжтой. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***г хувийн байдлын хувьд эрхэлсэн ажилгүй, тогтмол цалин орлогогүй, хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялыг сонгож хэрэглэх боломжтой гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гээс 3,475,250 (гурван сая дөрвөн зуун далан таван мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН