Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/00258

 

2019 оны 01 сарын 30 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00258                              Улаанбаатар хот

 

 

 

           

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Г  /РД:..../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Б.Т  /РД:..../-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат,  хариуцагч Б.Т , ажиглагчаар Ц.А , Г.С , нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г  шүүх хуралдаанд талйбарлахдаа: “Бид хоёр анх 2012 онд танилцсан. 2013 онд хуримаа хийсэн. Нийтдээ хамт амьдраад 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Бид хоёр 2016 онд хүүтэй болсон. Хүү маань 2 настай. Бидний хамтын амьдралын хувьд ихэнх цаг хугацааг манай аавын гэрт өнгөрүүлдэг байсан. Тусдаа байр аваад гарсан боловч 2, 3 сар болоод л гэртээ хүрээд ирдэг. Харилцааны хувьд гэвэл мэдээж үл ойлголцол байнга, хоорондоо их зөрчилддөг. Эхнэр нөхөр гэхээсээ илүүтэйгээр ах дүүс ч юм шиг явдаг. Бид 2-ын хооронд нандин харилцаа гэсэн зүйл ховорхон. Бид 2-ын зөрчилдөөн хүүхэд төрүүлснээс хойш буюу 2016 оноос хойш илт мэдрэгдсэн. Хамт ажилладаг болохоор байнгын хамт байна. Бид 2 нэг газар нэг ажил хийдэг. Стресс ихтэй болохоор манай нөхөр долоо хоногт 2, 3 удаа гардаг. Ийм байдлаар энэ хүн стрессээ тайлдаг, тэгээд шөнө орж ирдэг. Энэ байдлаас болоод сүүлийн жил байнгын хэрүүлтэй байдаг байсан. Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр бид 2 ярилцаж байгаад зөвшөөрөөд салъя гээд нэг өдөр гэрээсээ гараад л явсан. Намайг эцэг, эхдээ өөрөө тайлбарлаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш өнөөдөр л манай ээж, аавтай тааралдаж байна. Хүүтэйгээ хааяа уулздаг. Бас ажлын шаардлагаар харьцдаг. Иймэрхүү л харьцаатай байгаа. Хүүхэд төрснөөс хойш 5 минут ч 00 орох боломж надад гардаггүй байсан. Хүүхдээ авч байгаач гэхээр хүүхэд чинь над дээр ирэхгүй шүү дээ гэж хэлдэг. Хүүхдээ эцэг шиг нь хайрлаж чаддаггүй. Үнсэнэ, тэвэрнэ иймэрхүү зүйл бол байна. Тэрнээс биш цаг гаргаж хүүхэдтэйгээ тоглодоггүй, яг хүүхдэдээ цаг зарцуулдаггүй. Тэр хэмжээгээрээ надтай ч бас тиймэрхүү харилцаатай байдаг. Тусдаа амьдарснаас хойш бид хоёр 2 удаа сэтгэл зүйч дээр очсон. Б.Т ын өөрийнх нь хүсэлтээр очсон. Үр дүн багатай л зүйл болсон. Зэрэгцэж суулгаж байлгаад л яриулдаг байсан. Тусдаа амьдраад 3 сар болчихсон, цаашид ч гэсэн хамт амьдрах сонирхол миний хувьд байхгүй. Тийм болохоор гэрлэлтээ цуцлуулна, хүүхэдтэйгээ уулзуулна, тэтгэлэг тогтоолгоно. Өөр бид 2-ын хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

 

 

Хариуцагч Б.Т  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сая нэхэмжлэгчийн ярьсан зүйлийн 50 хувь нь худлаа гэж хэлмээр байна. Шөнө оройтож ирдэг гадуур явдаг гэж хэлж байна. Би өнгөрсөн 7 жилийн хугацаанд амьдрахдаа хичнээн удаа гадуур гарсан бэ гэдгийг гэрчээр ирсэн хүмүүс мэдэж байгаа. Би гадуур явдаг хүн биш. Хүүхдээ орхиод 3 минут ч явж чаддаггүй гэж  арай л хэтрүүлж байна. Би тэр хүүхдийн төрсөн эцэг нь. Магадгүй эхийнх нь хувьд, хадмуудын хувьд хангалтгүй мэт санагддаг байсныг би үгүйсгэхгүй. Гэхдээ би хүүхдэдээ эцэг шиг нь л ханддаг байсан. Бидний харилцаа эрс муудсан гэж хэлж байна. Эрс муудсан эсэхийг мөн л хадам аав, ээж мэднэ. Яг ямар тодотголтойгоор эрс муудах гэж хэлдэг юм бэ. Би хэзээ ч эрс муудсан гэж боддоггүй. Магадгүй харилцаа хөндийрсөн байхыг үгүйсгэхгүй. Бидний харилцаа түрүүний хэлсэнчлэн тийм муу байсан гэж үнэхээр бодохгүй байна. Хамт ажиллаж байх хугацаандаа тодорхой хэмжээний шаардлага тавьж байсан маань хамтран ажиллах нэг нэгэндээ үүрэг хүлээлцэх үүднээс шаардлага тавьсан маань өнөөдөр энэ хүнийг чичилсэн, зовоосон болгосон гэж бодож байна. Бид нар өнөөдөр энэ шүүхийн өрөөнд ингэж ярилцах биш, аав ээжийнхээ дэргэд буйдан дээрээ сууж байгаад ярилцаж, шийдэх боломжтой байсан. Гэхдээ хэн нь ч тэгж чадсангүй. Тийм учраас өнөөдөр энд сууж байгаа маань миний хувьд шившигтэй байна” гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Т д холбогдуулан гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Б.Т , Г  нар нь 2011.09.25-ны өдөр гэр бүл болсныг 2013.08.06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2016.09.12-ны өдөр хүү Т.Ананда төрсөн болох нь 0187858 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 1122001145 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Гэрлэгчдийн хооронд 2016 оноос хойш зан харилцааны таарамжгүй байдал үүссэн, 2 удаа сэтгэлзүйчид хандсан боловч үр дүн гараагүй, хойшид хамт амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин хүссэн, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй, 2018 оны 10 сараас хойш тусдаа амьдарсан байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эх Г гийн  асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, сар бүр хариуцагчаас гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018.12.19-ний өдрийн 289 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэлээс үзэхэд талууд хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэлт цуцлалтыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэснээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Сэтгэл зүйчийн уулзалтын тэмдэглэлд “...бие дааж амьдрах боломжтой боловч эхнэрийн эцэг эхийн гэрт хамт амьдардаг, хосуудын хооронд эхнэр-нөхрийн харилцаа биш харин ах дүү, найз нөхдийн мэт харилцаа зонхилдог, төрсөн эцэг эхийнхээ дэргэд амьдарч байгаа нэг айлын ах дүү, эгч дүүгийн онцлогтой харилцаатай, энэ нь хосуудын харилцааг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэж мухардалд оруулсан, сэтгэлзүйн энэ онцлог нь хоёр биенийхээ хийж байгаа үйлдлийг өөлөх, эхнэр нөхрийн хувьд нэгдсэн үнэт зүйл, харилцаа бий болгох боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэж дурджээ.

 

Шүүх хуралдааны явцад талуудын тайлбараас үзэхэд гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, эхнэр Г  хойшид хамт амьдрахыг хүсэхгүй байх бөгөөд нөхөр Б.Т  нь амьдралдаа идэвхи санаачлагагүй байдалтай байна.

 

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд  энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /198,600/2х12/ 1,191,600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 33,148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

        

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон         

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Т , Г  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2016.09.12-ны өдөр төрсөн хүү Т.Анандаг эх Г гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016.09.12-ны өдөр төрсөн хүү Т.Анандаг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Т аас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 33,148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ